Monday, May 16, 2022

Хичнээн тансаг эд байвч хир тоос ямх ямхаар буртаглана
Арчиж баймаар
Хичнээн эрүүл бие заяавч хайнга авир чимх чимхээр доройтуулна
Арчаатай баймаар
Хичнээн их эрдэм суравч сагага зан дусал дуслаар дундруулна
Даруухан баймаар
Хичнээн сайхан сэтгэл байвч хилэнц уур хумхи хумхиар бузарлана
Бясалгаж баймаар

Tuesday, April 05, 2022

Санаан зоргоор байдаггүй хорвоо доо
Сарвайж чармайж байж босгодог амьдрал даа

Зөв цэгц хүн таардаг даа
Зүтгэл хичээлтэй байж чаддагийнх  байх даа 

Сайхан гэр бүл харагддаг даа
Салаа үгүй сэтгэлээ гагнаж чадсаных байх даа

Амжилт оргилсон байгууллага байдаг даа
Ажил ажилдаа чармайдаг хамт олонтойнх байх даа

Хөгжиж мандсан улс бий дээ 
Хөл гараа жийлцэхгүй нэгдмэл байдгийнх байх даа

Онгон сайхан байгаль байдаг даа
Онгичиж сүйдлүүлэлгүй хадгалж ирснийх байх даа

Санаан зоргоор байдаггүй хорвоо доо
Сарвайж чармайж байж бүтээдэг амьдрал даа

Friday, February 04, 2022

Би-ээс ангижирч Бид-ээс салахуй Ай тэр бас Ашдын хүсэл буюу Бодлын дусал - 2016

Wednesday, April 07, 2021

Цайлган юм, цайлган юм гэсээр зажилж л орхидог хорвоо шүү. Цааргатай л яваарай үр минь Сайхан юм, сайхан юм гэсээр самарч л орхидог хорвоо шүү. Сагалгүй л яваарай үр минь Номхон юм, номхон юм гэсээр ноолж л орхидог хорвоо шүү Ноцолттой л яваарай үр минь Мундаг юм, мундаг юм гэсээр мунгинуулж л орхидог хорвоо шүү. Муйхаргүй л яваарай үр минь

Monday, March 08, 2021

Ганцаар тунгаан суухад гарцаагүй муугийн шалтгаант үгс
Олноор хуйрнахийн цагт оройлон дуудах уриа болохыг үзвээс
Хором ч зогсолгүй эс арчилбаас эл оюун тархи өөрөө
Хүй мандлыг ч хүйс тэмтрэх их солиорлын эх ундарга мөн тул
Цаг цагийн үнэнд цадалгүй, худалд тунилгүй
Цэгц санааг чанад эрхэмлэн, үргэлжид эрэлхийлж, төвшин суутугай!
Бодлын дусал