Заагийг нутаг буцсаны дараахнаас л
... Батзандан Эрүүл Нийгэм Иргэний хөдөлгөөнийг нөхдийн хамт санаачилж жагсаал зохион байгуулж байна..., Батзандан эрх баригч нартай тэмцэж байна..,. Батзандан бол гадны хүчний турхирсан нөхөр...,Батзандан Нам байгуулж даргаар нь томилогджээ.., Батзандан нэр дэвшсэн сонгуулийн тойрог дээрээс санал аваад зугтжээ..., Батзандан 7 сарын 1-ны үймээнийг санаатайгаар зохион байгуулсан хэргээр татагдан эрүүгийн хуулийн зүйл ангиудаар тулгагдан Ганц худагт хоригдож байна... Батзандан тэндээ өлсгөлөн зарлажээ..., хэмээсэн баттай батгүй, оносон зөрсөн үнэн худал олон мэдээ тасрахаа больсон нь тэрээр ердийн нэг Заагий бус хийсэн бүтээсэн, ярьсан хэлсэн нь түмний нүдэнд, хэвлэл мэдээллийн хараанд байнга байх болсны гэрч. Ямар зүйлийг нь ямар хэлбэрээр мэдээлж хэрхэн түмэнд хүргэх нь түүнээс хамаарахыг огтоос байж. Олонд танигдахын зовлон энэ байдаг байх. Түүний хийж зорьж буй нь нийгэмд олонд чиглэсэн тул энэ бол тойрох ч аргагүй зүйл биз.
Харин миний мэдэх Заагийг түүний цахим өртөөгөөр бичиж байсан нийтлэлүүд, хувийн шугамаар харьцаж байсан хэмжээндээ би сэтгэлдээ төсөөлж түүний ажил үйлсэд амжилт ерөөн итгэж суудаг нэгэн. Анд маань хэргийн учир баригдан хоригдож гяндангийн адар ширтэн суухуй энэ цагт яахан дуугай сууж зүрхлэхэв. Буруу зөвийг нь барин тавин нотолж эс чадах ч сэтгэлийн дуудлагаар хэдэн мөр хэлхэвээ.
Заагийгийн цахим өртөөнд нийтлүүлсэн анхны нийтлэл Асуултад хариулж байна нэртэй, АН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн Э.Бат-Үүлийн тэр үеийн олон нийтийн сониноор тавьсан асуултуудад хариулт болгон бичсэн бүтээл нь байв. Уг нийтлэлдээ тэрээр шударга ажиллагаатай эрх зүйт төрийг байгуулахын чухлыг, эс тэгвээс бид 90 оны эхэнд хийсэн Ардчилсан хувьсгалын олон үнэт зүйлээ алдаж болохыг сануулсан, МАХН яагаад 2000 оны сонгуулиар төрийг дангаар удирдах хэмжээнд томорч ирснийг тайлбарлан анхааруулсан, тийм нөхцөл үүсэхэд хүргэсэн Ардчилсан намын алдаа эндэгдэлийг ч хайр найргүй шүүмжилсэн байдаг. Тэрээр нийгэмд бугшаад буй элдэв болж бүтэхгүй зүйлийг угшил гарал хийгээд бүрдээд буй тогтолцоотой нь холбон тайлбарлаж зоригтой дуугарч чадаж байлаа.
Заагий энэ нийтлэлдээ:
“Ер нь ардчилсан ололтуудаа хуулиар чанд баталгаажуулж, нийгмийн шинэчиллийн аливаа процессийг эрх зүйн зохицуулалтанд оруулж чадаагүй цагт өнөөдрийн өгсөн өөхний амтыг ард түмэн хэзээ ч мэдрэхгүй юм.!!!!”
хэмээн цохон тэмдэглэсэн байдаг
МАХН-ын тухайд:
1996-2000 онд МАХН сөрөг хүчний үүргээ дэндүү сайн биелүүлсэн төдийгүй заримдаа ч бүр дэндүүлж байсан. Тэд бол дал гаруй жил коммунист арга барилд суралцсан тул амин хувийнхаа эрх ашигийн төлөө ард түмнээ ч золиослож чадна. Энэ бол тэдний уг чанар нь бөгөөд үүнээсээ салж хэзээд ч чаддаггүй юм.
хэмээн анхааруулж харин тухайн үеийн өөрийн нам Ардчилсан Намын алдааг
Нөгөө талаас бид сонгочдын сэтгэл зүйд үл нийцэх олон үйлдэл хийж өөрөө өөртөө дайсан хурааж байлаа.
Жишээлбэл: Нийгмийн сэтгэл зүйд эрүүгийн этгээд хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн зарим хүмүүсийг бид намаасаа нэр дэвшүүлж өөрөө өөрсдийгөө балалж байсан юм.
Шүүхээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдчихсон, шүүхийн шийдвэр гарчихсан байхад намаасаа, намынхаа бүлгээс хөөх нь битгий хэл толгойг нь илж, найзан дундаа назгайрч байлаа шүү дээ, хэсэг нөхдүүдтэйгээ, бид. Нам бол гэмт хэрэгтнүүдийн үүр биш, харин гагцхүү дор хаяж ёс суртахууны үндсэн хэм хэмжээг сахиж чаддаг, хатуу чанд сахилга баттай улс төрийн бүлэглэл байх ёстой бөгөөд үүнийг ч бид ард түмэнд байнга харуулдаг байх хэрэгтэй.
Бид эрх зүйн зохицуулалтаа нарийн хийж, нийгмийн суурь хөрсөө сайн бүрдүүлж, нийгмийн зөвшилцөлд хүрээгүй байхдаа улс төрийн эрсдэл ихтэй банкны шинэчилэл, их хувьчлал гэх олон том асуудалд хошуу дүрж байлаа. Энэ нь ч нийгмийг хангалттай бухимдуулж, сөрөг хүчнийг ажилтай, өөрсдийгөө ажилгүй болгоход чухал нөлөөлсөн.
Мөн бидний 2000 оны сонгуулийн ялагдал эртнээс тодорхой мэдрэгдэж байв. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж мажоритар системийг халж пропорциональ болон үлдэгдэл тоолох системийг авч чадсан бол өнөөдөр дор хаяж парламентын 15-20%-ийг эзлэх л байсан.
Бид сүүлийн үед хууран мэхлэгчдийн тухай их ярьж араараа тавиулсан авгай шиг уйлан дуулан чарлах боллоо.
Аргагүй юм,.. бид шүүхийн системдээ өөрчлөлт хийж нийгмийн шударга ёсны үнэлэмжийг дор хаяж системийн онолын дагуу 5% -иар ч өсгөж чадаагүй шүү дээ.
Бидний үед хууль тогтоох байгууллага маань ч хуралдаж чаддаггүй, хууль, цагдаа нь хүртэл хувьд бараг гарчихсан байлаа.
Ийм сайхан боломжуудыг бид коммунистуудад бүрдүүлж өгсөн юм. Тэд ч үнэхээр сайн ашиглаж чадсан. хэмээн ил цагаан шүүмжилж байлаа.
Тухайн үед нийтлэлийг нь уншаад “бас л цөстэй эр байна шүү” хэмээн бодож байсан ч энэ бүгд өнөөдөр Монголд бүрдээд буй нийгмийн ээдрээтэй нөхцөл байдлын уг үндсийг тэр цаг үед тун сайн олж харж байсныг гэрчилнэ.
Заагий аль 2002 онд ардчилалыг баталгаажуулахад иргэний хөдөлгөөн хэрэгтэйг өгүүлж “Эрvvл нийгмийн төлөө” хөдөлгөөнийг эрчимтэй өрнvvлцгээе!!! нийтлэлээ олонд хүргэж байсан. Тэрээр манай нийгэм хууль ёсыг дээдэлдэг шударга үнэн тогтолцоотой байх аа хэдий нь болисныг хэлж Ийм үед Та өөрөө өөрийгөө сэрээхгүй бол өөр хэн ч таныг сэрээхгүй шvv!!!.хэмээн анхуулж иргэний нийгмийн хөдөлгөөн хэрэгтэйг
...Бид агуулга руу чиглэсэн реформ хийхийн тулд юун түрүү нийгмийн ухамсарт хандсан бодлого зайлшгүй явуулах шаардлагатай байна. Ингэснээр бид нийгмийн тогтолцооны гажигт шүүмжлэлтэй хандаж, мөн ард түмний сэтгэлгээнд оршиж буй ухамсрын доройтол, ёс суртахууны хямралыг арилгаж чадах юм. Чингэхдээ улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашгаас ангид байж нийгмийн эрүүл бус тогтолцоо, түүний гажигт шинжлэх ухаанч байр суурьнаас хандаж нийгмийг хамарсан нийтийн хөдөлгөөнийг өрнүүлэх хэрэгтэй ...
