Monday, July 25, 2016

Хилийн чанад дахь Монголчууд ба тэдэнд чиглэсэн төр засгийн бодлого, үйл ажиллагааны хураангуй ба санал хүсэлт

90-ээд оны сүүлээр монголчуудын дунд ихэнхдээ эдийн засгийн зорилготойгоор гадаад орныг зорих “хөдөлгөөн” өрнөсөн. Хилийн чанад дахь Монголчууд гэгдэх хэсэг бүлэг үүссэн хийгээд яригдах болсон эхлэл тэр. Өдгөө 200 орчим мянган Монголчууд хилийн чанадад ажиллаж, суралцаж байна гэгддэг.
Энэ 20 орчим жилийн хугацаанд хилийн чанад дахь монголчуудын хүсэл тэмүүлэл, тэдний өмнө тулгарах асуудлууд ямар байж ирснийг, төр засгийн зүгээс ямар бодлого чиглэл байсан, тэр нь өдгөө ямар байдалтай байгаа талаар ажиглаж анзаарснаа өөрт буй мэдээлэл дээр тулгуурлан нэгтгэж хураангуйлав. Бэлэн буй мэдээллээс шалтгаалан өнгөрсөн үйл явдлуудын хувьд ихэнхдээ цахим өртөө сүлжээ, холбооны үйл ажиллагааг түшиглэн бичсэнийг мөн дурдая.
2010 оноос төрийн зүгээс хөтөлбөр боловсруулж тодорхой ажлуудыг хийж эхэлсэн ч төр, тэр бүү хэл төрийн нэг албан хаагч солигдох бүр хилийн чанад дахь монголчуудтай холбоотой төрийн бодлого түүнийг хэрэгжүүлэх тогтолцоонд өөрчлөлт орох болсныг анхаарч одоо нэгэнт бүрдээд ажиллаж эхэлж буй тогтолцоог шинэ засаг бүү өөрчлөөсэй, олон хүн байгууллагын цаг хүч шингэснийг бодолцоосой, цааш нь баяжуулаад үргэлжүүлээсэй хэмээн хүсэмжилж үүнийг бичлээ.

90-ээд оны сүүлээс 2000 оны дунд буюу хилийн чанадад холбоодууд үүсэж эхэлсэн нь

Энэ бол монголчууд хилийн чанадад бөөн цулаар зориж асан цаг. Мөнгө хийж “арагш” явуулах нь тэдний ихэнхийн гол зорилго байсан ба цөөн тооны оюутан залуус сурч байсан үе. 1999 оны 5 сард үүссэн Цахим Өртөө сүлжээгээр газар газар суугаа залуус өөр хоорондоо холбогдож ажиллаж, суралцаж буй улс орныхоо талаархи мэдээлэл, эх оронд болж өрнөж буй асуудлуудаар санал бодлоо солилцож байв. Тэр үед өнөөтэй адил нийгмийн элдэв сүлжээ бүү хэл монголын дорвитойхон мэдээллийн портал хуудас ч үгүй байсан тул энэ сүлжээ олон залуусын мэдээлэл авах, солилцох эх суваг болж байсан юм. Улмаар  хүний нутагт монголоороо байх, өөр хоорондоо дэм тустай орших гэсэн хүсэл эрмэлзлэлээс улс, хотуудад Монголчуудын бүлэглэл холбоодууд үүсэх эхний оч асаж эхэлсэн. Тэд баяр наадмаа хийж, уламжлал болсон урлаг соёлын арга хэмжээнүүдийг эхлүүлж (Японд болдог “Хаврын баяр” гэх мэт), эх нутагт зуд зурхан болоход хөрөнгө мөнгө цуглуулан илгээх зэргээр хэр боломжоороо ажиллаж байлаа. Оюунлаг хурал чуулгануудыг  Герман, Япон зэрэг улс орнуудад суугаа залуус хийв.
Харин төр засгийн зүгээс энэ үед хилийн чанад дахь Монголчуудтай холбоотой асуудалд санаачилга гарган дорвитой анхаарал хандуулж амжаагүй, Монголчуудын бор зүрхээрээ монголоороо байх гэж оролдсон, сэтгэлийн дуудлагаар монголдоо тус дэм болохсон гэж хичээж асан үе юм.

