Monday, November 30, 2009

Аливааг дөнгөж үүсэх үед нь үлгэрлэл үзүүл, байнга оролц
Арга эвээ олж эхлэх цагт нь зөвлөмж өг, хааяа нэг оролц
Амжилт ололт ундарч эхлэх цагаас нь урам нэм, бүү хутгалд

Monday, November 23, 2009

Билэг ихдээ бардаж Арга эвээр хомсдвoл нэг хэцүү
Арга эвийг бодох ч Билэг оюунаар дутвал нэг хэцүү

Friday, November 13, 2009

Оюуны бүтээлийг төр нь хамгаалдаг, түмэн олон нь үнэлдэг болоосой доо


“Би Чамд Хайртай II” киног бүтээгчид гадаадад суугаа Монголчууддаа киногоо толилуулж яваа билээ. Энэ үйл хэргийнх нь талаар өмнө ярилцлага аван цахим өртөө сүлжээний хуудсаар уншигч олонд хүргэж байсан.  Харин хэдхэн хоногийн өмнөөс "энэ кино интернетэд тавигдсан байна... Лондонд Монголчууд цугладаг зарим газар үзүүлж байна" гэх мэт тэдгээрийг үзсэн харсан хүмүүсийн яриа чих дэлссэн тул киноны менежэр Б.Уранчимэгтэй эргэн холбогдож учир байдлыг тодрууллаа.
 
Бид саяхан л дэлхий тойрон Би Чамд Хайртай II  гарна хэмээн ярилцаж байсан. Гэтэл энэ төлөвлөгөөнд тань нилээд өөрчлөлт орох боллоо.  Яг чухам юу болов?

Tuesday, November 03, 2009

Яадгаа алдсан нэг нь таныг царайчилан гуйхад
Яагаад туслах ёстой юм бэ гэж бүү омгорхо
Яаж туслаж чадах вэ хэмээн сэтгэл гарга

Monday, November 02, 2009

Ус ундаргаасаа, улс жолоодогчоосоо ...

Усны эх булингартай бол адагт нь тогтох шавхайг хичнээн шүүгээд яах вэ
Улсыг жолоодогчид "булингар"-тай бол ардын хазгай явдлыг хичнээн шүүгээд яах вэ

Sunday, November 01, 2009

Би Чамд Хайртай II - гадаадад суугаа Монголчууддаа хүрч эхэллээ


1985 онд 9-р ангийн сурагч байхдаа Би чамд хайртай киног анх үзэж төгсөхөд нь адал явалд н сэтгэл уусан нулимс мэлмэрүүлж суусанаа мартдаггүй юм. Энэ кино тэр үеийн хүүхэд залуусыг байлдан дагуулсан. Хүний амьдралын хүсэл хясал, хатуу зөөлөнг энэ л киноноос мэдэрсэн нэгэн үе бий…

Би чамд хайртай II кино Монголд гарч байна, нэгдүгээр анги шигээ  үзэгчдийн сэтгэлд ихэд хүрч байна хэмээн сонин хэвлэлээр бичигдэж, багын дурсамж сэдрээв. Яаж үргэлжилэх бол,  гол гурван баатар нас тогтчихсон хүмүүс болсон байгаа даа, өмнөх шигээ байж чадах болов уу гэх мэтийн асуулт толгойд эргэлдэн, үзэж сонирхон хариултаа авахын хүслийг бадраана. Анхны киноных нь амтыг мэдэрсэн хүн бүр л ийнхүү бодож хүлээж байсан буй заа. Харь хол суугаа бид яахсан билээ гэсэн арга ядсан бодлыг таасан мэт киног бүтээгсэд гадаад улс орнуудад суугаа Монголчууддаа киногоо толилуулахаар болжээ.
Ингээд гадаад улс орнуудад энэ киног гаргахаар бэлтгэлээ хангаж буй Ерөнхий продюсер-М.Есөнмөнх болон Кино төслийн менежер Б.Уранчимэг нартай товчхон хөөрөлдлөө. 


Нэгэнт энэ киноны талаар Монголд гарсан цагаас нь хойш хэвлэл мэдээллээр их яригдсан, бас үзээгүй үзэгчид ч үзээд амтыг нь мэдрэх тул киноны үйл явдал, өрнөлийн тухай бус харин  хэрхэн бүтсэн мөн түүнийг гадаадад суугаа Монголчууддаа толилуулахаар хэрхэн бэлдэж төлөвлөж буй талаар ярилцая гэж бодлоо.
Есөнмөнх захиралд энэ киног хийх санааг гаргасан гэдэг. Олон жил бодож явав уу?

М.Есөнмөнх:
-Би өөрөө ер нь кинонд, тэр дундаа монгол, орос, америк кинонуудад илүү дуртай.  Оросод сургууль төгссөн болохоор орос кино бас их үзнэ дээ. Оросын нэгэн алдартай “Хувь заяаны эрэлд”кино 1980-аад онд анх гарч байсан ба тэр киног би оюутан байхдаа их үздэг байлаа. Хоёр жилийн өмнө Эрхүү хотод албан ажилаар явж байх үеэр тус киноны 2 анги 30 жилийн дараа бүтээгдэж гарсаныг үзээд маш их сэтгэл хөдөлсөн юм. Тэр киног үзсэний дараа Монголын кино бүтээлүүдээс 25 жилийн өмнө гарч байсан, хүн бүхний сэтгэлд хоногшсон “Би чамд хайртай” киноны 2-р ангийг хийх санаа төрөн HERO энтертайнмэнтийн найруулагч Б.Баатарт санал хэлж бид хамтран хийхээр болж ажилдаа орсондоо.

Германаас эхлээд гадаадад суугаа Монголчууддаа үзүүлж эхэллээ. Бэлтгэл ажил их байгаа байх. Гадаадад суугаа элчин сайдын яамд, Монголчууд холбоод, байглуулагууд та бүхэнтэй нилээд хамтран ажиллаж байгаа гэж ойлгосон. 
Б.Уранчимэг:
-  “Би чамд хайртай-2” кино маань 2009 оны 09 сарын 09-ны өдөр Улаанбаатар хотод нээлтээ хийгээд 09 сарын 10-наас эхлэн бүх аймгийн төв, сумдуудад буюу ойролцоогоор 310 орчим сумдад очин киногоо амжилттай гарган ажиллаа.
Энэ кино маань монгол хүн бүхний сэтгэлд хоногшсон киноны үргэлжлэл учир киноны 2р ангийг үзэхийг хүсэж бүх монголчууддаа хүрч очин гаргахаар зорин бид гадаад улсад суугаа ЭСЯ, Монголчуудын Холбоо болон оюутны холбоо зэрэг монголоо төлөөлөн ажиллаж байгаа хамт олонтой хамтран киногоо гаргаж байна. Тухайлбал, Герман хотод "WildBerry Tours" компанийн хамт олон,  Денвер хотод “Хойд Америкийн Монголчуудын Нийгэмлэг”,  Англи улсад “Монголын Элчин Сайдын Яам”, “Британийн Монголчуудын Холбоо”, "MONGOL BRIDGE" компанийн хамт олонтой хамтран ажиллаж байна.
Гадаад улс оронд гаргах ажилд маань ихээр туслан, дэмжин хамтран ажиллаж байгаа элэг нэгт Монголчууддаа талархалаа илэрхийлье.

Гадаадад суугаа анхны үзэгчдийн сэтгэгдэл өндөр байгаа нь цахим хуудсуудаас харагдсан. Шүүмж ч бас бичигдсэн байна лээ. Үргэлжлээд хаана хаана хэзээ гарах билээ.
Бид киногоо Германы Бонн, Мюнхэн, Лэйпциг, Берлин хотуудад гаргасан бөгөөд Германд байгаа Монголчуудад маань ихэнх нь сайшааж, таалан үзсэн ба мэдээж шүүмж, саналууд бас ирсэн. Одоо бид эндээсээ үргэлжлээд Польш, Чех, Унгар, Австри зэрэг улсуудад гаргахаар байгаа. Танай Лондонд 11 сарын 18,19-д толилуулна.
Аль улсын аль хотод, хэзээ гарах дэлгэрэнгүй хуваарийг www.bichamdkhairtai.mn вебээс харж болно

Энэ киноны маркетинг их сайн хийгдэснээрээ ч үзэгчдэд хүрч байна гэж ярьж буй. Тэр маркетингийн ажиллагааны ард суугаа хүмүүс нь та бүхэн. Кино тань бизнес утгаараа хэр амжилттай төсөл болж байна вэ? Хойшид бас сэдэв төрлөө зөв сонгоод олон уран бүтээл дээр уран бүтээлч нартайгаа хамтран ажиллах хүч урам өгч байгаа байх
-Маш олон хүмүүстэй хамтран богино хугацаанд кино бүтээн гаргаж ажиллахдаа бид хамгийн гол нь нэг баг болон ажиллаж чадсан. Кино бүтээгч “HERO” Энтэртайнмэнтийн хамт олон, “B” production болон Монгол  Кино нэгтгэлийн чадварлаг хамт олон болон залуу жүжигчид энэ киног бүтээсэн болохоор кино маань үзэгч бүхнийг байлдан дагуулж чадсан бүтээл боллоо. Ийм бүтээл маань өөрөө олон нийтэд хүрч, байлдан дагуулж чаддаг юм байна.
Монголын кино урлаг дахин хөгжиж сэргэж байгаа ба монгол түмэн маань киног зориулалтын кино театрт үзэж, кино бүтээлийн сайхныг мэдэрч чадаж байна. Энэ бүгдийн ч нөлөөгөөр кино бүтээлийн бизнес боломжийн амжилттай төсөл болж байгаад баяртай байгаа.
Монголын кино урлагийн уран бүтээлчид маань цаашид улам ихийг хийж, дэлхийн жишигт хүрч чадах олон сайхан кино, урлагийн бүтээлийг бүтээн туурвих чадалтай байна гэдгийг бид мэдэрч байна. Уран бүтээлчдэдээ амжилт хүсье.

Хайр сэтгэл мөнхийн сэдэв. Анхны анги нь “ингээд цаашаа яах бол” гэсэн асуулт үлдээж төгсөх шиг санагддаг. Тиймдээ ч 2-р анги гарсан сургаар “нээрээ яагаа бол” гээд үзэх сэдэл хөдлөөд байх шиг. Би чамд хайртай III гарах болов уу.
“Би чамд хайртай-2” кино маань 1р ангийн үргэлжлэлийг маш сайхнаар гаргаж кино маань аз жаргалтай, сайхнаар төгсөж байгаа. 2р ангийн кино маань 25 жилийн өмнөх залуусийн хайр дурлалын үргэлжлэл хэрхэн үргэлжил, тэдний үр хүүхдүүдийн хайр дурлалын ээдрээт тавилан тайлагдсанаар хүмүүний амьдралын өнөөгийн байдлыг тод томруунаар харуулсан.  “Би чамд хайртай-3” анги гарах эсэхийг өнөөдөр бид хэлж чадахгүй нь. Энэ бол зохиолч, найруулагчийн уран бүтээлийн сэдэв болон үлдэж байгаа...

За та бүхэнд Цахим Өртөө сүлжээний уншигчдын өмнөөс аян зам тань өлзийтэй, олз омог дүүрэн явахын ерөөл дэвшүүлэе
Баярлалаа. Дэлхий дахинд ажиллаж, амьдарч, сурч байгаа Монголчуудаа уулзуулан, нэгтгэж байдаг танай цахим сүлжээний хамт олонд сайн сайхныг хүсэн ерөөе!
Бүх Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй байдаг. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууддаа өндөр амжилтыг хүсье.