Tuesday, February 26, 2013

Ажаа гэгээний айлдвар

Британийн Монголчууд сар шинээ нэгдсэн байдлаар тэмдэглэдэг болоод 5 дах жилээ угтаж буй. Энэ жилийн золголтын маань өвөрмөц онцлог нь Ажаа Гэгээн Англид саатаж таарсан ерөөлт тохиол.

Шигтгээ: Сан Францискод суугаа Ш.Баатар андын буянаар гэгээнтэнтэй эчнээ танил болсноос(“Цагийг билэгдэгч наран чөлөө” намтар номынх нь Гутгаар бүлгийг Баатар андын хүссэнээр чадан ядан Монголчилж) хойш хоёронтоо нүүр учирч, цөөнгүй жил сэтгэлийн холбоос алдалгүй явсаар энэ оны эхээр 2 сар Оксфордод ном айлдахаар ирэх болсныг нь дуулж гэгээнтэнтэй ойрхон хамтарч ажилладаг Америк дах Монгол Соёлын Төвийн тэргүүн М.Саруул Эрдэнэ андаар дамжуулан уулзах хүсэлтээ хүргэв. Ирснийх нь дараахан Оксфордод суудаг Монголчуудын Холбооны Д.Онолмаагаар дамжуулан амар мэндийг нь эрж Британийн Монголчуудын сар шинийн арга хэмжээнд морилж Монголчуудтайгаа золгон, айлдвар айлтгахын хамт ном хурж өгөхийг хүсэхэд ихэд уриалгахан хүлээн авсан байлаа. Удалгүй элчин зөвлөх Г.Ганболд нарын хамтаар гэгээнтэй биечилэн золгох ялдамд эл тухай тодотгон ярилцаж шийдсэн. Гэгээнтний Британийн Монголчуудын усан могой жилийн сар шинийн золголтод ирэх учрал ийнхүү бүрдсэн ажгуу. 

 Ажаа Гэгээнийг золголтын танхимд орж ирэхүйд элчин сайдын яамны дэд тэргүүн Н.Батаа алд цэнхэр хадаг дэлгэн золгож настангууд, элчин сайдын яамны ажилтнууд удаалав. Элчин зөвлөх Г.Ганболд золголт уулзалтыг нээсний дараа гэгээнтэн айлдвар хэлж ном хурсныг ойлгож тунгаасан хирээрээ буулгахыг хичээлээ.

Буян хүмүүнлэг байх тухай 
Гэгээнтэн “би олон зүйл яриад яахав, Монголд хийж бүтээж буй зүйлийнхээ тухай түлхүү ярина аа” гэж байсан дагуугаа өөрийнхөө тухай эхлээд товчхон танилцуулаад Монголд эх нялхасын эмнэлэгийн дэргэд барьж буй Хүүхдийн цусны бөөм, хавдарыг оношлох эмчлэх төвийг бариулах санаа сэдэл, үйл хэрэг болгохын төлөө ажиллаж буй байдал, учирч буй асуудлуудынхаа талаар ярисан юм.

Шигтгээ: Цөөхөн уулзсан ч Гэгээнтэний айлтгал яриагаас “бурханы ном ёсыг дээдлэн буян үйлдэх бол тэр буян нь хүний наад захын хэрэгцээг хангаж байх нь чухал” гэсэн санааг баримталдаг юм байна хэмээн ойлгож үлдсэн. “Хүмүүс буян үйлдэх гэсэн юм, суврага босгох гэсэн юм хэмээн хэлдэг. Суврага босгох буян л даа. Гэхдээ тэр нь наад захын тусламж дэмжлэг хэрэгтэй хүнд буян болно гэхэд хэцүү. Харин хүн эрүүл байх, эрдэм номтой байхад чиглэсэн эмнэлэг, сургууль зэрэгт хөрөнгө гаргавал тэр нь их буян болно”хэмээн хэд хэдэн удаагийн айлдартаа өгүүлж байсан. Гэгээнтэн Гүмбүм хийдийн хамба болсоор хийдийнхээ дэргэд техник мэргэжлийн сургууль байгуулж лам хар хүмүүст мэргэжил эзэмшүүлэх, улаан загалмайн нийгэмлэгийг үүсгэн ажиллуулж эрүүл ахуйн тусламж үзүүлэх, Төвдийн анагаах ухааны институтийн лам нараар удирдуулсан тосгоны эмнэлэг ажиллуулах, тосгоны хүүхдүүдэд зориулан сургууль байгуулах зэрэг олон хүмүүнлэг ажил санаачилан хийж байсныг түүний намтар номоос уншиж болно.
Тэрээр өдгөө АНУ дах Төвд Монголын Шашин Соёлын Төв дээрээ олон нийтийн ажилууд байнга зохион байгуулж байдаг. Тухайлбал Монгол Соёлын төвтэй хамтран өөр хоорондоо танилцах, хэл соёлоо хадгалж үлдэхэд нь тус болох зорилгоор төв дээрээ Монгол хүүхдүүдийн зуны сургуулийг уламжлал болгосон байдаг зэрэг нь тэрээр буяны ажлыг хэрхэн ойлгож үлгэрлэн хийж байдгийн жишээ. Энэ бүгдээс та гэгээнтэн хэзээнээсээ буян хийхийн нэг хэлбэр хүмүүнлэг үйл байх хэрэгтэй гэдгийг баримтилж ирсэн болохыг анзаарна. 

