Tuesday, October 16, 2018

Давс дангаараа хоол болохгүй
Үг ганцаараа үнэнийг хэлэхгүй

Monday, September 17, 2018

Надад атмаан байснаа, нанчилдаж нүдэлдэж явснаа битгий яриарай.
Чихэнд чийртэй сонсогддог
Надад уншсан номынхоо ойлгосон утгыг дэлгэрүүлэн яриарай.
Сэтгэлд чимэгтэй сонсогддог
Чимх төдийг олж мэдээд далай мэт чалчигчдыг яалтай 
Чиний тухай тал үг сонсоод үзмэрч мэт бурагсдыг яалтай
"тэр ер нь тийм байх, энэ ер нь ингэсэн байх" гэдэгт тулгуурлан "тэгэхээр ер нь тэгсэн байж таараа" хэмээн дүгнэж хардан бухимдацгаах. "Байх" гэдэг үгээр төгсөх санаа баталгаа нэхдэггүй аксиом биш шүү дээ. "Байх"-аар тархины хоол хийхээ больчихвол ч...!!! 
Юм унш л даа. Тунгаан бод л доо.

Сэтгэл тань гэгээнээр оргилог 
Сэрэмжгүйн сүүдэрт бүү автаг

Tuesday, May 22, 2018

С.Баяр сайдтай танилцсан, ажилласан 1 жил 2 сар


Британид суусаар 20-иод жил болоход 5 элчин сайдын нүүр үзэж, тус бүртэй нь олон нийтийн ажлын төлөө гар нийлэн хамтарч тусламж дэмжлэгийг нь авч иржээ.  Өмнөх сайдууд бүрэн эрхийн хугацаагаа хууль ёсны дагуу дуусгаад дараагийн албандаа мордож байсан бол 5 дахь сайдыг харин жил гарны дараа эргүүлэн татав, бүр “нарсанд” суулгав. Сүүлийн 2,3 сайдуудынхаа талаар өөрийн мэдэх хүрээ, хамтарч ажиллаж байсан хэмжээндээ урт богино тэмдэглэл бичиж, зурган албум хийж ирсэн тул С.Баяр сайдын талаар ч хэдэн үг бичихээр шийдлээ. Энэ бичлэг зөвхөн өөрийн хэмжээндээ ажигласан харсан бодсон зүйлс гэдгийг юуны өмнө хэлж, буруу зөвийг сургаар бус баримтаар нь мэдэх нэгэн байх аваас засан залруулж ойлгохыг хүсье.


Ерөнхий сайд асан элчин сайдын зиндаанд буун ирэхэд нь олон хүн янз янзаар бодсон зарим нь ч ил шуугисан. Яагаад? гэсэн асуулт ч миний толгойд эргэлдэж байсан. Их хурлын танхимд элдэв асуултад даруулж, ирснийхээ дараахан бичиг лоозон барин жагсах эсэргүүцэлтэй тэрээр нүүр тулав.  

С.Баяр сайдтай уртаашаа ажлын шугамаар өрөөнд нь хоёронтоо уулзаж , эр улсын журмаар хоёронтоо хамт хоол идэж хуучилжээ. Бидний яриа сайдыг Британид байх хугацаанд ямар ажлууд дээр хамтран ажиллаж болох тухайд голлон төвлөрч басхүү бага нас, Монгол ахуй соёл, залуу насных нь ажил бүтээл гэсэн гэгээн дурсамжууд сөхөгдөх талбарт л төвлөрч байснаас улс төр, нам эвсэл тийш хальж байсангүй, халих шалтгаан ч байхгүй.  Эсэргүүцлийн ажиллагаа элчингийн гадаа үргэлжилж байсан тул “та нэг иргэдтэй уулзалт хийж болох уу” хэмээх санал тавихаар цаг аван орж яриаг нь сонсож суух завсарт харин өөрөө “Ер нь нэг уулзалт хийе, зар тараах уу” хэмээж тэрхүү 3 цаг үргэлжилсэн уулзалт болж, нүүр тулан уулзсан төдийгүй цахим ертөнцөөр шууд харсан олон хүн  олон асуултдаа ямар нэг хэмжээгээр шууд хариулт авсан.  Тэр ярилцлагын үед “өнөөгийн манай нийгэм яагаад ийм болов, энэ бүгдэд ерөнхий сайд байсан энэ хүний алдаа эндээ юу байсан юм бол” гэсэн асуултдаа ч би өөрийн хариултаа олсон санагддаг. Өндөр албаны хүний “бага юм, зохицуулж болно” гэж бодсон хийсэн алдаа эргээд “том ял” болдог ч байж магад.

Оюу толгойн гэрээг хөдөлгөх нь хоёр орноос ялангуяа БНХАУ-аас эдийн засгийн хэт хамааралтай байсан (гадаад худалдааны 80 гаруй хувь) тухайн цаг үед гуравдагч гүрний томоохон хөрөнгө оруулалтыг Монголд оруулах нь тусгаар тогтнолын баталгаа,  хойшлуулшгүй хийх алхам байсан тул эрх зүйн бэлэн биш орчинд зарим хуулийг сууриар нь бус зөвхөн заалтаар нь өөрчлөн байж гэрээг үйлдсэн нь, тэгэхийн тулд бие биенээ боргон хэмлэхээс  өөр эдгүй улс төрийн хоёр хүчийг нийлүүлэн эвслийн засаг байгуулсан нь асуудлыг шийдэх арга байсан байж болох ч эргээд өнөөгийн  нөхцөл үүсэх хөрс болсон байж ч мэднэ. Түүний нөхөд гэж бодож байсан хэд нь ч дайсан нь болсон юм, дайсан гэж бодож байсан хэд нь ч нөхөр нь  болж хувирсан юм. Чөтгөр бүү мэд.  “17  жилийн дараа алдаа оноотой ч энэ гэрээг хийсэн нь зөв байсныг Монгол ойлгоно” л гэж тэр нэгэнтээ хэлж байсан.  

