Wednesday, March 01, 2023

Хааны ордонд бараалхсан нь

Англид 20 гаран жил амьдрахдаа анх удаа Хааны ордноор зочилж, хаантай гар барьж цөөн хором ч үг солих завшаан тохиов. Монголчууд маань төрөл бүрийн арга хэмжээнд уригдан оролцож энэ ордноор, ордны цэцэрлэгээр алхаж байсныг цөөнгүй сонссон. Ховорхон завшаан гэцгээдэг.

Ийм арга хэмжээнд зочид урихдаа сонгох, баталагаажуулах, урих гээд олон ч үе шаттай болтой.

Нэр дэвшигдсэн нь 

Сар хүрэхгүйн өмнөхөн Британийн ГХЯамнаас гэсэн нэг имайл хүлээж авав. “Зүүн болон Зүүн Өмнөд Ази орнуудын Британи дахь төлөөллийг Хаан болон Хатан хүлээн авах бөгөөд манай яамнаас таныг нэр дэвшүүлж байна. Та 2 сарын 1-д  энэ хүлээн авалтад оролцох боломжтой бол яаралтай хариу ирүүлнэ үү.  Энэ захидал нь Таныг хүлээн авалтад уригдана гэсэн баталгаа биш агаад нууц гэдгийг анхаарна уу” гэсэн утгатай имэйл ирэв. “За энэ хүн андуурав уу, хулхи имайл юм болов уу” гэж хэсэг гайхаж, имайл ирсэн хаягийн домайныг нь харлаа.  Яах аргагүй л эдний ГХЯамны домайн. Имайл илгээгчийн цахим гарын үсэг нь ч сүр бараатай, албан маягийн. Горьдолгодоо хөтлөгдөөд захидалд итгэх маягтай болоод ирэв. “За яахав боломжтой гэдгээ хэлээд гэрийн хаягаа явуулчихад яав л гэж өөр нарийн ширийн юм асуусан биш” гэж бодоод удалгүйхэн хариуг нь илгээчихлээ. Орой эхнэртээ хэлэв. Бас л жинхэнэ гэдэгт нь итгэх янзгүй. “Гэрийн хаягнаас өөр айхавтар мэдээлэл өгөөгүй. Юу ч байсан одоо дүүрч” л гэлээ.

“Одоо тэгээд хэн нь тэдний яамнаас намайг ингээд нэр дэвшүүлчдэг юм бол, өөр Монголчууд байгаа болов уу” гэсэн гайхшрал, таамаг толгойд бас эргэлдээстэй. “Яагаад танай яам намайг дэвшүүлэв” гэж асуултай ч биш. “Яасан их юм шалгаадгийн гээд больчихвол яана (Тэгэхгүй байх  л даа) ” гэж эмээгээстэй.

Уригдсан нь

Тэгсэн хоёрхон хоногийн дараа л Хааны албаны алтадмал тамгатай урилга захиа хүрээд ирдэг юм. Их л нарийн заавар журам, зөвлөмж багтаасан машинтай ирвэл цонхон дээрээ наах бичиг хүртэл хавсаргажээ. Ингээд нууц гэсэн болохоор эхнэр хүүхэд. ээж аав, ажлын хэддээ “нууц шүү” гэж байгаад хэлэхээс өөр хүнд хэлж чаддаггүй хэсэг л явлаа. Тэгэж байтал бас ГХЯамнаас нь нэрийг нь дэвшүүлсэн бас нэг Монгол байгааг мэдээдхэв. Тэр нь Монголд суухаар явдаг Британийн дипломатуудад 10 гаран жил Монгол хэл соёлыг зааж буй тус яамны гэрээт ажилтан, дотно найз Н.Энхтүвшин (Энхээ) маань байж таарав. “Хоёулаа боллоо. Найз нөөхддөө хэлмээр байдаг нууц гээд хэцүүмаа” гээд байж байтал өнгөрсөн Ням гарагт хийсэн подкастын үеэр Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны үүсгэн байгуулагч, хүндэт ерөнхийлөгч Д.Энхжаргал (дүүгийн хамтаар) мөн уригдсанаа сонирхуулж ингээд 4-үүл болсноо мэдэв.