 Гэгээнтэн “Би олон жилийн турш Төвдийн нутагт суурьшин буй Дээд Монгол угсгааны Монгол хүн” хэмээн яриагаа эхэлсэн. Тэрээр улс төрийн учир шалтгаанаар нутгаасаа гараад 10 гаруй жилийг үдсэний дараа Монгол оронд анх 2006 онд ирэх завшаан тохиосон аж. (Ш.Баатар анд чинхүү сэтгэл тавин хөөцөлдөж гэгээнтнийг Монголд зочилуулах ажлыг бүтээснийг мэдэх юм. Д.Ц) Монголд очоод хөдөөд зорчихдоо “хэлж ярилгүй яваад ороход байгаагаараа дайлдаг, хөдлөөд явахад сүүгээ өргөөд үддэг миний мэдэх Монгол ахуй ёс яг хэвээрээ байгааг хараад сэтгэл минь эрхгүй хөдөлж өөрийн бага нас, өсөж төрсөн нутгаа санагалзаж байлаа” хэмээн гэгээнтэн дурссан. Эндээс түүний өөр улсад бус Монгол оронд л хүмүүнлэг нэгэн буян үйлдэе хэмээсэн санаа нь шулуудсан болов уу

Өөр нэг шалтгаан нь Монголд бурханы шашингаа олон нийтээр эрхэмлэн шүтэх нь хэвээр байгаа ч уг шашиныхаа зүгээс нийгэмдээ хандаж хийх ажил жаал орхигдоо юм болов уу гэдгийг анзаарсан явдал гэж бодогдсон. “Бусад шашиныг та бүхэн мэднэ. Тухай нь Христийн шашин аль ч орны хэл дээр сургааль номоо орчуулан төрөлхи хэлээр нь хүргэхийн сацуу сүмдээ орж ирсэн хүмүүстээ хүрсэн үйлчилгээнүүд сайн хийдэг. Харин Монгол дах бурханы шашины хувьд хийд номын газар нь жаахан өнгө алдсан байдалтай, лам нар нь утга агуулгыг нь сайтар тайлбарлахгүйгээр төвд хэлээр ном хурж байгаа, нийгэмд сүсэгтэнүүддээ хүрсэн буяны ажил бага хийж буй зэрэг нь бусад шашинууд түрэн орж ирэх нэг шалтгаан болж байж магад.” хэмээн гэгээнтэн өгүүлсэн

Нийтдээ 3 сая гаруй доллараар босох энэхүү эмнэлэгийн барилгын ажилд гэгээнтэн одоогоор 350 гаруй мянган АМ доллар хуримтлуулж чаджээ. “Би бол мөнгөтэй баян, бизнес хийдэг хүн биш, бас хүн анагаадаг эмч биш. Харин буян үйлдэхийг зорьж буй хуврага хүн. Энэ төслийнхөө хөрөнгийг найз нөхөд сүсэгтэн шавь нарынхаа дэмээр босгож буй. Монголоос гадна Япон, Сингапур, АНУ-д байдаг найз нар, шавь нар маань их тус болдог. Нэгэнт сайн сэтгэлт хүмүүсийн тодорхой хэмжээний хандивийг авсан тул эмнэлэгийн ажилаа эхлүүлэхээр шийдсэн юм. Одоо газар доорхи давхартайгаа нийлээд 3 давхар баригдаад буй даа. Би ийм юм хийх гэж байгаа гэж ярьнаас ийм юм хийгээд эхэлчихсэн таны тусламж тийшээ шууд орно гээд үзүүлэх юмтай байх нь илүү хүнд үнэмшилтэй тодорхой санагдах тул мөнгө бүрэн босоогүй ч болно гэсэн итгэлээр барилгын ажилыг эхлүүлсэн юм аа” хэмээн өгүүлсэн.

Эмнэлэгийг барьж дуусаад Эх Нялхасын төвд хүлээлгэж өгөх ажээ. Гэгээнтэн энэ яриагаа мөн золголтод хүрэлцэн ирсэн Англи хэлтэй хүмүүст зориулан Англиар товч тайлбарласан. 

