Monday, October 27, 2008

Олимпод гаргасан амжилтаа бататгана гэдэг хатуу даваа ...

Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртэж Монголчуудаа “эчнээ” баярлуулсан нэгэ н хүн бол Монгол улсын гавъяат тамирчин Герман улсын шигшээ багийн гишүүн Доржсүрэнгийн Мөнхбаяр. Д.Мөнхбаяр 1992 oны Барселоны Олимпийн хүрэл медаль хүртэж Монгол эмэгтэйчүүдээс анх удаа олимпийн медальтан болж тодорч байсан бол өдгөө хоёр Олимпоос медаль авсан анхны Монгол болов. Тэрээр буудлагын 10 метрийн хийн болон 25 метрийн спортын гар

бууны төрлийн дэлхийн аварга болж байсан анхны хошой аварга монгол эмэгтэй. Мөнхбаяр гавъяатын бий болгосон буудлагын спортын амжилт ялалтын замаар Монгол охид замнаж дэлхийн тавцанд гарч ирээд байгааг хэн бүхэн мэдэх болжээ

Ингээд Монголчууд маань Олимпийн алт мөнгөн медалтнуудынхаа амжилт ялалтаар бахархасаар, тэмдэглэсээр буй энэ агшинд хүрэл медаль хүртсэн гавъяаттайгаа хэдэн хором хөөрснөө толилуулъя.

--------------------------------------------------------------------------------

Юуны өмнө танд Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Барселоны Олимпоос хойш 16 жилийн дараа амжилтаа давтлаа. Бээжингийн Олимпийн онцлог танд юу байв. Медалийнхаа өнгийг энэ удаа арай л өөрчилж барсангүй.

Олимпийн дэвжээ гэдэг чилийсэн дөрвөн жилийн бие сэтгэлийн бэлтгэлийн торгон ирийг шалгасан тун хатуу даваа, нэг агшин л даа. Барселоны Олимпоос хойш оролцсон олимп бүрдээ л амжилтаа бататгах, ахиулахаар зорьж бэлдэж оролцож байсан. Харин энэ удаа өнгийг нь өөрчилж чадаагүй ч амжилтай бататгаж чадлаа. Ер нь олимпод гаргасан амжилтаа бататгана гэдэг тамирчин хүнд маш хатуу даваа байдаг юм байна. Бээжингийн Олимпийн онцлог гэвэл миний хувьд Ази тивд оролцсон анхны Олимп, бас хоёр дах удаагаа медаль хүртсэн Олимп байлаа.

Таныг медаль авахад хэдийгээр Германы далбаа намирч байсан ч Монголчууд маань Монгол охиноороо бас л бахдан баярлаж байсан. Олимпийн медалийн тавцанд хоёр Монгол зогсож байх бас сайхан харагдаж байсан шүү. Медалийн тавцан дээр зогсож шагналаа гардаж байх үеийн сэтгэгдэл

Олон юм бодогдолгүй яахав. 3 зүйлийг онцолж хэлье. Монгол хүнийхээ хувьд Монголынхоо далбааг харж их баярлаж байлаа. Германы далбааг бас мандуулж чадсандаа баяртай байлаа. Түүнээс гадна тамирчин хүний хувьд олимпийн дэвжээн дээр хүсэл зоригоо биелүүлж медалийн тавцан дээр зогсож байгаадаа их баярлаж байлаа

Гүндэгмаа өөрийн тань амжилт ялалтаар бахархах сэтгэл нь энэ спортоор хичээллэхэд нөлөөлсөн нэгэн хүчин зүйл байсан тухайгаа нэгэнтээ хэлсэн байсан. Одоо таны хүчтэй өрсөлдөгч болжээ. Таны энэ спортод анх орсон түүх ямар байдаг юм бол