Баяр сайдтай ярьж, сонсож суухад үлдэцтэй,  санал солилцоход аливааг болгох бүтээх талаас нь харж дэмжлэг өгдөг, бодит байдлыг ч хэлж анхааруулж байдаг нь итгэл төрүүлдэг.

Сайдаар ирээд хэдхэн хоноод байхдаа сар шинийн барилдаан дээр ирж, хамтдаа баярлаж “Британи дахь Монголчууд маань соёл уламжлалаа ийнхүү хадгалж. үр хүүхдүүддээ өвлүүлж байгааг (хүүхдийн барилдаан анх удаа зохиогдсон) харахад сайхан байна. Бөхөө харж хийморио сэргээлээ” хэмээн урам нэмэж байсан бол “Монгол орны хөгжилд” 13 чуулганы ажиллагаанд өөрийн биеэр оролцож  ач холбогдлыг нь өндрөөр үнэлж, төлөвлөж байснаас өндөр зардал гарахад тэрээр “мэдлэг оюуны төлөө ажил, эрдэм номтой залуусаа нэгтгэн хураадаг үйл хэрэг” хэмээн үнэлж дэмжлэг үзүүлж байв.

Н.Тулга сайдын үеэс зохиогдон уламжлал болсон Оюунлаг Оршихуй цувралын Др Д.Бум-Очирын оролцсон дугаарт  суугаад “Энэ маш чухал сайхан арга хэмжээ байна. Цаг боломж таарвал байнга оролцож байя. Сүүлийн үеийн судалгаагаар хийгдсэн их зүйл анзаарч шинэ ойлголтуудыг ч мэдэж авлаа” хэмээж байсан билээ. Сайд хэдийгээр өөрийн биеэр байгаагүй ч Британи дахь Монголчуудын баяр наадмын ажиллагаа амжилттай сайхан болж ГХЯамны өргөмжлөлийг гардахад наадмын зохион байгуулах багийг хүлээн авч баяр хүргэн урмаар тэтгэж байв.

Монгол явахынх нь өмнөхөн уулзахад тэрээр Британийн соёл, түүх, боловсрол, амьдрах ёс гээд олон талын зүйлсийг харуулсан, Британид суугаа Монголчуудаа сурталчилсан цуврал нэвтрүүлэг хийцгээе хэмээн санал солилцох зуур, хамрын шуухитнаатай байн байн алчуураа гарган нусаа нийж “хаврын алерги маягийн юм” гээд өнгөрч байсан.

Анх ирэхэд нь яагаад ерөнхий сайд хүн элчин сайд болоод ирэв, яах гэж байгаа бол гэсэн болгоомжлол түүнтэй санал бодлоо танилцаж хамтран ажилласан энэ жил гарангийн дотор надад лав үгүй болсон. Би түүнийг хүнийх нь хувьд алдаа эндээ гаргасан байж болох ч, Монголынхоо төлөө гэсэн бодол сэтгэлтэй эр хүн гэж итгэх болж.  

Түүнийг элчин сайдаар ажиллаж байх хугацаанд хоёр орны харилцаанд ямар ахиц дэвшил гарсныг би дүгнэж хэлж мэдэхгүй. Харин тэрээр 2017 оны 2 сараас -2018 оны 4 сар хүртэл Монгол улсаас Их Британи Умарт Ирландын Нэгдсэн Вант улсад Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар ажиллахдаа хандаж, харьцаж байсан иргэдээ дэмжиж ажиллаж байсан гэдгийг хэлж чадна.

Гэм буруутай нь нотлогдоогүй бол түүнийг гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй. Монголчууд бид нэг нэгнээ дамаар сургаар "барьж идэж" болохгүй. Эрүүл энхийг хүсье!

Friday, March 30, 2018

Хором хормоор ирэх ухаарал гэгч намайг хумин хумин хүлнэ 
Зад татахсан, залуухан нас руугаа буцахсан 

Tuesday, March 20, 2018

Олон түмэн олон янз юм даа
Гар хүрэхэд л хагарч мэдэх Гангармаа хүүхний гангар шаазан шиг нь ч байх
Балбаж байхад байж л байдаг Балбар дарханы ган дөш шиг нь ч байх
Өөрийгөө Балбар дарханы дөш мэт байлгаж
Өрөөлийг Гангармаа хүүхний шаазан мэт энхрийлмээр юм уу 
Олон түмэн олон янз юм даа....
Хүн муулж явна гэнэ намайг 
Далай мэт тэр булингарт чанараа давалгаалчих вий хэмээн болгоомжлов 
Хүн сайлж явна гэнэ намайг
Дусал мэт тэр сүүн чанараа ширгээчихгүй юмсан хэмээн бодлогошров

Thursday, March 08, 2018

Төр цэгцэрч, түмэн талбиусаж, эрдэм номт залуусаа "ивэлгэн шимэх" цаг ойр болтугай!

Wednesday, March 07, 2018

Докторант Ц.Нандинбаатар. Сансар судлалд хүн төрөлхтөн өөр гараг эрхист хүрэхээр өргөн фронтоор шургуу ажиллаж байна. харин бид "морин тэрэгтэйгээ" л байгаа


Лондонд болсон Монгол орны хөгжилд 6-р чуулганд Ц.Нандинбаатар Шведээс ирж оролцсоноос хойш бидний хэлхээ батжиж иржээ.  Мэдээлэл технологиор Японд мэргэшсэн тэрээр сансар судлал руу шунан орж энэ салбарт Монголын хэмээсэн  орон зайг бий болгохсон хэмээн хичээж ирснийг, тэр хичээл зүтгэл нь бэрхшээл саадтай тулж ирснийг нь мэднэ. Цахим Өртөө Холбооны УЗ-н гишүүн тэрээр өдгөө Шведэд докторантурт суралцан, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн судалсаар, ажилласаар. Эл өдрүүдэд АНУ-ын Монтана мужид болж буй сансар судлалын олон улсын хуралд илтгэлээрээ оролцож буй түүнтэй товч цахим хөөрөлдлөө