Гэгээнтний амьдрал урсгал сөрсөн салхи лугаа адил 

 Гэгээнтний энэхүү ярианы дараа түүний намтар түүхийг товчлон харуулсан 10 орчим минутын баримтад кино үзүүллээ. АНУ дах Ажаа гэгээний Төвд Монголын Шашин Соёлын Төвийн ажилтан М.Саранцэцэг андын ирүүлсэн Англи дээрхи киног Монголоор орчуулан хадаж, Монголд айлчилсан айлчлалын зарим хэсгийг өөр бичлэгээс нэмэн оруулах ажлыг Монголчуудын холбооны Ц.Азхүү анд цаг сэтгэл гарган бүтээсэн нь гэгээнтний сэтгэлд хүрсэн нь анзаарагдсан. Түүний амьдрал өөрийнх нь нэгэнтээ хэлж байсанчилан урсгал сөрсөн салхи лугаа адил болохыг энэ богинохон хэмжээний танилцуулга киноноос ч мэдрэгдэнэ.


Сэтгэлийн амар амгалан эрхэм чухал 

Гэгээнтэн “хүний дотоод сэтгэл амар амгалан байж чадвал биеийн амар амгалан бүрдэнэ. Эрдэм оюунтай, энэрэл нигүүлсэхүйн сэтгэлтэй байснаар хар буруу санах, уцаарлаж цухалдах явдал үгүй болно. Үүний тулд биеийг бүрдүүлэгч ус, гал, шороо, хий гэсэн 4 махбодийн тэнцвэрийг хангах бясалгалууд үйлдэж оюун бодлоо сайн сайханд төвлөрүүлэх муу муухайгаас зайлуулах дасгал хийж байх нь чухал. Та бүхэнд аль нэг шашины бус шинжлэх ухааны нэгэн судлаач хүний хийсэн туршилтын тухай ярьж өгөе. Шилэнд ус хийгээд гадна нь сайн сайхан зүйлсийг илтгэсэн хайр энэрэл, баяр хөөр гэх мэт үгс бичээд хөргөгчинд хийж хөлдөөхөд ус нь тэгш хэмтэй зөв зургаан талт бүхий цасан ширхэгийн хэлбэр үүсгэн хөлдөж байсан бол хараал ерөөл муу муухай үгс бичсэн ус тодорхой хэлбэргүй хайш яайш байдлаар хөлдсөн байна. Энэ туршилтийг цэвэр ус бохирдсон ус дээр хийхэд мөн л цэвэр усны хөлдсөн хэлбэр нь зөв сайхан байхад бохирдсон усных гаж байжээ. Бас нэг анхаарах зүйл хүний биеийн 60 гаран хувь нь ус байдаг гэдгийг шинжлэх ухаан тогтоосон. 
Ингэхээр хүн зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал хийж байвал хүний бие ч цэвэршиж эрүүл саруул урт удаан наслах нөхцөл бүрдэх” тухай тайлбарлаад сэтгэлээ жолоодож сурахтай холбоотой бясалгалын 2 дасгал заалаа.

Дасгал 1: Өглөө сэрэнгүүтээ орноосоо босож явалгүй нуруу эгц суугаад 7 удаа гүн амьсгаа авч гаргана. Амьсгаа авахдаа сайн сайхан зүйлийг бодож хамрын баруун нүхээр орж буйгаар, муу муухай бодол сэтгэл, өвчин зовлон хамрын зүүн нүхээр гадагшилж байна хэмээн төсөөлж гаргана.

Дасгал 2: Гар нүүрээ угааж хувцас хунараа өмссөний дараа нам гүм орчинд шалан дээр нуруу цэх завилж бясалгалын хэлбэрээр гарын алгаа дээш харуулан зөрүүлж гуяан дээрээ байрлуулан 2 эрхий хуруугаа нийлүүлэн сууна. Толгой бага зэрэг тонгойн нүдээ тааваар нь анина. Ингээд дээрхи дасгалтай адилаар сайн сайхан зүйлийг бодож амьсгал авч саар зүйлийг гадагшлуулан төсөөлнө. Энэ дасгалын үед 3 удаа хамрын баруун нүхээр амьсгал авч зүүнээрээ гаргах, 3 удаа зүүн хамрын нүхээр авч баруунаараа гаргах, 3 удаа хоёр нүхээр зэрэг авч гаргах байдлаар 9 удаа, түүнийгээ дахин давтах байдлаар нийт 20-30 минут хийх юм.

“Эдгээр дасгалуудыг ёсоор нь хийгээд заншвал бие эрүүл, ухаан саруул байснаар наад зах нь эм тариа гэхээ болино. Архи тамхи, янз бүрийн мансууруулах зүйлс сэтгэлийг хормын төдий л хөөргөдөг, дараа нь илрэх хор уршиг нь их байдаг бол ингэж дасгал хийснээр байнгын баяр баясгалантай эрүүл саруул байх нөхцөл бүрдэх юм шүү”хэмээн айлдсан билээ.

Учрыг ухаж Утгыг ойлгож шүтвээс зохилтой 

Залгуулан гэгээнтэн ирж буй могой жилдээ бие сэтгэл эрүүл саруул, барцадгүй мэнд, эрдэм ном, эд баялагаар элбэг дэлбэг байхын ерөөл болгож ном хурлаа. Ном хурахынхаа өмнө гэгээнтэн унших номынхоо утга учрыг нэг бүрчилэн тайлбарлаж тарни унших бүр 7 удаа дагаж давтаж хэлэхийг хүссэн.

