Бид саяхан л дэлхий тойрон Би Чамд Хайртай II гарна хэмээн ярилцаж байсан. Гэтэл энэ төлөвлөгөөнд тань нилээд өөрчлөлт орох боллоо. Яг чухам юу болов?
Бид киногоо олон нийтэд хүргэхийн тулд маш олон ажлыг зохион байгуулсан. “Монгол улс даяар” киногоо гаргана гэж олон нийтэд зарлаж тэр амлалтандаа ч хүрсэн. Монгол орны дөрвөн зүг найман зовхист сууж байгаа монгол түмэндээ нэгэн зэрэг богино хугацаанд киногоо үзүүлж чадсан.
Мөн кино төслийн хүрээнд дэлхий даяар тархан ажиллаж амьдарч байгаа монголчууддаа хүргэж үзүүлэхээр МУ-ын ГХЯ, Монгол улсаас гадаад орнуудад суугаа Элчин Сайдын Яамдууд, улс орон болгонд байгаа монголчуудын холбоо, урлаг соёлын байгууллагууд, оюутны холбоо, хувь хүмүүсүүдийн тусламжтайгаар зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаад бид сэтгэл өндөр аялалдаа гарсан.
Төлөвлөгөө ёсоор Герман улсын Бонн хот, АНУ-ын Денвер хотоос эхлэн киногоо гаргасан. Тэгээд Германы Мюнхен, Лейпциг, Берлин, Польшийн Варшав, Караков, Чех улсын Бланско, Праг хотуудад гаргаад Злин, Пардубице хотуудад гаргахын урд өдөр киног чинь интернетэт тавьчихсан байна, хүмүүс үзэж байна гэнээ гэж урдны газруудад кино ирж үзсэн маш олон хүмүүс утсаар хэлж мэдээлэл өгсөн. Бид ч өөрсдөө интернет дээр бүр шууд үзэх байдлаар тавьчихсан байгааг харсан. Үнэндээ тэр үед гайхах, гомдох, үзэн ядах сэтгэл төрсөнийг нуухгүй ээ.
Гэхдээ бид үнэхээр сайн бүтээл хийсэн болохоор хүмүүс ингэтлээ түүний хойноос хошуурч, хоцорчих вий гэж айж бас атаархаж байгааг мэдэрсэн. Бид кино театруудаар үзсэн үзэгчидээрээ ч, цахим ертөнцөөр үзсэн үзэгчидээрээ ч үнэхээр рекорд тогтоож чадлаа. Энэ уран бүтээлийг ийм амжилтанд хүргэхэд оролцсон хүн бүхэнд, төслийн багийн хамт олондоо, уран бүтээлчиддээ, хамтран ажилласан байгууллага хувь хүмүүстээ үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Хүмүүсийн энэ их хүлээлт та нарын хүч хөдөлмөр байлаа... Нэг хэсэгтээ мартагдахааргүй дуулиан болсон шүү.
Аялал маань цаашлах тусам интернетээр үзэх хүмүүсийн тоо ихсэж, бидний арга хэмжээнд ирэх хүн цөөрч байгаа болохоор цаг хугацаа, зардал мөнгөө бодсон ч бид буцах хэрэгтэй юм байна гэх шийдвэрт хүрсэнээр Швецарь улсын Цюрих, Женев улсад киногоо гаргаад манай багийнхан буцацгаасан. Харин төлөвлөгөө ёсоор Голланд, Англи улсад суугаа монгочууддаа бид киногоо гаргахаар болоод байгаа.
Та бүхнийг уг нь энэ киногоо Оюуны өмчийн газраар баталгаажуулсан, найдвартай хамгаалалтад хийсэн гэж ойлгож байлаа.
Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны Өмчийн Газар гэж төрийн том аппарат Монгол улсад ажиллаж байгаа. Энэ газарт Монгол улсад оюуны бүтээлээ туурвиж бүтээсэн хүмүүс бүтээлээ бүртгүүлж, хамгаалуулж, баталгаажуулдаг. Тэр жишгээр нь бид киноныхоо зохиогчийн эрхийг баталгаажуулж гэрчилгээ авсан. Иргэн бүр төр засагтаа итгэж, хууль дүрмээ хүндэлж, түүнийгээ дагаж биелүүдэг байх үүрэгтэй.