Сансар судлалтай холбоотой олон улсын хуралд илтгэлээрээ амжилттай оролцлоо. Энэ хурлын талаар дэлгэрүүлж юуны өмнө товч танилцуулахгүй юу?
Institute of Electrical and Electronics Engineers буюу IEEE гээд мэргэжлийн холбооны дэмжлэгийг хүлээж авсан сансарын чиглэлийн олон улсын хурал болох IEEE Aerospace Conference 2018гэдэгт оролцлоо. Академик судалгаа хийж байгаа хүмүүст бол хамгийн ойр сансар судлалын хурлын нэг юм. Мэдээж хэрэг компани, олон улсын сансрын байгууллагууд ч оролцоно. Гол нь IEEE-с албан ёсоор дэмждэг ганцхан сансрын хурал гэдэг нь ач холбогдолтой юм. 3-р сарын 4-нөөс 10-ны хооронд болж байна.
Жил болгон АНУ-ын хамгийн том цанын бааз байрлах BigSky, Montana-д болдогоороо бас онцлогтой. Гэр бүлийнхэнтэйгээ хамт ирж оролцон, зав зайгаараа цанаар гулгах хүмүүс олонтой. Тэр нөхцөл байдлыг нь ч харгалзаад, илтгэлүүд нь үдээс хойш 16 цагт эхлээд 21.50-д дуусах нь ч байна. Анх удаагаа оролцож байгаа тул, их дотно, дулаан уур амьсгалтай болдог нь таалагдлаа. 16 жил дарааллан оролцож байгаа хүнтэй ч бага сага хууч хөөрлөө. Танай хажууханд байдаг Surrey Space Centre-н хүнтэй ч танилцлаа. Жил болгон 3 охиноо нэг нэгээр нь авчирч байгаа гэсэн хүн ч байна.
Бас сонирхолтой нь, залуу инженерүүдийн илтгэл гээд бага насны хүүхдүүдийн дунд бас хийсэн судалгаагаа танилцуулах боломж олгож байгаа нь их хөөрхөн юм. Сансрын хувцасны тухай судалгаа хийсэн хүүхдүүд байхад, нарны аймгийн талаар, цагаан хэрмийг хиймэл дагуулаас авсан зурагт нь сууриласан судалгаа гэх мэтээр хүүхдүүдэд ирээдүйдээ судалгаа хийх, сонирхолтой болох боломж олгож байгаа нь ч их таалагдаж байна.

Сансар судлалын чиглэл хаашаа явж байгаа вэ? Энэ хурлын явцаас нэг дүр зураг харагддаг байх
Сансрын салбар гэдэг маань өөрөө их өргөн хүрээтэй. Пуужин, хиймэл дагуул хийдэг гээд л ярихад тэр болгон нь дотроо олон янзын хэсгүүдээс бүрдэнэ. Материаллаг талыг нь бүтээж байхад, програм хангамжийг нь бүтээх нэгэн ч байна. Зарим нь тэндээс авах мэдээллийг хэрхэн илүү үр дүнтэй хүлээж авах уу гэх талаар судалж байхад, ямар материалтай бүтээгдэхүүн сансарт ашиглаж болох уу гээд л ярианы чиг хандлага нь маш өргөн хүрээтэй. Нийтдээ 14 чиглэлээр энэ хурал маань зохион байгуулагдаж байна. Ерөнхийд нь хараад байхад, салбар бүрт одоо ид яригдаж байгаа хиймэл тархи болоод робот гэсэн сэдвүүд яах аргагүй түлхүү орж ирж байна. Миний судалгааны сэдэв маань ч, хэрхэн тойрог замд байгаа төхөөрөмжийг ухаалаг тооцоолол хийлгэх үү гэсэн судалгаа байлаа. Илтгэлийн маань нэр "Intelligent Data Processing Using In-Orbit Advanced Algorithms On Heterogeneous System Architecture."
Энэ бүгд нь сансрын салбар бол бусад бүхий л салбарыг нэгтгэсэн том цогц салбар гэдгийг харуулж байгаа хэрэг. Харин сайтар агуулга болгоныг нь, чиг хандлагыг нь ажиглавал, Ангараг гаригийг чиглэсэн том Аянг тойрсон судалгаа их юм уу гэсэн сэтгэгдэл төрж байна. НАСАгаас ч, цаашдын нислэгийн талаархи ярианд Ангараг гаригийн тухай яриа ихээхэн гарч ирсэн. Багаж төхөөрөмжийн тухай илтгэлүүдэд ч Ангараг гаригийн тойрог замтай холбоотой судалгааны ажлууд их танилцуулагдаж байх жишээний. Бид өөр гараг эрхэст хүрэхэд бодитойгоор анхаарч ирж байна даа гэсэн дүр зураг харагдаж байна.