Гүндэгмаагийн өөрийн хүсэл тэмүүлэл зориг тэвчээрийг Монголын буудлагын спортын aрга барил хөгжүүлж чадсаны хүчинд тэрээр өнөөдөр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн шилдэг 3 тамирчны нэг болжээ. Тамирчин хүчтэй өрсөлдөгчтэй байж улам хөгжиж сайжирч байдаг. Бид нэг нэгнээ хөгжүүлж байдаг. Гүндэгмаа буудлагын спортод орж ирээд ийм өндөр амжилт гаргаж байгаад баяр хүргэж би мөн түүний амжилтаар бахархаж байгаагаа хэлье. Бээжингийн олимпоос Монголын анхны медалийг авч улс орныхоо далбааг мандуулсанд нь дахин баяр хүргэе.

Би өөрөө 1985 oны намар тэр үеийн “Өсвөрийн мэргэн бууч” гэдэг тэмцээнд оролцож түүнээсээ их урам аван энэ спортод анх хөл тавьсан.

Олимпоор Гүндэгмаагийн буу нь гацсан нь медалийн өнгө хувирахад нөлөөлсөн. Түүнийг харж л буудлага бас олон хүчин зүйлээс хамаарсан спорт юм гэдгийг ухаарч билээ Ер нь иймэрхүү бусдад шууд ил харагддаггүй онцлог буудлагад их байх. Танд бас иймэрхүү сургамжтай магадгүй бүр хөгжөөнтэй ч гэмээр юм тохиолдож байв уу.

Буудлага спортод оюун санааны нөлөөлөл маш өндөр л дөө. Жишээ нь шигшээ буудлагад хэддүгээр байраар орохоос эхэлнэ. Хэрэв буудагч хүн 7-8-р байраар шалгарч шигшээд буудах нь 1-3-р байраар шалгарч буудахаас дарамт бага байх тал бий. Бас тухайн тэмцээний хэр зэрэг нэр хүндтэй, хариуцлагатай байхаас шалтгаалан тэмцээнд хандах хандлага өөр байх жишээтэй.

Түүнчилэн цаг агаарын байдал тухайлбал халуун, хүйтэн, бүрхэг эсвэл хэт хурц нартай өдрийн гэрэл гэгээнээс овоо харааны тод бүдэг нь нүдний хараанд ихээр нөлөөлдөг. Зарим өдөр хүчтэй салхитай бол гар саваад огт тогтдоггүй байх жишээтэй. Спортын гар бууны төрөлд тухайлбал 5 сумыг 5 минутанд буудах учиртай тул салхи намдахыг удаан хүлээж болохгүй цаганд хавчигдах нь элбэг.

Хөгжилтэй гэх үү нэг явдал надад тохиолдож байсан. Дэлхийн цомын тэмцээний хурдан буудлаганд эхний сумны дараа сумны халуун тортог нүд рүү үсэрч ороод бараг овоо хараагаа олж харж чадахгүй чиглүүлээд л багцаагаар буудаж билээ.

Герман улс медаль авсан тамирчдаа урамшуулах тогтолцоо нь ямар байдаг вэ? Манай медальтнууд алдар цол хүртэцгээж бас үнэн худал нь мэдэгдэхгүй баахан эд хөрөнгө амлуулав. Ер нь манайх шиг спортын гавъяат тамирчин гэх мэт цол байна уу? Эсвэл өөр хэлбэрээ урамшуулдаг уу?