Бэлтгэсэн нь

Ийм арга хэмжээн дээр үндэсний хувцасаа өмсөх нь зөв гэж бодоод номин хөх дээлээ хими цэвэрлэгээнд өгч толийлгов. Эхнэр маань надаас илүү л догдолно. “Гутал цэвэр байх нь Англичуудын нэгэн хүндлэл шүү” гэсээр наадам цагаан сараар л нэг жийж арчилгаа нэг их хийгддэггүй ээтэн бор гутлыг маань угааж зүлгэж өнгө оруулж өгөв. Хань минь намайг сайтай муутай нь мэдэх тул “хоол хошноос нь амандаа хийчихээд хүнтэй ярив. Заавал залгиж байж үгээ хэлээрэй. Хаантай ярих завшаан гарвал үгээ гүйцэд хэлээрэй. Чи хурдан яриад үгнийхээ зарим хэсгийг нь залгидаг шүү. Надад хааны ордны тамгатай салфетик ч хамаагүй авч ирээрэй” гээд л... “Эвий дээ, энийг минь хамт урьчихгүй” гэсэн шүү юм бодогдоно

Хүрэлцэн очсон нь

Ингээд болзоот өдөр Энхээтэйгээ хамт эхнэрийнхээ жаахан саарлыг гуйж хөлөглөөд ордны зүг жавхдав. Энхээ маань хаан, хатантай гар атгаж уулзаж байгаагүйгээс биш урьд нь энэ хавиар элдэв арга хэмжээнд нь орж байсан туршлагатай аж. Хөөрсөн хоёр хүн л давхиж хүрлээ.

Зочид урилгаа үзүүлсээр үе шат бүрийн цагдаагийн шалгалтыг давсаар нөгөө жуулчид завсраар нь л харж зураг дардаг хээ хуартай алтадмал хүрээтэй хар ширмэн хаалгыг нэвтэрч, тэмдэглэлт үйл явдлаар Хааны гэр бүлийнхэн тавцан дээрээ нь гарч гар далладаг нүүр хэсгийн доогуур шургаад, шилтгээний дундах дайрган талбайд машинаа тавьцгаав. Ингээд салхи борооноос хамгаалсан болов уу битүү шилэн нүүртэй баганат гол үүдээр орж, өлгүүрийн хэсэгт утас сэлтээ хураалгаад дээш хүлээн авалтын хэсэг рүү гарлаа. Ордны дотор засал чимэглэл гэж эд бүхэн нь өөрийн түүх ярин өндөлзөх мэт агаад өнгө үзэмж нь аргагүй л шүүрс алдам юмсанж. Энгэртээ зүүх зочдын нэрс бичигдсэн зүүлтүүдийг овгийн эхний үсгүүдээр нь багцлан  эгнүүлсэн ширээнүүдэд хуваарилсан агаад ширээ бүрийн дэргэд зогсох үйлчилгэч зочдод энгэрийн тэмдгийг өгөөд хааш зүглэхийг чиглүүлнэ. Цэрэнбат  (Ts) гэсээр үсгийн дарааллаар хамгийн сүүлийн ширээн дээрээс нэрээ олтол, үйлчилэгч нэг их олон хүн орохгүй байгаа эзгүй шахуу танхим руу заагаад “та ийшээ яваарай” гэв. Ортол 2 хамгаалалтын хүнийн нэг нь дөхөж ирээд намайг дагуулсаар цаашхи танхимд ортол ганган хээнцэр хувцастай 10 гаран хүн зогсох аж. Хөдөөний надад таних хүн ч алга. Хожим сонсох нээ уг нь алдартай хувцасны загвар зохион бүтээгч, нэрд гарч буй жүжигчид хүртэл тэнд байсан аж. Тэдний дундуур шувт дагуулсаар залгаа танхимд нь ортол бас 10-аад хүн зогсжээ. Тэнд байх залуу намайг жагсаалттайгаа тулгах гэтэл миний нэр тэнд нь байсангүй. Нэмэж бичээд нэрийг минь хэд хэлүүлж тогтоож аваад “Хаанд хэлж танилцуулдаг юм аа” гэв.

