Tuesday, May 22, 2018

С.Баяр сайдтай танилцсан, ажилласан 1 жил 2 сар


Британид суусаар 20-иод жил болоход 5 элчин сайдын нүүр үзэж, тус бүртэй нь олон нийтийн ажлын төлөө гар нийлэн хамтарч тусламж дэмжлэгийг нь авч иржээ.  Өмнөх сайдууд бүрэн эрхийн хугацаагаа хууль ёсны дагуу дуусгаад дараагийн албандаа мордож байсан бол 5 дахь сайдыг харин жил гарны дараа эргүүлэн татав, бүр “нарсанд” суулгав. Сүүлийн 2,3 сайдуудынхаа талаар өөрийн мэдэх хүрээ, хамтарч ажиллаж байсан хэмжээндээ урт богино тэмдэглэл бичиж, зурган албум хийж ирсэн тул С.Баяр сайдын талаар ч хэдэн үг бичихээр шийдлээ. Энэ бичлэг зөвхөн өөрийн хэмжээндээ ажигласан харсан бодсон зүйлс гэдгийг юуны өмнө хэлж, буруу зөвийг сургаар бус баримтаар нь мэдэх нэгэн байх аваас засан залруулж ойлгохыг хүсье.


Ерөнхий сайд асан элчин сайдын зиндаанд буун ирэхэд нь олон хүн янз янзаар бодсон зарим нь ч ил шуугисан. Яагаад? гэсэн асуулт ч миний толгойд эргэлдэж байсан. Их хурлын танхимд элдэв асуултад даруулж, ирснийхээ дараахан бичиг лоозон барин жагсах эсэргүүцэлтэй тэрээр нүүр тулав.  

С.Баяр сайдтай уртаашаа ажлын шугамаар өрөөнд нь хоёронтоо уулзаж , эр улсын журмаар хоёронтоо хамт хоол идэж хуучилжээ. Бидний яриа сайдыг Британид байх хугацаанд ямар ажлууд дээр хамтран ажиллаж болох тухайд голлон төвлөрч басхүү бага нас, Монгол ахуй соёл, залуу насных нь ажил бүтээл гэсэн гэгээн дурсамжууд сөхөгдөх талбарт л төвлөрч байснаас улс төр, нам эвсэл тийш хальж байсангүй, халих шалтгаан ч байхгүй.  Эсэргүүцлийн ажиллагаа элчингийн гадаа үргэлжилж байсан тул “та нэг иргэдтэй уулзалт хийж болох уу” хэмээх санал тавихаар цаг аван орж яриаг нь сонсож суух завсарт харин өөрөө “Ер нь нэг уулзалт хийе, зар тараах уу” хэмээж тэрхүү 3 цаг үргэлжилсэн уулзалт болж, нүүр тулан уулзсан төдийгүй цахим ертөнцөөр шууд харсан олон хүн  олон асуултдаа ямар нэг хэмжээгээр шууд хариулт авсан.  Тэр ярилцлагын үед “өнөөгийн манай нийгэм яагаад ийм болов, энэ бүгдэд ерөнхий сайд байсан энэ хүний алдаа эндээ юу байсан юм бол” гэсэн асуултдаа ч би өөрийн хариултаа олсон санагддаг. Өндөр албаны хүний “бага юм, зохицуулж болно” гэж бодсон хийсэн алдаа эргээд “том ял” болдог ч байж магад.

Оюу толгойн гэрээг хөдөлгөх нь хоёр орноос ялангуяа БНХАУ-аас эдийн засгийн хэт хамааралтай байсан (гадаад худалдааны 80 гаруй хувь) тухайн цаг үед гуравдагч гүрний томоохон хөрөнгө оруулалтыг Монголд оруулах нь тусгаар тогтнолын баталгаа,  хойшлуулшгүй хийх алхам байсан тул эрх зүйн бэлэн биш орчинд зарим хуулийг сууриар нь бус зөвхөн заалтаар нь өөрчлөн байж гэрээг үйлдсэн нь, тэгэхийн тулд бие биенээ боргон хэмлэхээс  өөр эдгүй улс төрийн хоёр хүчийг нийлүүлэн эвслийн засаг байгуулсан нь асуудлыг шийдэх арга байсан байж болох ч эргээд өнөөгийн  нөхцөл үүсэх хөрс болсон байж ч мэднэ. Түүний нөхөд гэж бодож байсан хэд нь ч дайсан нь болсон юм, дайсан гэж бодож байсан хэд нь ч нөхөр нь  болж хувирсан юм. Чөтгөр бүү мэд.  “17  жилийн дараа алдаа оноотой ч энэ гэрээг хийсэн нь зөв байсныг Монгол ойлгоно” л гэж тэр нэгэнтээ хэлж байсан.  

