Wednesday, June 03, 2020

Тогтолцоог өөрчилөхгүйгээр хөгжлийн гацаанууд арилахгүй

 Б.НАМИНЧИМЭД:

Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 29 дүгээр тойрогт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшсэн.

Гишүүн болбол улс орны хөгжилтэй холбоотой ямар бодлого чиглэлээр түлхүү ажиллах, ямар үр дүнд хүрэх зорилготой байна?

Үндсэн нэг зорилго бий. Тэр нь суурь тогтолцоог өөрчлөх. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн хувьсгал хийх. Яагаад гэвэл, өнөөгийн манай нийгэмд илэрдэг олон гажуудал, хөгжлийн гацаа нь нийгмийн тогтолцоотой шууд холбоотой. Гадаад дотоод өр зээл, хүүгийн дарамт, амьдралын эрс тэс ялгарал, баялгын тэгш бус хувиарлалт, авилга, намчирхал талцал, итгэл үнэмшилгүй байдал, энэ бүхнээс үүдсэн ахуй амьдралын бүх салбарт илэрдэг уруу дорой, буруу гажуу, ёс бус явдлуудийг алийг нь тэр гэхэв. Одоо бүр шударга бус явдал хуульчлагдаж байна. Хүмүүс дасан зохицож, хэвийн зүйл мэт үздэг, зүгээр л хараад эмгэнэх биш маазардаг болсон. Тодорхой жишээ хэлэхгүй бол итгэлгүй сонсогдож магадгүй. Тухайлбал, офшорчид, ЖДҮ-чид, 60 тэрбумынхан, мөнгө хүүлэгчид, буцаад л хууль тогтоох байгууллагад орохоор дэвшиж байна. Магад зарим нэг нь сонгогдох байх. Нэг юм хэлэхгүй байна гэж үү?

Сонгогдохгүй байлгүй дээ гэх нь бий. Тэд бүгдийг буруу хийдэг улс биш, гол юмаа буруу хийгээд дагалдах олон зүйлсийг зөв хийчихдэг. Тиймээс бусдад зөв, шударга болж харагддаг.

Суурь өвчнийг нь эмчлэхгүйгээр, хам шинж тэмдгүүдийг эмчлэх төдийгөөр өвчтөнг бүрэн эмчлэх боломжгүй. Түүн лугаа адил өнөөгийн нийгмийн суурь тогтолцоог өөрчлөхгүйгээр тэдгээр олон асуудал арилахгүй.

Тогтолцооны асуудлаа шийдчихвэл дагалдах хэд хэдэн бодлогын чанартай зүйл дээр оролцох санаа байна. Тухайлбал, Үндэснийхээ оюун санаа, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах шаардлагатай болчихсон. Ужгирвал аюултай. Үүнийг дагаад шинжлэх ухаан, соёл, боловсролын салбарт суурь шинжтэй өөрчлөлтүүд хийгдэж таарна. Мөн гадаадад буй монголчуудынхаа талаар Монгол төрийн бодлогыг тодорхойлж, хэрэгжих механизмыг нь бий болгох гэх мэт.

Хүний нийгмийн хөгжил нь ахуйн болоод оюун санааны гэсэн хоёр зүтгүүртэй байдаг. Харамсалтай нь бид өнгөрсөн 30 жилд ахуй буюу Эдийн засаг л голчлон ярьж ирсэн. Нөгөө зүтгүүр болсон Үндэстний оюун сэтгэлгээний сэргэн мандал, өөрөө өөртөө итгэх итгэл, үнэлэх үнэлэмжийн талаар мартчихсан мэт, тэр бүү хэл энэ талаарх яриаг үзэл суртал, хийрхэл хэмээн эгдүүцэн хүлээн авах хандлагатай болчихсон. Монголчууд бид хэн бэ гэдгээ сэтгэлгээ, ахуйн түвшинд, өнгөрсөн одоо ирээдүйн хэлхээнд, гадаад, дотоод геоулстөрийн хүрээнд зөв тодорхойлохгүйгээр Хөгжлийн оновчтой загвар, хөтөлбөр гаргах боломжгүй юм. Бүхий л шинэчлэл, өөрчлөлт өгөөжгүй байгаагийн шалтгаан энд л бий.

Өнөөгийн нийгмийн үзэл санаа, загварыг та яагаад манайд зохимжгүй, заавал үндэсний онцлоготой байх ёстой гээд буйнхаа шалтгааныг товчхон тайлбарлана уу?

Индивидуалист суурь хандлагатай ард түмэн бүхий барууны ертөнцийн хөгжлийн загвар коллективист суурь хандлагатай Монголын нийгэмд таарч тохирохгүй. Яг ижилхэн төсөл хөтөлбөр хөрш хоёр улсад байтугай хоёр өөр аймагт ч харилцан адилгүй үр дүнтэй байдаг. Шалтгаан нь суурь хандлагадаа юм. Тун товчхондоо ийм.

Өнгөрсөн 2019 онд УИХ Үндсэн хуулийг шинэчлэн өөрчилсөн шүү дээ. Гэтэл та дахиад өөрчлөх тухай ярьж байна? Ингэж ойр ойрхон өөрчлөөд байх нь хэр зөв бэ?

Тэгсэн, харамсалтай нь УИХ дахь МАН-ын 65-ын бүлэг улс төрийн эрх ашгийн үүднээс суурь өөрчлөлт хийхийг хүссэнгүй. Зөвхөн өнгө засвар төдий хийлээ. Мэдээж хэрэг өмнөхөөсөө сайжруулсан зүйлс бий бий. Гэвч тогтолцооны шинжтэй өөрчлөлт буюу ҮХ-ийн хувьсгал хийж зүрхэлсэнгүй.

Тийм суурь өөрчлөлт хийчихвэл МАН-ын улс төрийн эрх ашиг гангаж мэдэх аюултай байлаа. Яагаад гэвэл шинэ тогтолцоонд намчирхах шаардлага эрс багасчихна. Манай улс төрийн намуудын амин сүнс нь энэ явцуу эрх ашигаас үүдэлтэй намчирхсан хийрхсэн гаж хий үзэгдэлд оршин тогтнож байдаг юм.

Нийгмийн дэвшил, хөгжил өмнөхөөсөө эрс хурдацтай өрнөх болсон. Дундад зуунд хэдэн зууны турш үргэлжилж байж хийгддэг өөрчлөлт 20-р зуунд 70 жилд, харин энэ 21 дүгээр зуунд бүр богино хугацаанд хийгдэх учиртай болж байна. Түүнийг мэдэрч, тосож хөдөлж чадах хараа, зориг дутвал хол гээгдэх аюултай. Ядахдаа л урд хөрш маань дижитал эринд шилжих платформоо байгуулаад эхэлчихсэн байхад бид алт, нүүрсээ аль болох их ухаж зарах, утаатай хийх тэмцлээ шахмал түлшээр аргацаах төдий зүйлс хийж суугаа нь харамсалтай.

Нөгөө талаар энэхүү парламент ёсны төрийн тогтолцоо бүхий Үндсэн хууль нь шилжилтийн цаг үед тохируулсан Үндсэн хууль. Нийгэм өөрчлөгдөж, цаашид улам эрчтэй өөрчлөгдөх шинж илэрхий болчихсон байхад бид шилжилтийн үетэйгээ зууралдаад байх нь утгагүй явдал.

Монгол орон сайхан хөгжиж буй гэж үздэг хүмүүс цөөнгүй... Гэтэл та хөгжил гажуудсан, гацаанд байна гэж дүгнэж байна?

Зүй жамаараа хөгжиж байгаа, ингэж хөгждөг, аяндаа сайхан болчихно гэсэн итгэл зарим хүмүүст байх шиг байдаг. Энэ худлаа шүү. Хэн нэгэн заавал тэмцэж, зүтгэж, сануулж, бага ч атугай өөрчилж, татаж чангааж, тоормослож байж л урагшилна. Хар аяндаа урсаад сайхан болчихдог юм үгүй. Ус садарга дагаж жаахан урсахад л хамаг эрч хүчээ алдаад шургадаг. Хашиж чиглүүлж байж үр дүнд хүрнэ.