Албан ёсны шагналын хувьд Германы спортыг дэмжих сангаас алтан медальд 15.000 евро, мөнгө медальд 10.000 евро, хүрэл медальд 7.500 евроны шагнал тус тус олгодог. Мөн спонсорууд нь тухайн спортын төрөл болон тамирчнаас шалтгаалан спонсорддог. Цол хэргэмийн хувьд спортын уралдаан тэмцээнд амжилттай оролцсон багуудад тамирчдад Германы Олимпийн Хорооноос тодорхойлсныг, улсын спортын асуудлыг хариуцдагаараа Дотоод Хэргийн Яам, түүн дээр нэмэгдэн Ерөнхийлөгчийн тамгын газар/ ажлын албанаас хянаж шалгаруулсаны дүнд Ерөнхийлөгчөөс олгодог Германий "Silbernes Lorbeerblatt"(1) буюу орчуулбал “Мөнгөн Мөчир” гэдэг нэг өвөрмөц шагнал бий. Миний хувьд Олимпийн өмнө энэ шагналыг авсан байсан. Одоо бас Олимпод медаль авсан бүх тамирчиддаа энэ шагналыг өгөх юм билээ. Тэгэхээр дахиад л авах байх. Германий шигшээ багийн тамирчдад үзүүлдэг нийтлэг хөнгөлөл гэх үү урамшуулал бас бий . Тухайлбал нэр хүндтэй хоёр ч машин үйлдвэрлэдэг компани (Audi, VW) өөрсдийнх нь үйлдвэрлэсэн машиныг худалдаж авбал 15-аас 20 хувийн хямдрал үзүүлнэ гэж амласан байдаг.

Дасгалжуулагч, тухайн тамирчин уг амжилтыг гаргахад хүчин зүтгэсэн ар талыг тэд хэрхэн урамшуулдаг вэ? Одоо манайд чинь сонин хэвлэлээр энэ талаар ид шуугиж байна шүү дээ.

Тухайн спортын холбоо нь урьдчилан гаргасан хөдөлмөрийн гэрээн дэх урамшууллын тарифийн дагуу мөнгөн шагнал олгодог гэсэн.

Олимпоос ирэнгүүтээ Германий улсын аваргын тэмцээнд оролцож аваргалан улсын рекордыг нь шинэчлэн тогтоолоо. Дахин баяр хүргэе. Олимпийн уяагаа жаахан дутуудуулаад Германий улсын аваргаар уяа ханаа юу даа.

Баярлалаа. Дээр хэлсэнчлэн дөрвөн жилд ганц болдог, таван тивээрээ нааддаг Олимпийн дэвжээ гэдэг маш их хариуцлагатай, сэтгэл зүйн хувьд онцгой их ачаалал өгдөг өндөр даваа. Тэр давааг ганзага хоосонгүй давсан болохоор Германд ирээд улсын аваргын тэмцээнд оролцоход их урамтай, сэтгэлийн хамаг ачаа алга болчихсон байсан тул сайн буудсан. Буудлагын спорт гар бууны төрөлд 2005 онд өөрийнхөө тогтоосон улсын рекорд 584+204,1 байсныг сая 588+ 204 болгон шинэчлэн тогтоолоо.

Та саяхан ярихад фeнуудаасаа ирсэн захиануудад хариу өгч буй тухай дурдсан.

Миний харъяалагддаг клубууд холбоогоор дамжин фeнүүдээс захиа ирэх нь олшироод байна. Голдуу миний гарын үсэг, фeнүүдийн маань ирүүлж байгаа миний өөрийн янз бүрийн зурагнууд дээр нь би оргиналаар мутраа татах эсвэл миний автограмм карт хүссэн мөн энэ карт дээр тухайн хүний нэрийг бичиж өөрт нь зориулсан дурсгалын үгтэй зурвас хүссэн захианууд их ирдэг. Зарим нэг нь нэг ч үггүй буцах маркгүй дугтуй илгээсэн байхад зарим нь бүтэн нүүр дүүрэн баяр талархал урамшлын үгтэй захиа зурагнууд илгээсэн байх жишээтэй. Түүнийг нь би өөртөө сонирхолтой санагдсан хэдийг шилэн хадгалж эхэлсэн.

Та одоо ямар клубт харьяалгддаг вэ?

Frankfurt Oder, Grafing, Kelheim Gmünd гэдэг багуудад харъяалагдан бууддаг.