Баяр сайдтай ярьж, сонсож суухад үлдэцтэй,  санал солилцоход аливааг болгох бүтээх талаас нь харж дэмжлэг өгдөг, бодит байдлыг ч хэлж анхааруулж байдаг нь итгэл төрүүлдэг.

Сайдаар ирээд хэдхэн хоноод байхдаа сар шинийн барилдаан дээр ирж, хамтдаа баярлаж “Британи дахь Монголчууд маань соёл уламжлалаа ийнхүү хадгалж. үр хүүхдүүддээ өвлүүлж байгааг (хүүхдийн барилдаан анх удаа зохиогдсон) харахад сайхан байна. Бөхөө харж хийморио сэргээлээ” хэмээн урам нэмэж байсан бол “Монгол орны хөгжилд” 13 чуулганы ажиллагаанд өөрийн биеэр оролцож  ач холбогдлыг нь өндрөөр үнэлж, төлөвлөж байснаас өндөр зардал гарахад тэрээр “мэдлэг оюуны төлөө ажил, эрдэм номтой залуусаа нэгтгэн хураадаг үйл хэрэг” хэмээн үнэлж дэмжлэг үзүүлж байв.

Н.Тулга сайдын үеэс зохиогдон уламжлал болсон Оюунлаг Оршихуй цувралын Др Д.Бум-Очирын оролцсон дугаарт  суугаад “Энэ маш чухал сайхан арга хэмжээ байна. Цаг боломж таарвал байнга оролцож байя. Сүүлийн үеийн судалгаагаар хийгдсэн их зүйл анзаарч шинэ ойлголтуудыг ч мэдэж авлаа” хэмээж байсан билээ. Сайд хэдийгээр өөрийн биеэр байгаагүй ч Британи дахь Монголчуудын баяр наадмын ажиллагаа амжилттай сайхан болж ГХЯамны өргөмжлөлийг гардахад наадмын зохион байгуулах багийг хүлээн авч баяр хүргэн урмаар тэтгэж байв.

Монгол явахынх нь өмнөхөн уулзахад тэрээр Британийн соёл, түүх, боловсрол, амьдрах ёс гээд олон талын зүйлсийг харуулсан, Британид суугаа Монголчуудаа сурталчилсан цуврал нэвтрүүлэг хийцгээе хэмээн санал солилцох зуур, хамрын шуухитнаатай байн байн алчуураа гарган нусаа нийж “хаврын алерги маягийн юм” гээд өнгөрч байсан.

Анх ирэхэд нь яагаад ерөнхий сайд хүн элчин сайд болоод ирэв, яах гэж байгаа бол гэсэн болгоомжлол түүнтэй санал бодлоо танилцаж хамтран ажилласан энэ жил гарангийн дотор надад лав үгүй болсон. Би түүнийг хүнийх нь хувьд алдаа эндээ гаргасан байж болох ч, Монголынхоо төлөө гэсэн бодол сэтгэлтэй эр хүн гэж итгэх болж.  

Түүнийг элчин сайдаар ажиллаж байх хугацаанд хоёр орны харилцаанд ямар ахиц дэвшил гарсныг би дүгнэж хэлж мэдэхгүй. Харин тэрээр 2017 оны 2 сараас -2018 оны 4 сар хүртэл Монгол улсаас Их Британи Умарт Ирландын Нэгдсэн Вант улсад Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар ажиллахдаа хандаж, харьцаж байсан иргэдээ дэмжиж ажиллаж байсан гэдгийг хэлж чадна.

Гэм буруутай нь нотлогдоогүй бол түүнийг гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй. Монголчууд бид нэг нэгнээ дамаар сургаар "барьж идэж" болохгүй. Эрүүл энхийг хүсье!