Жилээс жилд манай нийгэмд үзэгдэж харагдах нь нэмэгдэж, өнгө зүсээ засаж сайжруулаад байгаа зүйлс их бий болсон. Гэхдээ нүдэнд харагдах төдийгөөр улс орны ч, хувь хүний ч хөгжлийг тодорхойлох боломжгүй. Зүйрлүүлбэл 570 унаж, брэнд өмссөн бүхэн хөгжчихсөн боловсорчихсон хүмүүс гэж тооцвол түүн шиг төөрөгдөл байхгүй. Бас эсрэгээрээ бор тоорхон амьдралтай бүхэн хөгжиж боловсроогүй гэх аваас бас л төөрөгдөл.

Яахав бид нэгэн үеэ бодвол их зүйлд суралцаж, танин мэдэж байна. Гэхдээ ингэж алмай байдалтай суралцах хугацаа бага үлдсэн. Учир нь дэлхий хурдтай хөгжиж байхад бид алмайрч дотроо үймж суусаар байх аваас Африкийн орнууд шиг гээж хаячихаад л явчихна. Ийм их хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй гараг дэлхийд бид илүү эрчимтэй хөгжлийг эрж хайхгүй бол болохгүй.

Хэрвээ Үндсэн хуулийг дахин өөрчилж чадахгүй, хүч хүрэхгүй, энэ санааг тань УИХ-ын олонхи дэмжихгүй бол яах вэ?

Байдал улам л дордоно. Тэгээд эцсийн эцэст гарцаагүй хийхээс өөр аргагүй тулгалтад орж байж өөрчлөхөд хүрнэ. Уг нь тийм хэмжээнд хүрэлгүйгээр угтаад өөрчлөлтийг хийчих л хэрэгтэй юм. Өөрчлөлт хойшлох хэрээр өртөг золиос ихийг төлөх болно. Энэ түүхийн зүй тогтол. Байгалийн хууль гэсэн үг.

Энэ их хуралд үзэл бодол нийлдэг хүмүүс цөөнгүй дэвшиж байна. Бас ҮХ-ийн шинэ төсөл санал болгож буй “Та бидний эвсэл”, “Шинэ эвсэл” зэрэг улс төрийн хүчин ч байна. Цаг нь ирсэн үзэл санааг ер юу ч зогсоож чадахгүй. Энэ удаад биш юм гэхэд дараагийн 4 жилд гарцаагүй өөрчилж л таарна.

Тэгэхээр өөрчлөлт Цаг хугацааны асуудал болох нь гэж ойлгогдож байна. Та тодорхой хугацаа хэлэх үү?

Бидний Монголчуудын тодорхой хэсэг нь үнэт зүйлийнхээ эрэмбийг зөв тогтоож чаддаг болсон тэр цагт жинхэнэ өөрчлөлт хийгдэнэ. Хөгжил дэвшил ч ирнэ. Тэр цагийг хүлээж суух биш харин урин дуудах, ойртуулахын төлөө хэн бүхэн чадах бүхнээ л хийх хэрэгтэй юм, уг нь.

2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Та “Улс төрийн хүчнүүдийн дахин хувиарлалт гарцаагүй болно” гэж байсан санагдана. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад Таны таамаглал хэр бодитой байж вэ?

Дахин хувиарлалт хийгдчихсэн. МАН 60 тэрбумаасаа болж хуваагдан унах шахав. Гэхдээ тэднийг бүрмөсөн салаад унагачихалгүй тогтоож буй судас шөрмөс бол зөвхөн эрх ашиг төдий байна. Явж явж ийм цаг үед хамгийн адгийн эрх ашиг л хамгийн бат бөх байдаг бололтой. АН хэдийнэ хоёр хуваагдчихсан. ШИНЭ нам тэндээс төрчихлөө. АН-даа үлдсэн гол хэсэг нь дахиад хуваагдаж байна. АН нь улс төрийн орон зай дахь тэргүүлэгч хоёр намын нэг, хүчирхэг сөрөг хүчин гэдэг байр сууриа алдаад, арын эгнээ рүү гулсаж байна.