Тантай би цөөнгүй эилийн өмнө ярилцах үед хиймэл дагуултай байхын ач холбогдлын талаар өгүүлж, Монголын хэмээх хиймэл дагуул хөөргөхсөн гэж ихээхэн хичээж ажиллаж байсан. Харин сүүлийн үед энэ талаар чимээгүй болчихов уу даа. Гэтэл бас Монголд бас хиймэл дагуултай болохоор боллоо гээд хэвлэлийн бага хурал ч хийж байгаа харагдсан. Монголын сансар судлал хаана байна?
Сансрын салбарт Монголчууд оролцоосой гэсэн туйлын хүсэл байсан хэрэг. Сансрын салбарт оролцох нь бидэнд бусад өрсөлдөөнд үлдэх, бусад өрсөлдөөнийг ойлгох түлхүүр болно гэж бодогддог юм. Тиймээс түүний эхлэл болгоод хиймэл дагуулыг Монголдоо хийж бүтээх гэсэн амбицтай яриа нэг хэсэг их ярьж байсан л даа. Анхандаа үл итгэх хүний хувь нь 99,9999% байсан биз ээ. Миний өөрийн хариуцаж байсан Сансар дахь Бидний Мөрөөдөл гээд төсөл маань ерөнхийдөө түр зогссон байгаа. Ямартай ч бид энэ төслөөрөө Японы АЛОС-2 гэдэг хиймэл дагуултай холбоотой тогтоох туршилтыг 2 удаа амжилттай зохион байгуулж, энэ ажил маань ч Япон талын зохион байгуулагчийн судалгааны материалд тэмдэглэгдэн ном болж үлдсэн. Хувиараа зохион байгуулж хийж чадах чадал минь ийм л байсан. Үүнд маань Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк, ТЭСО Корпораци, NTV, Eagle TV, Mongol TV, Үндэсний Телевиз гээд сэтгэлийн дэм өгсөн газрууд олон байгаа. Мөн ШУТИС-ийн харьяа Коосэн, Ахлах сургууль, Монгол Коосэн, 1-р сургууль болоод бас бус дунд сургуулийн гээд олон оюутан, сурагчдыг хамруулж чадсан. Энэ бол маш том үр дүн, том алхам гэж боддог. Харин тэрнээс цааш ахиулахад миний чадал хүрээгүй. Энэ салбарын талаархи улс орны бодлого, эрх зүйн орчин шаардагдах хэсэгт хүрээд тулсан хэрэг.
Миний анхны зорилго бол цаашлаад, энэ хүүхдүүдээрээ хиймэл дагуул бүтээлгэх байсан юм. Энэ яриаг Монголчууд одоогоор ойлгох түвшинд хүрээгүй байна. Мэдэрсэн. Амссан. Тийм болохоор олон таван юм ярих нь утгагүй болно. Энэ байдал Монголын сансар судлал хаана байна вэ гэдгийн хариулт ч бас болох байх.
Бид нар үнэхээр сансар гэдэг юмыг харж байна уу, судалж байна уу л гэсэн асуулт гарч ирнэ. Сансар гээд нөгөө л туннель барьсан, оюутан залуус хөглөрч, караокэ, дуу хуурддаг тэс хэсэгхэн газрыг хараад байна уу, эсвэл сансар гээд бүтэшгүй зүйлийг төсөөлдөг тэр л хэвээрээ байна уу. За эсвэл бүр хатуухан хэлэхэд, жил бүрийн 3-р сарын 22-нд албатай юм шиг хэлэгддэг сансарт Монгол хүн ниссэн өдөр гээд л яригддаг улиг болж буй  ярианууд уу. Бид бодох хэрэгтэй л дээ. Бид нар өргөөд хэлбэл энэ салбарт  морин тэргээрээ л яваад байна. Хэрвээ, сансарт ниссэн Монгол хүн байгаа, олон улсын бүртгэлд Мазаалай гээд нэр орсон хиймэл дагуул бүртгэгдсэн гэсэн 2 баримт үгүй бол морин тэргээр явж байна гэхэд ч хэцүү.  Ийм л байна.

Энэ чиглэлээрээ цааш ажиллаж бүтээхэд тань учирч буй бэрхшээл, урам өгч хүчин зүйл юу байна
Энд энэ чиглэлээрээ судалгаа хийх, ажиллахад учирч байгаа бэрхшээл алга даа. Цаг хугацаа алдсан, дээрээс нь миний нас явж байгаа гэх мэтийг үл тооцвол, бэрхшээл бол алга. Хувь хүнийхээ тухайд шүү дээ. Урам өгч байгаа зүйл их байна аа. Судлахыг хүсээд урагшлавал дэмжих багш, хамтрагч нар байна. Монгол хүмүүс биш, Монгол маань дэмжихгүй байна гэдэг нь л хувь хүн биш, Монголоо гэсэн өнцгөөс харахад төрж буй гашуудал байна даа.

хөөрөлдсөн 
Д.Цэрэнбат

Wednesday, February 28, 2018

Жүжиг мэт амьдралд жүжигчин нь л болчихгүй юмсан...
Идээ бээрээ шахаж чадахгүй хүн өвчиндөө дийлдсэнийх
Идсэн завшснаа цэвэрлэж чадахгүй төр авилгалдаа залигуулсных

Sunday, February 25, 2018

Мөрөөдөл - ирээдүйн төсөөлөл, гэгээн ариун байг
Үйлдэл - одоогийн өрнөл, чин сэтгэлээс байг
Ухаарал - өнгөрсний тайлал, бат шингэцтэй байг

Tuesday, February 13, 2018

Уншиж тунгаахуйд өөртөө автах
Үзэж сонсохуйд бусдад автах

Wednesday, February 07, 2018

Цахим эринд Монгол хэл соёлоо хадгалан үлдэх "тулаанд" өөрсдөөсөө болж гар өргөн бууж өгөх ёсгүй

Add caption

Түүнийг Болорсофтийн Бадрал гэдгээр мэргэжлийнхэн нь, bolor-tol.com-г зохиосон Бадрал гэдгээр нь цахим ертөнцийнхөн андахгүй. Түүнтэй цаг үеийн, Монголчуудын зүгээс яаралтай шийдвэрлэх ёстой болоод буй нэгэн асуудлаар ярилцлаа.

Юникодын Техникийн Хорооноос (UTC-Unicode Technical Committee) ирэх 4 сарын хурлаараа Монголын өв соёл дархлааг хадгалж үлдэхэд онцгой нөлөөтэй асуудалд бидний зүгээс хандаж буй хандлагаас болон тун тааруу шийд гаргаж магад тухай мэргэжлийн цөөн хүн мэдэж үгээ дуугарч байгаагийн нэг нь та. Монгол үсгийн үсэг болон дүрмийг кодчилохтой холбоотой энэ асуудлын талаар жаахан дэлгэрүүлж тайлбар өгөхгүй юу.