2000 оны дундаас 2010 хүртэл буюу Зөгийн үүр хөтөлбөрийн эхлэл хүртэл

Энэ үед Хилийн чанад дах Монголчуудын холбоод харьцангуй хэлбэршин тогтож, наадам, цагаан сар, Хүүхдийн баяр гэх мэт уламжлалт арга хэмжээнүүдээ байнга зохион байгуулдаг болов. Нэгэн нэрийн дор бүх ажиллагааг зохион байгуулж асан нийтлэг хэв шинжээсээ салж соёлын, спортын, хүмүүнлэгийн,
бизнесийн, нийгмийн тодорхой хэсгийн эрх ашгийн төлөө гэх мэт үйл ажиллагаагаараа төрөлжсөн холбоодууд ч үүсэж эхэлсэн үе. Монголоо, соёл урлагаа тэд өөрсдийн үйл ажиллагаануудаараа сурталчилан таниулж байв.

2005 онд Лондон хотноо үүссэн “Монгол орны хөгжилд” чуулган, 2007 онд АНУ-н Вашингтон хотноо үүссэн “Монгол Судлалын Бага хурал” нь тухайн улсад суугаа оюунлаг Монголчуудын санаачилгаар үүсэж, Хилийн чанад дахь монголчуудын хувьд төрийн хамгийн ойрхон институц болсон элчин сайдын яамдынхаа дэмжлэг, хамтын оролцоотойгоор тасралтгүй зохион байгуулагдаж байв.

Мөн эхэн үед ирэгсдийн үр хүүхдүүд нь харийн нутагт хэлд орж, сургууль соёлд явж эхэлсэн тул тэднийгээ өөрийн хэл соёлоосоо алсруулахгүй хэмээсэн зорилгоор монгол хэл заах, ардын урлагаасаа сургах санаачилгууд гарч эхэллээ.

Ганц хоёр яам, төрийн бус байгууллагууд гадаадад буй Монголчуудаа анзааран боломж бололцоог нь эх орныхоо зүг татах зорилготой арга хэмжээнүүдийг зохиож байв. Тухайлбал 2006 онд Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Оюуны хөрөнгө оруулалт” анхдугаар чуулган, 2007 онд Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас “Гадаадад төгссөн залуу эрдэмтэдийн улсын зөвлөлгөөн” зэргийг зохиосон бөгөөд Цахим Өртөө Холбооноос эдгээр арга хэмжээнүүдийн агуулга талыг хариуцан хамтран ажилласан юм.

Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамнаас хилийн чанадад байгаа Монголчуудын нийгмийн даатгалын хуримтлалыг нутаг буцах үед нь тухайн улсаас нь авахтай холбоотой хэлэлцээрүүд Солонгос зэрэг монголчууд олноор байдаг орнуудтай хийгдэж эхэлсэн.

Цахим Өртөө Холбооноос хилийн чанад дах Монголчууд сонгуулийн эрхээ эдлэх, давхар харъяаллыг бий болгох эрх зүйн орчныг бий болгохыг хүсэж, тодорхой ажлууд хийж хилийн чанад дахь иргэд сонгуульд санал өгөх эрх зүйн орчныг бий болгосон заалт сонгуулийн хуульд оруулж чадав.
Эвслийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд С.Баяр хилийн чанад дахь Монголчуудад чиглэсэн бодлого боловсруулах, бодлогыг хэрэгжүүлэх албыг бий болгох анхны санаачилга гаргаснаар ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан  “Хилийн Чанад дахь Монголчуудтай Хамтран Ажиллах Зөвлөл (ХЧМХАЗ)“-ийг байгуулж Ажлын албаны анхны даргаар Д.Майдар томилогдон ажиллав.

Цахим өртөө холбооноос Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яам болон бизнесийн байгууллагуудтай хамтран АНУ-н Санфрациско, Вашингтон ДС хотуудад, мөн бизнесийн байгууллагуудтай хамтран Солонгосын Сеул Пусан хотуудад “Ажил олголтын өдөрлөгүүд” зохион байгуулав.