АН-ын хоосорч буй энэ том орон зайг ямар нам эзлэх вэ? Одоогоор МАХН, Шинэ, Хүн гэсэн гурван нам байна. Хэрхэн яаж зөв зарчимтай ажиллаж чадахаас л хамаарна. Бусад намуудыг дурдах шаардлагагүй.

Намуудын хоорондох шилжилт өөрчлөлт ямар байгааг та өөрөө харж байгаа байх.

Энэ бүхэн улс төрийн хүчний шинэ хувиарлалт биш гэж үү. Гэхдээ харамсалтай нь энэ хувиарлалт миний хүсэж байсан шиг үзэл санаа, үнэт зүйлс дээр суурилсан хувиарлалт болж чадсангүй. Ихэнхдээ зүгээр л хамгийн адгийн явцуу эрх ашигт тулсан хувиарлалт болчихлоо. Урьд нь хэзээ ч эвсэхгүйдээ гэж байсан Баасанхүү, Жавхлан хоёр Эрдэнэтэй тэврэлдэхийг хүртэл харлаа.

Тэгэхээр цаашид улс төрийн хүчнүүдийн хувиарлалт дахин хийгдэнэ гэсэн үг үү?
Тэгнэ. Өөрөөр хэлбэл улс төрийн нам жинхэнэ утгаараа бодлогын нам болж төлөвштлөө энэ уналт босолт үргэлжилнэ. Монголд гарын таван хуруунд багтах төдий нам байхад хангалттай. Гэхдээ 2024 оны сонгууль гэхэд бас л үймж бужигнасан хэвээр байх магадлал өндөр.

Яагаад тэр вэ?
Өнөөх суурь тогтолцоотой холбоотой юм. Тэр өөрчлөгдөхгүй бол энэ намууд ч тогтож төлөвшиж өгөхгүй. Улс төрийн намыг хатуу гишүүнчлэлгүй бодлогын нам болгож өөрчлөх төдийгөөр улс төржилтийг арилгах боломжгүй. Бодлогын нам оршин тогтнох хөрс суурийг бий болгох хэрэгтэй юм. Түүнийг харин Үндсэн хуулийн суурь өөрчлөлтөөр хийнэ гэсэн үг.

Үүнд, эхнийх нь хоёр танхимтай парламентийн нэг нь болох ард түмнээс богино хугацаанд шууд сонгогддог АИХ-д нам нэр дэвшүүлэхгүй. Мөн тэнд ямар нэгэн улс төр, санхүүгийн эрх ашиг байх шаардлагагүй болгох хэрэгтэй. Харин хууль тогтоох дараагийн шатны танхим нь жинхнээсээ бодлогын өрсөлдөөний талбар болох ёстой.

Удаад нь өнгөрсөн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ нь Гүйцэтгэх засаглалаа баздаг, төсөвт дураар хутгалддаг гэх мэт Парламентийн үнэмлэхүй давуу байдлыг арилгасан. Тийм атлаа орон нутагт энэ байдлыг огт өөрчлөөгүй, хэвээр нь үлдээсэн. Тухайлбал, Үндсэн Хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1-д "Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх" гэсэн заалт бий. Нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг нь ИТХ. Энд ИТХ нь Засаг даргаа огцруулдаг, дарамталдаг, эрх ашгийн зөрчил үүсдэг гэх мэт өнөөх УИХ дээр байсан гажигууд яг хэвээр байна. Өөрөөр хэлбэл хэдий УИХ дээр асуудлыг аяруулж чадсан ч орон нутагт эрх ашгаас үүдэлтэй засаглалын хямрал, намчирхал, талцал, улс төржилт хэвээр байна гэсэн үг. Засаг дарга нар жинхэнэ утгаараа шүдгүй арслан байна. Эцэст нь хариуцлага хүлээх эзэнгүй болж хоцордог. Орон нутагт ийм байхад улс даяар улс төржилт, намчирхал арилах боломжгүй. Бүлэглэл, намчирхалын шалгуураар боловсон хүчнүүд томилогддог нь хэвээр байна.