Шигтгээ. АНУ-д суугаа Монголчууд маань Ажаа гэгээнтэй ойр дотно байж гэгээнтэй хамтран олон нийтэд чиглэсэн буяны үйлс хийж байдгийн нэгэн баримт нь М. Дэлгэрцогт, Батнайрамдал, Ш. Сонинбаяр, Б. Эрдэнэбат, М. Саруул-Эрдэнэ нарын хамтран бүтээсэн Тарнийн учир Маанийн утга нэртэй товч тайлбар ном. Энэхүү номонд Ажаа гэгээний сар шинийн золголт дээр тайлбарлан хэлсэн маанийн утгын хэсгүүд орсон тул Саруул-Эрдэнэ андаас номын эхийг цахим хэлбэрээр авч эмхлэн боловсруулагч андуудын зөвшөөрсөн дагуу энд орууллаа. 

 МААНИЙН УТГА 

УМ МА НИ БАД МЭ ХУМ . 

Эхний УМ үсэг нь сүсэгтэн хүн өөрийн бие, хэл, сэтгэлийг ариусгаж, Бурханы лагшин, зарлиг таалалд хувирахыг илэрхийлдэг.

МА НИ гэдэг нь “эрдэнэ” гэсэн утгатай, аргын талыг илэрхийлнэ. Энэ нь гэгээрлийг олох бодь сэтгэл, хайр энэрэл, нигүүлсэх сэтгэл юм. Ядуурлаас аврах эрдэнэ шиг л гэгээрлийн бодь сэтгэл нь бэрхшээлийг гэтэлгэж амгаланг авчрах увидастай.

БАД МЭ гэдэг нь “бадамлянхуа” цэцгийг илэрхийлж, билиг ухааныг бэлэгддэг. Бадамлянхуа нь шаварт ургадаг боловч бузар бус байдаг. Үүнтэй адил бид билиг ухааны хүчээр юмс үзэгдэл мөнх бусыг таньж, хоосон чанарыг ойлгож авдаг.

ХУМ үсэг нь салшгүйг илэрхийлдэг. Арга билигийн салшгүйн чанар юм. Цаглашгүй, хөдлөшгүй ямар ч юм түүнд саад болдоггүй гэсэн утгатай.

Ингээд УМ МА НИ БАД МЭ ХУМ гэсэн зургаан үсэг нь арга ба билигийн салшгүй нэгдэл хэмээх зам мөрийг сайтар мэдсэнээр таны ариун бус бие, хэл, сэтгэл чинь Бурханы ариун лагшин, зарлиг, таалал болж хувирна гэсэн утгатай юм.

БУРХАН БАГШИЙН МӨРГӨЛ, ТАРНИ 

Тавхай түгжий шагжа ригтүн шин
Шанжий митүв дүджий бүнжон ба
Сэржий лхүмбүү да вүр жидвий гү
Шагжаа зову дэ ла чанцал ло 

Дадъяа та ум мүни мүни маха мүни шагжа мүни еэ суухаа

Мэргэн аргат нигүүлсэлээр Шагжагийн язгуурт мэндэлсэн бөгөөд
Мятарш үгүй чин зоригоор шумнасын өнгийг мөхөөн сөнөөж
Мянган наран бадарсан алтан сүмэр уул мэт жавхлант лагшинт
Манлайлан удирдагч Шагжагийн эрхэм тэгүүнээ мөргөмүү

Санасан үйлээ бодоод бурхан багшдаа хүж бариад залбирч болно.

МАНЗУШИРИ БУРХАНЫ ЗҮРХЭН ТАРНИ
Шонү чалүг чанва ву
Иший донмэ равдү жан
Жигдэн сүмжий мүнсэл ва
Жамбы янла чанцал ло
Ум ара база нади, ум ара база нади, ум ара база нади

Идэр залуугийн хав байдлыг хадгалсан
Илэрхийеэ бэлгэ билгийн зулыг бадруулагч
Энэ гурван ертөнцийн харанхуйг арилгагч
Эгшиг яруу Манзуширдаа мөргөмүү
Ум ара база нади

Өдөрт гурван удаа уншиж залбирна. Манзушири бурханы зүрхэн тарнийг оюун ухааныг сайжруулах, билгийн мэлмийг нээх, эрдэм ном сурахын төлөөд уншдаг.

ОЧИРВААНЬ БУРХАНЫ ТАРНИ
Жанло жанжи найчог дамба на
Санаг риг аг гүнжи дагву дэ
Лэгдэн гэгжи цогнам жомзадва
Жомдан доржи зинла чанцал ло
Ум базар вани хум пад, Ум базар вани хум пад, Ум базар вани хум пад

Очирваань бурханы тарни уншсанаар аливаа саад бэрхшээлийг арилгах, хэрүүл тэмцлийг дарах, ажил үйлсийг даатгаж уншина.

МЭГЗЭМ

Мигмэд зэви дэрчин Жанрайсиг
Димэд чэнбий ван бу жанбий ян
Дүд вүн малүй жомзад санвий даг
Ганжан хайвий зүг жан Зонхава
Ловсан дагвий шавла солваан дэв

Хэмжиш үгүй нигүүлслийн хүү сан Арьяабал бурхан
Хир үгүй айлдлын эрхэт Манзушри бурхан
Хорлолт шимнусын омгийг хоцроол үгүй дарагч Очирваань бурхан
Хүйтэн цаст орны мэргэдийн оройн чимэг Богд Зонхава
Хамгийг айлдагч Лувсандагвын өлмийд залбирлыг талбимуй.

Мэгзэм уншсанаар энэ нас болон эцэс хойтын төрөлдөө элдэв гай барцад түйтгэрээс хол эрүүл энх амгалан, өвчин зовлон үгүй, оюун ухаан хурц, нинжин сэтгэлийг төрүүлэх болно.

САНДҮЙНЖҮДИЙН ХУРААНГУЙ

Дүйва санва лайжүн ва
Дэвшин шигва гүнжий сан
Доржээ нямбуу дүваа еэ
Дэнид жомдаан шадүв сол

Машид нууцлан хураангуйлснаас сайтар гарсан 
Манлайлан заларсан Бурхан бүхний нууц
Магад нууцалсан очирын зүрхний хураангуйг
Машид тодруулан бурхан багш номлон соёрхоо.

Сандүйнжүдийн хураангуйг осол түйтгэрээс сэргийлэхэд уншина. Энэ номыг олонтоо уншсан хүний салхин доогуур нь гарахад л ариусдаг гэдэг. Унаа тэрэг барих, аян замд гарах хүмүүс уншиж явахад саадгүй, өлзийтэй.

Нялх хүүхэд хөлсөж уйлахад Сосорбарамын тарнийг уншина. 

Ум мааний даарий базар ни маха барай ди сайры, ум хум пад пад суухаа 

Тарнийг уншихаасаа өмнө жижиг аяганд ус хийгээд хүүхдийнхээ сүүдэрт тавиад тарнийг 3-7 удаа уншина. Дараа нь усаа хүүхдийн толгой дээгүүр нар зөв 3, нар буруу 3 эргүүлнэ. Гадаа гаргаад усаа салхины уруу доогуурхан цацна. Ингэхдээ муу юм зайлаг гэж бодно.

Цагаан хэл амнаас сэргийлэхэд Цагаан шүхэртийн тарни унших сайн. 

Ума сарва тата гада ишниха сидда бадри хум пад. Хум мама хумни суухаа

Бие өвдөхөд: Манал бурханы тарнийг уншина. 8 маналдаа залбираад, доорх тарнийг нь уншаад, эмээ үлээгээд уухад үйлчилгээ нь илүүтэй.

Цанлэг ринчэн сэрсан нян ан мэд
Чойдог ончин манла шагжа түв
Жа чэн монлом ён су зог ва еэ
Дэ вар шигва жадла чанцал ло

Дадъяа та ум биханзи биханзи маха биханзи раза самүд гади суухаа 

Ажил үйлс бүтээх: 
Ийм тарни олон бий. Энэ удаад Ногоон Дарь Эхийн залбирал тарнийг сонгов. Учир нь Ногоон Дарь Эх хүнд хамгийн ойр, хурдан тусалдаг гэдэг.

Жэвзум пагма долма ла чанцал ло
Чанцал долма дари ба му
Дүда раа еэ жиг гүн сэлма
Дүйрүү доном тамжид дэрма
Суухаа игэр жайлаа равдүд
Ум даарий дүд даарий дүүрий суухаа.

Дарьхын тарнийг уншсанаар ажил үйлс, ахуй амьдралыг тэтгэх, үр хүүхэдтэй болох, насыг уртасгах, алс хэтийн хүсэл зорилгыг бүтээн биелүүлнэ.

Ум дари дүдари дүри суха 

Одсэржам бурханы тарнийг уншсанаар од гаригийн аливаа сайн муу нөлөөг арилгах, ажил үйлсийг бүтээнэ.

Ум марзэ мам суха

Гэгээнтнийг ном хурсны дараа морин хуурч О.Одгэрэл, хийлч хүү Э.Баасандорж нар гэгээнтэнд хийгээд хүрэлцэн ирсэн Монголчууддаа зориулж хуур лимбийн эгшгээр мэндчилгээ хүргэлээ.

Улмаар Монголчуудын Холбооноос Ажаа гэгээнд гарын бэлэг гардуулсаны дараа гэгээнтэн хүрэлцэн ирсэн Монголчууддаа адис өгч арвнайлсан идээний дээжээ түгээв.

Ийнхүү Ажаа гэгээнийхээ айлдварыг сонсон, буян хурааж сэтгэлийн амар амгаланг мэдэрсэн Британийн Монголчуудын Усан Могой жилийн сар шинийн золголт дэлгэр сайхан боллоо.

ТАЛАРХАЛ
Санхүүгийн дэмжлэг үзүүлж, гэгээнтэнд унаагаар үйлчилж энэхүү золголтыг зохион байгуулах гол нөхцлөөр хангаж өгсөн Элчин Сайдын Яамны дэд тэргүүн Н.Батаа, элчин жолооч Батхуяг, атташе С.Уянга болон элчин сайдын яамны хамт олондоо, Ажаа гэгээнтэй байнгын холбоотой байж мэдээллээр ханган, золгохоор ирсэн олонд хүртээсэн гэгээнтний аравнайлсан идээний дээжийг нямбай сайхан бэлдсэн Оксфордын Д.Онолмаадаа, уулзалт золголтын арга хэмжээг зохион байгуулахад тааламжтай зохицох эртний түүхт театрийг олж зохицуулсан Ж.Өнөрмаадаа, Гэгээнтний амьдрал түүхийг үзүүлсэн Англи хэл дээрхи бичил киног Монголчлон буулгаж монтажилсан, гэрэл зурагчнаар ажилласан Ц.Азхүүдээ, Гэгээнтний санаачилгаар байгуулагдсан Энэрэл Нийгүүслэл Оюун Билгийн төвийн цахим хуудсаны танилцуулгын гол мэдээллүүдийг Англи хэлнээ буулгасан Ц.Базаррагчаа, Л.Дуламзул, Ж.Өнөрмаа, Б.Энх-Ундрам нартаа, золголтод ирэх зочдыг урьдчилан бүртгэж, настангууддаа гарын бэлэг түгээсэн Британи дах Монгол Соёлын Төвийн захирал Б.Мартдаа, Зочдыг угтан оруулж, зохион байгуулах ажилд сэтгэл гарган тусалсан Оюутны Холбооны залуусдаа, гэгээнтэн хийгээд хурсан олонд зориулж морин хуурын ая эгшгээр бэлэг барьсан хуурч О.Одгэрэлдээ, лимбэчин Э.Баасандорждоо, золголтод ирсэн зочидод үйлчилсэн З.Отгонбаяртаа, уулзалт золголтын ажиллагааг сурвалжилан бичлэг хийж, гэрэл зурагчнаар ажилласан А.Баярбаясгаландаа, сар шинийн тавгийн идээг бидэнд илгээсэн Монголын Хүүхэд Эмэгтэйчүүд Тулгуур Төвийн тэргүүн Ю.Наранцэцэг танаа, тавгийн идээ болон Британийн Монголчуудад гарын бэлэг авчирч өгсөн ЗА ТВ Студио, Eagle TВ-ийн хамт олонд, мэдээлэл, зөвлөлгөөгөөр ханган ажилласан АНУ-ийн Индиана муж дах Ажаа гэгээнийн удирдан ажиллуулдаг Төвд Монголын Шашин Соёлын төвийн ажилтан М.Саранцэцэгтээ, Тарнийн учир Маанийн утга номын эхийг харамгүй хуваалцсан АНУ дах Монгол Соёлын Төвийн тэргүүн М.Саруул-Эрдэнэдээ, Вашингтонийн Монголчуудын Холбооны Дэлгэрцогтдоо болон нийт хүрэлцэн ирж гэгээнтний айлдварыг сонсон буяны ажилд нь хандив өргөсөн Монголчууд, Монголч түмэндээ чин сэтгэлийн угаас талархаснаа илэрхийлэе. 

Д.Цэрэнбат. Их Британиас 
twitter: @d_tserenbat facebook': 
facebook.com/bataa.tserenbat 
blog: tserenbat.blogspot.com

Sunday, February 24, 2013

Сэтгэл зөв бол үг хуурмаггүй үйл булхайгүй

Бодолд хургах муу муухайг умартан зайлуулая
Болж бүтэхийн сайн сайхныг дуудан залбирая
Өөрсдөө ямагт гэгээн сэтгэлийг чандлан эрхэмлэе
Үрс хойчдоо балчир нялхаас нь зөв сэтгэлийн үр суулгая

Saturday, February 09, 2013

Тусгаар тогтнолын баталгаа дипломат харилцаандаа байдаг


Их Британид ажиллах бүрэн эрхийнхээ хугацаагаа дуусган АНУ-д суухаар мордож буй Б. Алтангэрэл сайдаа бидний хэдэн нөхөд саяхан гаргаж өгсөн юм.  Холдон салахын цагт дурсан санагалзаж төр засгаасаа дараагийн даалгавараа аваад мордсон сайдынхаа талаар хэдэн үг бичмээр санагдав.