Миний хувьд хамгийн анхны монгол бичгийн юникод фонт болох Mongolianscript фонтын OTF алгоритмыг бичиж байсан болон Болорсофт компани тус фонтын зохиогчийн эрхийг хамтран эзэмшдэг болохоор 2015 онд Юникодын Техникийн Хорооныхон хүсэлт тавьж тэр цагаас сайн дураар монгол бичгийг цэгцлэх ажлын хэсэгт ажиллаж байна. Тийм болохоор энэ талаарх мэдээллийг шууд  авдаг.
Монгол бичгийн юникодыг анхны хувилбарыг 2000 онд манай улсын зүгээс БНХАУ буюу Өвөр монголтой хамтран ажиллаж UTC-д оруулжээ. Анхны энэ хувилбарт нэлээд олон тэмдэгт дутуу, зарим үл хэвлэгдэх тэмдэгтүүд хэтэрхий их хэрэглэх шаардлагатай, тэр тэмдэгтүүдийн класс нь буюу үйлчлэх үүрэг нь өөрчлөгдөх зэрэг олон асуудлууд бий. Зарим тохиолдолд энэ нь бүр хакдуулах нүх болж юникодынхны толгойн өвчин болж ч байж. 
Харамсалтай нь манай улс 2000 оноос хойш өөрийн бичгийн кодчиллын асуудлыг анхаарлаасаа гаргасан. Хаа очиж өвөр монголын их сургууль дээр кодчиллыг цааш хөгжүүлж ирсэн боловч тогтворжуулж чадаагүй өдийг хүрлээ. Тиймээс янз бүрийн арга дэвшүүлж хэлэлцэх болсон бөгөөд 2017 оны 8 сараас эхлэн графит гэх загварыг гаргаж ирж илүүд үзэх болов. Энэ арга өнөөдөр асуудлыг хялбар шийдэж буй мэт боловч алсдаа тун хортой, Монгол бичгийн ирээдүйг боомилох аюултай арга. Жишээлбэл бид үсэг үсгээр а б в гэж товч дарж бичих биш үсгийн махбодоор тоншиж бичдэг буюу шүд, гэдэс, сүүл гэх мэт товч дарж бичнэ. Гэхдээ бас цэвэр махбодоор биш заримыг нь үсгээр авсан хачин холимог арга. Нэг талаас нь харвал энэ графит загварт гарч буй бичих хурдыг удаашруулж, хадгалах хэмжээг ихэсгэх зэрэг сул талууд нь одоо хэрэглэгдэж буй фонетик загварын хялбар бичих, фонтын хамаарал багасах гэх мэт сул талуудтай харьцуулбал хүлээн авч болохоор ч техникийн талаас нь харвал үгсийг эрэмбэлэх, ялгах, танихад нэн түвэгтэй болж, цаашлаад бичвэр боловсруулалтыг эрс хүндрүүлнэ. Жишээлбэл үг санал болгох, үг үсгийн алдаа хянах, хөрвүүлэх программ хангамж хийхэд асар хүндрэлтэй, ихээхэн зардал хүч хөдөлмөрөөр бүтэх, бүтээсэн программууд яг зөв ажиллаж байсан ч үгийн түвшиндээ зөв таньсан эсэхийг бид баттай мэдэх боломжгүй тул зөв ажиллагаанд баталгаа олгох боломжгүй болно. 
Хэлзүйн талаасаа монгол бичиг бол үсэгтэй тэр бүү хэл үет үсгийн зарчимтай бичиг. Дүрсээр кодолсноор энэ шинж нь бүрмөсөн алга болно.

Мэргэжлийн биш хүмүүсийн хувьд олон зүйлийг бүр анхан шатнаас нь ойлгож мэдэх хэрэгтэй байна. Тухайлбал Юникодын Техникийн Хороо гэж ямар эрх мэдэлтэй ямар байгууллага болох, тэдний гаргасан шийдвэр яагаад бидний өв соёлд тэгтлээ нөлөөлөх гэж?
- Юникод консорциум нь дэлхийн бүх бичиг үсгийн тэмдэгт кодчиллыг стандартчилах зорилготой олон улсын олон компаниудын нийлж байгуулсан байгууллага. Жишээлбэл Microsoft, Google, Adobe, Apple, Oracle, SAP, IBM, Facebook, Netflix зэрэг олон байгууллага багтах бөгөөд тэд бүх бүтээгдэхүүнээ тус стандартыг мөрдөж гаргадаг гэсэн үг. Тиймээс бид хүссэн хүсээгүй, мэдсэн мэдээгүй тус стандартыг барих болсон бөгөөд ISO стандарт ч шууд хүлээн авч баталдаг. Юникод стандартыг дэлхийн бүх программ хангамж үйлдвэрлэгчид барьдаг. Ямар нөлөөтэй байгууллага болох нь эндээс харагдана. 
- Юникодын техникийн хороо нь Юникод консорциум дотор оршиж судалгаа, техникийн процесс, үйл явцыг гардаж хариуцдаг хэлтэс маягийн нэгж бөгөөд мөн л олон улсын экспертүүдээс бүрддэг. Тэдний гаргасан шийдвэрээр юникод стандарт батлагдаж, юникодын стандартыг дэлхий даяар мөрддөг учраас тэдний шийдвэр бүх орны бичиг соёлд нөлөөлдөг, хамаардаг гэсэн үг. Зарим энгийн иргэн юникодыг мөрдөх албатай юу бид өөрсдийн кодоо зохиогоод үндэсний бичгээ цахим орчинд хэрэглэж болдоггүй юм уу гэж бодож болно. Тэгж болно, гэхдээ бид хол явахгүй гэдгийг кирил бичгийнхээ хувьд ойлгосон. Ө, Ү үсгийн асуудал юникодыг барьж байж арилсан гэдгийг мартаж болохгүй. Учир нь бид өнөөгийн даяаршсан дэлхийн цахим орчинд дангаар оршин тогтнох ямар ч аргагүй төрөл бүрийн гадаад программ хангамж жишээлбэл Microsoft-н оффис, виндовс, Apple-н МакОС, Linux OS, Oracle-н өгөгдлийн санг өдөр тутамдаа хэрэглэж байна. Энэхүү стандартыг хүн төрөлхтөн оршин байгаа үедээ мөрдөх л болно. Учир нь бидний соёл иргэншил түүхгүйгээр, шинжлэх ухаан нь суурьгүйгээр оршин тогтнохгүйтэй ижил одоо эсвэл ирээдүйд хэчнээн шинэ шинэ стандарт, хэчнээн мундаг цахим технологи гарч ирсэн бай юникодыг дагахгүй бол хуучин байгаа дэлхийн бүх баримт бичиг, мэдээллийг хэрэггүй болгож орхих юм. Энэ бол 1+1=2 гэдэгтэй ижил үнэн тул бид зайлшгүй одоо анхаарал хандуулах ёстой.  Кодчлолын утга агуулгын талаар миний блог дээрээ бичсэн 

What is encoding?