Олимпийн болоод улсын аваргын тэмцээний дараа урилга заллагад их оролцов уу? Яаж амарч сэргээлт авч байна даа.

Клубууд болон тухайн хотын дарга нарын 2-3 хүлээн авалтууд, мөн Берлин хотноо Холбооныi кaнцлер/ Bundeskanzlerin Angela Merkel-ийн хүлээн авалтад оролцсон.11 сарын 17-нд Батлан Хамгаалах Яамны сайдын хүлээн авалт болно. 11 сарын 20-нд дээр өгүүлсэн “Silvernes Lorbeerblatt” шагнал гардуулалт Берлинд болно.

Олимпийн медаль авсан бүх тамирчид болон өвлийн спортын тив дэлхийн аваргын медальтнууд нийт зуугаад тамирчин Мароккод далайн эргийн “Agadir dahi” амралтын газар 9 сарын 23-наас 30-ны хооронд Германы Спортыг дэмжих сангийн урилгаар амарсан. Тэнд олон сарын турш өөрсдийгөө сойсон тaмирчдын бие сэтгэлийн алжаалаа тайлахад нь чиглэгдсэн янз бүрийн арга хэмжээнүүдийг зохиож байлаа. Их сайхан амраад ирсэн.

Та Германы Спортыг дэмжих сан гэж байгууллагын тухай дурьдаад байна. Энэ байгууллагын талаар танилцуулвал?

Энэ нь төрийн бус байгууллага, Санхүүжилтийн хувьд 65% өөрийн зохион байгуулсан үйл ажиллагаа, арга хэмжээнүүдээсээ олсон орлого, 20 % TV Lottorie, 15 % энэ байгууллагын тусгай захиалж хийлгэсэн спортын загвартай шуудангийн маркны орлого ус тус байдаг. Энэ сан нь 1967 онд үндэслэн байгуулагдсан. Түүнээс хойш 40.000 гаруй тамирчдийг тэтгэн дэмжиж ирсэн ба өнөөдөр Олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтнуудын 90 хувь энэ сангаас тусламж авдаг. Сангийн зарлагын 73% тамирчдыг дэмжин тэтгэх, 15% төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохион явуулах, 6% орон тооны ажилтнуудаа цалинжуулах, 5% маркетингийн үйл ажиллагаанд үлдсэн хувь нь татварт тус тус зарцуулагддаг. “Sporthilfe” нь 500 спортын төрлийн 3.600 тамирчид болон 600 спортын дотуур байруудыг ивээлдээ авч тэтгэдэг.

Лондонгийн Олимпод медалийн өнгөө хувиргахаар уралдаж таарна. Германтай ойр тул газар нутаг, уур амьсгалын таатай нөлөө үзүүлэх талтай байж болох юм даа

Лондонгийн олимпод оролцох бодол тэмүүлэл байлгүй яахав. Мэдээж амжилтаа ахиулахын төлөө өрсөлдөнө.

Буудлагын спорт харьцангуй нас нөлөөлдөггүй спортуудын нэг. Гэхдээ л олон жил ингэж өөрийгөө сойж тэмцэлдэнэ гэдэг бие сэтгэлийн том шалгуур байж таараа. Энэ спортоор Монголд олон залуус, бүр 30 гарсан залуус хичээллэж эхэлж байна гэж сонссон. Ер нь энэ спортын өвөрмөц онцлог энэ спортоор анхлан хичээллэгч нарт захиж хэлэх зүйл?

