Thursday, January 31, 2008

Бороо

Британий Монголчууд цувралын нэг болгон жил гаруйн өмнө Монгол буцсан нэгэн андынхаа тухай бичиж Цахим Өртөө сүлжээний веб хуудаснаа тавьж байсан бүтээлээ заллаа. Хожим сонсохноо "Танайд Хоноё " нэвтрүүлгийн хөтлөгч нэгэн дугаараа тэднийхээс бэлтгэн нэвтрүүлэсэн гэж сонссон. Анд маань сайн яваа хэрэг байх


Түүнийг хүн бүр Бороо гэнэ. Жинхэнэ нэр нь Насанбатын Баттөмөр гэдгийг нилээд хожим сонсож, мартаж санан байж тогтоосонсон.

Бороо утас цохив. "Энэ тавдахад нутаг буцахаар боллоо. Явахаасаа өмнө нэг уулзацгаая. Элчин дээр яваад ир" хэмээн урьж байна. Ер нь Холбооныхон маань ажил л гарвал эх орны минь хэлтэрхий элчин дээрээ болзоно.

Их Британид амьдарсан 7 жилдээ энд суугаа олон Монголчуудад ажиллаж бүтээхийн дуурайл болсон эл андынхаа тухай бичиж олонд дуулгахсан гэж багагүй хугацаанд бодож явсанд маань түүний энэ утсан урилга ташуур өгөв. Бороогийн Англид ажиллаж амьдарсан түүх сонирхолтой, эрчтэй, бүтээлч, үлгэр авам.

Бороо харь оронд очиж ажиллаж ар гэрээ тэжээхээр зориг шулуудан 40 гарсан хойноо 4 хүүхэд, эхнэрээ, тэр дундаа 1 ойтой ихэр охидоо үлдээн Англи улсад хөл тавьж байсан нь өнөө цагийн жир Монголчуудын нийтлэг нэгэн дүр. Бороог анх 2000 оны 11 сарын 26-ны Улс Тунхагласан Баярыг тохиолдуулж Монгол улсын гавъяат жүжигчин Д.Сосорбарам, Б. Эрдэнэбат нарын Лондон хотноо хийсэн тоглолтын үед Диана гvнж хэмээх шүлгээрээ тэнд зохиогдсон шүлгийн уралдаанд магнайдаж байхад нь харж, гав шав хийсэн хөдөлгөөнтэй үг яриа элбэг энэ залуу "5 сард Англид анх ирсэн, 80-аад оны эхээр Свердловскод уул уурхайн чиглэлээр төгссөн, тухайн үедээ оюутны зөвлөлийн даргаар ажиллаж байсан олон нийтийн ажлын арвин туршлагатай, шүлэг бичдэг, дуу зохиодог, тэр бүү хэл карате-гийн хар бvстэй"гээд ер нь есөн шид нь бүрдсэн хүн болохыг хажуу хавиргын хүмүүсийн шивэр авир ярианаас мэдээдэхэж билээ.

Удалгүй Британий Монголчуудын Холбоог хэсэг нөхөд маань байгуулахаар болж анхны тэргүүнээр өнөөх Бороогоо томилсноор бидний ойртон нөхөрлөж, хамтран ажиллах мөч эхэлсэн.

"Доржбат гуайтай (Соёлын тэргүүний ажилтан, Москвагийн радиогийн Монгол хэл дээрхи нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь олон хүн мэддэг, сэтгүүлч, жүжигчин, спортын тайлбарлагч) анх тэр улс тунхагласан баярын үдэшлэгэн дээр таарсан маань надад аавтайгаа уулзсан мэт сайхан болж, уран бүтээл хийж бүтээх эрч хүчийг ч мөн тэндээс олж авч Доржбат гуайнхаа нөмөр нөөлгөөр энд байх хугацаандаа олон зүйл хийж бүтээлээ дээ" хэмээн тэрээр өдгөө дурсдаг.