хэмээн тайлбарлан ухуулcaн байдаг.
Тэр мөн газрын тухай хуулийн хэлэлцүүлэг явагдаж байх үед Газар хувьчлал ба бэсрэг шүүмжлэл нэртэй нийтлэлээрээ мэрэгжлийн хүний санал бодлоо хэлж “... Эндээс дүгнэж хэлэхэд өнөөгийн Монгол улсад газар хувьчлалын хууль хүчин төгөлдөр болсны дараа газрын харилцаатай холбогдож шинээр үүсэх олон тооны захиргааны хэргийг шударгаар шийдэх байгуулалын тогтолцоо үндсэндээ алга байна.!!!” хэмээн хэлж байлаа. Газрын тухай хууль батлагдаж газар хувьчилагдсанаас хойш үйл явдал хэрхэн өрнөсөн, төрийн албаныханы хувьд эрх мэдлээ ашиглан хийдэг хамгийн том наймаа газар болсныг одоо хэн үгүйсгэхсэн.
2004 оны 1 сард өгсөн Зоригийг алах сонирхол нэртэй ярилцлагадаа удахгүй болох сонгуулийн хууль, хэрэгжих хөрс, захиргааны шүүхийн хуулийн ач холбогдол, анхаарууштай тал, Их хурлаас баталж буй хуулиудын улс төрийн шинж хийгээд утга агуулга, нэг намын дарангуйлал тогтож буй бодит байдал , улс төрийн аллагын учир шалтгаан, жижиг улсын Том бодлого хэрэгтэйн тухай гээд олон зүйлийн талаар санал бодлоо хэлсэн байдаг.
Тэрээр 2004 оны сонгуулийн өмнөхөн Ардчилал ба МАХН-н дарангуйлал нийтлэлдээ МАХН-ийн эрх барьсан 4 жилийн туршид төр нийгмийн харилцаанд гарсан өөрчилөлтийг нэгтгэн дүгнэж бичиж байлаа.
Товчоор хэлбэл Монгол улс дан ганц дарангуйлагч намын систэм, түүнд үйлчилдэг төр, нийгмийн эрүүл бус удирдлагын тогтолцоо руу эргэлт буцалтгүй орчихлоо...
....Иймээс эцэст нь хэлэхэд хүн төрөлхтөний үнэт зүйл болсон ардчилсан төр нийгмийн ололтуудыг үгүйсгэх, улмаар төрийг нийгмээс, нийгмийг иргэдээс, намыг төрөөс дээгүүрт тавих улс төр, ёс суртахууны эрх Монгол улсад хэнд ч байх ёсгүй ба бидэнд зөвхөн хариуцлагатай төр, хариуцлага хүлээдэг төрийн албан тушаалтан хэрэгтэй болохоос, шүтдэг төр, залбирдаг төрийн сүлд, дээдлүүлдэг төрийн албан тушаалтан, хуулийн дарангуйлал хэрэггүй гэдгийг хатуу сануулах байна.
хэмээн бичиж байсныхаа дараахан тэрээр Монгол явсан санагдана.
Гадаадад байхдаа ярьж бичиж байгаад нутагтаа очоод “сураг тасардаг” бидний олонхи шиг байлгүй тэрээр үнэхээр тэмцэж эхэлсэн нь удалгүй сонсогдож хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр ч олон янзын мэдээлэл цацагдах болсон билээ. Үүнээс цаашихыг нь уншигчид дэндүү сайн мэдэх тул элдэв тайлбар хэрэггүй байх.