нийтлэлийг бас уншиж болох юм. 

Яагаад заавал одоо анхаарал хандуулах ёстой гэж. Нухацтай тайван боловсруулаад дараа асуудлаа оруулж болохгүй гэж үү?
- Яг зөв. Ингэж бодож байгаа тэр бүү хэл юникодод дүрсээрээ орвол орж л байна биз дараа нь манай улс чадалтай болохоороо засчихна гэсэн зүйл яриад яваа албаны хүмүүс ч нэлээд гарч ирж байна. Үнэндээ энэ кодчилол нэг л тогтсон бол хөдөлдөггүй ба үнэхээр алдаатай бол зөвхөн тэр нь засагдаад л явдаг эд. Харин монголын блок сууриар нь засахгүй бол болохгүй тийм хүнд байдалд орж байгаа 2 дахь тохиолдол. Мянмярыг нэг удаа тэгж сууриар нь засаж байсан, гэхдээ монгол бичиг шиг 20 жил сунжраагүй байсан тул манайхаас арай дээр нөхцөл байдалд байсан. Энэ тохиолдолд хэзээ ч эргэж хүрэхгүйгээр нэг удаа засах ёстой гэдгийг техникийн хорооныхон анхааруулж байгаа. Хэдийгээр засчихсаны дараа үүссэн бичиг баримт асуудалгүй болох ч хуучин кодоор үүссэн бүх баримт эвдрэх тул хамаагүй өөрчилж болдоггүй юм. Кирил бичгээр жишээ авъя л даа. Маргаашаас эхлээд а үсэг гэнэт хүчингүй тэмдэг � гараад байвал бид яах вэ? Бүх хүн нервтэнэ биз дээ? Тэгээд яах вэ? Мань мэтийн программынхан арга сүвэгчлээд зассан а үсгээр нь оруулдаг ч юм уу зарим нь өнөө ө,ү шийдэж байсан шигээ латин а үсгээр ч хүртэл орлуулдаг юм хийнэ. Тэгтэл ахиад жилийн дараа өнөөх нь өө буруу байж а чинь бүр өөр байх ёстой юм байна гээд унавал яах вэ? Монгол бичгийн хувьд ийм л байдалд орж байна гэсэн үг. Нөгөө талаас бидэнд 20 жилийн хугацаа байсан ч өнөөдөр ингээд сууж байгаа хүмүүс шүү дээ.

Монголын талаас одоогоор ямар арга хэмжээ авч ирсэн цаашид яах ёстой, асуудал яг хаана гацсан байгаа 4 сарын уг хорооны хурлаас өмнө бид хэрхэх ёстой вэ?
- Дээр хэлсэнчлэн анх юникодод монгол бичиг нэлээд асуудалтай боловч засаж, тордож, тогтворжуулж хэрэгжүүлэлгүй оруулсандаа ханаад л хаячихсан. Шалтгаан нь нөгөө л төрийн бодлого төр солигдохоор залгамж чанараа алдаж, өдөр тутмын асуудал биш бол бүр орхигддогт бий. Энэ завсарт бас асуудлыг мэдэх мэдэхгүй “тоглогчид” гарч ирж төсөв мөнгө иднэ, хуваана, би ч мэдэж байна тэр ч худлаа ярьж байна гээд дүвчигнэнэ. Гаднын улс орныхонд хэлэхэд ичмээр ч бидний байдал ийм л байна. Гэтэл энэ цахим цаг үе, технологи тийм юмыг хүлээхгүй тоосон дотроо булаад л цааш явчихна. Монгол хүн байя, Монгол улс байя гэвэл Монгол хэлээ хайрлан хамгаалах ёстой гэдгийг бүгд л хэлдэг, ярьдаг, мэддэг гэж боддог. Гэтэл цахим эринд хэлээ хамгаалах гэдэг бидний урд өмнийн ойлгож ирснээс тэс өөр түвшинд гарчхаад байна гэдийг төрийн албаныхан тэр байтугай ихэнх хэлний мэргэжилтнүүд ч ойлгохгүй байгаа нь үнэхээр харамсалтай.

Бүхэл бүтэн 20 жил Монгол улс ингэж өвөг дээдсээсээ өвлөж ирсэн монгол бичгийнхээ асуудалд санаа тавихгүй явсан гэхээр итгэхэд бэрхтэй л юм?
- Монгол улсад өдөр тутмын хэрэглээ биш болохоор тэр биз. Тэгсэн мөртөө 2025 оноос хос бичгээр явна гэсэн хууль 2015 онд гаргачихсан байгаа. Гэтэл хамгийн суурь асуудлаа ч шийдэх нь битгий хэл ойлгож анхаарч, бүр санаа тавьж байгаа шинж алга. Ямар ч гэсэн би тэр хууль гарсан 2015 оноос хойш ямар байдлаар энэ асуудалд хандаж ирснийг он цагаар нь үзүүлснээ танд харуулъя. 