Уулзах, ярих бүрт нэг юм хийчихсэн, нэг шүлэг зохиол биччихсэн, нэг юм эхлүүлчихсэн явдаг тул энэ их юмыг яаж амжуулж явааг нь харахаар "Бороо дотор хэдэн хүн байдаг юм бэ дээ" гэж бодогдом. Ингээд Бороогийн доторхи Бороонуудыг өөрийнхөө хэрээр ил гаргав.

ХАР АЖЛЫН МАХРУУ БОРОО Эх нутагт үлдсэн ар гэрээ тэжээхийн тулд тэр ажиллаж мөнгө хийх ёстой. Тиймдээ ч Оросод төгсөж боловсорсон сэхээтэн, яам тамгын газар ажиллаж байсан түшмэл хэдий ч ажлыг голохгүй. Зоогийн газрын гал тогоо цэвэрлэхээс эхлэн удалгүй тогооч болон "дэвшиж", мөн зочид буудлын өрөө цэвэрлэх ажил зэрэгцүүлэн 7 хоногт 6 өдөр, өдрийн 5 цагийн нойртой 3 жил даблдсан (давхар ажил хийхийг манайхан ингэж хэлдэг) гэнэ. Яасан ядардаггүй бие ч гэж ийм юм байдаг юм гэ толгой сэгсэрмээр. Тэрээр сүүлийн 2 жилд гудамжны хог цэвэрлэх машин хөлөглөн Nоtting Hill-ийн гудамжуудыг (Julia Roberts, Hugh Grant нарын тоглодог Notting Hill кинонд гардаг гудамжнууд шүү дээ) цэмцийлгэх албанд давхар зүтгэсэн. "Ирээд хэл сайн сураад олигтой ажил хайх цаг надад байгаагүй тул шууд л олдсоноосоо эхэлсэн, Англи ажил голохгүй сэтгэл гаргаад хийж л байвал өгөөж нь унадаг сайхан нутаг аа" хэмээх.


ХАМТ ОЛНЫГ УДИРДАГЧ БОРОО
Эндэхийн Монголчуудын Холбоог тэргүүлж байх хугацаандаа тэрээр Их Британий Монголчуудын анхны урлаг спортын баярыг 2002 оны зун зохион байгуулж улмаар шинэ жил болон баяр наадмын ажиллагааг Монголчуудын Холбооноос зохион байгуулах уламжлалт ажил болгож чадсан билээ. Монголоос ирсэн олон урлагийн тоглолтуудыг ч тэрээр гар бие оролцон зохион байгуулж байсан. 2003 онд Холбооны тэргүүний ажилаа шилжүүлсний дараа уран бүтээл бүтээх туурвихад илүүтэй цагаа зарцуулж энд суугаа урлагийн арвин туршлагатай нэгнээс эхлэн авъяас чадвар нь дэлбээлэх үедээ яваа олон хүнийг нэгтгэн өөрийн хамтлаг, студио байгуулан удирдаж эхлэв. Түүний байгуулсан Метериод хамтлаг нь урлаг соёлын олон арга хэмжээний гол ачааг үүрэн гарч түмэн олноо цэнгүүлж байсныг бид хэрхэн мартах. Метериод 25 студи нь Их Британий олон хотуудаас төрөл бүрийн сэдвээр нэвтрүүлгүүд бэлтгэн илгээж Монголд МН 25 сувгаар дамжуулан Монгол түмэндээ хүргэж байсан билээ. Мөн Метериод кино студи байгуулан гадаад дотоод анд нөхөдтэйгөө хамтран "Харийн салхи" нэртэй уран сайханы кино бүтээсэн нь түүний хүнтэй харьцаж, зохион байгуулж, ажиллаж чаддагийн томоохон нотолгоо.