Тэрээр 9  хүүхэдтэй айлын эрэгтэйгээс хамгийн том нь, 15 настайдаа өнчирч хоцрон хэдэн дүү нараа ээж, эгч нарынхаа хамт өсгөж ажил амьдралд нь залгуулсан нэгэн гэдгийг танилцсанаасаа нилээд хожуу мэдсэн билээ. “Хамгийн бага дүү маань ээжийн хэвлийд байхад аав маань өнгөрсөн юм. Ээжтэйгээ хэдэн дүү нараа ном эрдэмтэй, зөв хүн болгож өсгөх гэж зүтгэсээр би эрт хэршүүжсэн байх.  Манайхан Ховдын сургуулийн бахархал болсон сурлага сайтай хүүхдүүд байлаа даа. Манай гэрээс 4 нь алтан медальтай төгсөж байсан шүү” хэмээн дурсдаг. Сайдын удам угсааны талаар аав нь Завханых, ээж нь Говь-Алтайнх, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан шашин төрийн нэртэй хүний удам гэдгийг нь сонссон. Түүнийг нь гэрчлэх эд өлгийн зүйлс ч өөрт нь байдаг. Харин сайд "манайхан Ховд аймгийн Буянт сумын уугуул" гэдэг. Удам залгасан төрийн албанд тэр дундаа гадаад харилцаа дипломат албанд тэрээр тасралтгүй  34 жил ажиллажээ...

 “Элчин сайд хүн эрхийн хугацаандаа өөрийн гэсэн өнгө аястай ажил үйлс үлдээж чадаж байх нь чухал” гэж тэрээр нэгэнтээ өгүүлж байсан нь санаанд бууж Алтангэрэл сайдын гэгдэх энэ үед юу үлдэв хэмээн өөрийнхөө хэрээр шинжлээ.
… Алтангэрэл сайдыг анх Лондонд үүрэгт албаа аваад ирэх үед түүний тухай “Туркэд сайд байсан гэнэ лээ. Гадаад Хэргийн Яаманд Газрын дарга байгаад ирж буй юм гэнэ” гэсэн сураг мэдээлэлээс хэтрэхгүй ойлголттойгоор Монголчуудын холбооны хэсэг нөхөд уулзаж танилцаж байсан маань сайхан мэт. Түүнээс хойш хэдийнээ 4 жил хагас өнгөрч ил шууд яриатай, инээх загнах нь ойрхон сайдтайгаа зан зангаа авалцаж бид олон ажил хамтарч хийжээ.

Түүний бүрэн эрхийн хугацаанд Монголчуудын дунд зохион байгуулагддаг олон нийтийн ажлууд тасалдалгүй, улам бүр шинэ хэлбэр агуулгаар баяжсан байдаг.
Д.Даваасамбуу сайдын үед үүсгэн санаачилагдсан “Монгол орны хөгжилд” чуулган өргөжин тэлж төр засгийн анхааралд хүрч, Европийн төдийгүй бусад тивийн Монголчуудын хэмжээнд түгэн тархаж хэлбэршсэн, эрдэм оюуны чуулган болов.
Баяр наадмаа тэмдэглэх ажиллагаа улам бүр өргөсөж, цагаан сарын баяраа жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтов.
Түүнчлэн иргэдийн санаачилгаар цөөнгүй байгууллагууд үүсэн байгуулагдан,  төрөлжсөн үйл ажиллагаанууд явуулж сайдын зүгээс боломж хирээрээ дэмжин тусалж иржээ. Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэд улс төрийн сонгуульд санал өгөх анхны тохиол болж Британийн Монголчууд харьцангуй өндөр идэвхитэйгээр сонгуульдаа оролцсон байдаг.

Лондонгийн олимпийн их наадамд Монголын тамирчид 5 медаль хүртэж рекорд тогтоосон амжилт үзүүлсэн нь сайдын бүрэн эрхийн хугацаанд хамаарна.

Энэ 4 жил гарны дотор улс төр, бизнесийн хүрээнд Монгол Британийн харилцаа улам бүр өргөжин тэлсэн нь анзаарагдана.

Хоёр орны бизнес эрхлэгчдийн “Business Forum” уулзалт ярилцлагыг уламжлал болгон хэлбэршүүлэн, байнгын ажиллагааг нь хангах тогтолцоо болох Монгол Британийн Худалдаа Аж Үйлдвэрийн танхимийг байгуулахад сайдын хүчин зүтгэл онцгой үүрэг гүйцэтгэсэн. Парлиаментийн гишүүн асан Жонн Гроганий удирддаг эл танхим нь жил бүр энэхүү уулзалтаа зохион байгуулж хоёр орны бизнэс эрхлэгчид, шийдвэр гаргачдыг уулзуулан санал солилцуулахын зэрэгцээ Британи Монголын хооронд бизнесийн группийн аялалыг тогтмол зохион байгуулах болсон билээ.
Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын Их Британи улсад хийсэн нэг бус удаагийн айлчлалууд,  Британийн төрийн өндөр албаныхан, хатан хааны гэр бүлийн төлөөлөгч, бизнесийн хүрээнийхний Монголд хийсэн айлчлалуудыг тэрээр өөрийн бүрэн эрхийн хугацаандаа зохион байгуулжээ.

