Tuesday, May 24, 2011

МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД VII чуулганы онцлогуудаас


Жил жилийн чуулган өмнөхөө баяжуулан дэлгэрүүлдэг басхүү өөрийн гэсэн өнгө төрхи онцлогтой байдаг. Энэ жилийн чуулганы онцлогуудаас дурдвал:
Эргэх холбоотой чуулган
Чуулганы бэлтгэл ажил болон үйл явцаас энэ чуулган эргэх холбоотой амьд тогтолцоо болон бүрдсэн нь ажиглагдаж байлаа. Урьдын чуулганд оролцогчид нь дараагийн чуулганаа хэрхэн дэмжиж тусалж чадах тухайгаа лавлаж, санхүүгийн тусламж үзүүлж, сэтгэлийн үгээ хэлсэн Мэндчилгээнүүд ирүүлж байв. http://chuulgan.blogspot.com хуудаснаас өмнөх чуулганд орoлцогч хамтран ажиллагч нараас ирүүлсэн мэндчилгээнүүдтэй танилцаж болно. Энэ жилийн чуулганы хувьд Британи улсад элчин зөвлөх байхдаа анхдугаар чуулганыг дэмжин ажиллаж байсан өдгөө Монгол улсаас Шведийн Вант улсад суугаа элчин сайд Др.Б.Энхмандах бидний урилгыг хүлээн авч зочин илтгэгчээр оролцсон нь чуулганы нэр хүндийг  өргөсөн, эргэх холбоог бататгасан сайхан хэрэг байлаа.

"Монгол орны хөгжилд" VII чуулганы мэдээ


Британийн Монголчуудын зохион байгуулдаг уламжлалт “Монгол орны хөгжилд” VII чуулга уулзалт Мэдлэгт суурилсан хөгжил нэрийн дор Limkokwing University of Creative Technology –ийн байранд 5 сарын 7-нд амжилттай болж өнгөрлөө.
Чуулганыг элчин сайд Б.Алтангэрэл нээж үг хэлэн чуулганы ажиллагаанд амжилт хүссэний дараа Монгол Улсын Засгийн газрын сайд, Хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарын чуулганд зориулж ирүүлсэн Мэндчилгээг элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга Х.Мандахцэцэг уншиж танилцуулав.