ШУТИС-ийн Нийгмийн Технологийн Сургууль сургууль байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд “Цахим Өртөө Холбоо” ТББ-тай хамтран “Гадаад дахь монголчууд: Орчин үеийн мигарци” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал хамтран хийлээ.

2010 - 2012 хүртэл буюу Зөгийн үүр хөтөлбөрийн хэрэгжилтийн үе

Ерөнхий сайд С.Батболдын үед ХЧМХАЗ-ийн Ажлын албаны даргаар  Ч.Энх-Эрдэнэ томилогдов.
Уг албаны зүгээс хэрэгжүүлэх, хилийн чанад дахь мэдлэг боловсролтой, чадвартай залуусаа эх оронд нь ирж ажиллуулах агуулгатай  "Зөгийн үүр" хөтөлбөрийг боловсруулах ажлыг Үндэсний Хөгжлийн Газар, Герман Монголын Гүүрний залуус манлайлан гүйцэтгэсэн.  Боловсрогдон гарсан Зөгийн үүр хөтөлбөрийг нэрнээс нь эхлээд аахар шаахар шалтаг хэлж гацаасаар Засгийн газар батлахгүй нилээд удсаар, хэрэгжүүлэх хөтөлбөргүй тул Хилийн чанад дахь Монголчуудтай хамтран ажиллах зөвлөлийн Ажлын алба “гайхширсаар”.

Энэ үед “гадаадад ийм залуус байна, ийм бодол тэмүүлэлтэй байна” гэдгийг эрх баригчид, шийдвэр гаргачдад тодорхой харуулах, бодитойгоор ойлгуулах зорилгоор Лондон хотноо уламжлал болсон “Монгол орны хөгжилд” чуулганы загвараар хилийн чанадад суугаа Монголчуудын уулзалт чуулган хийх, түүний зохион байгуулалтад туслах, агуулга талыг нь хариуцан ажиллах саналыг уг ажлын алба, дарга Ч.Энх-Эрдэнэд Цахим Өртөө Холбоо ТББ-аас тавьсан юм.
Ингээд “Эх орны хөгжилд - бидний оролцоо” сэдэвт чуулганыг 2010 оны 7 сарын 19-д төрийн ордонд зохион байгуулж, үүнд биечлэн оролцсон ерөнхий сайд С.Батболд тун удалгүй Засгийн газрын хурлаараа Зөгийн Үүр хөтөлбөрийг баталж байсан түүхтэй.

Ийнхүү төр засгийн зүгээс хилийн чанад дахь монголчуудтай хамтран ажиллах хөтөлбөртэй, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төрийн байгуулалтай болсон нь том дэвшил болов.

Уг хөтөлбөрийн хүрээнд Засгийн Газраас Герман Монголын Гүүр ТББ-тай хамтран 2011 оны 9 сард Берлин хотноо Европ дахь Монголчуудын дунд “Эх орны хөгжилд - бидний оролцоо” чуулга уулзалтыг хилийн чанадад зохион байгуулж Европод сурч ажиллаж буй олон залууст төрийн бодлогоо танилцуулж, эх орондоо эргэж очиж ажиллахыг уриалж, мөн өөр хоорондоо танилцаж нөхөрлөх боломжоор хангаж байв.

Зөгийн үүр хөтөлбөрийн үрээр олон залуус эх орондоо очиж ажиллахаар явсан билээ. 

Зөгийн үүр хөтөлбөрийн хувьд эх орондоо ирж ажиллахыг чухалчилснаас монголчуудаа хилийн чанадад байх үед нь хэрхэн ашиглах, хилийн чанадад өв соёлоо хадгалан үлдэх,  сурталчилан таниулах, сонгуулийн эрхээ эдлэх, харъяатын асуудлыг хэрхэх зэрэгт төрийн зүгээс яаж  дэмжих, хамтран ажиллах талаар тодорхой тусгагдаагүй ч төр болон гадаадад байгаа оюунлаг залуусын хамтын ажиллагааг сэргээж өгснөөрөө чухал ач холбогдолтой.