Энэ асуудал яагаад гэнэт өнөөдөр ийм сүртэй асуудал болоод гараад ирэв?
- Гэнэт биш л дээ. Би мэдээллийг олон улсын байгууллагаас шууд авч байгаагийн хувьд энэ асуудалд анхаарал хандуулахыг төр засагт мэдээлэх нь иргэний үүрэг гэж үзээд Гадаад дахь монголчуудын байгууллага, тухайлбал өөрийн амьдарч буй Герман дах Монгол ТББ-дын зөвлөлөөр дамжуулан 2016 оны 1 сард тэр үеийн Боловсролын сайд Л.Гантөмөрт албан хүсэлт илгээж байсан. Мөн дотор нь байгаагийн хувьд энэ асуудалтай холбоотой бүх мэдээллийг Стандарт хэмжил зүйн үндэсний төв Монгол улсыг төлөөлж албан ёсоор авч байсан шүү гэдгийг хариуцлагатай мэдэгдье. Үүнийг протокол баримтаар ч батлах боломжтой.
Мөн 2017 оны 9 сард Хятадад болсон Unicode болон ISO хуралдаанд оролцож ирээд ерөнхийлөгч Х.Баттулгад асуудлыг биечлэн орж танилцуулсан. Улмаар 2017 оны 10 сарын 09-ны Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Албаны 5/215 албан бичгийн дагуу Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газар-ын А/111 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан боловч төсөв хөрөнгөө батлуулж чадахгүй өнөөг хүртэл яахаа мэдэхгүй сууж байна.
Учир нь засгийн газрын 2017 оны 12 сарын 20 өдрийн 54-р тэмдэглэлийн дагуу хийх ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газар гэсэн 3 газар хариуцуулж, төсөв хөрөнгийн тооцоо гаргаж шийдэхийг Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд Ц.Цогзолмаа, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нарт даалгасан. Ингэснээр асуудлыг 3 газрын хооронд шидэлцээд төсөв хөрөнгө нь ч шийдэгдсэн зүйлгүй, хэн хаана юу хийх нь ч тодорхойгүй болгоод хариуцлагыг бие биедээ чихээд сууж байгааг хараад хэлэх үг алга.

Харин яагаад заавал өнөөдөр сүртэй асуудал болсон бэ гэвэл гадаад хүчин зүйл гэх үү, Юникодын зүгээс шахалт ирсэн гэх үү өнгөрсөн оны 8 сараас эхлэн одоо больё дүрс код руу оруулахаас гэж зарлаад шинэ модель танилцуулаад зүтгүүлж эхэлснээс болсон юм. Тэгээгүй бол би ч тэр бусад нь ч тэр өө тэр тэмдэгтийн код өөрчлөгджээ энэ болохгүй болчихсон байна билээ, тэгж байгаад нэг засагдах биз ээ, ээ мөн зовлонтой юм гэж үглээд, хараад сууж л байх байсан байх. Мөн нэг зүйлийг хэлэхэд энэ асуудлыг сөхөгдөх бүрд хэл бол тусгаар тогтнолын баталгаа гээд л үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралддаг, тушаал, зөвлөмж, шийдвэр ч гаргадаг. Түүнийг нь тоодог газар байдаг ч юм уу бүү мэд. Ямартай ч учраа олохгүй гэх үү, юу гэх юм уу дандаа мэдээллийн технологийн бус монгол хэлний байгууллагууд буюу ШУА-н хэл шинжлэлийн хүрээлэн, хэлний бодлогын үндэсний зөвлөл гэх мэт хэзээ ч шийдэж чадахгүй буруу газрууд руу дамжуулсаар ирсэн байдаг.

Одоо тэгээд яах хэрэгтэй вэ?
- Энэ асуудлыг шийдэхийн тулд монгол бичиг, үндэсний өв соёлоо гэсэн зарим нөхөд олон нийтийн хүчийг ашиглаж хандив цуглуулъя гэсэн санал санаачилга гаргаж байгаа ч миний хувьд үүнийг эрс эсэргүүцэж байгаа. Монгол хүн байхын утга, Монгол бодол сэтгэлгээ дамжин өвлөгдөх хэрэгсэл болсон Монгол хэлээ цахим ертөнцөд хадгалан үлдэх үйл хэргийг Монгол төр ойлгож дэмжихгүй байна гэдэг угаасаа Монгол улс байгаа байгаагүй тухай яригдахаар зүйл. Ийм асуудлыг ганц нэг хүн байгууллага компани бус тусгаар улсын төрийн нэрээр гүйцэлдүүлнэ шүү дээ. UTC ч Монгол бичгийн кодчиллыг Монгол улсын санал болгох загвараар батлахыг илүүд үзнэ. Иймд төр анхаарлаа хандуулж хөрөнгө гаргах ёстой гэж үзэж буй. Тэгээд ч 2000 он шиг нэг удаа аргалаад өнгөрөх биш цаашдаа ядаж тогтворжтол нь байнга хянаж явах ёстой. Энэ мэт асуудлыг шийдэх ёстой гэж ард түмэн татвар төлдөг гэж ойлгодог. Зөв үү?

Ингэхэд төсөв нь яг хэд юм бэ? Монгол улс төлж чадахааргүй тийм их хэмжээний төсөв яригдаад байгаа юм уу?
- Би хувь хүнийхээ зүгээс ийм тийм хэмжээний хөрөнгө орно гээд тоо зохиогоод хэлэх нь утгагүй биз дээ? 10-11 чадварлаг хүнийг 2-3 жил орчим цалинжуулах, ажлын хэрэгсэл, ажиллах нөхцөлөөр нь хангах, уулзалтуудад оролцох замын зардал буудал болон нутагтаа 1-2 удаа зохион байгуулах, юникодын техникийн хороонд асуудал дэвшүүлж хэлэлцүүлэх хураамж гэх мэт зардлууд л гарна шүү дээ. Энэ бүхнийг угаасаа төрөөс судлаад, үнэлээд төсөв тооцоогоо бодитой тодорхой гаргаад, хянаад явах нь ойлгомжтой. Угаасаа тэгж л явдаг байлгүй дээ. Зардал нь 0,5 км цардмал зам тавих мөнгөн дүнгээс бага л тусах болов уу гэж бодож байна.