Хоёр жилийн өмнө нутагт амарч явахдаа Цахим Өртөөний гишүүдийн уулзалт дээр Заагийтай анх нүүр тулж цөөхөн хором ярилцаад өнгөрсөн. “Эд нартай ёстой үзэлцэж байна аа хө. Нийгэм дэндүү заваан болсон байна шүү” хэмээн өгүүлэх омголон түүнийг “за бас дайчин эр юм даа” гэж бодоод л өнгөрснөөс ямаршуухан хатуу бэрхийн дундуур явааг нь асууж шалгаах ойлгох ч цаг боломж байсангүй. Түүнээс хагас жилийн дараа дахин Монголд очихдоо Цахим Өртөө Холбооны гишүүдийн хурал дээр таарав. “Гудамжинд их жагслаа. Нийгмийг сэрээлээ. Үүргээ гүйцэтгэсэн гэж бодож байна. Одоо жаал сууж бодох бичих болно. Цахим өртөөндөө бас хамаагүй юм бичээд байж болохгүй байсан юм. Одооноос идэвхитэй оролцоно оо. Цуврал лекцийн нэгийг нь өөрийн олон жил судалж буй Франчайзийн чиглэлээр тавина” хэмээн амлаж БРЭНДИЙН БИЗНЕС БА ФРАНЧАЙЗ СИСТЕМ ГЭЖ ЮУ ВЭ? нэртэй лекцийг нийтэд уншиж байсан билээ.
Тиймээ тэр нөхдийн хамт байгаа ахуйдаа дасаад унтаж байсан нийгмийг ямартай ч сэрээж чадсан гавъяатайг нь өдгөө судлаачид дүнгэж байна. Жагсаж тэмцэж явсан нөхөд, үзэл бодлыг дэмжигч нарынхаа хамтаар удалгүй Иргэний Хөдөлгөөн Нам байгуулж даргаар нь томилгодон ардчилсан нийгмийн эрх зүйн тогтолцоог нь боловсруулах үйлдвэр болсон Их хуралд орж байж үзэлцэх тэмцлийн дараагийн замаа сонгосныг нь сонсоод битүүхэндээ дэмжиж л суулаа. Харамсалтай нь сонгууль ч цэвэр сайхан явсангүй, булхай залихай ч хэрээс хэтрэн ард олныг бухимдуулж 7 сарын 1-ний үймээн самуун өрнөж, тэрээр ял асуугдан хоригдоод байна
Залуу хүнд алдсан оносон, яарсан туйлширсан, бусдын олз болсон гээд олон л явдал тохиолдоо байх. Заагий тэр бүгдээсээ сургамж авч тэмцлийн хат улам сууж яваа, анх бичиж бодож байснаасаа хазайж гуйваагүй гэдэгт нь итгэдэг. Заагий одоо түмний хүн болсон тул хэн бүхэнд түүнийг үнэлэх үнэлэмж дүнгэлт, өөр хоорондоо маргалдан мэтгэлцэх шалтгаан бий. Харин би өөрийн мэдэх Заагийгийн тухай л бичиглэсэн минь энэ.
Тэрээр хатуу бэрх ч тэмцэгч хүний үзэж туулдагийг үзэж явна. Үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байж нийгмийн бурангуй бүхэнтэй тэмцэх тэмцэлд энэ бүхэн нь туршлага болон нэмэгдэж улам бүр хатуужин батжих нь дамжиггүй. Чамайг, та бүхнийг шинэ үеийн залуус улам бүрээр дэмжин нягтран хүрээлнэ гэдэгт бүү эргэлз!
4 comments:
2004 onyi Zaagii, 2008 onyi Zaagii hoyor ih oer bolson shuu dee?!
alsad baigaa hun tuldaa l asuudald orootsoldohgui uldeh baih. uul ni ingej uls tor, career, mongo togrognii sonirholgui hondlongiin humuusiin nudeer harsan niitleluud bas davhar unshij baihgui bol mgl dahi media-nuud bas arai l aimaar bainaa. tarhia ugaalgah ch amarhan l baina
Post a Comment