“Зочидоо ингээд нэрсээр нь ялгаад тус тусад нь оруулдаг юм байж дээ. Манай нөгөө хэд аль өрөөнд ороо бол” гэсэн юм бодоод, нэр зүс үл мэдэх хүмүүстэй яриа өдөх гэж оролдов. Бүгд л Ази царайтай, нэг нь Хон Конгийнх, нөгөө нь Хятадынх, гурав дах нь Японых , 4 дэх нөхөр “Би Англи хүн” гэв. Нэг их удалгүй “за ингээд зогсоорой” гээд байрлалууд зааж өгөөд зогсоолоо. Хаан хатан дагалдагч нартайгаа түрүүний дамжин ирсэн өрөөнд зочидтой гар барин товч ярин наашилж яваа харагдав.

Хаантай уулзсан нь

Удалгүй бидний зогсох танхимд орж ирэн эхнээс нь гар барин ярилцсаар миний ээлж ч ирлээ. Гар барилаа. Дагуулж яваа түшмэл нь Монголын Нийгэмлэгийн тэргүүн гээд танилцуулж байна. “Их том газар нутагтай байх аа” гээд гараа дэлгэж үзүүлж байна. “Тийм ээ Британиас 7 дахин том оо” гэнгүүтээ залгуулаад “Таны аав Тахийг дахин нутагшүулахаар Монголд 1997 онд айлчилж байсан” гэтэл. “Аан нээрээ тийм шүү” гээд нүд нь сэргэж байна. Дор нь залгуулаад “Тэр тахь нутагшуулсан нутаг нь  миний өсөж торнисон сум юм. Тахинууд маш сайн өсөж үржиж байгаа” гэв. “Монголчууд моринд их сайн, багаасаа унаж сурдаг гэж сонссон. Морь унадаг биз дээ” гэнэ. “Уналгүй яахав. Хөдөөний хүүхдүүд 3 настайгаасаа унадаг. Морьгүй бол хөдөө хаашаа ч явах аргагүй болдог байсан юм” гэлээ. “Би ер очиж байгаагүй орон шүү” гэнэ. “Та манай оронд очоорой” гэлээ. Ингээд хаан дараагийн хүн рүү хөдлөв. Хатан Камела ирлээ. “Танай үндэсний хувцас уу, хүмүүс өдөр тутам хэрэглэдэг үү” гэнэ. “Тийм ээ хөдөө бол одоо ч дээлээ байнга өмсдөг.  Биед дулаан, хэрэгтэй үед хөнжил ч болчихно” гэлээ. Бүс сонирхож байна “Энэ ямар нэг утгатай юу” гээд ширэн бүсний толин дээрхи дүрсийг заав. “Дээр үед бол омог аймаг өөрсдийн сүлдний дүрстэй байсан. Тэрийгээ сийлдэг байсан байх Миний энэ бүсний хувьд Монгол хээ. Ер нь Монголчууд бүсээ эрхэмлэдэг, бүсгүйгээр дээл өмсдөггүй юм” гэснээр бидний яриа өндөрлөв. Хадагтай Аннэ араас нь залгав. “Монгол хүн” гэдгийг мэдээд “Аан Монголоос хэд хэдэн хүн энд ирсэн гэж сонссон” гэв “Тийм. Бид 4-үүлээ байгаа” гэв “Юу хийдгэв” гэхээр нь арай өөр талаас яриа хийхээр “Тогтвортой Ноос ноолуурын Эвсэл гэж олон улсын байгууллагад ажилладаг. Байгаль орчин, малдаа ээлтэй хариуцлагатаа ноолуурын хангаэ нийлүүлэлтийн тогтолцоог бий болгохын төлөө ажилладаг Англид төвтэй олон улсын байгууллага юм” гэлээ. “Нээрээ ноолууранд янз бүрийн юм, тухайлбал нохойн үс энэ тэр холидог гэж сонсож байсан” гэнэ “Тиймэрхүү зүйлсийг үгүй болгож үе шат бүрийг нь мөшгиж, хэрэглэгчдэд хариуцлагатай тогтвортойгоор бэлтгэгдсэн ноолуур хүргэх тэр тогтолцоог бий болгохоор оролцогч талуудыг зөвшилцүүлэн хамтран ажилладаг байгууллага юм аа” гэлээ “Аан зөв” гээд цааш хөдлөв. Дараа нь Хатны бараа бологч (найз нар нь болтой) гэж өөрсдийгөө танилцуулсан хижээл насны хээнцэр 2 эмэгтэй, Gloucester-н гүнж гэх мэт бусад хүмүүс бас ирж жанжин малгайн утга, Англид хэдэн Монгол байдаг, хаагуур голдуу амьдардаг, соёл уламжлалаа хадгалах ямар арга хэмжээнүүд хийдэг талаар янз бүрийн асуултууд асууж, цухас цухас ярилцав. Хааны гэр бүлийнхэн гараад дуусав. Хажууд зогсоо шавилхан Ази бүсгүйтэй яриа өдлөө. Түрүүнээс хойш л энэ танхимара орж гарах хааны удмынхан болов уу гэмэрэ хүмүүс түүн дээр ирж мэнд мэдээд байсан юм. “Хааны гэр бүлийнхэн өөрийг тань их сайн таниад байна Энэ ордонд ажиллаж байсан уу?” гэхэд “Би хааныг хаан болохоос өмнө энд биш, тэдний гэрт ажилладаг байсан. Одоо бол NHS -д ажиллаж буй. Уг гарал маань Вейтнам” гэв. Сайхан яриа хөөрөөтэй Бритиш аялгатай Англи хэлтэй бүсгүй аж.

Хамаг олонтой бужигнасан нь

Ингээд удалгүй бидний байсан танхим эль хуль оргиод тэнд зогсох 10 гаран хүн одоо яах билээ гэсэн байдалтай болоод ирэв. Нөгөө биднийг хариуцаж байсан залуу орон гаран шогшоостой. Нэг орж ирэхээр нь одоо яах билээ гэтэл “өө, одоо чөлөөтэй шүү Хажуугийн том танхим руу орж болно” гэнэ. Ингээд том хаалгыг нээн тийш ортол тэнд харин 200 гаран хүн харин ёстой шаагилдаж байна аа. Хаан хатан бараа бологчидтойгоо дундуур нь явж хүмүүстэй гар барьж ярьж яваа үзэгдэв. Энхтүвшин маань тэнд ханхүү Эвдардтай их л дотно яриж зогсоо харагдана. Тэгсэн хүүхдүүд нь нэг сургуултьд явдаг болох оо мэдэлцэж хан хүү, туршлагатай эцэг хүний зөвлөлгөө өгч байсан нь тэр байж.

Хэнтэй нь юу ярих билээ энэ чинь одоо хэмээн бодож зогсов. Гар хоосон зогсох нь бас эвгүй тул хажуугаар явах үйлчлэгчийн тавцангаас нэг хундагатай оргилуун дарс авав.  “Хонг Конгын уугаал, шүдний эмч” гэсээр нэг залуу ашгүй гараа сунгав. 2 хүнийг дуудаж “энэ хүн Монгол гэнэ ээ” гээд танилцуулав. Нэг залуу нь хуульч гэнэ Бас Хонг Конгийн уугуул. Нөгөө хижээл настай үг амнаас нь бага унах эр нь Лондонгийн China Town-н хоолны сүлжээг мэддэг хүн гэнэ. Хэсэг ярьсны дараа шүдний эмч залуу нь нэрийн хуудсаа өгөөд “манай цагаан сараар бид үндэстэн үндэстнийг урьж China Town-аа тэмдэглэдэг Монголчуудаа ирэх жил оролцуулаарай Холбоотой байя” гэнэ. “Тэгэлгүй яахав Манайх бас наадмаа зун хийдэг ирээрэй” гэлээ. Оксфордын Их сургуульд Доктор хийж буй Тайланд ламтай хэсэг ярьж зогслоо Ажаа гэгээний Оксфордод байхдаа сууж байсан сүмийг мэдэж байна. Ажаа гэгээний тухай ч сонссон гэнэ. Энхээ маань тэнд хаантай уулзаад гар барьчихсан, Энгэрийн зүүлтээ тайлбарлаад ээж нь дээлийг нь урласныг хэлээд авч буй үзэгдэнэ.

