Sunday, February 21, 2021

Болж өнгөрсөнд хэт санааширах нь 

Болж өрнөж буйд халтай байж мэдэх

Болж өрнөж буйд хэт улайрах нь 

Болж өрнөхүйд халтай байж мэдэх

Болж өрнөхүйг эрхэмлэн болгож бүтээвэл харин

Болж өнгөрсний хийгээд өрнөж буйн зүдгүүр нимгэрч мэдэх

Friday, February 19, 2021

Болзолгүй энэ хорвоод
Болж өнгөрсөн бүхнийг тунгаан шинжихэд
Бахдам бүхэн дандаа дардан замаар ирсэнгүй
Бачимдам бүхэн дандаа мунхаг замаар явсангүй
Өө халдаахгүй магтан дуулах зүйлс маань
Өрөөл нэгэнд гаслан байж ч болохоор
Магадгүй яг одоо дэвсэлж буй зүйлсээ
Маргааш бид хайлан дурсаж ч мэдэхээр...
Алдаа оноо гэгч ар өвөр тал юм хойно
Алдсан нэгнээ чөтгөрчлөлгүй гэсгээж
Алдарт хүрснийгээ бурханчлалгүй хүндэлж
Атгасан шагай мэт хурах ая эвийн тунг тааруулахсан
Бодлын дусал


Ерөнхийлөгчөө захиалав


Хууль бол нэгэн цаг үед амьдарч буй үеийнхний боловсрол, ёс, уламжлал, гадаад дотоод нөхцөл байдал зэрэгтээ тулгуурлан хамтдаа хэрхэн амьдрахаа тохирч, бичиглэн баталсан тоглоомын дүрэм. Монголоо хөгжүүлье, ард түмнээ хүн шиг амьдруулая гэсэн сэтгэлтэй хэн ч энэ тоглоомын дүрэмд энэ тэнцүү боломжтойгоор оролцох учиртай. Зөв хүн Электорат эвслээс гаргасан Ерөнхийлөгчөө захиалъя уриалгыг хараад Ерөнхийлөгчийн албанд хэн дэвшиж болох хийгээд болохгүй, нэр дэвшигчийг захиалж болох уу, болохгүй юу, яагаад гэх мэт асуултууд өөртөө тавьж тунгаав, мөрөөдөв. 

Өнөөгийн өөрсдийгөө шинжихүй: Монгол улсын иргэн бүр 18 нас хүрмэгц төрийн байгуулалд сонгох эрхтэй, харин сонгогдох насыг төрийн байгууллага албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно хэмээн Үндсэн хуулиараа тунхагласан. (ҮХ-н 2-р бүлэг, 16 дугаар зүйл, 9 дэх заалт). УИХ-д нэр дэвшигч 25-аас дээш настай байх бол Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувьд энэ шаардлага 50-ийн (45 байсныг шинэчилсэн өөрчлөлтөөр ийнхүү өсгөсөн) босго давснаар эхлэнэ. (ҮХ-н 2-р бүлэг, 30 дугаар зүйл, 2 дах заалт) 

Яагаад ер нь сонгуулийн насанд хүрэнгүүт Британи зэрэг орон шиг сонгогдох эрх нь бас зэрэг нээгдэж болдоггүй юм бол. Тоглоомын дүрмээс өнөөгийн бид хэнийг төлөвшсөн, итгэл даах хүн гэж үзэх вэ гэдэг хандлагадаа насыг нь чухалчилдаг нь харагдана. 

Статистикийн мэдээллийн нэгдсэн сан цахим хуудсан дахь мэдээллээс үзвэл сонгуулийн насны иргэд 2,1 сая ба үүнээс 540 мянга нь 50-иас дээш насныхан аж. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг сонгуулийн насны хүн амын 25 хувь л эдлэх боломжтой гэсэн үг. Энэ хэмжээ цааш багасах хуульчилсан заалтуудтай. 

Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан байна гэсэн нь хилийн чанадад амьдарч буй 50-иас дээш насны иргэдийн хувьд нэрээ дэвшүүлэх боломжгүй болгож буй. (ҮХ-н 2-р бүлэг, 30 дугаар зүйл, 2 дах заалт) Гадаадад удвал, гадаадаас ирээд удаагүй бол "гадаашчихсан" байх магадлалтай гэсэн үзэл санаанаас эхтэй заалт. Иргэд нь хоорондоо нийтийн сүлжээгээр гадаадад байгаа эсэхээрээ талцах нь үүнээс ундрагатай.

Гадаадад Монгол улсын 150 гаруй мянган иргэн ажиллаж амьдарч байдаг гэсэн багцаа тоо байх ба насжилтын бүтцийг нийт хүн амынхтай адил гэж үзвэл түүний 25 хувь буюу 37 мянга гаруй нь 50-аас дээш насных. Энэ 37 мянгыг 540 мянгаас хасахаар 513 мянга буюу 23,6 хувьд Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх эрх нь үлдэнэ. Гэвч энэ хязгаарлалт ингээд зогсохгүй.

Дараагийн хязгаарлалт нь нэр дэвшигч маань улсын их хуралд суудалтай намуудаас байх гэдгээр илрэнэ. (ҮХ-н 2-р бүлэг, 3 дүгээр зүйл, 2 дахь заалт) Энэ заалт нь өнөөгийн Монголын улс төрийн намуудын тогтолцоо түүнийг даган бий болсон иргэдийн улс төржилттэй холбогдоод нэр дэвшигч нь улс төрийн намдаа тодорхой нөлөө бүхий байхаас аргагүйд хүргэнэ. Ийм хүний тоо хуруу дарам цөөн 

Өнгөц харвал хэн ч ерөнхийлөгч болж болохоор чөлөөт улс орон мэт ч энэ цаг үеийн бид өөрсдийнхөө онцлогоос хамаарч үндсэн хуулиараа хүртэл ийнхүү өөрсдийгөө хүлж ирсэн нь олон зүйл дээр харагдана.

Ирээдүйн төлөө уриалахуй 
Martin Luther King Jr-н "Нэгэн өдөр" гэж байгаад хэлдэг “Надад мөрөөдөл байна” хэмээх алдарт үг бий. Өнөөгийн байгаа байдлаа хараад би бас ингэж хэлмээр санагдав.
Нэгэн өдөр.. сонгуулийн насанд хүрсэн, Монголын төлөө гэсэн сэтгэл зүрхтэй Монгол улсын иргэн хэн ч амьдран суугаа газар нутгаасаа хамааралгүйгээр, насны хязгаарлалтгүйгээр Монгол улсын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж болдог байх тийм эрх зүйн орчинтой, хүмүүнлэг ардчилсан нийгэмтэй улс орон болох цаг ирнэ гэж би мөрөөдөж байна.
Ингээд би мөрөөдлийн Ерөнхийлөгчөө захиалж байна.
Гадаадад сурч боловсорсон, өдгөө гадаадад амьдарч буй, эх орныхоо төлөө ихийг хийж бүтээж яваа Монголын улс төрийн намаг балчигт шигдээгүй 40 орчим настай бүсгүйг Монгол улсын Ерөнхийлөгчид захиалж zuvhun.mn хуудсаар нь саналаа хүргүүллээ.
Нэгэн өдөр...