Wednesday, April 24, 2024

Эрэл

Алд биеэ хөрстөд мэндэлж 
Амин уургаа эрэх цагаас эрэл эхлэнэ

… Зүг чиггүй төөрч эрнэ
Зөв бурууг нээж эрнэ
Байхгүйг байгаа гэж эрнэ.
Байгааг байхгүйд бодож эрнэ…

Хайр энхрийллийн амтыг мэдрэх гэж эрнэ.
Хагацал харууслын гашууныг амтлан эрнэ.

Эвлэлдэн нэгдэхийн хүчийг үзэх гэж эрнэ
Эвдрэлцэл дайсагналын уршгийг амсан эрнэ

Эх орон гэж чухам юу вэ хэмээн эрнэ
Эхэс тасарсан хөрсттэй холбоотойгоо мэдрэн эрнэ

Өөрийгөө олохын жаргалыг амсах гэж эрнэ
Өнөөх нь оньсого мэт болохыг гайхшран эрнэ

Алив бүхний учрыг олох гэж эрнэ
Ахих бүр уялдан холбогдож буйд хөтлөгдөн эрнэ.

Үхлийн утгыг ойлгох гэж ухаж эрнэ
Үйлийн үрийн шалтгааныг ухааран эрнэ

Энэ насны эрлийн жолоо эвхэх мөчөөс
Дараа насны шат дэвшсэн эрэл эхлэнэ …

… Зүг чиггүй төөрч эрнэ
Зөв бурууг нээж эрнэ
Байхгүйг байгаа гэж эрнэ.
Байгааг байхгүйд бодож эрнэ.

No comments: