Химийн аргаар үүсгэсэн элдэв амтлагч идэхийн хүслийг донтуулсаар биеийг сүйтгэнэ.
Хиймэл оюунаар хөөрөгдсөн элдэв мэдээлэл мэдэхийн хүслийг гажуудуулсаар сэтгэхүйг сүйтгэнэ.
Идсэн бүхэн хоол бус, мэдсэн бүхэн эрдэм бус
Энэ блог
Уншигч танд - Миний дотоод ертөнцийг ил гарган тусгасан толь болог
Бичигч надад - Бодол санааныхаа бор гэрт хаан байхын жаргал эдлүүлэг
Тал нь үнэн тал нь худал
2016 онд МАН олонхи болон засгийн эрхийг барьж эхлэх үед өмнөх 20 орчим жилүүдийн үйл явдлыг өөрийн мэдэх хэмжээнд хураангуйлан санал хүсэлтээ хүргүүлж байлаа. Холбоосоос үзнэ үү https://tserenbat.blogspot.com/2016/07/blog-post.html “Хилийн чанад дахь Монголчууд ба тэдэнд чиглэсэн төр засгийн бодлого, үйл ажиллагааны хураангуй ба санал хүсэлт”
Энэ удаа сонгуулийн дүн гарахаас өмнө намуудын мөрийн хөтөлбөрт бидний
талаар (би өөрөө гадаадад суугаа монголчуудын нэгэн төлөөлөл) тусгагдсан
зүйлсэд тулгуурлан саналаа хүргэхийг хичээв.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ нь тойргоор (78 гишүүн) болон хувь
тэнцүүлэн төлөөлөх байдлаар (48 гишүүн) сонгогдсон гишүүдээс бүрдэх болсон нь Гадаадад суугаа Монголчууд УИХ-н
сонгуульд оролцох эрх нь нээгдэв. Үндсэн хуулийг дахин өөрчлөхгүй бол энэ эрх байнга
оршино. Гэхдээ бид оршин суугаа газрын
байрлал нөхцлөөс хамааран сонгуульд бүрэн дүүрэн оролцох боломж хязгаарлагдмал хийгээд
өөрсдийн тойроггүй тул УИХ-д төлөөлөх суудалгүй хэвээр буй. Ямартай ч бид
сонгох эрхээ хэр боломжоороо эдлэх эрх нээгдсэн нь боломж. Тиймээс ч сонгуульд өрсөлдөж
буй намууд өмнөх сонгуулиудтай харьцуулахад гадаадад суугаа Монголчуудын талаар
мөрийн хөтөлбөртөө тунхаглалын шинжтэй ч их багаар тусгахыг хичээжээ.
Хөтөлбөрүүдэд тусгагдсан нийтлэг асуудлуудыг жагсааж тухайн асуудлаар аль нам юу гэснийг нь харьцуулав. Хүснэгтийг харна уу
Эрх барьж буй Монгол Ардын Намын хувьд Элчин сайдын яамд, ДТГ-уудаар дамжуулан гадаадад суугаа иргэдийн асуудлыг шийдвэрлэж буй ба Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлтэй хамтран Дэлхийн Монголчууд–2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Мөрийн Хөтөлбөртөө заагдсан зүйлүүдээ тодорхой хэмжээнд хийж буй. Эх орондоо эргэн сууршихтай холбоотой Зөгийн Үүр-2 хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр яригдаж буй ч Мөрийн хөтөлбөртөө тухайлан заагаагүй аж. Товчхондоо Мөрийн хөтөлбөр нь одоо хийгдэж буй хөтөлбөр ажлуудаас хальж шинэлэг санаагаар баяжигдсангүй. Сонгуульд олонхийн санал авч ялах тохиолдолд ГХЯамны зүгээс Засгийн газрын нэрийн өмнөөс Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй Дэлхийн Монголчууд 2 хөтөлбөрийг улам бүр өргөжүүлэн хөгжүүлж үр дүнтэй хэрэгжүүлэхийг хүсье.
Ардчилсан Намын хувьд 2012-16 онд засаг барих үедээ өмнөх засгийн үед батлагдан хэрэгжиж байсан Зөгийн Үүр хөтөлбөрийг зогсоон, ЗГХЭГ-н дэргэдэх Хилийн чанадад суугаа Монгол улсын Иргэдтэй Хамтран Ажиллах Зөвлөл болоод Ажлын Албыг татан буулгаж оронд нь “Дэлхийн Монголчууд-1” хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ нь тухайн үед гадаадад дахь Монголчуудын холбоод нийгэмлэгүүд төр засагтай харилцан ойлголцож хамтран ажиллах үйл явц хэлбэршиж эхэлж байсан тогтолцоог унагасан нь цаг хугацаа алдах төрд, итгэх итгэлийг бууруулсан сөрөг үр нөлөөтэй байлаа.
АН-н энэ удаагийн Мөрийн хөтөлбөрөөс харвал 1.16 бүлэгт Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэд" гэсэн хэсэгт 9 заалт бүхий тусгай бүлэг оруулж ирсэн нь гадаадад суугаа Монголчуудад чиглэсэн тодорхой үйл ажиллагаа хийхээр төлөвлөсний гэрч бизээ. Энэ бүлэгт ипотекийн зээлд хамруулах, нийгмийн даатгалын тасалдлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчнуудыг бүрдүүлэх саналууд оруулсан нь урт настай тогтолцоо бий болох үүд хаалга нээгдэнэ гэж ойлгож болохоор. Сонгуульд олонхийн санал авч Засгийн эрх авсан тохиолдолд 12 онд гаргасан алдаагаа давталгүй хөтөлбөрт тусгагдсан зүйлсийг хэрэгжүүлэхээс гадна одоогоор хэлбэршиж тогтож хэрэгжиж буй хөтөлбөрүүдийг баяжуулан бэхжүүлж хамтран ажиллаасай хэмээн хүсье.
ХҮН намын хөтөлбөрт Гадаадад
суугаа Монголчуудад чиглэсэн бодлого нэртэй 10 заалт бүхий бүлэг багтжээ. Олон
зүйл нь нэр томъёоллын хувьд өөр ч өмнөх намуудын хөтөлбөрт тусгагдсан зүйлс аж.
Харин 2 заалт нь онцгой анхааал татав. Энэ нь гадаадад суугаа иргэдийг УИХ-д
төлөөлөлтэй болгох, ингэхдээ хүн ам газар зүйн онцлогт нь нийцсэн бүсчилсэн
сонгуулийн тойргийг байгуулан эндээс төлөөллийг нь сонгох тухай. Мөн гадаадад
суугаа иргэдийн сонгуульд санал өгөх тогтолцоог хялбаршуулах (шуудангаар
урьдчилж болон цахимаар). Гадаадад суугаа сонгуулийн насны иргэдийн төлөөллийг
УИХ-д бий болгосноор тэдэнд чиглэсэн бодлогын бичиг баримтууд эрх зүйн
тогтолцоо бодитойгоор бүрдэж эхлэх бөгөөд гадаад дахь Монголчуудын улс төрийн
идэвхи илүүтэй сэргэж ирэх нөхцөл бүрдэнэ. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудын
дүнгээс харахад сонгуульд бүртгүүлэх тогтолцоо, санал өгөх хэлбэр нь гадаадад
суугаа иргэдийн сонгуулийн оролцоонд таагүй нөлөө үзүүлж буй. Энэ байдал сонгууль болох бүрт
яригддаг ч энэ талаар тууштай ажиллах төлөөлөл УИХ-д байхгүйгээс орхигдож ажил
хэрэг болохгүй байсаар өдийг хүрч буй. ХҮН нам мөрийн хөтөлбөртөө тусгагдсан энэ чухал
санаануудаа ажил хэрэг болгохын төлөө ажиллахыг хүсье.
Үндэсний Эвсэл мөрийн хөтөлбөртөө
“Гадаад дахь Монголчууд” нэртэй бүлгийг оруулж тэдэнд чиглэсэн үйл
ажиллагаануудаа томъёолсон байна. Гадаадад дахь Монголчуудын өмнө тулгарч буй
нийтлэг асуудлуудыг шийдэхэд өөрийн хөтөлбөрүүдийг боловсруулан ажиллах тухай
агаад үүндээ төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлахыг дурдсан нь уг намын үзэл
санааг шингээсэн хэрэг буй заа.
Бүгд Найрамдах нам (Иргэншлийн
статусыг тодорхой болгоно), Үнэн ба Зөв нам (гадаад харилцааг иргэншүүлнэ) зэрэг
намуудын хувьд мөн цөөн заалтуудыг хөтөлбөртөө тусгасан байгаа нь тэдгээр намууд
УИХ-д төлөөлөлтэй болбол гадаадад суугаа Монголчуудын төлөөлөл хамтран ажиллах
үндэслэл болох юм.
Гадаадад
суугаа Монголчууддаа сонгуульд оролцохоор бүртгүүлэх сүүлийн өдөр бүртгэлдээ идэвхтэй
хамрагдаж Улмаар сонгуульдаа идэвхтэй оролцож улс төрийн нөлөөлөгч байх орон зайгаа
бий болгохыг уриалж байна!
Хүснэгт
|
Хөтөлбөрүүдэд
томъёологдсон Гадаад дахь иргэдийн асуудлууд |
МАН-н хөтөлбөрт 1.15
бүлэг "Хилийн чанадад сурч, хөдөлмөрлөж, амьдарч буй иргэд, гэр
бүл" |
АН хөтөлбөр 1.16 бүлэг Гадаадад
сурч ажиллаж амьдарч байгаа иргэд
|
ХҮН хөтөлбөр 5-р бүлэг “Гадаадад
суугаа Монголчуудад чиглэсэн бодлого” |
Үндэсний Эвсэл хөтөлбөр “Гадаад дахь
Монголчууд” |
Бүгд Найрамдах Нам |
Үнэн ба Зөв Нам |
|
Нийгмийн асуудал |
Эрх ашгийг
хамгаалж, эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг өргөжүүлнэ |
Нийгмийн
хамгааллыг баталгааажуулсан олон улсын гэрээ хэлэлцээр байгуулна. |
Гадаадад суугаа
монгол иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамрагдах тогтолцоог бий болгоно Монгол хүүхүүдийг
сургалтын зээл болон сургалтын төрийн сангийн тэтгэлэгт тэгш, шударгаар
хамрагдах боломжийг бүрдүүлнэ. |
Тусламж дэмжлэг
үзүүлэх төвүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд өргөжүүлнэ |
Иргэдийн эрх ашгийг хамгаана_ Иргэншил стаусыг тодорхой
болгох |
Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалж,
гадаад харилцааг улам бүр иргэншүүлнэ |
|
Бизнес эрхлэлт |
Эрх ашгийг
хамгаалж, эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг өрөгжүүлнэ |
|
хөрөнгө оруулалт, аялал
жуулчлалын арга хэмжээг бодлогоор дэмжинэ. |
Гадаадад дотоодод
бизгес эрхлэхэд нь туслах “Булаг” цахим тогтолцоог бий болгоно |
|
|
|
Үндэсний өв соёлоо
хадгалах, сурталчлах |
Хөтөлбөр хэрэгжүүлнэ
|
Цахим платформ
хөгжүүлнэ |
Монгол үндэстэнд чиглэсэн
“Диаспора боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Монголчуудын
зохион байгуулдаг монгол туургатны наадам, цагаан сар зэрэг уламжлалт баяр
болон соёлын арга хэмжээг бодлогоор дэмжинэ. |
Монгол бахархалын
өдрийг “Өндөр дээдсийн хишиг өдөр” болгон тэмдэглэнэ |
|
|
|
Хоёр, гурав дахь
үеийнхэн |
Хэл соёлд суралцах
хөтөлбөр хэрэгжүүлж, Цахим сургалтын агуулгыг нэмэгдүүлнэ |
Монгол хэл,
боловсролыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ. Цахим орчинд хэл соёлоо суралцах эрх
зүйг орчныг давхар бий болгоно |
Монгол хэл, соёлын
сургуулиудад дэмжлэг үзүүлнэ. “Би монгол хүн”
хөтөлбөр хэрэгжүүлнэ. |
Монгол сургууль,
Боловсролын болон Монгол судлалын төвүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн
хүрээнд дэмжинэ. |
|
|
|
Эх орондоо эргэн
суурших |
Цогц арга хэмжээ
хэрэгжүүлж, зөвлөлгөө өгөх нэг цэгийн үйлчилгээ үзүүлнэ |
Цахим сан бий
болгож хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ноу хауг Монголдоо нэтрүүлэхэд нь дэмжлэг
үзүүлнэ. |
дэмжлэг үзүүлэх
төрийн цогц бодлогыг боловсруулж хэрэгжүүлнэ. |
|
|
|
|
Сонгох эрхийг
эдлүүлэх |
|
|
Сонгуульд
баталгаат шуудангаар урьдчилж болон цахимаар санал өгөх боломжийг бүрдүүлэн,
оршин суугаа байршлаас үл хамааран Үндсэн хуулийн тэгш сонгох эрхээ эдлэх
боломжийг нь нээнэ. |
|
Сонгуульд оролцох эрхийг нь сэргээнэ |
|
|
Сонгогдох эрхийг
дэлүүлэх |
|
|
Хүн ам, газар зүйн
онцлогт нь нийцсэн бүсчилсэн сонгуулийн тойргийг байгуулах замаар хилийн
чанадад суугаа Монгол Улсын иргэдийг УИХ-д шууд төлөөлөлтэй болгоно |
|
|
|
|
Бусад |
|
Гададаад буй
монгол гэр бүл, имонгол хүүхдүүд, оюутан залуусын хамтын ажиллагаа,
нөхөрлөлийн платформыг хөгжүүлэх санаачилгыг дэмжинэ. |
Тэдний идэвх
санаачилгыг дэмжиж, монголчуудын холбоо, байгууллагуудтай хамтран ажиллах,
тэдгээрт төрийн үйлчилгээний зарим чиг үүргийг шилжүүлэх,
Монгол Улсад
нэвтрэх, амьдрах эрх бүхий “Хөх Гэрэгэ” картыг гадаадын харьяат монголчуудад
олгох хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгоно. |
ГХ, худалдааны
хүний нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарна |
Гадаад харилцаан дахь иргэдийн оролцоог системтэй
болгоно |
|
Эрэл
Алд биеэ хөрстөд мэндэлжАнглид 20 гаран жил амьдрахдаа анх удаа Хааны ордноор зочилж, хаантай гар барьж цөөн хором ч үг солих завшаан тохиов. Монголчууд маань төрөл бүрийн арга хэмжээнд уригдан оролцож энэ ордноор, ордны цэцэрлэгээр алхаж байсныг цөөнгүй сонссон. Ховорхон завшаан гэцгээдэг.
Ийм арга хэмжээнд зочид урихдаа сонгох, баталагаажуулах, урих гээд олон ч
үе шаттай болтой.
Нэр дэвшигдсэн нь
Сар хүрэхгүйн өмнөхөн Британийн ГХЯамнаас гэсэн нэг имайл хүлээж авав. “Зүүн
болон Зүүн Өмнөд Ази орнуудын Британи дахь төлөөллийг Хаан болон Хатан хүлээн
авах бөгөөд манай яамнаас таныг нэр дэвшүүлж байна. Та 2 сарын 1-д энэ хүлээн авалтад оролцох боломжтой бол
яаралтай хариу ирүүлнэ үү. Энэ захидал нь
Таныг хүлээн авалтад уригдана гэсэн баталгаа биш агаад нууц гэдгийг анхаарна уу”
гэсэн утгатай имэйл ирэв. “За энэ хүн андуурав уу, хулхи имайл юм болов уу”
гэж хэсэг гайхаж, имайл ирсэн хаягийн домайныг нь харлаа. Яах аргагүй л эдний ГХЯамны домайн. Имайл
илгээгчийн цахим гарын үсэг нь ч сүр бараатай, албан маягийн. Горьдолгодоо
хөтлөгдөөд захидалд итгэх маягтай болоод ирэв. “За яахав боломжтой гэдгээ
хэлээд гэрийн хаягаа явуулчихад яав л гэж өөр нарийн ширийн юм асуусан биш” гэж
бодоод удалгүйхэн хариуг нь илгээчихлээ. Орой эхнэртээ хэлэв. Бас л жинхэнэ
гэдэгт нь итгэх янзгүй. “Гэрийн хаягнаас өөр айхавтар мэдээлэл өгөөгүй. Юу ч
байсан одоо дүүрч” л гэлээ.
“Одоо тэгээд хэн нь тэдний яамнаас намайг ингээд нэр дэвшүүлчдэг юм бол,
өөр Монголчууд байгаа болов уу” гэсэн гайхшрал, таамаг толгойд бас
эргэлдээстэй. “Яагаад танай яам намайг дэвшүүлэв” гэж асуултай ч биш. “Яасан их
юм шалгаадгийн гээд больчихвол яана (Тэгэхгүй байх л даа) ” гэж эмээгээстэй.
Уригдсан нь
Тэгсэн хоёрхон хоногийн дараа л Хааны албаны алтадмал тамгатай урилга захиа
хүрээд ирдэг юм. Их л нарийн заавар журам, зөвлөмж багтаасан машинтай ирвэл
цонхон дээрээ наах бичиг хүртэл хавсаргажээ. Ингээд нууц гэсэн болохоор эхнэр
хүүхэд. ээж аав, ажлын хэддээ “нууц шүү” гэж байгаад хэлэхээс өөр хүнд хэлж
чаддаггүй хэсэг л явлаа. Тэгэж байтал бас ГХЯамнаас нь нэрийг нь дэвшүүлсэн бас
нэг Монгол байгааг мэдээдхэв. Тэр нь Монголд суухаар явдаг Британийн
дипломатуудад 10 гаран жил Монгол хэл соёлыг зааж буй тус яамны гэрээт ажилтан,
дотно найз Н.Энхтүвшин (Энхээ) маань байж таарав. “Хоёулаа боллоо. Найз
нөөхддөө хэлмээр байдаг нууц гээд хэцүүмаа” гээд байж байтал өнгөрсөн Ням
гарагт хийсэн подкастын үеэр Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны
үүсгэн байгуулагч, хүндэт ерөнхийлөгч Д.Энхжаргал (дүүгийн хамтаар) мөн
уригдсанаа сонирхуулж ингээд 4-үүл болсноо мэдэв.
Бэлтгэсэн нь
Ийм арга хэмжээн дээр үндэсний хувцасаа өмсөх нь зөв гэж бодоод номин хөх
дээлээ хими цэвэрлэгээнд өгч толийлгов. Эхнэр маань надаас илүү л догдолно.
“Гутал цэвэр байх нь Англичуудын нэгэн хүндлэл шүү” гэсээр наадам цагаан сараар
л нэг жийж арчилгаа нэг их хийгддэггүй ээтэн бор гутлыг маань угааж зүлгэж өнгө
оруулж өгөв. Хань минь намайг сайтай муутай нь мэдэх тул “хоол хошноос нь
амандаа хийчихээд хүнтэй ярив. Заавал залгиж байж үгээ хэлээрэй. Хаантай ярих
завшаан гарвал үгээ гүйцэд хэлээрэй. Чи хурдан яриад үгнийхээ зарим хэсгийг нь
залгидаг шүү. Надад хааны ордны тамгатай салфетик ч хамаагүй авч ирээрэй” гээд
л... “Эвий дээ, энийг минь хамт урьчихгүй” гэсэн шүү юм бодогдоно
Хүрэлцэн очсон нь
Ингээд болзоот өдөр Энхээтэйгээ хамт эхнэрийнхээ жаахан саарлыг гуйж
хөлөглөөд ордны зүг жавхдав. Энхээ маань хаан, хатантай гар атгаж уулзаж
байгаагүйгээс биш урьд нь энэ хавиар элдэв арга хэмжээнд нь орж байсан
туршлагатай аж. Хөөрсөн хоёр хүн л давхиж хүрлээ.
Зочид урилгаа үзүүлсээр үе шат бүрийн цагдаагийн шалгалтыг давсаар нөгөө жуулчид
завсраар нь л харж зураг дардаг хээ хуартай алтадмал хүрээтэй хар ширмэн
хаалгыг нэвтэрч, тэмдэглэлт үйл явдлаар Хааны гэр бүлийнхэн тавцан дээрээ нь
гарч гар далладаг нүүр хэсгийн доогуур шургаад, шилтгээний дундах дайрган
талбайд машинаа тавьцгаав. Ингээд салхи борооноос хамгаалсан болов уу битүү
шилэн нүүртэй баганат гол үүдээр орж, өлгүүрийн хэсэгт утас сэлтээ хураалгаад
дээш хүлээн авалтын хэсэг рүү гарлаа. Ордны дотор засал чимэглэл гэж эд бүхэн
нь өөрийн түүх ярин өндөлзөх мэт агаад өнгө үзэмж нь аргагүй л шүүрс алдам
юмсанж. Энгэртээ зүүх зочдын нэрс бичигдсэн зүүлтүүдийг овгийн эхний үсгүүдээр
нь багцлан эгнүүлсэн ширээнүүдэд
хуваарилсан агаад ширээ бүрийн дэргэд зогсох үйлчилгэч зочдод энгэрийн тэмдгийг
өгөөд хааш зүглэхийг чиглүүлнэ. Цэрэнбат
(Ts) гэсээр үсгийн дарааллаар хамгийн сүүлийн ширээн дээрээс нэрээ
олтол, үйлчилэгч нэг их олон хүн орохгүй байгаа эзгүй шахуу танхим руу заагаад “та
ийшээ яваарай” гэв. Ортол 2 хамгаалалтын хүнийн нэг нь дөхөж ирээд намайг дагуулсаар
цаашхи танхимд ортол ганган хээнцэр хувцастай 10 гаран хүн зогсох аж. Хөдөөний
надад таних хүн ч алга. Хожим сонсох нээ уг нь алдартай хувцасны загвар зохион
бүтээгч, нэрд гарч буй жүжигчид хүртэл тэнд байсан аж. Тэдний дундуур шувт
дагуулсаар залгаа танхимд нь ортол бас 10-аад хүн зогсжээ. Тэнд байх залуу
намайг жагсаалттайгаа тулгах гэтэл миний нэр тэнд нь байсангүй. Нэмэж бичээд
нэрийг минь хэд хэлүүлж тогтоож аваад “Хаанд хэлж танилцуулдаг юм аа” гэв.
“Зочидоо ингээд нэрсээр нь ялгаад тус тусад нь оруулдаг юм байж дээ. Манай
нөгөө хэд аль өрөөнд ороо бол” гэсэн юм бодоод, нэр зүс үл мэдэх хүмүүстэй яриа
өдөх гэж оролдов. Бүгд л Ази царайтай, нэг нь Хон Конгийнх, нөгөө нь Хятадынх,
гурав дах нь Японых , 4 дэх нөхөр “Би Англи хүн” гэв. Нэг их удалгүй “за ингээд
зогсоорой” гээд байрлалууд зааж өгөөд зогсоолоо. Хаан хатан дагалдагч нартайгаа
түрүүний дамжин ирсэн өрөөнд зочидтой гар барин товч ярин наашилж яваа
харагдав.
Хаантай уулзсан нь
Удалгүй бидний зогсох танхимд орж ирэн эхнээс нь гар барин ярилцсаар миний
ээлж ч ирлээ. Гар барилаа. Дагуулж яваа түшмэл нь Монголын Нийгэмлэгийн тэргүүн
гээд танилцуулж байна. “Их том газар нутагтай байх аа” гээд гараа дэлгэж үзүүлж
байна. “Тийм ээ Британиас 7 дахин том оо” гэнгүүтээ залгуулаад “Таны аав Тахийг
дахин нутагшүулахаар Монголд 1997 онд айлчилж байсан” гэтэл. “Аан нээрээ тийм
шүү” гээд нүд нь сэргэж байна. Дор нь залгуулаад “Тэр тахь нутагшуулсан нутаг
нь миний өсөж торнисон сум юм. Тахинууд
маш сайн өсөж үржиж байгаа” гэв. “Монголчууд моринд их сайн, багаасаа унаж
сурдаг гэж сонссон. Морь унадаг биз дээ” гэнэ. “Уналгүй яахав. Хөдөөний
хүүхдүүд 3 настайгаасаа унадаг. Морьгүй бол хөдөө хаашаа ч явах аргагүй болдог байсан
юм” гэлээ. “Би ер очиж байгаагүй орон шүү” гэнэ. “Та манай оронд очоорой”
гэлээ. Ингээд хаан дараагийн хүн рүү хөдлөв. Хатан Камела ирлээ. “Танай үндэсний
хувцас уу, хүмүүс өдөр тутам хэрэглэдэг үү” гэнэ. “Тийм ээ хөдөө бол одоо ч дээлээ
байнга өмсдөг. Биед дулаан, хэрэгтэй үед
хөнжил ч болчихно” гэлээ. Бүс сонирхож байна “Энэ ямар нэг утгатай юу” гээд
ширэн бүсний толин дээрхи дүрсийг заав. “Дээр үед бол омог аймаг өөрсдийн
сүлдний дүрстэй байсан. Тэрийгээ сийлдэг байсан байх Миний энэ бүсний хувьд
Монгол хээ. Ер нь Монголчууд бүсээ эрхэмлэдэг, бүсгүйгээр дээл өмсдөггүй юм”
гэснээр бидний яриа өндөрлөв. Хадагтай Аннэ араас нь залгав. “Монгол хүн” гэдгийг
мэдээд “Аан Монголоос хэд хэдэн хүн энд ирсэн гэж сонссон” гэв “Тийм. Бид
4-үүлээ байгаа” гэв “Юу хийдгэв” гэхээр нь арай өөр талаас яриа хийхээр
“Тогтвортой Ноос ноолуурын Эвсэл гэж олон улсын байгууллагад ажилладаг. Байгаль
орчин, малдаа ээлтэй хариуцлагатаа ноолуурын хангаэ нийлүүлэлтийн тогтолцоог
бий болгохын төлөө ажилладаг Англид төвтэй олон улсын байгууллага юм” гэлээ.
“Нээрээ ноолууранд янз бүрийн юм, тухайлбал нохойн үс энэ тэр холидог гэж
сонсож байсан” гэнэ “Тиймэрхүү зүйлсийг үгүй болгож үе шат бүрийг нь мөшгиж,
хэрэглэгчдэд хариуцлагатай тогтвортойгоор бэлтгэгдсэн ноолуур хүргэх тэр
тогтолцоог бий болгохоор оролцогч талуудыг зөвшилцүүлэн хамтран ажилладаг
байгууллага юм аа” гэлээ “Аан зөв” гээд цааш хөдлөв. Дараа нь Хатны бараа
бологч (найз нар нь болтой) гэж өөрсдийгөө танилцуулсан хижээл насны хээнцэр 2
эмэгтэй, Gloucester-н гүнж гэх мэт бусад хүмүүс бас ирж жанжин малгайн утга,
Англид хэдэн Монгол байдаг, хаагуур голдуу амьдардаг, соёл уламжлалаа хадгалах
ямар арга хэмжээнүүд хийдэг талаар янз бүрийн асуултууд асууж, цухас цухас
ярилцав. Хааны гэр бүлийнхэн гараад дуусав. Хажууд зогсоо шавилхан Ази
бүсгүйтэй яриа өдлөө. Түрүүнээс хойш л энэ танхимара орж гарах хааны удмынхан
болов уу гэмэрэ хүмүүс түүн дээр ирж мэнд мэдээд байсан юм. “Хааны гэр
бүлийнхэн өөрийг тань их сайн таниад байна Энэ ордонд ажиллаж байсан уу?” гэхэд
“Би хааныг хаан болохоос өмнө энд биш, тэдний гэрт ажилладаг байсан. Одоо бол NHS
-д ажиллаж буй. Уг гарал маань Вейтнам” гэв. Сайхан яриа хөөрөөтэй Бритиш
аялгатай Англи хэлтэй бүсгүй аж.
Хамаг олонтой бужигнасан нь
Ингээд удалгүй бидний байсан танхим эль хуль оргиод тэнд зогсох 10 гаран
хүн одоо яах билээ гэсэн байдалтай болоод ирэв. Нөгөө биднийг хариуцаж байсан
залуу орон гаран шогшоостой. Нэг орж ирэхээр нь одоо яах билээ гэтэл “өө, одоо
чөлөөтэй шүү Хажуугийн том танхим руу орж болно” гэнэ. Ингээд том хаалгыг нээн
тийш ортол тэнд харин 200 гаран хүн харин ёстой шаагилдаж байна аа. Хаан хатан
бараа бологчидтойгоо дундуур нь явж хүмүүстэй гар барьж ярьж яваа үзэгдэв.
Энхтүвшин маань тэнд ханхүү Эвдардтай их л дотно яриж зогсоо харагдана. Тэгсэн
хүүхдүүд нь нэг сургуултьд явдаг болох оо мэдэлцэж хан хүү, туршлагатай эцэг
хүний зөвлөлгөө өгч байсан нь тэр байж.
Хэнтэй нь юу ярих билээ энэ чинь одоо хэмээн бодож зогсов. Гар хоосон
зогсох нь бас эвгүй тул хажуугаар явах үйлчлэгчийн тавцангаас нэг хундагатай
оргилуун дарс авав. “Хонг Конгын уугаал,
шүдний эмч” гэсээр нэг залуу ашгүй гараа сунгав. 2 хүнийг дуудаж “энэ хүн
Монгол гэнэ ээ” гээд танилцуулав. Нэг залуу нь хуульч гэнэ Бас Хонг Конгийн уугуул.
Нөгөө хижээл настай үг амнаас нь бага унах эр нь Лондонгийн China Town-н хоолны
сүлжээг мэддэг хүн гэнэ. Хэсэг ярьсны дараа шүдний эмч залуу нь нэрийн хуудсаа
өгөөд “манай цагаан сараар бид үндэстэн үндэстнийг урьж China Town-аа
тэмдэглэдэг Монголчуудаа ирэх жил оролцуулаарай Холбоотой байя” гэнэ. “Тэгэлгүй
яахав Манайх бас наадмаа зун хийдэг ирээрэй” гэлээ. Оксфордын Их сургуульд
Доктор хийж буй Тайланд ламтай хэсэг ярьж зогслоо Ажаа гэгээний Оксфордод
байхдаа сууж байсан сүмийг мэдэж байна. Ажаа гэгээний тухай ч сонссон гэнэ.
Энхээ маань тэнд хаантай уулзаад гар барьчихсан, Энгэрийн зүүлтээ тайлбарлаад
ээж нь дээлийг нь урласныг хэлээд авч буй үзэгдэнэ.
Тэгэж ингэж байгаад хартал нөгөө хажуу танхимд хамт байсан Япон гараа
эвхчихсэн пээдгэр зогсоо харагдана. Очоод “давгүй юу” гэсэн.” Өө бид хэд чинь
хажуу өрөөнд хааны гэр бүлтэй хангалттай цаг өнгөрөөсөн юм байна ш дээ, Бусад
хүмүүс ихэнх нь энд уулзаж байгаа юм байна Би тэгээд зүгээр ажиглаад зогсож
байна” гэж пээдийж байна. “Энэ хажуу өрөөнд тэгээд ямар хүмүүс нь байв аа?”
гэсэн “Урлагийн, Загварын ертөнцийн,
Сайн дурын болон Хүмүүнлэгийн байгууллагуудын нэр хүндтэй хүмүүс байсан ш дээ”
гэнэ. “За тийм байх аа Намайг ер нь
андуураад л оруулчихаж Даанч тэндэх хүмүүсийн нэрсийн жагсаалтад нэр байхгүй
байсан юм. Үгүй яахав Тэнд байсных
хаантай нь тухтай гар барьж хэдэн үг солих хувь тохиож, Гэхдээ миний нэрний хуудсан
дээрхи хөх өнгө (өнгөөр бас кодолж хуваарилсныг нь мэдсэн юм) эд нарынхтай
адилхан л юм даа” гэсэн шүү юм бодогдов. “Хааны зурагчин тэнд гар барьж буй хүн
бүрийн зургийг дараад байсан Нэг гар барьсан зураг олдох байгаа” гэсэн шүү юм
бодогдов
Тэгтэл нэг дэвтэр үзэг барьсан залуухан бүсгүй нөгөө япон бид 2 дээр ирээд
“Би энд ажиллаж буй хэвлэлийн хүн юм аа. Анх удаа л ордны үйл ажиллагааны
талаар сурвалжилж байна. Та 2 өнөөдрийн сэтгэгдэлээ хэлээч” гэв Нөгөө японы
яриа хэлтэйг анзаарсан тул бодох цаг авах гэж боловсон зан ч үзүүлэх гэж “За чи
эхлээд ярь” гэсэн нөгөөх нь тачигнуулаад эхлэв. Миний ээлж ирэх үед нь “Монгол
бол бас эзэнт гүрэн байсан Британитай түүгээрээ их харьцуулагддаг. Энэ орд харш
нь үнэхээр гайхам юм аа. Бидэнд ингэж босгож үлдээсэн том орд шилтгээн хот
суурин байхгүй ч байгаль орчинд ээлтэй байх тухай яригдаж буй энэ цаг үед тэр
шинжийг хамгийн хадгалж амьдардаг хүмүүс бол Монголчууд тэр дундаа Монголын
малчид юм” гээд тогтвортой ноос ноолуурын эвслийн тухай жаахан яриадхав, “2
орны дипломат харилцааны 60 жилийн ой болж буй юм шүү. нэмэж тодруулах зүйлс
байвал холбогдоорой” гээд нэрийн хуудсаа ч атгуулав.