УРАН БҮТЭЭЛ УНДАРЧ ЯВДАГ БОРОО
Энд ирсээр 3 кино зохиол, 300 гаруй шүлэг бичиж, тэднийгээ нэгтгэн Харьд өнгөрүүлсэн он жилүүд гэдэг ном гаргахаар болсон аж. Хэзийдээ тэр их нойртой нойргүй ажлынхаа хажуугаар энэ урт зохиол бичиж, уянгын халил болж явдаг юм бол?. Түүний нилээдгүй шүлгүүд дуу болсон нь бий. Олны танил болсноос нь дурдвал төрийн соёрхолт Билэгжаргалын ая Сургууль минь баяртай дууг Номин Талстынхан амьдруулсан. Єөрөө бас ая зохионо. Одоогоор 20-оод дууны ая зохиосон гэнэ. Түүний үг аяыг нь зохиосон Бидний Лондон хот хэмээх дуу нь Британий Монголчуудын сүлд дуу хэмээгдэх нь бий. Гурван жилийн өмнө гэнэтхэн утасдаж "Кино зохиол бичсэн юм. Хүүхдээр компьютерт оруулуулсан нилээд алдаатай бичсэн бололтой. Нэг хараад хэл найруулгыг нь засаад өгөөч" хэмээн наддаа таарсан 7 хоногийн ажил өгөөдхөв. Яаж кино хийх гэж байгаа юм бол доо, амаргүй л эд байдаг байлгүй гэсэн шүү юм бодоод эмхлээд өглөө. Удалгүй "нөгөөхийг чинь би янзлаад Жигжидсүрэн гуайд үзүүлсэн чинь кино болгож болох юм гэсэн хариу ирсэн. Он гаргаад 1 сард (2004 оны) Лондонд ирнэ" гэх. Удалгүй ч нэрт кино найруулагч Жигжидсүрэн гуай ирж Бороогийн кино зохиолын талаар газар дээр нь нарийвчлан судалж, Лондонгийн Монголчуудтай ч уулзалт ярилцлага хийгээд буцсан. Жигжидсүрэн гуай "Зохиолыг үзэхэд сэдэв нь их хөөрхөн, үйл явдалын өрнөлт нь ч аятайхан байсан тул кино хийж болох юм гэж би үзсэн. Гэм нь энд ирээд бодит байдлыг судлаад үзтэл яг энэ зохиолоор нь хийвэл 4 улс дамнаж зураг авах нь. Тэр бүгдийн зардал мөнгийг тооцвол Мандухай Цэцэн Хатан киноноос 2 дахин үнэтэй болох гээд байна" хэмээсэн билээ. Ийнхүү санхүүгийн өндөр давааны өмнө өвдөг сөгдөж Бороогийн маань зохиол энэ удаадаа кино болж амжсангүй. Харин түүний юманд цөхөрдөггүйг дараахан нь мэдэж билээ. Өнгөрсөн жил нэг утасдтал "ажлынхаа зав зайгаар киноны зураг авалтад яваад маш завгүй байна" гэж байна. "Юун кино?"- гэтэл "Нөгөөхөөс арай өөр нэг зохиол бичээд өөрсдөө кино хийж байгаа. Зураг авалт нь удахгүй дуусаж буй, дуу оруулж монтажлаад нээлтээ элчин дээр хийнэ. Ирээрэй" хэмээн уриадахав. Энэ нь дээр өгүүлсэн "Харийн салхи" нэртэй, хоёр Монгол охины амьдрал дээр түшиглэн өдгөө цагийн Монголчуудын гадагш чиглэсэн энэхүү их хүн урсгалын дунд үүсэж буй нийгмийн асуудлуудыг гаргаж тавьсан, хилийн чанадад бүтээгдсэн анхны Монгол кино юм. Бүх жүжигчид нь эндээсээ, зураг авалт нь ч Англид, монтажлалт боловсруулалтыг нь ч энд кино урлагаар суралцаж төгсөн Отгонбаяр гэдэг залуу хийжээ. Киног нь үзсэн олон ам хэл ихэд сайтай байсан нь үзэгчдийн сэтгэлд хүрснийх гэдэг нь дамжиггүй.


УЛААНБААТАРЫГ ЛОНДОНТОЙ ХОЛБОСОН БОРОО
2003 оны өвөл 1 сард MN-25 телевизийн захирал Алтайтай Лондонд сурвалжлага хийхээр ирэхэд нь тэрээр уулзаж Их Британиас теле сурвалжлагууд бэлтгэн МN-25-ханд илгээж байх санал тавихад Алтай захирал "Манай салбар болж болно. Дэмжинэ" хэмээсэн нь ихээхэн урам өгч, удалгүй 2003 оны 3 сард Метериод 25 студи-оо албан ёсоор байгуулсан нь Метериод нэртэй дээр дурьдсан хамтлаг, студинууд алсдаа төрөн гарах эх суурь болсон. Энэ ажлыг нь Британид суугаа манай элчин сайдын яам ч дэмжиж байр саваар үнэгүй хангасан билээ. Студи байгуулаад тэрээр Доржбат гуайн мэргэжлийн их туршлага нөмөр нөөлгөнд дулдуйдан нэвтрүүлэг бэлтгэх, хөтлөх, сурвалжлах арга ухааныг заалган суралцаж, хамтран ажиллаж эхэлсэн байна. Анхандаа нэвтрүүлгээ элдэв засвар монтаж ч хийж чадалгүй явуулдаг байсан бол аажмаар техник хэрэгсэлүүд авч элчингээс гаргаж өгсөн өрөөндөө студийнхээ залуустай хамтран өдөр шөнөгүй сууж засаж янзлаад явуулдаг болжээ. Их Британий бараг бүхий л томоохон хотууд, Лондонгийн түүх дурсгалт болон улс төр, эдийн засгийн төвүүдээс бэлтгэсэн, тус улсад зохиогдож буй Монголтой холбогдолтой үйл ажиллагаануудын тухай түүний сурвалжлагууд, Английн соёл урлаг, ёс заншил, орчин цагийн амьдрал ахуйг үзүүлж тайлбарласан олон нэвтрүүлгүүд нь MN-25 телевизийг үзэгч түмэн хүн төрөлхтөний түүх соёлын нэгэн голомт болсон Британи улсыг ойртон танихад ихээхэн нөлөө үзүүлсэн гэдэг нь эргэлзээ үгүй. Зөвхөн үйл явдалын мэдээ сурвалжлагуудаар тогтохгүй Залуустайгаа хамтран Доржбат гуайн тухай хөрөг нэвтрүүлэг, London fashion, English tea нэртэй тусгай нэвтрүүлгүүдийг хийснээс нь харахад тэрээр шинийг эрэлхийлж, өөрийгөө сориж явдаг нэгэн гэдэг нь анзаарагдана.

VЛДЭХ, ИРЭХ ЗАЛУУСТ ҮЛГЭРЛЭЛ БОЛСОН БОРОО Бороо архи пиво амсахгүй, тамхи татахгүй. Хаа сайгүй л Лондонд хамгийн хямд, хүрэх газар хамгийн хурдан хүргэж өгдөг найдвартай унаа болох дугуй хөлөглөн жийж явах. Тэрээр хараад байхад илүү юманд мөнгө зарахгүй хэрнээ хэрэгтэй юмаа авахад гар татдаггүй. Тухайлбал хамтлаг, студийнхээ бүхий л техник хэрэгсэлийг хөлсөө урсгаж олсон мөнгөөрөө авсан аж. "Жил жилээр боломжтой үедээ бага багаар авч хураасаар нийтдээ 10 гаран мянган пуандын техник хэрэгсэл авсан байна билээ" хэмээн нэгэнтээ өгүүлж байсан.

"Ирээд Монголчуудынхаа жаягаар өмгөөлөгч авч цагаачлал хүссэн. Бүх л юмыг нь ёс журмаар нь хөөцөлдөөд явсан болохоор хэзээ хэнд баригдаад явчих бол гэсэн сэтгэлийн дарамт гайгүй байлаа. Сүүлдээ Англи ч хүн хүн шиг байвал бас гоочлоод байдаг газар биш юм байна гэдгийг ч мэдсэн. Залуучууд маань бодож зорьсон юмтай ирээд хичээж зүтгэж, зарж үрэхдээ бодолтой байвал Англи ч хүнд хэн байх нь хамаагүй их юм хийж бүтээж болох боломж олгодог газар юм. Одоо ер буцахгүй бол хүний газар үр хүүхэд, хань ижлээсээ хол удаан байх амаргүй байна. International Organisation for Migration гэдэг байгууллагад учир байдлаа хэлвэл 500 паунд гар дээр бэлнээр өгөөд онгоцны зардалыг даагаад буцаадаг гэж сонсоод тэдэнд хүсэлт тавьтал нааштай хариу өгөөд энэ Баасан гарагт эх нутгийн зүг хөдлөхөөр болоод байна даа. Энд авсан бүх техник хэрэгсэлээ аваад буцаж буй. Очоод хийж бүтээх юм их л бодогдож байгаа. Эргээд холбоотой байцгаана аа "

Түүний Англид өнгөрүүлсэн он жилүүдийг нь харахад манай залуус энэ нутагт ирэхдээ бодож санасан зүйлтэй, хийж бүтээх хүсэлтэй байж, буцахдаа ийнхүү олз омог дүүрэн явж байгаасай, Бороо маань ч ирэх, буцах олон залууст нэг сайхан үлгэрлэл боллоо доо хэмээн эрхгүй бодогдов. Удахгүй Бороогийн хийж бүтээх бодол хүслийн үр шим эх нутагтаа соёлон цэцэглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Сaйныг ерөөе!

Бичиглэсэн Д.Цэрэнбат. Их Британи. 2006 оны 12 сарын 06


Бороо(Н.Баттөмөр) Лондон хот, 2006 оны 12 сарын 4

ХАРЬД ӨНГӨРҮҮЛСЭН ОН ЖИЛVVД

 

Эх орон, эрхэм нөхөд, эрхэлсэн ажилаа орхиод

Эхнэр хүүхэд, гэр орон, ахан дүүсээсээ хагацаад

Элэнцэгээ хийгээд энд эргүүтэн явна аа чи гэж

Эмзэг бүгдийг минь сэдрээгээд надаас бүү асуу

Боловсрол мэдлэг, бодол ухаанаар хэнээс ч ер дордохгүй

Бодгаль бие, зүс царай хүнээс ер дутахгүй байж

Баялуугаа хийгээд харьд тэнүүчлэж явна аа чи гэж

Баалж тавлаж намайг бүү зовоо

Үнэнч шударгаар зүтгээд авдаг хэдэн зоос нь

Үр хүүхэд гэр орноо тэжээхэд хүрдэгсэн бол

Үйлээн үзэж хүний газарт боолын хөдөлмөр эрхэлж

Үсээ цайтал үгээ баран ингэж ч явахгүйсэн би

Нийлж суугаад дампуурчихдаг, нийгмийн өмчийг хумсалчихдаг

Нэрэлхэх юмгүй зээлчихдэг, нэхээд ирэхэд нь хуурчихдаг

Нэр хүнд албан тушаал, ашиг хонжооны төлөө

Нэгийгээ золиослохоос ч буцдаггүй байсансан бол

Дарга даамал захиралуудад зусардаж чаддагсан бол

Дальдчиж хурган баячуулд дарлуулж хүлцэж явсан бол өдийд би

Дээдсийн хүрээлэнд орж амьд үзмэр болчихоод

Дээгүүр толгойтой дундуур ухаантай сажилж явж чадах л байсан байх

Гэхдээ би...

Өөртөө итгэлтэй шазруун омголон болохоороо

Өрөөлөөс царайчилж дарлуулж сураагүй учираасаа

Өөдөсхөн хүүхдүүдээ тэнэгүүдийн боол болгочихгүй л гэсэндээ

Өөрийгөө золиослон харид ажиллаж яваа маань л энэ

Дундаж амьдралтай хүний сардаа авдаг цалин нь

Дулаан байр хоолныхоо талыг ч хүчирэхгүй байхад

Дуугүй бай, битгий давар гэж дээдсүүд тулгаж байхад

Дураар дурги хулгайл залил гэсэнтэй агаар нэгэн байхад

Алаад төхөөрчих малгүй, албан тушаалтан танилгүй

Аривчлан хураасан хөрөнгөгүй, авилга атгуулчих мөнгөгүй

Адгын чинээ газар ч үгүй, аав ээжийн хогшил ч үгүй болохоор

Алгаан хавсарч тэнгэрт мөргөж суулгүй

 Англи улсыг зорисон маань л энэ

Хужаагийн барааны лангуу ч үгүй, хуушуурын жижг мухлаг ч үгүй

Хулгайлж луйвардаж чаддаггүй алтан дундаж Монголчууд маань

Хуйгаараа гадаадад дүрвэцгээж эхэлсэн болохоор

Хульжиж хоцорч чадалгүй түмнийгээ дагасан маань л энэ

Харин Англи гэдэг чинь байна шүү!!

Ардчилал хүний эрхийг хуульчлан ягштал мөрддөгийг

Ард түмнийхээ төлөө жинхэнэ төр гэж байдгийг

Алхам тутамдаа та эндээс мэдэрч болно

Амьдрал чинь таньд харуулаад өгөх болно.

Сүлжилдсэн түмэн машинууд нь шүгэл торгуульд дарамтлуулахгүй

Сүрлэг дэгжин цагдаа нар нь сүржигнэж түмнээ сандраахгүй

Сүрчиг ханхлуулсан бүсгүйчүүд нь сайхнаар мишээж мэндчилсэн

Сүндэрлэсэн өндөр барилгуудынхаа сүүдэрт нь налайн тухалцгаасан

Мянган жилийнхээ түүхийг тэр хэвээр нь хадгалчихсан

Мянганы гайхамшигт бүтээлүүдээрээ дэлхийг бишрээж гайхуулчихсан

Хатуу мөнгө дэвсгэрт нь ертөнцийг базаад атгачихсан

Хатан хаантай энэ гүрнийг Их Британи гэдэг юм байна

Аргаан барсан цагаачид дзрвэж орогнохоор ирэхэд нь

Ард түмэн шигээ ав адилхан халамж тавьдаг

Яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэг харгалзахгүй

Ягштал хуулиараа ялгал үгүй зохицуулчихсан

Энэ дэлхийн үндэстэн бүхэн цугларч нэгэн бүл болоод

Эрх чөлөөтэй хангалуун сайхан эвтэй найртай амьдарцгаасан

Их далайн дундах амгалан энхийн диваажин

Ийм л нэгэн улсыг Их Британи гэдэг юм байна

Гэхдээ бас...

Тэнхэл тасран мухардсан эх орноосоо дайжаад

Тэртээх буурай амьдралаа орхин тэнүүчлэн энд ирсэн ч

Тэнгэрлэг Монгол заяа маань намайг түшин босгоод

Тэргүүн өөдөө олны дунд зэрэгцэн алхаж явна

Харин энд ирээд харсан чинь...

Бишрэн шүтээд байсан хөгжингүй орны хүмүүст нь

Биднээс илүү юм огтхон ч байхгүй юм билээ

Билэг авъяас ур ухаан амьдрах чадавхаараа бид

Бусдаас хэзээ ч хоцрохгүй энэ тэнцүүхэн юм билээ

Архи л уучихгүй бол Монголчууд гэдэг чинь

Агуу чадвартай ард түмэн юм билээ

Амсаад давраад ирэхлээрээ харин чиг

Арчаагүй бүдүүлэг авирладаг адгийн новшнууд юм билээ

Зон олныхоо төлөө гэсэн засаг төртэй болчиг

Зоригт Монголын үрс гандан буурахгүй л юм билээ

Зовхи нь өөдөө Монголчууд бид нэг л сэхэл авчихвал

Зогсолтгүй урагшлан хөгжиж болохоор л юм билээ

Харин одоо би чинь...