Хэдийгээр хөтөлбөрт нь тусгайлан заагдаагүй ч Ажлын албанаас гадаад дахь монголчуудын холбоодтой хэлхээ холбоо тогтоож тэдний өмнө тулгардаг асуудлыг нь сонсож бага гэлтгүй ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байсан ч энэ албанд төрийн бусад байгууллагуудын дэмжлэг хамтын ажиллагаа дутмаг, төсөв мөнгө хангалттай бус байснаас бэрхшээлүүд гарсаар байлаа.

Энэ хугацаанд хилийн чанад дахь Монголчуудын олон нийтийн байгууллагууд улам олноор байгуулагдаж, зарим холбоод тулгарч буй асуудал шийдэх арга замуудаа хамтдаа эрэлхийлэх зорилгоор нэгдсэн хэлбэр рүү орох алхамуудыг хийж байсны нэг нотолгоо нь Европд үйл ажиллагаа явуулдаг холбоодын төлөөлөл “Монгол орны хөгжилд” 7-р чуулган дээр хэлэлцэж тохирсон дагуу 2011 оны 11 сард Белги улсад цуглаж Европ Монголын Нийгэмлэгийг байгуулж байсан явдал.

2012-2016 буюу Зөгийн үүр хөтөлбөр унтарч, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл байгуулагдсан хийгээд Дэлхийн Монголчууд Хөтөлбөр батлагдан хэрэгжиж эхэлсэн үе

2012 оны сонгуулиар АН ялж засгийн эрхийг авснаар Зөгийн Үүр хөтөлбөр Эдийн Засгийн Хөгжлийн яамны нэг ажилтны ажил үүргийн хуваарьт шилжсэн нь төрийн бодлогын хэмжээнд боловсрогдож тодорхой тогтолцоо бүрдэн хэрэгжүүлж, ажил үйлс нь аажмаар эвээ олж байсан энэ хөтөлбөрийг унтрахад хүргэсэн билээ.

Уг нь Зөгийн үүр хөтөлбөрийг цааш нь өргөжүүлж анхны хөтөлбөрт тодорхой тусгагдаагүй хилийн чанад дахь Монголчуудаа тухайн улс оронд байхад нь хэрхэн хамтрах, тэдэнд тулгарч буй асуудлуудыг хэрхэн шийдэх чиглэлд өргөжүүлж нэгэнт үүссэн хэлхээ холбоог тарааж бусниулалгүй үргэлжлүүлсэн бол иргэдийн санал санаачилгаар олон зүйл цааш өрнөх эх тавигдсан байлаа. Ингээд хилийн чанад дахь монголчуудын талаар төрийн ямар нэгэн дорвитой бодлого, тогтолцоо үгүй 2 жил улиран одсон ч хилийн чанад дахь олон нийтийн байгууллагууд, иргэд өөрсдийн идэвхи санаачилгаар эхлүүлсэн ажлуудаа улам бүр хэлбэршүүлж ахиц дэвшил хийсээр ирсэн юм.