Энхээ маань хаантай, хаан хүнтэй бүсгүй хүн уулзахдаа хагас нахасхийдэг
ёсыг үйлдэж хэсэг ярьж зогсоо харагдсан. “За чи хаантай юу ярив” гэхэд “Юу
хийдгийг асууж байна. Монголд алба гүйцтгэдэг Британийн дипломатууддтай
ажилладаг, Монгол хэл соёлоо Британийн төрийн болон бизнесийн байгууллагуудад заадаг,
зөвлөлгөө өгдөг тухайгаа хэллээ. Бас 2 орны дунд дипломат харилцаа тогтсоны 60
жилийн ой тохиож буйг ч дурсаад авлаа” хэмээсэн. Би хаанд 60 жилийн тухай
дурсаж амжаагүй юм Олуулаа бол бас ингээд дутуугаа нөхөөд яриад байж болдог
байх нь байна
Ингээд бид 4 Монгол хувцасныхаа буянаар олон ч хүний анхаарал татаж, ярианы
эхлэл болж, өчүүхэн ч завгүй байсаар нэг мэдэхэд тарах хугацаа болсон байлаа.
Орон орны нэр хүндтэй хүмүүс цугласныг арга хэмжээний маргааш л Daily mail гэх
мэт эндэхийн хэвлэлээс олж мэдэв. Бодвол бас олон төрлийн хэвлэлийн хүмүүс тэр
дундуур холхиж байсан байх нь.
Сэтгэл өндөр харьсан нь
Энхээ бид 2 ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад энэ сайхан арга хэмжээнд
оролцсоноо хоёр биендээ хөөр бахдал болгон ярьсаар жаахан саарлаа даргиулсаар
буцав. Зам зууртаа түр зогсож тагш тагш
дарсаар тагнайгаа баярлуулж тав гурван үмх хоолоор гэдэс цатгав. Хүүе тэгэж
хэлдэг байж ээ үүнийгээ илүү дурддаг байж ээ гэсэн болсон явдлын дараахь жам ёсны
гэмээр цагаахан харамслууд, дараагийн удаа анхаарах туршлагуудаа ч хөөрөлдөв
Азийн шинэ жилд зориулсан энэ хүндэтгэлийн арга хэмжээ жил бүр зохион
байгуулагддаг болов уу гэж таав. Магадгүй хойшид Монголчууд маань ээлж дараалан
уригдаж оролцох байх гэж найдна. Миний хувьд иймэрхүү арга хэмжээнд анх удаа
оролцсон болохоор дараа орвол ингэх хэрэгтэй юм байна гэсэн сургамж бодлууд
жамаараа л төрж байна Хаант ёсны соёлын зах зухаас мэдэрч амсаж бусдад ярих
хөөрөх юмтай болов.
Нэр дэвшүүлсэн, батламжилсан, урьсан бүгдэд гүнээ талархан мэхийе.
Нийтийн сүлжээ, хэвлэл мэдээлэлд өртсөн нь
Хааны ордон дотор зураг авах хориотой байсан тул Ордны зурагчны цахим
хуудсанд зургуудаа оруулахыг хүлээв. Үдээс хойхно оруулжээ. Хаантай гар барьж
буй зураг, ярьж зогсоо зураг бас бус 2 газар дүр маань үлдэж. “Сошиал
сүлжээгээр ашиглах бол ордноос зөвшөөрөл ав эсвэл нэгийг 35 паундаар бүх эрхтэй
нь өндөр нарийвчлалтай авч болно” гэсэн бичигтэй аж. Ордны хэвлэл мэдээллийн хүний имайл хаяг руу
нь 2 зургаа явуулаад цахим болон сошиал хуудсанд ашиглаж болохыг лавлатал тэр
дороо л хариу ирж байна. Хаантай гар барьж буйг болно Нөгөөхийг битгий
ашиглаарай гэж. Тэрийг нь лавшруулаад хартал Хаан гараа дэлгэх маягтай
хөдөлгөөн хийж түүнээс болж гар нь бүдэг гарсан аж.
Эхнэр маань орой “чиний болон өнгөө хоёр Монгол эмэгтэйн зураг ордны гэрэл
зурагчны жиргээ, Хатан Камелагийн ажлын албаны жиргээ, Daily Mail-н сэтгүүлчийн
жиргээ зэрэгт багтсан байна” гэв. Монгол үндэсний хувцасны татах чадвар байсан
буй заа. Ямартай ч хүнд үзүүлэх баримттай болсондоо талархав.
Хожмын энэ мэт арга хэмжээнүүдэд уригдан очих Монголчууд маань үндэснийхээ
хувцасыг бие, орчиндоо тохируулан өмсөж очоорой. Найдвартай зурагчны дуранд
өртөнө шүү. Баталгаа нь энэ 😊
Химийн аргаар үүсгэсэн элдэв амтлагч идэхийн хүслийг донтуулсаар биеийг сүйтгэнэ. Хиймэл оюунаар хөөрөгдсөн элдэв мэдээлэл мэдэхийн хүслийг ...