Тэсвэр тэвчээр онцгой чухал. Буудах амархан онох хэцүү гэж бид ярьдаг юм. Хүч тамираас илүү оюуны төвлөрөл, сэтгэлийн хүч, тэмүүлэл их хэрэгтэй. Зөвхөн нэг сумаар буудахын тулд маш олон зүйлийг анхаарна. Буудлага гэдэг зөвхөн зогсоод буудах асуудал биш. Буудахын тулд бие сэтгэлийн их бэлтгэл хэрэгтэй. Тэсвэр тэвчээр сургах спорт юм даа. Гар бууны төрөлд гэхэд 1 кг гаруй жинтэй бууг тэмцээн дээр 40-60 удаа өргөж, 1кг гаруй даралттай гохоор буудахад биеийн зөв байрлал, буудахад амар чөлөөтэй байх мэдрэмж зэргээ олж тогтоох, хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Биеийн тэнцвэрийг хадгалах, биеийн болон гарын хөдөлгөөнийг багасгахтай холбоотой тусгай хүчний бэлтгэлүүд хийдэг. Мөн зөвхөн буутай дасгал сургуулиас гадна холын зайн гүйлт, цанаар холын зайд явах, сунгалт, чийрэгжүүлэлтийн дасгал гимнастик хийдэг. Мөн зарим нэгэн тамирчид сэтгэл зүйн тусгай бэлтгэлүүд ч бас хийнэ. Ингээд дэлгэрүүлвэл их олон жижиг зүйлс гарч ирнэ.

Монголдоо буудлагын спортыг улам бүр хөгжүүлэх талаар зүгээр суудаггүй гэдгийг тань Ундралбат дасгалжуулагчийн ярилцлагаас харсан. Ямаршуухан төслүүд хэрэгжүүлж байна даа......

Буудлага спортыг Монгол улсад нэр хүндээ олох цаашид улам цэцэглэн хөгжүүлэхэд олон залуу халаа тамирчдыг хамруулан спортын амжилтыг нь олон улсын тавцанд гаргаж ирэхийн тулд Герман улс дахь болон олон улсад байгаа энэ спортын үйлдвэрлэл, худалдааны байгууллагуудтай улам нягт хамтран ажиллана.

Тамирчид харилцан солилцох, хамтарсан бэлтгэл, уралдаануудыг зохион байгуулах зэрэг хамгийн энгийн зүйлсийг дурьдаж болно. Энгийн боловч эндээс маш их өгөөж гардаг.

Мөн Герман улсаас Монголын буудлага спортод оруулсан хувь нэмэр их. Цаашид ч туслах болно гэдгийг Германы буудлага спортын хороо илэрхийлсэн ба хэд хэдэн туслалцаа өгөөжийг нь манай тамирчид эдэлж хэрэглэж байгааг харж сонсож суухад бахархалтай байдаг.

Та дандаа л буудаад байдаггүй байх. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ.

Найз нартайгаа биечлэн болон цахим ертөнцөөр уулзаж, хууч хөөрч суух сайхан байдаг. Гэртээ тухлан суугаад DVD үзэн, оройг тавтай өнгөрөөх дуртай. Xарамсалтай нь тийм орой нь ховорхон юм даа.

Хэвлэл мэдээллийн хуудсуудаас Таныг гадаад улсын иргэн болсоныг, Гадаад улсыг төлөөлөн уралдаан тэмцээнд оролцож буйг олон янзаар хүлээж авч бичиж байгаа нь харагддаг. Ер нь хэнийг Монгол хүн гэх вэ? Монгол хүн байна гэдэг таныхаар?

Хүн хүний Монгол байх, бусдыг Монгол гэж үзэх янз бүр байдаг биз дээ. Янз бүрээр бичсэн л харагддаг. Миний хувьд - Би Монгол хүн - Монголд төрсөн өссөн хүн болгон л Монгол - Түүнчлэн олон үеэрээ гадаадад төрж өссөн Монгол биш нэрээр дуудуулж яваа ч хэл соёлоо хадгалж үлдсэн хүмүүс ч Монгол. Монголоороо бахархаж Монгол хэлээ марталгүй хэрэглэж яваа Монгол туургатнуудтайгаа 2006 онд Улаанбаатар хотноо анх уулзалдахад сонин сайхан байсан. Монгол хүн зоригтой, шийдэмгий хөгжилтэй зочломтгойгоороо алдартай шүү дээ.