“Тусгаар тогтнолын нэг баталгаа дипломат харилцаандаа байдаг. Залуу байхдаа хилийн асуудлаар Туватай гэрээ хийх нэг ажилд нэрт дипломатч, хилийг гарамгүй мэдэгч, генерал Цэдэниш гуайг дагалдан ажилласан маань их зүйл ойлгуулсан. Эх орныхоо түүхийн талаар мөн ч өргөн мэдлэгтэй, нарийн дипломат ухаантай хүн байсан даа” хэмээн дурссан.  Түүний энэ дурсамжаас улс орнуудын тухайн үеийн бодлого, урьдын тогтсон уламжлалт харьцаан дээр алба залгуулж буй  дипломатч хүний оюун мэдлэг, ур ухаан хослож байж харилцааны цаашдын өнгө төрх чиг хандлага тодорхойлогддог юм байна даа хэмээн бодогдож байсансан.

Б.Алтангэрэл сайдын үед Монголын төрийн өндөр албан тушаалтан Б.Хурцыг Лондонгийн нисэх онгоцны буудалд барьсан баривчилгаа, ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Монголд баривчилахтай холбоотой үүссэн нөхцөл байдал гэх мэт хоёр орны хоорондох улс төрийн харилцаанд амаргүй нөхцөл байдал үүсгэсэн үйл хэргүүд өрнөж байсныг бид мэднэ. Энэ бүгдийг сайд өөрийн зүгээс чухам ямар дипломат арга ухаан гаргаж хэрхэн даван гарсныг нь мэдэхгүй. Харин хэдхэн хоногийн өмнө Лондон хотноо зохиогдсон  хоёр орны хооронд дипломат харьцаа үүссэний 50 жилийн ойд зориулсан хүлээн авалтад Британийн гадаад хэргийн сайд William Hague өөрийн биеэр хүрэлцэн ирж уг арга хэмжээг нээж хэлэхдээ  “хоёр орны цаашдын хамтын ажиллагаа улам бүр бэхжин хөгжиж буй”-г онцлоод, “өөрийн биеэр Монголд айлчилах  бодолтой байгаа” хэмээсэн нь олон зүйлд хариулт өгөх шиг. Иймэрхүү арга хэмжээнд засгийн газрын танхимдаа хамгийн нэр хүндтэй гэгдэх сайд нь биечлэн ирж буй нь нэг талаар тэд хоёр орны харилцаанд хэр ач холбогдол өгч буйн нотолгоо, нөгөө талаар Алтангэрэл сайдын үед харилцаа шинэ түвшинд гарсны баталгаа биз ээ.

“Том оронд баримтлах бага орны дипломат бодлого амаргүй. Тодорхой санал хүсэлтээ зөвшөөрүүлж ажил болгоход заавал тухайн жижиг орныг хэмээсэн лобби бүлэг бүрдүүлэх хэрэгтэй болдог. Өнгөрсөн жилүүдэд бид зүтгэсээр манай зүгээс тавьсан санал нааштай хурдан шийдэгдэх дэмжлэгийг бий болгож  чадах бүлэг яг л сайхан бүрдүүлээд автал явах болчихлоо” хэмээн өгүүлж байсан.  Сүүлийн үеийн арга хэмжээнүүдэд Британийн засаг төрийн өндөр албан тушаалын хүмүүс  оролцож, янз бүрийн харилцан айлчлалууд олширсоны нэг учиг нь сайдын өгүүлж буй лобби бүлэгтэй нь ч холбоотой байж мэдэх. Стратегийн ач холбогдолтой том орнуудад элчин сайд нар арай ахуйхан хугацаагаар томилогдож болдоггүй юм болов уу гэсэн эмнэг бодол зурсхийв.

Тэрээр одоо Монголын стратегийн нэгэн том түнш, ардчилалын өлгий хэмээгдэх АНУ-д төр улсаа төлөөлнө. Дэлхийн улс орнуудын харилцаанд нөлөө бүхий хүчирхэг орнуудад дараалан улсаа төлөөлөн элчин сайдаар  томилогдож буй нь түүний дипломат ухааныг төр засаг нь үнэлж буй хэрэг бизээ.
Алтангэрэл сайдын АНУ-д хийж бүтээсэн ажил хэмээн бичигдэн үлдэх түүний намтарын хийгээд Монгол Америкийн дипломат харилцааны түүхийн шинэ хуудас ийнхүү сөхөгдлөө.

Монгол улсаас АНУ-д суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Булгаагийн Алтангэрэл танд төрийн хүндтэй даалгаварыг нэр төртэй гүйцэтгэхийн хамт АНУ–ын Монголчуудын анд нөхөр, өмөг түшиг байж,  ажил үйлс тань амжилт ололтоор дүүрэн байхын ерөөл дэвшүүлэе.

Британийн Монголчууд нь дараагийн сайдаа хүлээн үлдлээ. Монгол төрийн залгамж чанар тасралтгүй байж, сайдаас сайдад бодлого шилжиж, тэд өөр өөрийн өвөрмөц дипломат ухаанаараа  тусгаар тогтнолоо баталгаажуулсаар байх нь дамжиггүй.