Тэгвэл төсөв хөрөнгө нь шийдэгдлээ гэхэд 20 жил шийдэж чадаагүй асуудлаа 2 жилд шийдэж чадах уу?
- Тэгээд яах юм? Ингээд хаях юм уу? Тэгээд л өнөө монгол хүн гайхалтай потенциалтай, ухаантай, чадалтай гэж өөрсдийгөө дөвийлгөөд өвөг дээдсээс өвлөж авсан 1000 жилийн түүхтэй бичгээ компьютерийн орчинд шийдэж чадахгүй эсвэл дүрсээр кодлоод ханз шиг болгочихъё гээд суугаад байх уу? Ний нуугүй хэлэхэд энэ асуудал дээр тууштай суусан хүн байхгүй. Болорсофт хэдийгээр цахим хэл шинжлэл гэж явдаг ч дээд түвшний буюу хиймэл оюун, хэлний боловсруулалт хийдэг болохоос ийм анхан шатны түвшний суурь асуудал руу тэр бүр ордоггүй. Монгол бичгийн анхны юникод фонтын алгоритмын хөгжүүлсэн major vendor гээд юникодын хорооны хурал зөвлөгөөнд уригддаг ч зардал хөрөнгөөс нь төвөгшөөгөөд тэр бүр оролцдоггүй. Гэхдээ олон улсын экспертүүдийн асуултуудад байнга хариулж, хаая нэг тааралдсан алдаа согогийг нь мэдээлсээр юникодын монголын блокийг хурдан тогтворжоосой гээд идэвхгүй харсаар ирсэн нь үнэн.
Хэн аливааг хүснэ тэр арга зам олдог, хэн аливааг үл хүснэ тэр шалтаг олдог гэж Willi Meurer хэлсэн байдаг байх аа. Хүсвэл хийж чадна аа.

Өвөр монголчууд маань зүгээр суугаагүй л байлгүй дээ, тэдний зүгээс ямар арга хэмжээ авч байгаа вэ?
- Өвөр монголчууд маань их л хичээж ирлээ. Бараг 20 жил дангаараа энэ асуудлыг нухаад тогтворжуулж дийлэхгүй өнөөгийн нөхцөлд байдалд хүрээд буй. Өдгөө 2,3 хэсэг болон талцсан байдалтай байна. Гэхдээ бүх төсөв болон бодлого хятадын засгийн газраас гардаг гэдгийг мартаж болохгүй. Бидний мэдэхгүй олон л зовлон байдаг биз. Ямар ч гэсэн хятадын засгийн газраас анхаарч ирсний нотолгоо нь тэдний оруулж ирж буй энэ дүрсээр кодлох буюу ханз мэт болгох загвар. Бидний олон жилийн цалгар байдлаас болж үсэг үсгээр кодлох өнөөгийн загвараа ямар ч асуудалгүй болгож чадахгүй юм бол дүрсээр кодлох зарчмыг барьж батлахаа Юникодын Техникийн Хороо зарлачихлаа. Тиймээс бид тус хорооны 4 сарын хуралдаанаас өмнө өнөөгийн кодчиллын бүх асуудлыг шийдвэрлээд,  дүрсээр кодчилохын эсрэг хангалттай нотолгоо гаргаж тайлбарлан харин өөрсдийн үсгээр кодлох сайжруулсан загвараа 8 сарын хуралдаанд хэлэлцүүлэх хүсэлт тавих хэрэгтэй. Энэ оны 8 сарын хуралдаанд юникодын 12 хувилбарт ямар зарчмаар орох нь батлагдчих байх. Тэр нь 2019 оноос эхлэн мөрдөгдөөд эхэлнэ.

Бид асуудлыг асуудал гэж харж нэг нэгнээ сонсож яаралтай  арга хэмжээ авах л хэрэгтэй юм байна тийм үү? 
- Зөвийг сонсож дараа дараагийн ажлуудаа сайн бэлдэж хийх хэрэгтэй байна. Цус гарахгүй л болохоос энэ чинь өв соёлоо хадгалж үлдэх тулаан юм шүү дээ. Буу агсаж хилээ хамгаалж байж тусгаар улс тусгаар байдгаас арай өөр оюун санааны талбарт тулаан болоод байна л гэсэн үг. Эс бөгөөс бидний үе дараа үедээ, ер нь Монгол хэлэндээ эргэж төлж барахгүй их хор уршиг тохиож байхад “нүдээ аниад” өнгөрсөн хатуухнаар хэлбэл “гараа өргөн бууж өгсөн” үе болж үлдэх гээд байна шүү л гэж хэлье дээ. 
Аргаа бараад ажлын хэсгийн 4 хүн Болорсофт дээр өнгөрсөн долоо хоногоос эхлэн сайн дураараа ажлынхаа зав чөлөөгөөр ажиллаж байна. Бид одоогоор 2018 оны 4 сарын 03-05-нд болох UTC-ийн хуралд бэлдэн тус байгууллагын хүсэлтээр графит загварыг судалж дуусаад фонетик загварын алдааг шүүгээд литратур, референцийг үүсгэн мэдээллийн археологи хийгээд сууж байна. 
Төр засгийн эрх мэдэлтнүүд ойлгож яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ асуудал нэг мөр шийдэгдэх цаг хугацаа нь хором хормоор дөхөөд байгаа болохоор арга буюу үүнийг нийтэд дэлгэн тавьж олны анхааралд хүргэе гэж бодоод тантай ярилцаж суугаа минь энэ.

Өөр танд хэлэх зүйл байна уу?
- За дандаа баахан асуудал яриад шүүмжилчихлээ, өөр арга байсангүй. Тиймээс ярилцлагаа эергээр төгсгөе. Юникодын хорооны архивыг ухаж байхад 1994-2002 оны хавьцаа Стандарт хэмжил зүйн төвийн дарга байсан Ж.Бавуусүрэн, стандартын хэлтсийн дарга О.Чилхаасүрэн нар энэ асуудалд маш их сэтгэл, хичээл зүтгэл гаргаж, онцгой анхаарал хандуулж ажиллаж байсныг олж мэдсэн бөгөөд тэдэнд талархаж байгаагаа илэрхийлье!