Тэгэж ингэж байгаад хартал нөгөө хажуу танхимд хамт байсан Япон гараа эвхчихсэн пээдгэр зогсоо харагдана. Очоод “давгүй юу” гэсэн.” Өө бид хэд чинь хажуу өрөөнд хааны гэр бүлтэй хангалттай цаг өнгөрөөсөн юм байна ш дээ, Бусад хүмүүс ихэнх нь энд уулзаж байгаа юм байна Би тэгээд зүгээр ажиглаад зогсож байна” гэж пээдийж байна. “Энэ хажуу өрөөнд тэгээд ямар хүмүүс нь байв аа?” гэсэн  “Урлагийн, Загварын ертөнцийн, Сайн дурын болон Хүмүүнлэгийн байгууллагуудын нэр хүндтэй хүмүүс байсан ш дээ” гэнэ.  “За тийм байх аа Намайг ер нь андуураад л оруулчихаж Даанч тэндэх хүмүүсийн нэрсийн жагсаалтад нэр байхгүй байсан юм.  Үгүй яахав Тэнд байсных хаантай нь тухтай гар барьж хэдэн үг солих хувь тохиож, Гэхдээ миний нэрний хуудсан дээрхи хөх өнгө (өнгөөр бас кодолж хуваарилсныг нь мэдсэн юм) эд нарынхтай адилхан л юм даа” гэсэн шүү юм бодогдов. “Хааны зурагчин тэнд гар барьж буй хүн бүрийн зургийг дараад байсан Нэг гар барьсан зураг олдох байгаа” гэсэн шүү юм бодогдов

Тэгтэл нэг дэвтэр үзэг барьсан залуухан бүсгүй нөгөө япон бид 2 дээр ирээд “Би энд ажиллаж буй хэвлэлийн хүн юм аа. Анх удаа л ордны үйл ажиллагааны талаар сурвалжилж байна. Та 2 өнөөдрийн сэтгэгдэлээ хэлээч” гэв Нөгөө японы яриа хэлтэйг анзаарсан тул бодох цаг авах гэж боловсон зан ч үзүүлэх гэж “За чи эхлээд ярь” гэсэн нөгөөх нь тачигнуулаад эхлэв. Миний ээлж ирэх үед нь “Монгол бол бас эзэнт гүрэн байсан Британитай түүгээрээ их харьцуулагддаг. Энэ орд харш нь үнэхээр гайхам юм аа. Бидэнд ингэж босгож үлдээсэн том орд шилтгээн хот суурин байхгүй ч байгаль орчинд ээлтэй байх тухай яригдаж буй энэ цаг үед тэр шинжийг хамгийн хадгалж амьдардаг хүмүүс бол Монголчууд тэр дундаа Монголын малчид юм” гээд тогтвортой ноос ноолуурын эвслийн тухай жаахан яриадхав, “2 орны дипломат харилцааны 60 жилийн ой болж буй юм шүү. нэмэж тодруулах зүйлс байвал холбогдоорой” гээд нэрийн хуудсаа ч атгуулав.

Энхээ маань хаантай, хаан хүнтэй бүсгүй хүн уулзахдаа хагас нахасхийдэг ёсыг үйлдэж хэсэг ярьж зогсоо харагдсан. “За чи хаантай юу ярив” гэхэд “Юу хийдгийг асууж байна. Монголд алба гүйцтгэдэг Британийн дипломатууддтай ажилладаг, Монгол хэл соёлоо Британийн төрийн болон бизнесийн байгууллагуудад заадаг, зөвлөлгөө өгдөг тухайгаа хэллээ. Бас 2 орны дунд дипломат харилцаа тогтсоны 60 жилийн ой тохиож буйг ч дурсаад авлаа” хэмээсэн. Би хаанд 60 жилийн тухай дурсаж амжаагүй юм Олуулаа бол бас ингээд дутуугаа нөхөөд яриад байж болдог байх нь байна

Ингээд бид 4 Монгол хувцасныхаа буянаар олон ч хүний анхаарал татаж, ярианы эхлэл болж, өчүүхэн ч завгүй байсаар нэг мэдэхэд тарах хугацаа болсон байлаа.

