Tuesday, June 16, 2015

 Өнгөрсний алдааг тоочин, өөрөө тэр цагт очоод засчих мэт юунд хаахалзана, Та

Өнө хойшдын явдалдаа чиг сургамж болговоос өнөөх алдаа харин үнэ цэнэтэй байх бус уу

Wednesday, April 22, 2015

Аргалаас Монгол үнэртэнэ

Шовоолж шахсан "Шахмал аргал" үйлдвэрлэдэг болсон байна. Хүж мэт ууган асах энэ аргалын утаанаас бага идэр нас минь хамраар бургилан орж ирэхүйд үнэр гээчийн сэрээх увидаст автан хэсэгтээ дурсамж бодолд хөтлөгдөн суувай.
... ухаан орох л наснаасаа араг аргал даахтайгаа болтлоо өвөөгийнхөө морин тэргээр аргалд явах ажилд дайчилагдан гарт багтахаас эхлэн, хормойд дүүрэх тэгсээр шуудайн тал хүртэлхийг морин тэрэгний наана цаанагаран гүйж түүн, том шуудайнд нь нэмэрлэн аргал түүж хүн болсон санагдана. Шуудай аргал даахтайгаа болсон цагтаа үеийн найз нартайгаа хичээлээс ирэнгүүтээ цүнхээ шидчихээд аргалд явдаг үе нэг хэсэг байлаа. Ажил л тул амтанд нь орно Хэний үхэр хаашаа бэлчдэг тэр зүгт хэзээ явбал том том хөх аргал түүж болохыг ч багцаалдана.
Өндөр эмээ (эмээгийн маань ээж) маань нэг удаа ах бид хоёрыг аргалд яваад ирэхэд цайлж дайлах зуураа "том хөх аргал олох ч их баяр баясгалан байдагсан" гэсэн нь ер санаанаас гарсангүй. Нээрээ л том хөх аргал олох ямархан баяр баясгаланг авчирдаг, анаж байгаад очтол алга болсон хөх аргалын хоосон буурь ямар гуниг төрүүлдэгийг аргал түүж өссөн хүн л мэдрэх мэдрэмж. Даага сургадаг болсон цагтаа амаа мэдэхгүй сарваандаа хоёр шуудайгаар аргал тэгнэн өдөржин зөөж эдэлгээнд сурган номрхуулдаг байв. Гарын тамир орох үеэс өөрөө морин тэргээ хөлөглөн аргалд явахдаа бага дүү нараараа араг шуудай бариулан гүйлгэж 2-тын шуудайндаа хийж ачаална. Өвлийн түлшээ бэлдэж буй нь тэр. Аргал түүсэн Монгол ахуй үе үеээ залган ингэж л үргэлжилдэг...
....Хүү маань гаднаас орж ирэв. Хамраа сарталзуулав. Нэг үнэр авав болтой. "Юу үнэртэж байна?" гэж асуутал "Монгол үнэртэж байна" хэмээн хариулав. Тийм ээ аргалаас Монгол үнэртэнэ. Хормой аргал түүхийн ухаан, түүний баяр гунигийг мэдрээгүй яваа ч энэ үнэр Монголын үнэр гэж мэдэх болж. Яамай даа.
Нутгаас Монголоо авчирч бэлэглэсэн Enkhchuluun , Enkhtuvshin хоёр дүүдээ баярлалаа

Хүн Та

Дурсахдаа гэгээнийг л халиан дурсдаг, 
Mөрөөдөхдөө гэгээнийг л дэвэргэн мөрөөддөг хүн Та, 
Xийхдээ гэгээнийг шамдан хийж байгтун!

Thursday, February 05, 2015

Үр хүүхдээ  хүмүүжүүлэхдээ өөрөө үлгэрлэх, зөөлөн хандах
Өөрчилөлтийг нийгэмд хийхдээ өөрсдөө манлайлах, аажим хийх

Monday, January 05, 2015

Учрыг нь гүн ухалгүй үг яаран бүү унага
Ус нь буцлаагүй байхад данх шүгэлдэггүй

Бодлын дусал

Thursday, November 27, 2014

Олон намрыг хамт үдэх бишдээ онож алдахын заагт нь ялгаж хайрла
Онгодоор хөглөгдөн яваа нь тэнгэрийн ивгээлийнх биширч хайрла
Орчлонд бүдэрч яваа нь хүний тавилангийнх өрөвдөж хайрла

Еерийгее хайрлахгуй нэгэн ереелийг хайрлаж чадах уу
Тогоо нь хоосон нэгэн бусдыг хооллоно гэвэл юу болох
Толгой нь хоосон нэгэн бусдыг сургана гэвэл юу болох

Химийн аргаар үүсгэсэн элдэв амтлагч идэхийн хүслийг донтуулсаар биеийг сүйтгэнэ. Хиймэл оюунаар хөөрөгдсөн элдэв мэдээлэл мэдэхийн хүслийг ...