Мэдээлэл солилцооны технологи өндөр түвшинд хүрсэн ялангуяа интернэт өргөн хэрэглээний болсон өнөө үед оюуны бүтээлийг хамгаалах тун хэцүү асуудал болжээ
Намайг анх гадаадад суугаа монголчууддаа киногоо гаргах тухай холбоо тогтоож эхэлж байхад холбогдож байгаа хүмүүс киногоо интернетэд тавьчихваа, хэн ч ирж үзэхгүй шүү энэ тал дээр анхааралтай байгаарай гэж хэлж байсан. Бид Оюуны Өмчийн Газраас зохиогчийн эрхээ авчихсан, интернетэд тавих болоогүй тул өөрсдийнхөө зүгээс сайн хамгаалалттай байсан болохоор ийм асуудал үүсэхгүй гэж хэлж байсан. Манай монголчуудын хувьд нүдэн дээр нь харагдаж,гараараа барьж үзэж болж байгаа зүйлээ хүний хийсэн бүтээл гэж үзнэ үү гэхээс оюун ухаанаараа бодож сэтгэж, түүнд зарцуулсан хүч хөдөлмөрийг уран бүтээл гэж тооцож үздэггүй юм байна. Тэр ч утгаараа дуучдын гаргасан шинэ цомгийг дэлгүүрээс худалдаж авсан даруйдаа л интернетэд бусад хүмүүс хуулж авч ашиглаж болох байдлаар хуулбарлаад тавьчих шижээтэй. Бусад кинонууд ч адил...
Гэхдээ энэ бүгд нь хулгайлсан зүйлүүд болохоор дуу дүрс, чанарын хувьд эх бүтээлээсээ хэд дахин муу бичлэгүүд байдагийг та бүхэн мэдэж байгаа. Хүмүүс чанартай брендийн хувцас өмсөхөөрөө өөртөө итгэлтэй, сэтгэл ханамжтай бусдын өмнө бардам алхдаг шиг сайн бүтээлийг зориулалтынх нь хэрэгсэлээр, кино театрт, концертын танхимд нь үзэж сэтгэл ханамж авах чинь өөр шүү дээ. Үүний төлөө мөнгө төлнө гэдэг чинь тэр бүтээлийг хийсэн уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэлж, өөртөө сэтгэлийн таашаал авсаны төлөө мөнгө зарцуулж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Компьютерийн дэлгэцийн араас тэр бүтээлийн жинхэнэ гоё сайханыг, дуу дүрсний өндөр чанарыг ялгаж салгаж мэдэрч чадахгүй л дээ. Гэхдээ л үнэгүй юм болохоор гацаж удсан ч хамаагүй үзэж л байвал боллоо гэсэн гэсэн бодолтой байдаг юм байна. Бүр зарим нэг хүмүүс ингэж интернетэд үнэгүй тавьж өгсөнд нь баярладаг байсан бол өөрсдөө зохион байгуулаад кино гаргах ажил дээр гар бие оролцоод ямар их цаг хугацаа, хүч хөдөлмөр гаргаж хийдэг болохыг ойлгож авлаа гэж хэлж байсан.
Интернетээр үзсэн ч гэсэн дэлгэцээр үзэхээр ирсэн хүмүүс маш олон байсан, зарим нь бүр үзэхгүй тэсэж байгаад ирлээ гэсэн залуус ч байлаа. Тэднийг үнэхээр боловсрол, мэдлэг, өөрийгөө хүндэтгэх үзэл, бусдыг үнэлэх үнэлэмж өндөртэй залуус юм байна гэсэн бодол төрж байлаа. Монголд интернет үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд, интернетийг ашиглаж өдөр тутмынхаа хэрэгцээ болгон ашиглаж байгаа монгол хүн бүхэн хууль бусаар тавигдсан зүйлүүдийн эсрэг байж, эв санаагаа нэгтгэж ажиллаж байхыг уриалж байна. Хэзээ нэгэн цагт өөрийн чинь үйлээ үзэж байж хийсэн бүтээлийг интернетэд үнэгүй үзэж, ашиглахаар тавьчихсан байна гээд төсөөлөөд бодоод үзээрэй л дээ...
Мэдээж ингээд л кино интернетэд тарчихаж, энд тэнд үзүүлээд байгаа юм байна гээд орхихгүй байх.
Бид Монголд холбогдох газруудад нь хандан хөөцөлдөж эхлээд буй. Манай багийн зарим маань тэнд биечилэн байх хэрэгтэй болсон учираас ч буцсан байгаа. Хамгаалах газар нь бүртгүүлээд хамгаалуулаад байхад ингэж тархсан тул буух эзэнтэй, буцах мөртэй байх биз ээ. Юмс удахгүй тодорхой болох байх гэж итгэж байна. Уг нь төр нь иргэдийнхээ оюуны өмчийг хамгаалж чаддаг, түмэн олон нь түүнийг үнэлж хүндэтгэдэг байвал сайнсан. Тийм ээ!?
Та Лoндонд ганцаар ирэхээр боллоо. Кино тань ч төлөвлөсөн хоёр өдөртөө бус ганцхан өдөр гарахаар болоод буй. Киног ирж үзэх үзэгчиддээ юу гэж хэлмээр байна.
Бидний дэлхийг тойрох аялал бусдын хөдөлмөрийг үнэлж хүндэлдэггүй, амиа бодогч, хорлон сүйтгэгч хэсэг бүлэг залуусын үйлдэлээр өндөрлөж байгаа хэдий ч киногоо жинхэнэ кино дэлгэцэн дээр үзэх юмсан гэсэн олон арван хүмүүс хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Одоо ч гэсэн манай хотод ирээч, киногоо гаргаач гэсэн хүмүүсийн урилга тасрахгүй байгаа. Гэвч энэ бүгдийг хийхэд асар их зардал орох болно. Нэгэнт кино гарах нь хэвээрээ байгаа Лондон хотод ажиллаж амьдарч байгаа монголчуудыгаа киногоо ирж үзээрэй гэж урьж байна. Кинотой холбоотой хийгдсэн дурсгалын зүйлс зэргийг би үзэгчиддээ тараана. Кино театрт олуулаа суугаад хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөн, киноныхоо дуу дүрсийг мэргэжлийн техник хэрэгсэлээр үзэж сонирхох нь компьютерийн дэлгэцээр үзсэнээс хэд дахин илүү гэдгийг ойлгож байгаа байх. Кино гаргасан хотуудад үзсэн хүмүүс энэ тухай илүү гоёор өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмжүүдээ илэрхийлэх байсан байх. Эх орноосоо алс хол суугаа, олон жил гэртээ хариагүй байгаа хүмүүс олуулаа нэг дор цуглараад залуу насаа, найз нөхдөө, эх орныхоо тухай ярилцаж хөөрөлдөх бас нэгэн боломжийг олгож өгсөнд тэд маш их баярлаж байсаныг хэлэх юун.
Энэ удаад нэг талаар та бүхэнд тооцож хэлэхэд амаргүй алдагдал учируулж буй ч нөгөө талаар олон зүйлийг мэдрүүлсэн ойлгуулсан их туршлага болж байгаа байх.
Манай кино төсөл уран бүтээлийг ямар түвшинд, ямар зохион байгуулалттай, яаж хийвэл амжилтанд хүрч болохыг монголд өнөө үед уран бүтээл туурвиж байгаа хүмүүст мэдрүүлэх, таниулах зорилгыг бас агуулж байсан. Тэр ч утгаараа Монголд анх удаа 3 хот 21 аймаг, 310 суманд киногоо нэг цаг хугацаанд гаргаж, кино дагасан бэлэг дурсгалын зүйлсийг худалдаалж, улс орон дамнаж киногоо гаргалаа. Хэдийгээр интернетэд тавигдсанаас болж бид алдагдалд орж, гадаадад гаргах ажлаа зогсоосон ч энэ удаагийн аялал биднийг маш олон танилуудтай болгож, асар их туршлага суулгалаа. Дараа дараагийн ийм ажлуудыг яаж зохион байгуулвал илүү оновчтой байх, хэнтэй харилцаа холбоо тогтоож ажиллах, хаагуур маркетинг хийх гэх мэтийн олон шинэ санаануудыг олж авлаа.. Ямар ч байсан аянд явсаных ганзага хоосон буцсангүй.
Эцэст нь хэлэхэд чадсан ч чадаагүй ч өөрөө хийж, оролдож үзсэн хүн л бусдын хийж байгаа ажлыг ойлгож мэдэрдэг шүү дээ. Монголчууд оюуны өндөр чадамжтай хүмүүс гэж бид бахархах дуртай. Тэр тусмаа гадаад оронд ажиллаж, амьдарч байгаа монгол хүн бүхэн монголчуудынхаа хийсэн оюуны бүтээлийг үнэлж хүндэлдэг, түүгээрээ бахархаж, олон түмэнд түгээдэг байх нь зүйтэй юм шүү гэдгийг залуустаа хэлмээр байна.
Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Удахгүй Лондонд уулзацгаая.
Цахим хөөрөлдсөн Д.Цэрэнбат
Үүссэн нөхцөл байдлаас болж Лондон хотноо энэ кино зөвхөн 11 сарын 18-д 18:00, 21:00 цагуудаас гарахаар хуваарьт өөрчилөлт орж, мөн үзэгч түмэнд киноны холбогдолтой дурсгалын зүйлсээс гардуулах юм байна.
7 comments:
зөвшөөрөлгүй нетэд тавьсан нь ёс зүйгүй л хэрэг байна.
гэхдээ киног хийсэн хүмүүс нь ёс зүй гээчийг мэддэггүй хүмүүс гэдэг нь харагдаж байсан болохоор эгдүүцэхгүй байгаа байлгүй дээ гэж бодогдсон шүү, үнэнийг хэлэхэд.
бид үнэхээр сайн бүтээл хийсэн болохоор хүмүүс ингэтлээ түүний хойноос хошуурч, хоцорчих вий гэж айж бас атаархаж байгааг мэдэрсэн гэж хэлж чадлаа гэж үү?
Интернет, блогууд дүүрэн харамсал,гутрал байсан, арай л гашуудал зарлаагүй байх...
ер нь бол тэр баяраа өөрөө л ширээн
дээрээс унасан юм байлээшт, та нарт харин яагаад хэлээгүйм бол доо?
Төр нь ажлаа хийдэг эсэхийг мэдэхгүй, үзэгч ард түмэн үнэлгээгээ бол аль хэдийн өгсөн, интернетэд дор хаяж 30-аад блогт киноны талаар ревью бичигдсэн, сүржин нэр өгсөнийг харахад Цэрэн ах уншаагүй бололтой, ер нь бол интернетэд тавиагүй байсан ч Монголд үзсэн хүмүүсийн блогоос муу кино гэдгийг нь уншиж мэдсэн хүмүүс үзэхгүй байх байсан биз.
Гадаадад байдаг Монголчууд үзээгүй нь Хуурамч бараан дээр брэндийн шошго нааж далдруулах луйвар урт хугацаандаа ашиггүй, богино хугацаандаа асар их ашигтай байдаг зах зээлийн хуулийн дагуу л болсон болох ёстой л зүйл болж, түүнээс атаархал жөтөөрхөл гэж өөрсдийнхөө ядарсан сэтгэлгээтэйгээ олон нийтэд зарлах нь дэмий хэрэг л дээ, оюунлаг хүмүүс бол атаархахгүй өрөвдөх юм уу жигшинэ, мөнгөний боолууд бол атаархаж мэдэх л юм
урмыг минь мөн ч их хугалсан кино доо.
...бид үнэхээр сайн бүтээл хийсэн болохоор хүмүүс ингэтлээ түүний хойноос хошуурч...
хэхэ үүнийг уншаад үнэхээр инээд хүрлээ. Үзэгчдээ доромжлоод байна уу? Өөрсдийгөө доромжлоод байна уу?
Нэг хэсэгтээ мартагдахааргүй дуулиан болсон шүү.
энэ ч үнээн...ийм муу кино ийм сүржин рикламтайгаар хожим дахин бүү гараасай билээ...
yun mergeljliin undur technikeer ter orchind uzwel ch geh shig, ornii tsagaan daawuu shig dunduuraa oyotoi urchiisen daawuun deer ter kinogoo gargaad ehleed dursend ni dasah gej zowson shd.
Londond kino garlaa. Sain muu olon comment harsan bolohoor saarmag bodloo neg tiish bolgoh bodol oevorlon ochiloo. Uzlee.
Taalagdlaa. :)
Post a Comment