Орон орны нэр хүндтэй хүмүүс цугласныг арга хэмжээний маргааш л Daily mail гэх мэт эндэхийн хэвлэлээс олж мэдэв. Бодвол бас олон төрлийн хэвлэлийн хүмүүс тэр дундуур холхиж байсан байх нь.

Сэтгэл өндөр харьсан нь

Энхээ бид 2 ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад энэ сайхан арга хэмжээнд оролцсоноо хоёр биендээ хөөр бахдал болгон ярьсаар жаахан саарлаа даргиулсаар буцав. Зам зууртаа  түр зогсож тагш тагш дарсаар тагнайгаа баярлуулж тав гурван үмх хоолоор гэдэс цатгав. Хүүе тэгэж хэлдэг байж ээ үүнийгээ илүү дурддаг байж ээ гэсэн болсон явдлын дараахь жам ёсны гэмээр цагаахан харамслууд, дараагийн удаа анхаарах туршлагуудаа ч хөөрөлдөв

Азийн шинэ жилд зориулсан энэ хүндэтгэлийн арга хэмжээ жил бүр зохион байгуулагддаг болов уу гэж таав. Магадгүй хойшид Монголчууд маань ээлж дараалан уригдаж оролцох байх гэж найдна. Миний хувьд иймэрхүү арга хэмжээнд анх удаа оролцсон болохоор дараа орвол ингэх хэрэгтэй юм байна гэсэн сургамж бодлууд жамаараа л төрж байна Хаант ёсны соёлын зах зухаас мэдэрч амсаж бусдад ярих хөөрөх юмтай болов.

Нэр дэвшүүлсэн, батламжилсан, урьсан бүгдэд гүнээ талархан мэхийе.

 

Нийтийн сүлжээ, хэвлэл мэдээлэлд өртсөн нь

Хааны ордон дотор зураг авах хориотой байсан тул Ордны зурагчны цахим хуудсанд зургуудаа оруулахыг хүлээв. Үдээс хойхно оруулжээ. Хаантай гар барьж буй зураг, ярьж зогсоо зураг бас бус 2 газар дүр маань үлдэж. “Сошиал сүлжээгээр ашиглах бол ордноос зөвшөөрөл ав эсвэл нэгийг 35 паундаар бүх эрхтэй нь өндөр нарийвчлалтай авч болно” гэсэн бичигтэй аж.  Ордны хэвлэл мэдээллийн хүний имайл хаяг руу нь 2 зургаа явуулаад цахим болон сошиал хуудсанд ашиглаж болохыг лавлатал тэр дороо л хариу ирж байна. Хаантай гар барьж буйг болно Нөгөөхийг битгий ашиглаарай гэж. Тэрийг нь лавшруулаад хартал Хаан гараа дэлгэх маягтай хөдөлгөөн хийж түүнээс болж гар нь бүдэг гарсан аж.

Эхнэр маань орой “чиний болон өнгөө хоёр Монгол эмэгтэйн зураг ордны гэрэл зурагчны жиргээ, Хатан Камелагийн ажлын албаны жиргээ, Daily Mail-н сэтгүүлчийн жиргээ зэрэгт багтсан байна” гэв. Монгол үндэсний хувцасны татах чадвар байсан буй заа. Ямартай ч хүнд үзүүлэх баримттай болсондоо талархав.

Хожмын энэ мэт арга хэмжээнүүдэд уригдан очих Монголчууд маань үндэснийхээ хувцасыг бие, орчиндоо тохируулан өмсөж очоорой. Найдвартай зурагчны дуранд өртөнө шүү. Баталгаа нь энэ 😊


No comments: