Monday, May 31, 2010

Аса аварга Лондонд зочиллоо


“Аса аварга ирэх гэнэ” гэсэн яриа нилээд хоногийн өмнөөс дуулдаж эхлэв. Бүр өдөр андуурч Монголчууд “Монгол паб”-д цуглаж хүлээсэн ч тохиол бий. Британийн Монголчууд аваргынхаа дүрийг нь харж дууг нь сонсохоор тэсэн ядан хүлээцгээж байсан нь тэр.

Хүлээсэн аварга маань иржээ. Тэрээр Японы TBS (Tokyo Broadcasting System) телевизийн нэвтрүүлэгт оролцох, өөрийн найз, алдарт цэцэрлэгч Ishihara Kazuyuki-ийн урилгаар түүний оролцож буй Хатан хааны олон улсын цэцэрлэгийн үзэсгэлэн Chelsea Flower Show-г үзэж найзыгаа дэмжих, Шотланд дах “Yokozuna” вискиний үйлдвэрт айлчилах, өөрийн багш Б.Эрдэнтуяатайгаа уулзах  гээд цөөн хоногт амжуулах олон ажилтай иржээ.
Менежэр, үсчин, Лондон дах асуудлыг хариуцагч, кино зураг авагч гээд цөөнгүй Япончууд дагалдах аж. Орчуулагчаар нь ажилласан Ж.Өнөрмаа андын тусаар аваргатайгаа тухлан танилцах ховорхон завшаан тохиов. Цөөхөн цаг хамт байсан ч аваргынхаа бодол сэтгэлийг нь толидож,  үйл хөдлөлийг нь харж, яриа хөөрөөг нь сонсон суухуйд Монгол гэж ярьж омогшсон их омог, хүүхэд мэт цагаан юуг ч хэнтэй ч ярих зан, 15 жил амьдралаа холбосон сумогийн ёс жаягт, тэмцэл тулааны их орчиноос энгийн амьдралд хөл тавих үедээ мэдэрч буй эзгүйрэл, сурч боловсорч улам ихийг хийж бүтээхсэн гэсэн хүсэл тэмүүлэл энэ бүгд анзаарагдах шиг болсон.
Аваргын 30 хүрээгүй насандаа үзэж туулсан амьдрал, цогцлоож босгосон алдар цуу нь түүний хэн болохыг илтгэнэ. Тэр дэлхийн хэмжээнд яригдах алдартан, Монгол түмний омогшил хөөрлийн нэгэн бэлэгдэл болтлоо ихийг үзэж туулж амжилт ялалтын оргилд гарч чадсан. Иймээс ч их аваргын талаар ердийн нэгэн мань шиг нь бичихэд үзсэн туулсаны эн дутаж, үг бодол эвлэж өгөхгүй зовох аж. Гэхдээ аварга маань “Ярилцлага энэ тэр гээд яахав, та зүгээр миний юу яриж бусадтай яаж харьцаж буйг харж байгаад л өөрөө бичээд Цахим Өртөөн дээрээ тавиарай” гэж хүндлэм итгэл, хэцүүхэн үүрэг хоёрыг хамтатган үүрүүлсэний учир зориглов.

Хүнлэг сайхан их аварга
Аварга маань төлөвлөсөн ажил албатай дөрөвхөн хонохдоо Монголчуудтайгаа ойр байж, аль л тус дэм хэрэгтэй хүмүүстэй цаг гарган, бүр зорьж очин уулзаж сэтгэлийн их тэнхээ хайрлаж байлаа.

Аваргын хүүхэд ахуйн скаутийн багш, сурган хүмүүжүүлэгч Б.Эрдэнэтуяа хүнд өвчтэй эмнэлэгт буй. Аварга ирсэн даруйдаа л багшаа эргэж сэтгэлийн их дэм өгч хэдэн цагаар ярьж багын дурсамжаа сэдрээн хуучилсан аж. Өмнө хэлсэнчилэн ерөөс түүний Лондон ирэх зорилгуудын нэг нь багштайгаа уулзах явдал байв. 15 жилийн өмнө Эрдэнэтуяа багштайгаа авахуулсан зургаа заагаад энэ хугацаанд мөн олон юм болж өрнөждээ хэмээн өгүүлээд санаа алдсан. Тэр үед багш нь дэлхийн хүн болоорой гэж дэлхий бэлэглэж байсан гэдэг. Тэр өдгөө үнэхээр дэлхийн хүн болжээ. Аварга багшийнхаа санаачилж жил бүр уламжлал болгон хийдэг Лондон дах хүүхдийн баярыг нь ивээн тэтгэж багшийгаа, Лондон дах Монгол хүүхдүүдээ баярлууллаа.
Аварга аялалыг нь зохион байгуулагч Япончуудынхаа төлөвлөсөн хуваарийг үе үе зөрчиж Монголчууддаа цаг боломж гаргаж байлаа.

Монголын Радио телевизийн нэвтрүүлэгч, жүжигчин, соёлын тэргүүний ажилтан, төр нийгмийн зүтгэлтэн Доржбат гуай бие нь чилээрхүү байгааг хэлэхэд тэрээр урьдчилан захилсан оройн зоогноосоо татгалзаж өвгөнийх рүү зорисон. Их аваргын гэнэтийн зочилолтод урамшиж баярласан Доржбат ах дараа нь “Сайн хүн, сайхан хүү байна даа” хэмээн өгүүлж байна билээ.

Мэрэгжлийн боксийн дэлхийн аварга, гавъяат тамирчин Чой Цэвээнпүрэв 6 сарын 4-нд Лондон хотноо ээлжит тулаанаа хийхтэй холбогдуулан элэг нэгтнээ дэмжиж буйгаа илэрхийлэн уг тоглолтыг зохион байгуулагч нарт телевизийн ярилцлага өгөөдөхөв. 

“Хүн хүнээрээ л байх хэрэгтэй. Зовж ядарсан, хэрэгцээ тус гарсан үед нь Монголчууд бие биедээ чадах чадахаараа тусалж байх хэрэгтэй шүү дээ” хэмээн аварга өгүүлсэн. 

Тиймээ аварга маань алдрын өндөр оргилд хүрсэн ч хүнлэг сэтгэл нь байнга асаатай эгэл нэгэн болохыг харахуйд өөрийн эрхгүй бахдах, хайрлах сэтгэл төрж байлаа.

Монгол гэж омогших их аварга
“...Би Монгол хүн,... Тэнгэр тэтгэсэн Монгол түмэн..” гэх мэт үг хэлж байхыг нь бичлэг ярилцлагаас нь олонтоо харж уншиж байсан билээ. Аварга маань үнэхээр л Монгол гэж их ярьж омогших юм аа.
“Хаа явсан газраа Монголчуудтайгаа уулзаж ярьж хөөрч тэднээсээ эрч хүч авч байдаг юм” хэмээсэн. Тиймээс ч төлөвлөж тохирсноо өөрчилөн “Монгол паб”-аар нэг бус удаа зочилж түүнийг эрж хайж сураглаж хүлээсэн Монголчуудтайгаа уулзан ярилцаж хөөрч бужигнан зураг хөргөө татуулж байв. Дэлхийд танигдсан алдартан ингэж Лондончуудаа баярлуулав. Лондонгийн Монголчууд энэ хэд хоногт Аса аваргаар л амьсгалж , үлгэрийн баатар ирсэн мэт хөөрцгөөж, аваргаасаа эрч хүч авч байлаа.

Та нар хүний газар Монгол гэдгээрээ бахархаж хүнээс илүүтэйг сурч, хийж бүтээгээрэй. Түүх соёлоо сайн мэдэж байх хэрэгтэй шүү. Хөгжсөн орны хөгжил дэвшлийн нарийн ухаан, санаа оноог нь сайн судлаад  сураад нутагтаа очоорой. Хэдүүлээ Монголоо хөгжүүлнэ шүү. Аварга нь дэмжинэ шүү” хэмээн цугласан олныг уриалж урамшуулж, бодол саналаа бусадтай солилцож байсан. 

Аварга маань өөрийн удам судраа бас Монголын түүх соёлоо сонирхон судалдагаа өгүүлж, үе үеийн түүхэн явдал, монголын түүхэн хүмүүсийн талаар  яриа дэлгэх нь элбэг юм. Монголчууд бид чинь тэнгэр язгууртай хүмүүс байхгүй юу хэмээн бүр нэг сэтгэлээсээ хэлэх аж.

Түүний энэ өөрийн бодол сэтгэхүйд цогцлоосон Монгол хэмээх омогшил нь амжилт ялалтын гол хүч байсан бол бас энэ л омогшилыг нь ашиглан алдаа гаргуулж зодог тайлахад хүргэждээ хэмээн бодогдсон.

Лондонд дахин ирээрэй
Аварга маань Англид цөөхөн хонохдоо төлөвлөгдсөн их ажлынхаа хажуугаар Монголчууддаа ээрүүлж, өөрөө ч Монголчуудтайгаа уулзахыг эрхэмлэж байсан тул Лондон хотыг төдийлөн үзэж танилцаж амжилгүй буцах шиг болсон. Дараа зав зайтай өнөр олуулаа ирж хүн төрөлхтөний оюуны их өв хуримтлагдсан Лондон хоттой тухлан танилцана буй заа.

Аварга одоо юу хийх бол
Одоо чухам л хүн бүрийн сонирхож буй асуулт энэ байх. Их аваргын дотор мэдээж эмээл хазаартай морьд бий. Харь орны ёс заншил оюун сэтгэлгээний нягт холбоотой үндэсний спортын дээд цолыг хүртсэн түүнд өөрөөс нь хамаарахгүй шийдэгдэх зүйлс ч их гарах байх, бодож хичээж зорьж тэмүүлж буй өөрийн бодлууд ч бий байх. Үндэс язгуур нь уяатай өөрийн орон Монголдоо ч , өв соёл үндэсний спортоор нь нягт холбогдсон хоёр дах орон Япондоо ч аваргын хийж буй зүйлс ирээдүйд хийх зүйлс тоймгүй. Магадгүй дэлхийн хэмжээнд ч бодож харж буй зүйлс аваргад байж таараа.

Аварга маань ямартай ч Англи хэлээ сайжруулж бас барууны ертөнцтэй танилцах нэн тэргүүний бодолтой байгаа санагдсан. Тэгэхээр Америк Английн хаа нэгтээ аварга маань багагүй хугацаагаар саатаж магад болтой. 

Их аваргын ирээдүй хойчид хийж бүтээхээр бодож санасан бүхэн сэтгэгчилэн бүтэхийн ерөөл дэвшүүлэе

Аваргаа хайрлахын учир өргөх төгсгөл үг
Мэдээллийн хэрэгсэлээр л алдар цуу, амжилт ялалт, алдаа оноог нь сонсож сэтгэлдээ дүрийг нь босгосон байсан аваргатайгаа нүүр тулан уулзсаны дараа түүнийг хүндлэх хайрлах сэтгэл эрхгүй оргиллоо. Тэр бол үнэхээр цагаахан сэтгэлтэй цалгиж халгисан Монгол эр ажээ. Аварга маань алдар цуугийн тавцанд хүргэсэн сумогийн ертөнцөөсөө холдож эгэл амьдралын жаяг тойрогт орж ирж байна. Энэ нь зөвхөн жин хасах төдийхнөөр болоод өнгөрөх бус бусдад хандах хандлага, орчин ахуйгаа таних, үйл дадлаа өөрчилөх цаг хугацаа, бодол эргэцүүлэл, тэвчээр ухаан шаардсан завсар үетэй байдаг болов уу.  Тэр үнэн хэрэгтээ “шинэ ертөнцөд” дахин төрж байна. Энэ л үед Монгол түмэн хүндлэл хайраа хөл алдсан дулдуй болголгүй их аваргаа Монгол түмний дэлхийд танигдсан бахархал, нэгэн сайхан нөмөр нөөлөг байх орон зайд нь төлөвшүүлэн аваасай хэмээн эрхгүй хүсмой.
Аваргын сэтгэлдээ босгосон Монгол омогшил Монгол байхын бахдалыг нь хадгалж явах үүрэг бидэнд бас бий.

Wednesday, May 19, 2010

Монголд математикийн зөв хэрэглээ дэлгэрэх болтугай

Британийн Монголчуудын уламжлалт Монгол орны хөгжилд 6-р чуулга уулзалтад Шведийн Стокгольмийн Эдийн Засгийн Сургуулийн докторанд Н.Ууганбаатар ирж оролцон “Мэдээллийн онол ба түүний боломжит хэрэглээнүүд” илтгэлээрээ Цахим Өртөөний нэрэмжит Эрдэм өргөмжлөл мөн Холбооны гишүүдийн хамтын бүтээл болох номын дээжсээр шагнагдсан билээ. Энэ өргөмжлөлийг хүртсэн илтгэгчээс ярилцлага авч Цахим Өртөөгөөрөө уншигчдад хүргэдэг уламжлал ёсоор Н.Ууганбаатартайгаа хөөрөлдлөө.
Мөн энэ дашрамд бидний чуулганыг дэмжиж илтгэгч Н.Ууганбаатарыг ивээн тэтгэсэн Шведийн Вант Улсад суугаа элчин сайдын яамны хамт олон,  элчин сайд Б.Энхмандах танаа гүнээ талархаснаа илэрхийлье.

Tuesday, May 18, 2010

Чуулганы сурвалжлага

Монгол Соёлын Төвийн дэргэдэх ЛондонМН студиогийн хийсэн "Монгол орны хөгжилд" 6-р чуулга уулзалтын талаархи сурвалжлага

Saturday, May 15, 2010

Алсыг марталгүй харж яваарай, чигээ эс алдахын учир
Алхаагаа зогсолтгүй нягт байлгаарай,  эрч дэмий эс үрэхийн учир

Sunday, May 09, 2010

Чуулган амжилттай болж өндөрлөлөө

Британи дахь Элчин сайдын яам, Британийн Монголчуудын Холбоо хамтран "Монгол орны хөгжилд" сэдэвт 6 дахь удаагийн чуулга уулзалтыг 2010 оны 5 дугаар сарын 2-ны Ням гарагт Лондон хотын Piccadilly дүүрэгт байрлах Limkokwing Их Сургуулийн байранд амжилттай зохион байгуулав.

Чуулганд нийт 8  орны (Британи, Герман, Ирланд, Монгол, Польш, Финланд, Франц, Швед) 24 илтгэгчид цахим болон биеэр оролцож Анагаах ухаан, Математик - Мэдээллийн Шинжлэх Ухаан -Инженерчлэл, Нийгмийн ухаан гэсэн 3 салбар хуралдаануудад илтгэл тавьж хэлэлцүүллээ.  Чуулганд орлцохоор Британид суралцаж, ажиллаж буй оюутан, судлаач нарын төлөөлөл 150 орчим Монголчууд хуран цугларсан байлаа.

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа элчин сайд Б.Алтангэрэл чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Британийн Монголчуудын энэхүү чуулга уулзалт нь жилээс жилд өргөжиж Европийн улс орнуудаас олон эрдэмтэн судлаач нар маань ирж  оролцож буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд энэ жилийн чуулга уулзалтад Засгийн Газрын зүгээс ач холбогдол өгөн оролцож буй нь чуулганы нэгэн шинэ үеийн эхлэл юм хэмээн тодорхойлов.

Чуулганы нээлтэнд Монгол улсын Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын дэргэдэх “Хилийн
чанад дах Монгол улсын иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах зөвлөл”-ийн ажлын хэсгийн дарга Ч.Энх-Эрдэнэ зөвлөлийн багийн гишүүдийнхээ хамт онлайн оролцов. Тэрээр Монгол орны хөгжлийн өнөөгийн төлөв байдал, эдийн засаг нийгмийн төрөл бүрийн салбарт мэрэгшсэн чадвартай боловсон хүчин шаардагдаж буй тухай, хилийн чанадад суугаа Монголчуудаа энэхүү орон зайд ирж ажиллах боломжоор хангахын тулд тус зөвлөл байгуулагдан ажиллаж буй зэргийн талаар танилцуулж чуулганд өндөр амжилт хүслээ.

Чуулганы зочин илтгэгчээр Шинжлэх Ухааны Академийн Олон Улсын Судлал Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Профессор, түүхийн ухааны Др О.Батсайхан уригдан оролцож 2011 онд болох Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойг тохиолдуулан “ХХ зууны Монголын түүх: 1911 оны Монголын Үндэсний хувьсгалын удирдагч VIII богд Жавзандамба хутагт ба түүний тухай түүх судлалд өгүүлсэн нь” сэдэвт илтгэл тавив.

Чуулга уулзалтыг зохион байгуулагч Элчин сайдын Яам, Британийн  Монголчуудын холбооноос гадна Limkokwing University of Creative Technology, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, МCS Group, Британид үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын эрхэлдэг бизнесийн байгууллагууд болох Cashmere Republic, Semon Cashmere, Sonin.mn, Монголын Соёлын Төвийн дэргэдэх ЛондонМН Студио, Будда Медиа Студио, Mongol Bridge, Mongol Pub, Lingua Global, Британид ажиллаж амьдарч байсан Монголчуудын Улаанбаатар хотод суугаа төлөөлөл, V чуулганыг зохион байгуулах багийн ахлагч Т. Индра, А.Нямдорж нар, иргэн Н.Батхуяг, V, VI чуулганыг зохион байгуулах багийн гишүүн Б.Нямбаяр нар үйл ажиллагааг ивээн тэтгэв.

Чуулганы төгсгөлд уламжлал ёсоор байгууллагууд шилдэг илтгэлүүдэд өөрийн нэрэмжит шагналаа олгов.  Стокгольмын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн докторант Н.Ууганбаатар “Мэдээллийн онол ба түүний боломжит хэрэглээнүүд” сэдэвт илтгэлээр Цахим Өртөө Холбооны “Эрдэм” өргөмжлөлийг хүртэж тус холбооны гишүүдийн хамтран зохиосон болон орчуулсан номын дээжсээр шагнагдсан бол Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, тархвар судлаач, докторант  Б.Сувд  “Улаанбаатар хотын агаарын бохирдол ба  хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй нөлөө  илтгэлээрээ " Air Pollution Mitigation Process Ulaanbaatar, Mongolia" төслийн шагнал 100 пуандаар урамшуулагдав.

Чуулга уулзалтад оролцсон илтгэгч нар, тавигдсан илгэлүүдийн товч танилцуулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү!

Чуулганы үеэр номын худалдаа явагдаж Британид үйл ажиллагаагаа явуулдаг Амьдралын дасгалжуулагч, MGL Charity байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилан таниулав.

Чуулганыг Монгол Соёлын Төвийн дэргэдэх ЛондонМН Студио, NTV телевизийн Лондон дах сэтгүүлч Шинэцэцэг нар сурвалжиллаа. 

Чуулга уулзалттай холбогдох санал бодлоо энэхүү http://chuulgan.blogspot.com хуудсаар дамжуулан мөн chuulga@gmail.com хаягаар ирүүлж болно.
 __________________________________________________________________________

Чуулганаас төрсөн Хачиртай наргианууд

Бид дандаа л ном ярьж серозны царайлсангүй. Олон цугласан газар хойно дурсаж ярьж инээж хөхрөх учир тохиол багагүй гарав аа. 
Монголоороо анх удаа намуухан илтгэсэн нь
Холоос ирсэн нэг эрдэмтэн маань их намуухан ярих. “Та жаахан чанга ярих арга байна уу, энд дуулдахгүй байна” хэмээн танхимын араас нэг нь дуу өндөрсгөн сүрдүүлэхэд  “20 жил ном хөөлөө.  Анх удаа Монгол хэл дээр илтгэж байна. Их сандарч байна шүү” хэмээн үнэн ээ өчиж ичэнгүйрлээ задалснаар илтгэл нь сайхан үргэлжилэв ээ.


Математикчид цугласан газраас магад нэг дэвшил гарах нь
Матетикийн салбар хуралдаан дээр Шведээс ирсэн Ууганбаатар маань галтай цогтой ярьж байна аа. “Ер нь дэлхийн 1, 2–р дайны үед Физикчид, Математикчидын гаргасан онолын хэрэглээ л ялалтад хүргэж байсан. Иймд олон математикчид нэг газар нийлвэл том үйл хэрэг бүтэхийн зондон” хэмээн аксиомдсон нь тус салбар хуралдааны ирээдүйг хэлсэн бошго байгаасай гэж олон хүн дотроо залбирав. 


Нас тогтсон ч намбаа мартсан нь
Бусад улс орнуудаас ирсэн зочидын маань ихэнх нь нэг буудалд бууцгаасан юм. Чуулганы оройн “цүү хаях” арга хэмжээнд авахаар очтол “Манай хөвгүүд сая төөрөөд” хэмээн бүсгүйчүүд нь жиг жиг хөхрөлдөхөд “охидуудаа орхиод сүрхий гарсан зам будилав” хэмээн эрчүүд нь хүр хүр инээлдэх нь  тэд маань хоёрхон хоногт дотносон танилцаж бүр дунд сургуулийн сурагчид мэт нэг нэгнээ “охид” “хөвгүүд” хэмээн дуудах болсон нь энэ удаагийн чуулганаар бүрдсэн эвсэг нэгэн бүл байв.


Монгол гэдгээ мэдэрч, Хийморь сүлд сэргэсэн нь
Түүхийн ухааны Др, профессор О Батсайханы илтгэлийг сонссон Лондон хотноо цөөнгүй жил амьдрагч нэгэн “таны илтгэлийг сонсоод Монгол гэдгээ мэдэрч, үнэхээр нэг хийморь сүлд минь сэргэх шиг боллоо” хэмээн уулга алдав.  Нутаг нэгт маань ажил гэж гүйсээр Монгол гэдгээ мартах шахсанаа ч нуусангүй. 


Элбэгзаяа Докторийг элдсээр байгаад уулзаж эгч дүүс болохыг шахав
Чуулганы дараа Монгол Бриджээс зохион байгуулсан оройн цэнгүүн цомхон сайхан боллоо. Илтгэгч, зохион байгуулагчид голлосон энэ арга хэмжээн дээр чуулганд оролцогч  нэгэн бүсгүй зорин зорин ирснээ хэлэн Элбэгзаяа Докторийн илтгэл тун сайн байсныг дуулган баярлаж талархаснаа баруун зүүн хацрыг нь үнсэн илэрхийлэв. Сүүлдээ тэд маань бараг элэг нэгссэн эгч дүүс мэт болж элдвийг хөөрөн сууцгаах нь сайхан. Төөрсөөр төрөлдөө гэж.


Европийн Монголчуудын хэлхээ бэхжин батжиг
Оройн цэнгүүн дээр оргилуун дарсаар дөрөө чангалсан чуулаачид орон орноороо харилцан туслалцах хамтын ажиллагааны меморандумд гарын үсэг зурах шахцгаалаа. 2012 оны Олимпид Лондончууд бусад орныхоо Монголчуудад үйлчилэх бол 2012 оны Европийн хөл Бөмбөгийн аваргын Польшид болох хэсгийг үзэх арга хэмжээг Польшийн Монголчууд даах гэх зэргээр аман тохироо хийгдэв.  Ер энэ санаа хэрэгжин гүйцэлдэж Европийн Монголчуудын хэлхээ улам бүр бэхжин батжих болтугай.

Monday, April 26, 2010

"Монгол Oрны Хөгжилд" 6-р чуулга уулзалтын онцлогоос



Британийн Монголчуудын жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Монгол Орны Хөгжилд сэдэвт чуулга уулзалтын 6-р ирэх Ням гарагт буюу 5 сарын 2-нд Лондон хотноо Limkokwing University of Creative Technology -ийн  хурлын танхимуудад зохион байгуулагдах гэж байна.
  • Чуулганаар уламжлалт нийгмийн ухааны салбарын хэлэлцүүлгүүдээс гадна, Анагаах ухаан,  Математик - Мэдээллийн Шинжлэх ухаан - Инженерчлэлийн сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулагдана.  Эдгээр салбарууд нь улс орны хөгжлийн суурь асуудлуудтай холбогдох сэдвүүдийг хөндөн хэлэлцэж, мөн эдгээр чиглэлээр мэрэгшиж ажиллаж буй гадаад улс орнуудад суугаа судлаач залуусаа таниулж байна.

Wednesday, March 10, 2010

Зудад нэрвэгдсэн малчдад туслах Хандивийн үдэшлэг боллоо


Монгол оронд тохиолдоод буй зудын аюулд нэрвэгдсэн малчин түмэнд туслах хандивийн үдэшлэг Лондон хотын төв Holborn дүүрэгт байрлах Британийн шилдэг 10 буудлын нэг Reniassance London Chancery Court Hotel-ийн хүлээн авалтын танхимд 2010 оны 3 дугаар сарын 5-ны Баасан гарагийн орой боллоо.

Энэхүү арга хэмжээг 86400 хөдөлгөөн санаачилж, Монголын малчдад туслах ажиллагаа явуулдаг Британийн CAMDA(Cambridge Mongolian Development Appeal)  сайн санааны байгууллагатай хамтран Монгол Улсын Элчин сайдын яам,  Британийн Монголчуудын Холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулав.

Monday, March 01, 2010

Эглийн эгэл эрхэм нэгэн - John Pirie (1929-2010)


Нүүдэлчин монгол  ахуй, малчин түмнийг минь хэмээсэн
Англи нутгийн сайхан сэтгэлт буурлын
гэгээн дурсгалд зориулав.

Арваад жилийн өмнө нутаг оронд минь зуд зурхан тохиосныг сонсоод сэтгэл нь өвдөж буяны байгууллага байгуулан өгөөмөр сэтгэлээр ажиллаж ирсэн сайхан сэтгэлд нэгэн буурал  хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гашуун мэдээ хүлээж авав. 

Британийн Монголчууд CAMDA-ийн Жон өвөө гэхээр андахгүй. Монголчуудын баяр наадам, хурал цуглаан, элчин сайдын яамны хүлээн авалт гээд хаана юу л болно цагаан толгойтой, бөгтөрдүү нуруутай, янхир шар өвгөн CAMDA-гаа сурталчилан, урт урт яриа дэлгэн нүдээрээ инээмсэглэн явдагсан. Тэр сайхан өвөө маань дахиж бидэнтэйгээ уулзаж хөөрөлдөхөөр ирэхгүй болжээ.

Thursday, February 25, 2010

Зудын байдал - Дундговь Эрдэнэдалай сум

CAMDA(Cambridge Mongolian Development Appeal) -ийн эхний тусламж Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд хүрлээ.

Тусламжийг уг байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг, Швейцарийн хөгжлийн агентлагийн Мал аж ахуйн төслийн зохицуулагч бөгөөд Монголын мал эмнэлгийн холбооны Ерөнхийлөгч C.Батсайхан биечилэн хүргэж өгч малчдын байдалтай танилцав.








Wednesday, February 10, 2010

Thursday, February 04, 2010

Уриалга: Зудын гамшигт нэвэгдээд буй зовсон түмэндээ тус хүргэе!

Зундаа ихэнхи нутгаар ган болж өвс тэжээл хангалттай авч чадаагүй, залгуулан цас ихээр унасан, хүйтний эрч урьд урьдынхаас илүү байгаа зэргээс шалтгаалан Монгол оронд маань байгалийн гамшигт үзэгдэл болох зуд дахин нүүрлэлээ.

Улсын Онцгой комиссын 2010 оны 2 дугаар сарын 2-ны мэдээгээр Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Увс аймгийн 64 сум гамшгийн байдалд оржээ. Цас, зудын улмаас 2010 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 1 сая 700 мянга гаруй мал хорогдоод байна.

Цас их хэмжээгээр орж, зам харгуй бөглөрч, малаа тэжээх байтугай эмнэлэгийн тусламж хүрэх боломжгүйгээс болж эх нялхас эндэх, түлш түлээгээ авч чадахгүй өлсөж даарахын зовлонг тэд маань үзэж сууна.

Мал их хэмжээгээр хорогдож буй нь малчдын дунд ядуурлыг  нэмэгдүүлэх, түүнчилэн малын гаралтай мах сүү ноос ноолуур гэх мэт бүтээгдэхүүний үйлдвэрлэл багасаж улс орны эдийн засагт ихээхэн хохирол үзүүлэх уршигтай.

Малчдад тохиолдож буй энэхүү гамшгийг даван туулахад зориулан Нэгдсэн Үндэсний Байгууллага, олон улсын буяны байгууллагууд, гадаадын улс орнууд тусламжийн гараа хэдий нь сунгаж эхэллээ. Гадаадад суугаа Монголчууд маань ч хэсэг бүлгээрээ нэгдэн хөдөлгөөн өрнүүлсээр.

Зуданд нэрвэгдэж буй малчиддаа туслах зорилгоор Британийн Монголчуудын Холбоо,  Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ, 2001 онд болсон зудны үеэр Монголын Малчдад туслах зорилгоор байгуулагдсан CAMDA (Cambridge Mongolian Development Appeal) буяны байгууллага хамтран хандив цуглуулах, түүнийг малчдад хүргэх ажлыг өрнүүлж байна.

Цугласан хандивыг зудын аюулд өртөөд буй тодорхой аймаг тухайлбал, Дундговь аймагт (зудад хамгийн хүндээр нэрвэгдээд буй 3 аймгийн нэг) хүргүүлэх юм. CAMDA-гаас одоогийн байдлаар Монголд хэрэгжүүлдэг өөрийн төслийн сангаасаа 2000 гаруй фунт стерлингийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ.

Дундговь аймагт хэрэгжүүлэх тусламжийн төслийг CAMDA-г үүсгэн байгуулагчдын нэг Reading University-д сурч ахуйдаа 2000 оны зудны үеэр Англи нөхдийнхөө хамтаар төсөл бичин 100000 фунт стерлингийн тусламж малчин түмэндээ хүргэж байсан, өдгөө Монголдоо Швейцарийн хөгжлийн агентлагийн Мал аж ахуйн төслийн зохицуулагч бөгөөд Монголын мал эмнэлгийн холбооны Ерөнхийлөгчаар ажиллаж буй С.Батсайхан гардан хариуцаж үйл ажиллагааны явцыг байнга мэдээлж үр дүнг тайлагнах юм.

Ингээд Британид суугаа Монголчууд та бүхнийг малчин түмэндээ тус хүргэх буянт үйл хэрэгт сэтгэл гарган идэвхийлэн оролцохыг
уриалж байна.

Хандивыг дараахь байдлаар өргөх өргөх боломжтой. Үүнд:

1.    Хэрвээ та Британид татвар төлөгч бол   http://www.justgiving.com/camda/donate/  хуудсаар зочилон хандив өгөх. Энэ тохиолдолд таны өргөсөн хандив дээр Британийн засгийн газар 25 хувь нэмэгдэл олгоно. Энэ нь Британид бүртгэлтэй Charity байгууллагын эдэлдэг нэгэн эрх билээ. Тухайлбал Та £10-ийн хандив өргөхөд хандивийн дансанд энэ нь £12.50 болж хүрэх юм.

2.    Хэрвээ та Британийн татвар төлөгч биш бол Британийн Монголчуудын Холбооны доорхи дансанд  “зудад тусламж” гэсэн тодотголтойгоор хандивийн мөнгөө хийж 07790420393 утсаар зурвас илгээн мэдэгдэx.
HSBC bank
Account name: Mongolian Association in the UK
Sort code: 40-07-14
Account No: 01382950   
      

3.    Элчин сайдын яамнаа биетээр хүргэж өгөх

Хандив өргөсөн байгууллага иргэдийн нэрийг цахим хуудаснаа тухай бүр шинэчилэн оруулж байх болно.
  • Британийн Монголчуудын Xолбоо – mongolchuud.co.uk
  • Монгол Улсыг Элчин Сайдын Яам – embassyofmongolia.co.uk
  • CAMDA (Cambridge Mongolian Development Appeal) – camda.org.uk

Wednesday, January 06, 2010

Британийн Монголчуудын шинэ жилийн баяруудаас

Британийн Монголчуудын шинэ жилийн арга хэмжээнүүд 12 сарын сүүлийн  өдрүүдэд зохион байгуулагдлаа. Одоогоор мэдээллүүд нь ирсэн шинэ жилийн арга хэмжээнүүдийн талаар та бүхэнд сонирхуулж байна.

Tuesday, January 05, 2010

Шинэ оны мэнд

Блогоор минь зочилогч та бүхэнд шинэ ондоо эрдэм номоор оюунаа чимэж, энэрэл хайраар сэтгэлээ чимэж, эрүүл саруулаар биеэ чимэж, эд баялагаар ахуйгаа чимэж,  эв найрамдалыг өөр хоорондоо эрхэмлэж, амжилт бүтээл дүүрэн байхын ерөөл дэвшүүлэе!