Хилийн чанад дахь монголчуудтай хамгийн ойр оршиж, хамтын ажиллагаатай байдаг төрийн байгууллага нь элчин сайдын яамд, консулын газрууд. Тиймээс Гадаад Харилцааны Яам нь тэдэнтэй шууд харьцаатай байдаг төрийн яам бөгөөд уг яаманд хилийн чанад дахь монголчуудын өмнө тулгарч буй асуудал, хүсэл мөрөөдөл, санал бодол хамгийн түрүүнд очдог, очих боломжтой. Мөн уг яамны олон ажилтнууд гадаадын аль нэг улс дах монголын элчин сайдын яам, консул, төлөөлөгчийн газарт ажиллаж асан тул хилийн чанад дахь монголчуудын асуудлыг ойлгодог, тэнд төрөл бүрийн олон нийтийн байгууллага үүсэж, унтарч, олон чиглэлийн үйл ажиллагаа хийх гэж оролдож буйг мэддэг. Тиймээс ч хилийн чанад дахь Монголчуудын төрийн бус байгууллагуудын анхдугаар чуулганыг хийх санаачилгыг 2014 оны хавар Гадаад харилцааны сайд асан Л.Болд гаргасан нь энэ нөхцөл байдлыг анзаарсны тэмдэг болов уу. Энэхүү санаачилгыг дэмжиж Цахим Өртөө Холбооноос Монгол орноо зохион байгуулахаар төлөвлөсөн “Монгол орны хөгжилд” 10 дахь удаагийн чуулгантай хамтатган “Бүтээлч Хамтын ажиллагаа” сэдвийн дор чуулах саналыг хүргэснийг ГХЯам нааштайгаар хүлээн авч дэмжин хамтран ажиллан 2014 оны 9 сарын 18-д уг чуулганыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ. Чуулганы агуулга талыг Цахим Өртөө Холбоо бүрэн хариуцаж хилийн чанад дахь төрийн бус байгууллагуудын өнөөгийн төлөв, иргэдийн өмнө тулгарч буй зарим гол асуудлуудыг нэгтгэн харуулсан үндсэн 3 (Хилийн чанад дахь Монголчуудын Xолбоо, ТББ –уудын талаархи нэгдсэн танилцуулга мэдээлэлХилийн чанадад амьдарч буй Монголчуудын хэл соёлын асуудалдДавхар харъяалал бодит үзэгдэл болсон хийгээд шийдвэрлэх арга замын тухайд), хойшдын төрийн болон хилийн чанад дах байгууллагуудын хамтын ажиллагааны тогтолцоог санал болгосон хавсарга 1 (Төрийн байгууллагууд ба Гадаадад буй Монголчуудын холбоод, ТББ-дын хамтран ажиллах тогтолцооны загвар) илтгэл хэлэлцүүлсэн. Энэхүү чуулганаар хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцож өөрсдийн өмнө тулгардаг асуудлууд, шийдэж буй арга замууд, цаашдын бодол төлөвлөгөөгөө ярилцан улмаар Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл(ХЧМЗ)-ийг байгуулсан юм.

Энэ Зөвлөлийн үндсэн зорилго нь нэг талаар хилийн чанад дахь монголчуудын өөр хоорондоо хамтран ажиллах боломж нөхцлийг бий болгох, тэдний санал бодлыг төр засагт нэгтгэн хүргэх, нөгөө талааТөр засгийн зүгээс тэдэнтэй хлобоотой гаргаж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг хүргэж, хамтран ажиллах явдал. Энэ нь өмнө байсан Зөгийн Үүр хөтөлбөрийн хувьд бий болоогүй байсан төрийн бус байгууллагуудын албан ёсны нэгдмэл бүтцийг бий болгосноороо томоохон дэвшил болов.
Зөвлөл эхний жилдээ Улаанбаатар хотноо албан ёсоор бүртгүүлэх, өөрийн байгуулагдан бий болсноо хилийн чанад дахь бусад холбоодууддаа ойлгуулах, нэгдсэн санал зорилгод хүрэх, дотоод зохион байгуулалтаа шинэчлэн тогтоох төлөвшин тогтноход анхааран ажиллажээ.

ХЧМЗ-ыг Төрийн болон хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын уламжлалт хамтын ажиллагааны тодорхой хэлбэр болсон “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтын 11-д ажиглагчаар, 12-т хамтран зохион байгуулагчаар татан оролцуулсан нь уг зөвлөлийн бусад иргэд холбооодод танигдах, өөр хоорондоо танилцах цаашдын хамтын ажиллагааны суурийг бий болгоход онцгой үүрэг гүйцэтгэв. Ингэснээр "Монгол орны хөгжилд" чууlганы салбар чуулган болох “Гадаадад бизнес эрхлэгчдийн орчин ба туршлага” сэдэвт гурав дахь чуулган Канадын Торонто хотноо амжилттай зохион байгуулагдаж, 4 дэхь нь ирэх жил Өмнөд Солонгосын Сеул хотноо хийгдэхээр болов. Энэ нь төр болон төрийн бус байгууллагын хамтран зохион байгуулдаг хилийн чанад дахь бизнес эрхлэгчид өөр хоорондоо танилцах туршлага мэдлэгээ солилцох хэлбэршсэн ажил хэрэг болж буйд бас нэгэн ач холбогдол оршино.
Зөвлөлийн удирдлага тэр дундаа одоогийн тэргүүний санал санаачилга хичээл зүтгэлийн үрээр дэлхийн бусад улс орнуудад байгаа холбоод энэхүү зөвлөлд, Зөвлөлийн хороодод аажмаар нэгдэн нийлж байна.
Түүнчлэн ГХЯамны хилийн чанад дахь Монголчуудын асуудлаар Зөвлөлтэй харьцах үүргийг Гадаад Сурталчилгаа Мэдээллийн Газарт оногдуулснаар хилийн чанад дахь монголчууд Төрийн холбогдох байгууллагад санал хүсэлтээ хүргэх хамтран ажиллах албан ёсны сувагтай болсон билээ.

Үүнтэй зэрэгцэн ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэнгийн санаачилга
ар "Дэлхийн Монголчууд" хөтөлбөр боловсрогдон Засгийн газраар батлагдаж хөтөлбөрийг хэрэгжүүлэх Зөвлөлийг бий болгосон нь хилийн чанадад суугаа монголчуудаа дэмжиж хамтран ажиллах талаар төрийн бодлого, түүнтэй уялдах бүтцийг бий болгосон алхам  байлаа.
Түүнчлэн энэ жил ГХЯамнаас санаачлан “Монгол улсыг гадаадад сурталчлах  хөтөлбөрийг Засгын Газраас мөн батлан гаргасан билээ
ХЧМЗ нь үйл ажиллагааны төлөвлөгөөгөө эдгээр хөтөлбөрүүдтэй уялдуулан боловсруулж ажиллаж эхлээд буй.

Санал хүсэлт
Засгийн эрх авсан МАН-н сонгуулийн мөрийн хөтөлбөрт хилийн чанад дахь Монголчуудын талаар авч хэрэгжүүлэх 5 заалт бий агаад эдгээр нь өмнөх засгийн газраас хилийн чанад дахь монголчуудын талаар боловсруулсан бодлогын баримт бичгүүдэд тодорхой тусгагдаж,  бий болсон бүтцийн хүрээнд ажил хэргүүд төлөвлөгдсөн буй.
Хилийн чанадад суугаа монголчуудын хэл соёлоо хадгалан үлдэх, гадаад улс оронд дасан зохицох, нэгэнт бодит үзэгдэл болсон харъяатын асуудлыг хэрхэх, эх орондоо өмчтэй байх, газар эзэмших, өв залгамжлуулах, үндсэн хуулиар олгогдсон хүний эрхээ эдлэх, хилийн чанадад эрх нь зөрчигдсөн иргэдэд туслах боломжийг сайжруулах зэрэг эдийн засаг, нийгмийн холбогдолтой эрх зүйн зохицуулалт, шийдлээ хүлээсэн олон асуудлуудыг нарийвчлан судлах, шийдвэрлэхэд төрийн болоод төрийн бус байгууллагуудын хооронд нэгэнт бий болоод ажиллаж эхэлсэн хамтын ажиллагааны хэлбэр тогтолцоог үргэлжүүлэн авч явахыг шинэ засгийн газраас, холбогдох яам байгууллагуудаас хичээнгүйлэн хүсэж байна

Мөрийн хөтөлбөрт орсон Зөгийн Үүр хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэсэн заалтын хувьд чухам ямар хэлбэрээр энэ заалтыг хэрэгжүүлэх бол гэсэн асуулт зүй ёсоор гарч буй. Ямар ч тохиолдолд бусад заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа нь жигдэрч буй ХЧМЗ, ГХЯамны хамтын ажиллагааны бүтэц тогтолцоог хэвээр хадгалаасай. Одоо бүрдсэн энэ тогтолцоо ч зөгийн үүр хөтөлбөрийн ажиллагааг хэрэгжүүлэх боломжтойг анхаараасай.
Хилийн чанад дахь Монголчуудтай байнгын холбоотой тэнд өөрийн салбар, гишүүд дэмжигчидтэй, тодорхой ажлуудыг уламжлал болгон хийж ирсэн Цахим Өртөө Холбоо ТББ бодлого хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахад ямагт бэлэн.
Төрийн бодлогын залгамж халааг сонгуулийн үечлэлээр таслалгүй үргэлжлүүлэх, баяжуулан дэлгэрүүлэх жишгийг шинэ засаг бий болгон хэлбэршүүлнэ гэдэгт гүнээ итгэнэ.