Гомдож баярлаж тунихдаа сэтгэл хөдлөхөө ч больж

Гоёж наадаж наргихад шимтэн дурлахаа ч байж

Ууjлаж бухимдсан ч хамцуйндаа гар гацчихдаг

Уучлалт гуйгаад буруутны өмнө хүлцэн хүлээдэг ч болчихож

Хэрийн юманд цочирдохгүй гөлийчихдөг болчихож

Хэрээ мэдээд амаа хамхиад дүмбийчихдэг болчихож

Хээнцэр охидыг нүднийхээ өмнүүр өнгөрөөчихдөг болчихож

Хэнгэнэтэл санаа алдаад уярчихдаг ч болчихож

Намба сууж тохьтойн дансанд нэрээ бичүүлсэн болохоор

Нас ахиад зуугийн тал руу шааригдаж яваа болохоор

Наанатай цаанатай муутай сайтай ч эвлэрч сурсан болохоор

Наргиан цэнгээн чимээ шуугианаас залхаж гүйцсэн болохоор

Харь холын газарт өчнөөн жил амьдрахдаа

Хайр халамж энэрлээр эр биеэн торгож

Хагацал өнчрөл цөхрөлийг чамгүй амссан болохоор

Харьж очихоос өөр би хаашаа ч зайлах билээ дээ

Бүх л насныхаа хэрэгцээг эндээс хийчихгүй болохоор

Бүгдийг умартан тэвчээд нутгаа бараадан харихаас даа

Бүүдгэр баргар ирээдүйтэйгээ бусдын адил эвлэрээд

Бүлтгэр хэдэн хүүхдийнхээ элгийг тэвтээгээд очихоос доо

Нийтийнхээ жишгийг дагалдан алтан дунджаар амьдрах гэж

Нийгмийнхээ жаягийг аялдан алагтай цоогтой ч эвлэрэх гэж

Насны намараа эх орондоо эзэн хүн шиг үзэх гэж

Нартын жамаар элгэн газартаа эртний булш шиг мөнхрөх гэж

Би Монголдоо буцахаас даа

Энхрий хэдэн хүүхэддээ эцгийн ёсоор харагдах гэж

Эхнэр ханийнхаа дэргэд элэг бүтэн амьдрах гэж

Элэнц өвгөдийнхөө хөшөөнд толгой гудайлган мөргөх гэж

Энгүүн жирийн хүмүүсийн дунд илүүчгүй дутуучгүй амьдрах гэж

Би гэртээ харихаас даа

Арав таваараа дүрвэцгээсэн хүн нүүдлийн цуваа

Араас минь харийг зориод алдран замхран шингэсээр

Асар уудам нутаг минь эзгүй гэр шиг хувхайрч

Агуу тэнгэрлэг үндэстэн маань мөхөх вий дээ л гэж зовинож байна.

Алаг үрс маань өсөж хөл нь дөрөөнд хүрэхээр

Амьдралын их далайд шумбан орох үед нь

Англи хэмээх оронд явж эрдэм юугаа өвөртлөөд

Ар сайхан Монголдоо ирж амьдарцгаа л гэж захих байна

Харьд өнгөрүүлсэн он жилүүдийнхээ дурсамжаа би

Хачирлаж чимэх юмгүйгээр өргөн түмэндээ толилуулж байна

Холын холоос тэрлэсэн найраг юуныхаа дугараагаа

Хойч үедээ сургамжлан сэржим өргөн тогтоож байна

Зүүд нойронд минь үзэгдсэн миний төрсөн газар

Зүрх сэтгэлд минь хоногшсон Монгол нутгаа зорилоо би

Зүүн өмнийг шугамдсан мөнгөн хүлгээр дүүлсээр

Зүүдэлгүй номин тэнгэрээсээ эх орондоо газардана би