Moнгол руугаа хэр ойр ойрхон явж байна даа. Олимпоос хойш ухасхийж амжаагүй байгаа байх аа?

Нутагтаа жилдээ нэг очоод байдаг даа. Олимпоос хойш очиж амжаагүй яваа. Одоо энэ 11 сарын эхээр очоод хэд хоноод ирнэ дээ. Тэнд бас медалиа угаана. Хөлс хүч шингэсэн энэ медалиа найз нөхөд, хөгжөөн дэмжигч нартайгаа хамтдаа тэмдэглэнэ дээ.

Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Нутагтаа сайхан амраад эрч хүч аваад ирэхийг ерөөе.

Баярлалаа. Та бүхэнд ч бас энэ дэлхийн хаана ч юу ч хийж явлаа өөрийгөө Монгол гэдгээ мэдэрч бахархаж ихийг хийж бүтээхийн ерөөл дэвшүүлье!




(1). Silberne Lorbeerblatt (Silver Bay Laurel Leaf-Мөнгөн Мөчир) шагнал нь Германы спортын хамгийн дээд шагнал. 1950 онд Германий ерөнхийлөгч Теодор Хоисс санаачлан бий болгосон, спортын өндөр амжилт удаа дараа гаргасан баг, тамирчдад олгодог. Мөн спортод хувь нэмрээ оруулсан үлгэр дуурайл болохуйц хүнд хүндэтгэл үзүүлэх байдлаар олгож болно. Олон улсын тэмцээнүүдэд олон удаа медаль авах гэсэн заалтаас ангид тооцогддог нэг зүйл нь Олимпийн болон Параолимпийн тоглолтод алт болон бусад медаль авсан тамирчдад олгох нөхцөл юм. Мөн дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн гэх мэт онцгой нэр хүндтэй спортын төрөлд түрүүлсэн бол өгч болно.

Германий Олимпийн хорооны ерөнхийлөгч тухайн тамирчныг тодорхойлон Герман улсын ерөнхийлөгчид өргөн барьдаг. Энэхүү хүсэлтийг Германий ерөнхийлөгчийн төлөөний алба, Германы Спортын асуудлыг хариуцдаг үүднээсээ Холбооны Дотоод Хэргийн Яам тус тус нягталж үзнэ. Холбооны Дотоод ХэргийнЯам нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн Хуулийн 58 дах зүйлийг үндэслэн батламжлан гарын үсэг зурснаар шагнал эзэндээ очих боломж нээгдэнэ.

Мэдээллийн сурвалж: http://en.wikipedia.org/wiki/Silbernes_Lorbeerblatt

Thursday, October 09, 2008

Сайн сайхан амьдрахын нэг гол үндэс нь боловсрол...

Саяхaн нэгэн зар ирсэн нь Лондонд KIWI гэдэг хамтлаг ирж тоглоно гэсэн мэдээ байв. MNGBridge-ийн Даваажаргалтай 7 сард уулзахад “...хичээл номондоо сайн ч төлбөрийн чадвар муутайгаас хүссэн сургуульдаа орж сурах боломж нь бүрдэхгүй байгаа өнчин ядуу хоёр хүүхдийн байр сургалтын төлбөрийг нь даан ивээн тэтгэх зорилготой Далайд Дусал Нэмэр төсөл боловсруулсан юм. Төслийн хүрээнд Монголоос нэг хамтлаг урьж авчирч тоглуулан сан бүрдүүлэх санаатай” хэмээн ярьж байсан нь санаанд орж түүнрүү залгатал энэ тоглолт түүний төслийнхөө хүрээнд зохиож буй нэг ажил нь байж. Ингээд бодож санаснаа ажил хэрэг болгож яваа түүнтэй хэдэн хором хөөрснөө сонирхуулая