Үндсэн хуулийн ийм хоёр өөрчлөлттэй хосолж байж энэхүү намуудыг бодлогын нам болгох Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл үр дүнтэй болно. Намчирхал, хийрхэлийг багасгаж, Мерит тогтолцоо утгаараа ажиллаж эхэлнэ.

Хилийн чанадад суугаа Монголчуудын талаархи таны үзэл бодлыг сонсоё.

2003-2008 онуудад Америкийн монголчуудынхаа дунд амьдарч, тэдний туулдгыг туулж, үздэгийг үзсэн. Гэхдээ зүгээр нэг үзэж туулсангүй, сонин хэвлэл гаргаж байсны хувьд бусдаас арай илүү нарийн бөгөөд баялаг мэдээлэлтэй болсон, зовлон жаргал, асуудал бэрхшээл нь хаанаа байдгийг гайгүй мэднэ.

Гадаадад байгаа монголчуудын талаар вирус, хорио цээртэй энэ цаг үед янз бүрийн санаа бодол байна. Эх орноо хүнд хэцүү цаг үед орхиод амиа бодоод явцгаасан гэх хандлага ч анзаарагдана. Бүр УИХ-ын бодлого гаргаж суудаг хүмүүс дотор ч ийм үзэл бодолтой хүмүүс байдаг.

Тиймээс цагаач иргэдийн эх орондоо оруулж буй хувь нэмрийн талаар эхлээд заавал хэлэх хэрэгтэй болж байна. Цагаач иргэд маань өнгөрсөн 20 жилийн хугацаанд монголд хамгийн их хандивлагч донор орон Японы ч өгөөгүй их ашиг тусыг өгсөн юм. Гайхаж магадгүй учир тодорхой тоо ярьяа.


  1. Гадаадад буй монголчууд маань эх орон руугаа, ээж аав, элгэн садан, үр хүүхдүүдээ жилд дунджаар 260 орчим сая ам.доллар шилжүүлж ирсэн. Сүүлийн 17-18 орчим жилийн турш шүү. Тэдний шилжүүлсэн мөнгө барилга, боловсролын салбарт түлхүү шингэсэн. Энэ бол статистикт баригдсан тоо нь. Тооцоонд баригдаагүй орж ирсэн доллар үүнээсээ тийм ч их бага биш. Олон зуу, мянган айл өрхийн амжиргааны нэгэн тулгуур төдийгүй манай эдийн засгийн ч нэг нүдэнд харагддаггүй тулгуур энэ мөн юм. Гэтэл манай офшорчид, мөнгө хүүлэгчид, ЖДҮчид нэртэй хууль гаргаж хулгайлагчид энэ мөнгөн дүнгээс хоёр дахин ихийг буцаагаад гадагш нь зөөдөг. 
  2. Чингэлгээр ар гэртээ илгээж буй машин тэрэг, хувцас хунар гээд материаллаг баялгийг бид тэр бүр бүртгээд, дүн банг нь гаргаж чаддаггүй. Тэр бас л багагүй юм бий. Намайг Вашингтон ДиСи-д байхад сардаа л хэд хэдэн чингэлэг монголруу явчихдаг байсан. Ганц ДиСи ч биш Чикаго, Сан, Элээ, Денвэр гээд олон газраас чингэлэг хөдөлдөг байсан санагдана.
  3. Урт богино хугацаагаар цагаачилсан мянга мянган залуус хэл, соёл сурч, мэргэжил эзэмшиж ирдэг. Төрөөс ямар ч зардалгүйгээр шүү. Тэдний импортолж буй соёл, мэдлэг, инноваци энэ нийгмийг хувьсган өөрчлөхөд ямар их хүч болж байгааг бид тэр бүр олж хардаггүй.
  4. Гадаадад байгаа монгол хүн нэг бүр хүссэн, эс хүссэн Монгол орноо сурталчлах албан бус агент болж байдаг. Миний мэдэх дэлхийн 80 гаруй оронд 200 мянга гаруй монголчууд ажиллаж амьдарч байгаа. Монгол Улсын Засгийн газраас ямар ч их хөрөнгө хүч зарцуулаад чадамгүй тийм сурталчилгааг энэ 200 мянган монголчууд өөрсдөө ч мэдэлгүйгээр хийж, Монголоо сайн, муу ямар нэгэн байдлаар танилцуулж байдаг. Гэхдээ сайн нь илүү. Хамгийн гол нь танилцуулж байгаа нь маш чухал. 2003 оны үед л гэхэд жирийн америк хүний хэд нь монгол гэхээр мэддэг байв, одоо хэд нь мэддэг болов гэвэл их ялгаатай статистик гарах байх. Харамсалтай нь энэ мэт судалгааг манайхан хийдэггүй. Гадаадад байгаа монголчуудын холбоод цагаан сар, шинэ жил, наадмаа өргөн тэмдэглэдэг нь ч бас л сайхан сурталчилгаа. Хувь хүмүүсийн харилцаагаар дамжин манайд ямар хөрөнгө оруулалт, аялал жуулчлал нэмэгдэж буйг ч бас бид мэддэггүй. Өөр зүйлс ч бий.
  5. Цагаачлал гэдэг зүйл манай түүхэнд нэн шинэ үзэгдэл. Гэвч хэдэн арав, зуун жилийн цагаачлалын түүхтэй бусад үндэстнүүдтэй харьцуулахад хоёрхон арван жилийн түүхтэй гадаадад буй манай монголчууд маш эрчимтэй өсөж өөдөлсөн. Одоо тэдний хоёрдахь үе гараад ирлээ, удахгүй гурав дахь үе ирнэ. Тухайн улс орнуудын орон нутгийн төдийгүй төрийн эрх барих байгууллагад ч монголчууд гарч ирэх боломжтой болчихсон. Бизнес, судалгаа, технологийн салбартуудад монгол залуус түрүүчээсээ хэдийнэ гараад ирчихсэн. Үүнийг Монгол орны хөгжилд нэн чухал өсөн нэмэгдэх өндөр магадлалтай шинэ боломж гэж би хувьдаа ойлгож байна. Улс орнуудын болон бизнес хөрөнгө оруулалт, технологийн салбарт үр өгөөжтэй хамтын ажиллагаанд чухам энэ мэт монгол цус язгууртай хүмүүсийн нөлөөлөл их байна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд зогсохгүй энэ нь монголын маань тусгаар тогтнолын нэгэн хүчирхэг гагнаас бэхэлгээ ч болж болно.

За энэ мэтчилэн гадаадад буй монгол иргэдийн маань үр өгөөж их. Гэтэл өдий хүртэл Монголын төр тэднийхээ талаар ямар нэгэн тууштай, алсын хараатай, бодит бодлогогүй явж ирсэн. Уг нь тэдэндээ зориулж буй НЭГ доллар эргээд 100 доллар болон орж ирэх бүрэн боломжтой юм. С.Баярын Засгийн газрын үед ЕС-ийн харьяа Гадаадад байгаа иргэдтэй хамтран ажиллах ажлын хэсэг нэртэй нэгж байгуулагдсан ч үр дүн гараагүй, удахгүй засаг солигдоход алга болсон. Үр дүнгүйн шалтгаан нь Төрийн бодлого байхгүйтэй холбоотой.

Энэ чиглэлийн Төрийн бодлогын агуулгууд ямар байх вэ гэдэг талаарх Таны санаа бодол сонирхолтой байна? Хууль тогтоох дээд байгууллага юу хийх ёстой гэж Та үзэж байна вэ?

Гадаадад байгаа монголчууд үндэснийхээ хэл, соёл, уламжлалаа хамгаалах, сургах, өвлүүлэх, тэгээд сурталчлах, мөн газар бүрт байгаа Монгол нийгэмлүүдээ бэхжүүлэхэд Монгол төрийн дэмжлэг ихэд үгүйлэгддэг. Мөн бизнес, технологийн салбарт амжилттай суралцаж, ажиллаж буй залуусыг дэмжих ч боломж бий. Иргэний статус, эрүүл мэнд, тэтгэвэр, даатгал гэх мэт нийгмийн асуудалд анхаарах зүйлс ч байна. Вьетнамын төрөөс идэвхтэй санаачилгатай ажилласны үр дүнд Чехэд ажиллаж буй 60 мянга орчим цагаач вьетнам иргэдээ Чех дахь Үндэсний цөөнх гэсэн статустай болгож, ажиллаж амьдрах боломжоор нь хангаж өгсөн туршлага ч байна. Ялангуяа Хятадын төрөөс цагаач иргэддээ хандсан бодлогоос санаа авах зүйлс их бий.

Гадаадад буй монголчуудынхаа талаарх Монгол Төрийн бодлогыг тодорхойлох, бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлж чадах зөв механизмыг бий болгох зэрэг нь зайлшгүй хийх л ажил. Уг нь аль хэдийнэ хийгдчих ёстой байв. Одоо хэн нэгэн хийхгүй бол цагаач иргэдийнхээ зовлон жаргалтай хутгалдаж явсны хувьд би гарцаагүй оролцох л ёстой. Монгол иргэдийн холбоо, энэ талаар идэвх санаачилга гарган ажиллаж байгаа ТББ, зарим хувь хүмүүс та бүхэнтэй хамтран зүтгэхээс аргагүй.




Tuesday, June 02, 2020

Гадаадаас нэр дэвшигч Ц.Нандинбаатар - Монголчууд бид шинэ өнцгийг хамгийн түрүүнд ойлгож, итгэл хүлээлгэдэг хүмүүс гэж итгэж явдаг

Сонгуульд нэр дэвшигчид тодорч, уралдааны замдаа гарцгаалаа. Уяа сойлго оо тааруулсан олон зуун нэр дэвшигчдийн дундаас нэг хүн гоц анхаарал татав. Энэ бол Монголын магадгүй дэлхийн хамгийн анхны цахим нэр дэвшигч Ц.Нандинбаатар. Тэрээр ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ эвслээс сонгуулийн 21-р тойрогт нэр дэвшжээ. Түүнтэй хөөрөлдөв. 1. Бие тань Шведэд сууж байдаг, нэр тань Монголд сонгуульд нэр дэвшиж буй харагдах. Өөрөө сансар судлалд Монголын гэсэн орон зайг үүсгэхийн төлөө олон жил ажиллаж явна. Сансар судлал туршилт дээр их тулгуурладаг гэж ойлгодог. Тэр сэтгэхүй, арга барил тань нөлөөлөөд бас ийм өвөрмөц туршилт хийхэд түлхэв үү? Эсвэл энэ угаасаа ирж буй цагийн өнгө төрх мөн үү? Аль аль нь нөлөөлсөн байх. Харьцангуй нийгмийн идэвхитэй байх. Түүнээс гадна хийж байгаа судалгаа маань өөрөө шинэ алхам хийж, эрэлхийлэхийг шаарддаг талтай бас. Тэгээд л ийм шийд гаргалаа. 2. Цахим ертөнц цаг хугацаа орон зайн ялгааг үгүйсгэдэг. Харин сонгуулийн хууль журам энэ тал дээр ямар байна. Эрх зүйн хувьд боломжтой юу? Гадаадад байгаа бусад Монголчуудынхаа нэгэн адил эхэндээ ер нь боломжгүй гэж бодож суулаа. Яагаад гэхээр, гадаадад байгаа Монголчуудын сонгох эрхийг энэ удаагийн сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр бүрэн хаачихсан учраас. Гэтэл яагаад ч юм, сонгуулийн хуулийг дахиад нэг уншаад үзмээр санагдаад, эргүүлж байтал. Яах аргагүй сонгох эрх маань алга болчихож. Харин сонгогдох эрх байгаа харагдаад. Монголд очихгүй байсан ч өрсөлдөх эрх маань хадгалагдаж байгааг ойлгосон. Тэгээд л, ер нь нэр дэвшинэ шүү гэдгээ эвслийн удирдлагадаа дамжуулсан.
3. Сонгуулийн сурталчилгаагаа яаж хийх вэ, Сонгогчидтойгоо нүүр тулж уулзах боломжгүй байх нь байна шүү дээ. Бүх зүйлийг цэвэр онлайнаар хийнэ. Хил нээгдээд, Монголдоо очих боломж байсан ч, очихгүйгээр эхнээс нь дуустал бүгдийг онлайнаар хийнэ гээд шийдсэн. Энэ нь өөрөө түүхийн нэгэн том хуудас болж байгаа юм. Тийм ч утгаараа гадаадад байгаа Монголчуудынхаа дэмжлэгтэйгээр энэ чухал хуудсыг бүтээх хүсэл эрмэлзэлтэй байна. Цаашдын, жишээ нь 10-р сард болох орон нутгийн сонгуульд илүү сайн бэлтгэлтэйгээр гадаадад байгаа Монголчууд маань оролцоод эхлэх суурь нь болоосой гэж мөрөөдөж байна. Нүүр тулж уулзахын тухайд, мэдээж бусад өрсөлдөгчтэйгээ харьцуулахад миний сул тал юм даа. Гэхдээ цаг үе өөрчлөгдөж байна. Монголчууд бид шинэ өнцгийг хамгийн түрүүнд ойлгож, итгэл хүлээлгэдэг хүмүүс гэж итгэж явдаг. 4. Та өөрийнхөө тойрогт нэр дэвшиж буй бусад улс төрийн хүчнийхэн, бие даагчидын талаар ямар мэдээлэлтэй байна. Бусдын адил ерөнхий мэдээлэлтэй л байгаа. Нэг ерөнхий онцлог нь гэвэл надаас бусад нь ямар нэгэн байдлаар тус тойрогт ажиллаж байсан эсвэл амьдарч байсан, нутгийн хүү эсвэл охин гэх мэтийн онцлогтой юм байна лээ. Миний тухайд Налайх, Багануур, Багахангай дүүргүүдтэй ямар ч холбоо байхгүй. Энэ нь эсрэгээрээ илүү бодитой ажил хэрэг хийх боломжтой юм уу гэж бодож байна. Учир нь ямар холбоо сүлбээс байхгүй учраас, сэтгэл хөдлөл, танил талын холбоост баригдахгүй ажиллах боломжтой гэж бодож байгаа.
5. Наадамд бөх хүн давах л гэж гардаг. Сонгогдчивол одоо яах билээ, Цахим гишүүн байж болохгүй байлгүй дээ? Онлайнаар эхэлсэн юм чинь, түүний боломжийг хамгийн ихээр гаргаж ирэхийн төлөө зүтгэх бодолтой байна. Тиймээс цахимаар хийж болох зүйлсийг цахимаар хийнэ. Жишээ нь хоосон суртал ухуулгын цаас тарааж байгаль орчинд хортой зүйл хийхгүй. Ер нь одоогоор би өөрийн өдөр тутмын ажлыг 100% цахимаар хийж болж байна. Тиймээс тэр туршлагаа ч хуваалцаад явах бодолтой байгаа. Миний дэмжигчид сонгогчидтойгоо шууд холбогдох сувгууд: Facebook:https://www.facebook.com/nabarja/ Twitter: https://twitter.com/nabar Instagram: https://www.instagram.com/nandinbaatar 6, Амжилт хүсье. Сонгуулийн дараа эргэн ярилцаж сонин сайхныг нь сонсоё. Баярлалаа. Тэгье.