Энэ блог
Уншигч танд - Миний дотоод ертөнцийг ил гарган тусгасан толь болог
Бичигч надад - Бодол санааныхаа бор гэрт хаан байхын жаргал эдлүүлэг
Wednesday, July 25, 2007
Цэцэн үгэнд бүү хуурт үүслийн шалтгаан нь юундыг шинжил
Monday, July 23, 2007
Зүрхэнд ургасан хайр үгүй бол тархинд таригдах хайр
------------------------------ хайр биш шаналал болмой
Friday, July 20, 2007
Дөрөө харш
---------залуу насны гэрэл тусаж буй нь тэр
----------------хурц тод хурд ихтэй ч гэнэдэх нь бий шүү
Болдог нь зургаараа л болж дээ хэмээн дурсаж сууна уу,
---------ахимаг насны сүүдэр унаж буй нь тэр
----------------явдал чангаах ч сургамж арвин шүү
Гэрлийн тодоор сүүдрийг бүгээнтүүлж,
--------------------------гэнэн явдлаас сургамжаар тойрч
Гэрэл сүүдрийн орчлонд хөгшин хийгээд залуу
--------------------------дөрөө харшуулж байгууштай
Дундыг тулгасан хорвоо
Дутуурхаж дорд орж хохиромгүй
Туйлын юм үгүйг тулгасан энэ хорвоод
Тэг дундуур нь сажилж явах болж байна уу?
Monday, July 16, 2007
2007 оны Наадмын бөхийн барилдааны тухай бодол
Монгол түмний энэ жилийн баяр наадамын бөхийн барилдаан бодол таамаг алд дэлэм зөрүүлсэн үзэж суухад байтугай дурсаж ярихад дундрамгүй сонинтой болж өнгөрлөө.
Улсын аварга болон арслан цолтой хүн шөвгийн 4-т үлдээгүй наадам өмнө тохиож байсныг он жилтэй нь хэлчих хүн энэ олон сонин хэвлэлийн мэдээнээс харагдахгүйг бодоход хавьд тохиогоогүй сонин наадам болов болтой.
Энэ наадмын бөхийн барилдааныг "Бөхийн шинэ үе хүч түрэн гарч ирснийг энэ жилийн наадам тунхаглалаа" хэмээн Өдрийн сонин, "Үндэсний бөхийн шинэ үе түрэн орж ирлээ" хэмээн Өнөөдөр сонин дуу дуугаа авалцан дүгнэв.
Бөх үеээрээ байдгаа гэж ярьдаг. тэгэхээр нэг үе гарч ирж буйг хүлээн зөвшөөрөхөөс яахав. Гэхдээ энэ удаа тэд ингэж бөөн цулаараа гарч ирэх нь хүч түрэн орж ирэв үү, хий зайгаар нэг дүрс хийв үү? гэсэн бодол толгойд эргэлдэх. Хэрхэснийг ирэх жилийн наадам харуулах хэрэг.
Ямартай ч наадмынхаа өнгө хийморь болж барилдсан бөхчүүддээ баяр хүргэж олон жил амжилттай сайхан барилдахын ерөөл дэвшүүлэе.
4-ийн даваанаас эхлэн түрүү үзүүрт харах арангатай, нас бие нь цөлхи болчихоогүй, ид л хий нь гарч барилдаан нь тогтсон гэж үнэлдэг итгэдэг бөхчүүд маань ташраараа бүдэрч эхэлсэн байх юм.
Бөх ноёноо дагадаг гэсэн нэг хуучны үг бийг бөх хуучилж суусан Заяамандах анд сануулав. Самбуу даргын үед Мөнхбат аварга төрж, Цэдэнбал даргын үед Баянмөнх аварга наадмыг магнайлж, Бямбасүрэн сайдын үед Бат-Эрдэнэ аварга торойж, Очирбат Багабандийг дагаж Цэрэнпунцаг гарьд хүч орж Гончигдоржийг дагаж Өсөхбаяр аварга төрсөн юм уу гэж бас бодогдохоор. Нээрээ л сүүлийн үеийн засаг төрийн замбараагүйтэлийг дагаад бөхийн барилдаан ч тааж тогтоох аргагүй болоод байна уу? Мэдээж ноён дагалгүй цоордог бөх алийг тэр гэхэв.Цолны хэрэг байхгүйг ч нэг харууллаа даа гэж бөх найз маань уулга алдаж байна. Бодоод байх нээ энэ нь бас давхар утгатай үг юмсанж. Энэ цагийн бөхийн өнгийг тогтоох учиртай хүмүүс маань цол авснаар ханаж Монгол бөхөө хүндлээгүйнхээ горыг амсав гэсэн санааг найз маань хэлэв үү дээ гэж тунгаалаа. Өсөхбаяр аваргын хий гарах бус хий нь эргэж орон заан болсныхоо хойтон жил унадаг шигээ унаж буй барилдаан, унасан хойно оо наадмаа, наадамчин олноо эс хүндэтгэн улаан цайм марган мэтгэлцэж буй авир энэ цагийн толгой бөхчүүдийн бөхдөө хандах сэтгэлийг алган дээр дэлгэв. Унасандаа үнэнхүү харамсаж буй ч давсан бөхдөө талархаж чадах ухаан, хүндлэл бас хэрэгтэй. Наадам нэгээр дуусахгүй шүү дээ. Аварга байна гэдэг ааштай ууртайгаараа түрий барьж бус арга ухаан бяр мэхийн хослолоор өөрийн үеийн Монгол бөхөө хөтөлж явдаг их үүрэг хүлээсэн гуядаж авдаг ч гуйсан ч буцаагаад өгөх аргагүй том ачаа юмсанж. Өсөхбаяр аварга яаж аашилна Монгол бөхийн нэгэн үеийн өнгө тэгэж харагдах тэр их ачаа өөрт нь ирснийг мэдрээсэй билээ гэж бодогдож байлаа.
Аварга Сумъяабазар ам буруу авахын, адгаж яарахын золиос болов уу даа. Хүн болгон шинэ аваргын наадам боллоо гэсэн бодлын салхи тогтож амжаагүй байхад хурдтай хийцтэй начны мэдрэмжтэй сайхан тонгороонд наадамд түрүүлэх мөрөөдөлтэйгөө хамт дал мөрөөрөө буух нь тэр. Энэ бол энэ жилийн наадмын хамгийн уран сайхан барилдаан байсан гэж хэлж болохоор.
Харин нутгаас гараад олон жил болж буй мань мэтийн хувьд хэнийг ч сайн мэдэхгүй нэг залуу л түрүүлчих нь тэр. Энэ нь Монгол бөхийн холбоо өөрийн гэсэн веб хуудасгүй, шинэ залуу гарч ирж буй бөхчүүдээ өнөө цагийн техник технологийн боломж, ололтыг ашиглаж түмэнд таниулж мэдүүлэхдээ тун тааруу ажилладгийн үp дагавар. Харах бөхгүй үзэх морьгүй бол хүн наадмын амтыг дутуу мэдэрдэг. Мань мэтийн таних мэдэх бөхчүүд маань насны эрхээр амжилт нь буурч залгуулан харах дараа үеийхнийг мэдээллийн хомсдолоос болж мэдэж таниж чадахгүй үлдэж байхад хүний нутагт төрж өссөн бидний залгаа үе тэртэй тэргүй мэдрэхгүй болчихоод байгаа Монгол наадмыг энэ газар удаахан суугаа мань мэт нь хүртэл яваандаа үзэх сонсох сонирхол буурчихгүй байгаа даа гэсэн халгийн бодол зурсхийснийг бас цухуйлгая.
Энэ жилийн наадмыг Интернетээр үзэх сонсох унших боломж хаа очиж их байлаа. Энэ бүгдийг цаг сэтгэл гарган зохион байгуулсан мэдээллийн хэрэгсэлүүдэд гүнээ талархая. Харин наадмаа сурвалжлахдаа бөхөө мэддэг, морио таньдаг хүмүүстээ түшиглэн тэдэнтэйгээ хамтарч сэтгүүлчид маань сурвалжилж байвал зүгээр санагдлаа. Наадмын тухай сонингуудын тэмдэглэлийг харж суухад мөн ч дур дураараа бичсэн байх юм. Бөхөд гэхэд л цолны эрэмбээр нь бичих, барилдааны явцыг нь биш юм гэхэд давсан хаясан мэхийг нь зөв биччихдэг мэдлэгтэй сэтгүүлчид ховордоо юу даа. Наадмын мэдээнүүд, түүний доор уншигчдын бичсэн сэтгэгдэлүүдээс үүнийг харж болно.
Монгол наадамаа үзэх хүсэл тэмүүлэл маань бүү унтраг!
Дэлхийн ганцхан наадмаа дэнж толгодоос нь давуулж түгээцгээе!
Friday, July 06, 2007
Баяр наадмын дурсамж - Монгол бөх
Хүүхэд ахиуд хөгшчүүл өвөөгийнд маань цуглаж шатар тоглож мөн элдэвийг ярих л даа. Ярианий гол сэдэв нь бөх морь хоёр. Ангайтлаа сонсоно доо. За тэгээд л хүч бярийнх нь элдэв домгийг дуулж, нэр сургийг нь сонссон аварга арслан заануудыг санаандаа төсөөлж тийм мундаг хүн болохсон хэмээн эргэж хурган унтаж чадахгүй хэвтдэгсэн.
Хөдөөний хүүхдүүд хөлд орохоосоо л барилдаад эхэлдэгийг юу эс андахав. Гэрийн сүүдэрт суусан хөгшчүүл ааруул ёотон барьчихаад л "за барилдана аа хө" гээд л үзэлцүүлж өгөх. Энд тэндээс нь мэх зааж урам хайрлана заримдаа унаж явахад нь түшиж босгоод хүртэл барилдуулаад байна.
Давсан нэгнийх нь цолыг дуудаж ааруул ёотонгоор байлна. Энэ бүгд маань бас л бөх гэдэг хийморилог зүйлийг хүүхэд бидний бие сэтгэлд шингээж байсан том сургууль байж ээ.
"Хорь хүрч бяр суугаагуй бол бөх болно гэж бүү бод
Гуч хүрч ном сураагуй бол эрдэмтэн болно гэж бүү бод
Дөч хүрч бэл суугаагүй бол баяжина гэж бүү бод" гэсэн нэг үг бий.
16-19 нас гэдэг ид л бяр орж эхэлдэг нас шиг санагддаг. Энэ үед нь хаа хамаагүй том хүнтэй барилдуулалгvй бяр хүч хөдөлгөөний эвсэл суулгахад нь анхаарах хэрэгтэй хэмээдэг юм билээ. Бөх хүн гэдэг биеийн хуч бяраас гадна сэтгэлийн зоригоор барилддаг болохоор хар багаас нь бие хаагаар илүү хүмүүстэй барилдуулвал зориг нь мохоод олигтой барилдаан ч болдоггүй гэлцэх.
Миний бие арван жилээ төгсөөд Улаанбаатар хотноо ном сурахаар ирэх тэр мөчөөс нэг л барилдмаар санагддаг болов оо. Уг нь 8-р ангидаа байхад ангидаа бараг л хамгийн бага нь байснаа 10 төгсөхөд шугам жагсаалд дээгvvр зогсдог нэгэн болтлоо огцом өссөн юмдаг.
За тэгээд ичээд заал танхимийн барилдаанд гарна гэж байхгvй. Үзээд л дотроо барилдаад яваад байна. Зун харин сумандаа очоод нэгийн даваанд гардаг болов. Өвөл нь заалны барилдаан үзэж зун нь сумандаа очож барилдсаар 4-р дамжаа төгсөх жилээ сумийн заан гэдэг цолыг хуртээдэхэв. 21 настай л байж. Дурсаж явдаг баярт мөчүүдийн минь нэг энэ дээ. За ингээд нэгэнт муу ч үгүй сумын заан хүн гэдэг чинь зориг ормор болоод хотод ирээд зааланд гардаг болов оо. Дандаа л нэгийн даваанд гуд татуулах. Хааяа нэг давбал хэд хоногтоо сэтгэл өег. Ингэж заал хэсэж тэнэсээр эр хүнд олз нь тухайн цагийн бөхчүүдтэй ч нилээд танилцаж эхэлсэн юмдаг. Сүүлрүүгээ би ч хирээ мэдэж барилдахаасаа илүүтэй голдуу нөгөө хэдийнхээ цүнхийг үүрч бөх үнэгүй үздэг л болов. Басхүү хэд хэд бэртэл авсан минь ч нөлөөлсөн хэрэг.
Энэ бүхэн маань надад Монгол бөхийн их тогоонд хутгалдаж тэдний яриа хөөрөөнд оролцож барилдаан гэдэг зөвхөн биеийн хүчээр бус ухаан зориг од хийморь сүжиг бишрэл гээд олон зүйлээс хамаардагийг улам бүр ойлгоход үнэлж баршгүй их тус болсоон.
Одоо (90-ээд оны дунд болон сүүл үе) энэ ид барилдаж байгаа бөхчүүдийн ихэнх нь л миний их багаар таних танилууд. Энэ бүгдийг нуршдаг нь миний бие бөхийн тухай нэг их холуур буудахгуй шүү гэдгээ л ойлгуулах гэж ядаж буй хэрэг.
Барилдана гэдэг бас л тэр чигээрээ нарийн ухаан. Өөрийн чинь хийдэг дархан мэх юу билээ, өрсөлдөгчийн чинь чамаас давуу болоод дутуу тал юу билээ, өмнөх барилдаан дээр түүнтэй яаж шуу барилдаад яасан билээ, одоо ийм байдлаар барилдвал яадаг бол, өнөөдөр чиний бие сэтгэл ямархуу байгаа билээ, газрын доороос барилдах уу, наран талд нь зогсож барилдах уу, талбайн голд мэхээ хийх уу, захад хийх уу, гарын амар дээр шийдсэн мэх хийх үү, жаал зогсож ирийг нь мохоож цуцааж байх даацтай мэх хийх үү гээд энэ бүгдийг зөв тунгааж байж эцсийн дүн болох учраа бөхөө давах тэр л ганцхан аргыг олж тогтоох юм.
Мэдээж энэ бүгдийг хэр зэрэг зөв шийдэж байж хэрхэн барилдах вэ гэдэг нь хувь хүний бөхийн эрдэм ухаан мэдэх хэрэг.
Магадгvй үзэгчдийн зүгээс харахад зарим барилдаан нь зүгээр л хүрч ядацгаагаад байгаа мэт харагдаж болох. Үнэн хэрэгтээ цаана нь дээр өгүүлсэн тэр их сэтгэл зүйн тэмцэл дотоод ертөнцөд нь явагдаж, хүч барилдаан тэнцүүхэн хүмүүс нэг нэгнийхээ хийг харан өөрийн мэхээ хийх оночийг хүлээн "тэмцэлдэж" байгаа хэрэг..
Бидний танил нэгэн бөх чаддагууд нь харж суучихаад тал талаас нь хашгираад чаддаггүй хэд нь дуртайдаа түмний өмнө ноцолдож байх юм хэмээн
хошигнож байсан билээ.
Бөх бүрийн барилдааний арга барил өөр. Зарим нь барьцгуй баруун зуун хөл авах эсвэл давхар хамчихдаг байхад зарим нь сэрвүү барьцнаас халж сэлж байгаад суйлах, дунгуйлдаж татах, хар тавхайгаар нь хутгах, хавирих мэхээр барилддаг бол зарим нь хав барьж барьц хангаж байж татах, хутгах, тонгорох, нохой мордох, бусгах, давуулж гуядах гэх мэт дархан мэхнvvдтэй байдаг. Нийт 600 орчим мэхийн хувилбар бий хэмээн Увс аймгийн Хяргас сумийн харъяат Дархан аварга Хорлоогийн Баянмөнх өөрийн эрдэмийн бүтээлдээ дурьдсан юм гэдэг.
Жин багатай хүмүүс голдуу барицгуй гүйх, сэрвvv барицнаас мэх хийхийг эрхэмлэдэг бол жин ихтэй арал бяртай бөхчүүд хав золгож байж дарж авахийг хичээнэ. Тал бүрийн барилдаанийг ч эзэмшсэн хун их. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат Дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохийг хав сэрвvv аль ч барилдаанаас уран сайхан барилддаг гэцгээдэг юм. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат Далай аварга Агваансамдангийн Сүхбатын барилдаан бол бас нэгэн урлаг гэлтэй.
Бөхөд байдаг нэг зүйл бол "аа" юм. Аатай бөх гэж яридаг даа. Энэ нь өөрийгөө өрсөлдөгч бөхөө хаяна хэмээн сэтгэл зүйн хувьд зориг оруулж буй нэг арга шиг санагддаг. За яахав дээ би ч дээ гээд нурмайгаад байвал учираагаа хаяна гэж хаа байхав. Аатай байна гэдэг зоригтой байгаагийн нэг шинж. Зориг дагаж бяр гэдэг. Өрсөлдөгчөө дутуу унэлж хэт аархаж бас болохгүй. Давс хужирийг нь тааруулахаас аргагүй. Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат дархан аварга Жигжидийн Мөнхбат бол хүний сэтгэл зүйгээр их барилддаг
их аатай байсан хүн гэцгээх юм билээ. Үнэн л дээ. Одоо ч яриж байгаа нь цаанаа л нэг өөр. Харин аман дээрээ их аатай ч яг барилдахаар маш нарийн тооцоотой барилддаг хүн гэж нэг үеийнх нь олон бөхийн хэлж байхийг сонссон.
Та бүхэн ч хүн зоны яриа хөөрөө ном зохиолоос нь харсан биз.
Мэдээж энэ бүгдийн зэрэгцээ бяр гэж нэг гол юм бий дээ. Бяргүй бол аархаад ч хэрэггvй, тооцоолоод ч хэрэггvй. Өөрөөр хэлбэл барилдаад хэрэггүй гэсэн үг.
"Бяр байхад мэхээр яахав" гэж Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат Улсын заан Донровийн Долгорсүрэн гуайн ид байхдаа хэлж байсан нэг уг бий гэдэг.
Бяр гэдэг 25 нас хүртэл нэмэгдэн орж байдаг гэх. Тэр хуртэл биеийн хүчний ажил сайн хийж баяраа тогтоож байх нь чухал. Архангай аймгийн харъяат улсын хүчит арслан Дуламжавийн Мөнх-Эрдэнэ 25 тай байх үеэсээ ид баяр хүч нь тэгширч байхад хажуу айлийн нэг өвгөн "энэ хvv эмэгчин барын бяраа олж тогтоож чаджээ" хэмээн хэлж байж билээ.
Монгол бөхийн нэг онцлог нь цагийн болоод орон зайн тодорхой хязгааргүй, жингийн ялгаагүй барилддаг нь жинхэнэ байгалийн хуулиар явагддаг хүч сорих тэмцээн мэт санагддаг юм.
Бөхчүүдийн дунд бөхийн ертөнцийн өөрийн гэсэн бичигдээгvй хуулиуд их. Бөхчүүдийн тийм нэгэн хууль нь "цолны эрэмбэ". Хэн хүчтэй ухаантай байна тэр илүү цолонд хүрнэ. Хэн илүү цолтой байна тэр хаа ч явсан давуу эрхийг эдлэнэ. Тэр нь доод цолтноо дээрэлхэж загнаад бай гэсэн үг биш. Ерөөсөө л бөх бүр зүрх сэтгэлээрээ мэдэрсэн илүү амжилт гаргасан нэгнээ хүндлэх нэгэн ёсон гэлтэй. Айлд орвол ахмад цолтой нь эхэлж орж хамгийн дээр сууна. Ууж идэхийг ч тэрхүү ахмад цолтон л мэднэ.
Барилдаан болвол ахмад цолтой бөхчүүд зүүн баруун талыг манлайлж мөн тэд л барилдааны талбайн хаана барилдахаар сонгоно, амлуулсан бага цолтой бөх тэр газар нь л очиж барилдана. Тухайлбал, энэ цагийг эзэлсэн их аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ наадмийн дэвжээнээ есөн хөлт цагаан тугийн зүүн урдхан очиж зогсоод Хэнтий нутагруугаа нэг эхэлж харчихаад барилдаанаа эхэлдэг бол Улсын заан Пунцагийн Сүхбат, спортын төв ордонд баруун урд талын буланг дандаа сонгож барилдах. Үүнийг барилдах гэж буй бөхчүүд нь ч мөн барилдаанийг байнга үзэх үзэгчид ч андахгүй ээ. Нэгэнт цол гэж сайхан зохицуулагч байгаа болохоор ямар нэгэн явган маргаан бөхчүүдийн дунд гарах нь тун ховор.
Бөхчүүд ер нь сүжигтэй хүмүүс. Хэлж яриж хөдөлж буй бүхэн нь олон түмний хараанд байнга байх тул нөгөө хар цагаан хэл аманд их өртөнө. Тэр бүрийгээ даатгаж байдаг лам тус бүрд нь бий. Зарим нь ч өөрөө бурхны номоос мундахгуй суралцсан. Увс аймгийн Наранбулаг сумийн харъяат Одвогийн Балжинням аварга үүний тодхон жишээ. Наадмын бэлтгэлд галд нь хамрагдан цуг гарч байсан миний бие үйлдэж буй ёс жаягийг нь далдхан харж явахдаа бараг л лам хүн юм уу даа гэмээр бодол төрж байсан билээ. Бөхчүүдийн нэг гол шүтээн нь төрж өссөн ус нутаг уул хангай нь даа. Ялангуя төрсөн нутгийнхаа нэртэй хайрхандаа өөрийгөө даатган сэтгэл санаандаа байнга сүлсэн залбирч явдаг нь ихэнхи бөхөд харагддаг. Бат-Эрдэнэ аваргын барилдахын өмнө нутаг руугаа нэг харж байдаг нь ч үүнийг илтгэх шиг санагддаг. Тэр жил П.Сүхбат заан Б.Гантогтохийг заан болдог жил нь зааны даваан дээр хаяж байгаад ойчиход нь манай нэртэй нэг аварга "Баянзүрх уул нь түшсэнгvй ээ" гээд уулга алдаж байсан. Ер нь мань эр анх гарч ирж байсан Налайх гэхээсээ Баянхонгор аймагийн Баян Овоо сумын харъяат хэмээн цоллуулах нь их болоод байсан үе л дээ. Энэ мэт жишээ мөн ч ихээ.
За тэгээд баяр наадмын үеэр жинхэнэ нарийн ширийн зүйлсийг ажиглаж болно. Олон бөхчүүд бие сэтгэлийн бэлтгэл жинхэнэ ханачихсан мориор бол бас л торгон ирэн дээрээ байцгааж байгаа хэрэг. Ир нь орсон морь бөх хоёр их эмзэг ээ гэлцдэг. Тэдний хувьд наадмын өдрүүдэд хэнтэй гар барихав хэнээс холуур байхав бараг л яаж алхаж гишгэх билээ гэдгээ дэнслэн бодно.
Ямар нэгэн бүтэлгvй зүйл тохиолдвол олон зүйлтэй холбон бодож сүсэглэнэ. Наадмын өдрүүдэд өөр хоорондоо нэг их гар барих нь харагддаггүй. Зүгээр л атгасан гараа зөрүүлчгээгээд байдаг. Мөн нуруу мөрөн дээр нь хэн нэгэн дарах тэр ч бүү хэл хүрэхэд ч учиргүй дургүйцэнэ.
Бөхийн хийморь мөрөндөө шингэсэн байдаг гэлцэх. Барилдахаар гарахдаа дээл хувцасаа хэнд өгөөд гарвал сэтгэл нь амар байхав гэдгээ ч бодож тэр хүнээ наадамд дагуулж очин дээлийн захаа мушгиулж байгаа нь харагддаг. Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат улсын арслан Пүрэвийн Дагвасүрэн гуай ид барилдаж байх үедээ наадмын үеэр хүнтэй эр дуугарахгуй, шүлсээ ч тэр бүр хаядаггүй байсан гэдэг. Өөрөө түүнийгээ "дуу гаргах шүлс хаяхад хүч бас алдагдана шүү дээ" хэмээгээд жуумагнах.
Тэгэхээр үзэгч олон наадмын үеэр, ер нь ямар нэг барилдааны үеэр хэн нэгэн таньдаг бөхөө таарахаар хэт танимхаарч дал мөрийг нь алгадаж өөрөө л хүсээгvй бол дагаж салбагнаад байх хэрэггүй гэсэн үг. Сэтгэлд нь сэв суулгачихна. Сэтгэлдээ сэвтэй хүн өөрийг тань хичнээн дэмжиж мэх ухааныг нь хажуунаас нь заагаад олигтой барилдахгүй шүү дээ. Ийм учиртай.
Тэгэхээр наадам гэдэг зүгээр л хэдэн хүчтэн гарч ирээд ноцолддог юм биш ээ гэдгийг та бүхэн ойлгоо биз ээ.
Энэ бүхэн миний Монгол бөхийн талаархи бодлын минь зах зух аа.
Үүгээр миний;
Сүлдэнд мөнхөрсөн түмэн эх
Сvргийн манлай морин эрдэнэ
Баяр наадмын эрхэм цэнгүүн
Бяр хүчит Монгол бөхийн тухай дурссан Үндэсний их баяр наадмын тухай дурсамж маанй өндөрлөлөө.
Эрхий мэргэн харваачдийнхаа талаар мэдэх юм даанч үгүй тул эргэцvvлэн
дурсах мэдлэг хүрсэнгүй болгооно биз ээ.
Амьдран суугаа улс орон бүртээ өргөн дэлгэр сайхан наадацгаагаарай!
2007 оны 7 сарын 8. Paddington Recreation Ground
photo by Semka
Баяр наадмын дурсамж - Хурдан морь
Эхлээд хурдан морины уралдааны тухай өөрийн л мэдэхээсээ хуваалцая. Миний бие хурдны морийг 5 настайгаасаа тар сунгаанд, 7 настайгаасаа наадамд унаж уралдаж эхлэсэн нэгэн.
Морь хурдална хурдлуулна гэдэг нарийн ухаан.
Ямар шинж төрхтэй морь байх учиртай, ямар уяа таарах нигууртай, ямар аргаар уралдах ёстой гэдэг тус тусдаа маш нарийн ухаан бөгөөд өөр хоорондоо салшгүй холбоотой байж наадмын давхил буюу эцсийн дүн нь гардаг.
Хурдан морины шинжийг хамгийн богинохон үгээр илэрхийлнэ үү гэхэд нэгэн алдарт уяачийн эмээл тохоход хотгор байна гэсэн уг түрүүлж байсан юм гэдэг. Энэ үгийг л задлан шинжвээс хурдан мориний бүхий л шинж илэрч байдаг аж.
Хүн бүрийн морь таних эрдэм тусдаа. Өвгөд наадам сунгааны газар тойрч суун тамхилцгаан элдэвийг хүүрнэн
- Энэ мориний гэдэс нь таарч, тэрнийх сул байна,
- нартай өдөр байна бүгээн морь өнгөлөх нь дээ.
- Тэр хэний зээрд халзангийн хөл их хөнгөхөн, хойд урд хөлийн гишгэлт яг нэг газар таараад байна торгон ирэн дээрээ байгаа юм байна даа.
- Єє энэ чинь хөөсөн хөлсөө бараагүй байна амьсгаадаад яаж давхих вэ дээ,
- За даа энэний урд шөнийн хоол ихэдсэн байна өнөөдөр ч найдлагагүй болжээ.
- Хэн чи хээр моринийхєє хаврын хорон хөлсийг олигтой аваагүй юм аа даа?
- Доржийн бор моринд нэг сунгаа дутах нь дээ янз нь,
- Ээ уяа нь хэтэрчихэж, бараг мултрах тийшээ хандсан байна шуу дээ гэх мэтээр ярьцгаана.
Өөр хоорондоо ч мэдэмхийрэн чиний морь шавар хөлстэйгөө байна. Yгvй шороонд даруулчисан болохоос сувдан хөлс нь гарч байгаа нь энэ хэмээн мэтгэлцэцгээдэгсэн.
Хашир уячид бол жилийн турш ирэх жилийн наадамд уях морио ажиглаж алсаас бэлдэнэ. Хэт хайрлаад жилийн турш мориндоо хүрэхгvй байж болохгүй, хааяа бариж унаж хөлсийг нь гаргаж зүрхний тарга авахуулахгүй байх хэрэгтэй, хавар хониний бууцан дээр хэд хоног уявал дотор нь онгойно гэх мэт ярьцгаах. Харин яг наадмаас сар орчмын өмнө эрчимт уяа эхлэнэ.
Өглөө бүр нар мандах үед адуугаа уяан дээр авчирч моридоо барилана.
Толгодын дээгүүр цухуйх өглөөний нарны гэрэл ойлгон гялтагнах өвсний шүүдэр өшигчин адуу тургилан ирж байх чимээ гэдэг ямар сайхан гэж санана аа. Нойрон дунд эмээгийн маань адуу ирлээ мориний хүүхэд их унтвал морь хурдалдаггүй юм хэмээн дуудах агшинд нүдээ нэг нухлан, ирж яваа адуун сүргийг гэрийн хаягаар цухас хараад год хийн босож хувцаслан эмээлээ барисаар уян дээр очно доо.
Морьдоо барьсний дараа шороо тоосыг нь хусуурдан сойздоод дэл сvvлийг нь бооно.
Мориний дэл сүүлийг боохоор өнгө жавхаа орж мориний бие ч жавхардаг гэх,.
Ингээд хэсэг унтуулаад дараа нь баалгах буюу урд шөнийн идсэн хоолийг нь гадагшлуулна. Ингэхдээ хурдан мориний хүүхдүүд морьдоо унаж гийнгоолон, гэлдрэхээс эхлээд хатируулж цогиулах хүртэл явдалаар явуулна.
Ямар явдлаар явуулахыг уяач л мэднэ. Гэлдрэх учиртай морийг шогшуулж, хатирах газар гэнэ алдан цогиулж эрүүний шөл мундахгуй уудагсан.
Хэн сайхан гоолох вэ гээд л хооронд нь өрсөлдүүлдэг байж билээ. Нутаг нутгийн гийнгоо бага зэрэг ялгаатай. Манай нутагт бол гийнгоо эхлэхийн урьд
Умаа хэрээ бадам дадий базар гадив
Хаян хярваа хүлүү хүлүү хум пад
Умарзийн нам суухай
хэмээн уянгалуулан хэлээд гийнгоолж эхэлнэ. Энэ шад нь морь хүн мэнд амар сайхан наадахийг хүсэн мөргөж буй утгатай юм гэдэг.
Гийнгоолоход морь хүүхдийн хийморь золбоо сэргэхээс гадна энэ нь ерөөс баяр наадмын нэгэн хөг эгшиг юм.
Өдөр судрийг нь тааруулж зарим өдөр хөлс авна зарим өдөр нь тарлана(үсэргэнэ). Наадмаас өмнө олон морьдтой нийлуулэн бага, дунд, их гэж уралдах зайгаас нь хамааруулан гурван удаа сунгана. Сунгаа бүр нь дараагийн сунгаа болон наадмаас өмнө морь бүрт тусгайлан ямар уяа засал хийхийг уячидад хэлээд өгнө дөө. Мэдээж ямар уяа засал хэрэгтэйг нь олж мэддэг чадвартай байх хэрэгтэй.
Ямар уяа таарах нь мориний онцлогоос их хамаардаг гэлцэх. Зарим нь тарган талдаа ир ордог бол зарим нь бүр хар махаа шавхах нь халаг болж байж ир орно. Үүнийг морио мэдэх эзэн хүн л тохируулж чадах хэрэг. Ир нь орсон морь ямар ч амтгүй тунгалаг сувдан хөлстэй байх ба бас хатуу тал хомоолыг нэг нэгээр нь цувуулан баана. Зан ааш нь ялимгүй өөрчлөгддөг гэцгээх. Бас л морь морины ир орох нь өөр. Ир орно гэдэг нь бүх уяа засал нь яг таарчихаад байна гэсэн vг. Морины ир ердөө л 2-3 хоног үргэлжлэнэ. Энэ л торгон ирийг нь наадмийн өдөр тааруулах нь уячийн эрдэм ухаан.
Наадмаас өмнө ир нь ороод өнгөрвөл мултарчээ хэмээнэ. Амжиж ороогүй бол дутууджээ гэлцдэг.
За тэгээд уяаг нь зөв тааруулахаас гадна морь уяж байхад анхаарах өөр бусад зүйл маш их ээ.
- Yхэр хонь хурдан мориний уяа руу битгий ойртуул. Хөл хүндтэй амьтад тул морьний хурдад муугаар нөлөөлнө.
- Нохой уян дээр ирж хөрвөөвөл сайн
- Морьдтойгоо аль болох цуг байвал морь сэтгэл санааны хувьд тайван амар байна.
- Уяа нь орсон морь маш эмзэг амьтан. Хэрvvл уруул битгий хийж бай хэмээцгээнэ. Энэ бүгдийн чухам нарийн учрийг нь хүүхэд ахуйд сайтар мэдэхгүй ч үнэхээр л тийм байх ёстой хэмээх бодол бат шингэсэн юмдаг.
- морьд уяан дээрээ салхи сөрж зогсож байвал онгойсны шинж дээ
- Дөрвөн хөлөн дээрээ эгц зогсож байвал ядаргаа суугаагуй уяа орж буйн шинж.
- Нүд нь нуухдаад өрөөсөн хөлөө сойж зогсвол няцарсний нэг тэмдэг гэх мэтээр элдэвийг өгүүлж сургана.
- Салхин талд нь эргээрэй.
- Тэр хэний морьтой битгий уралцуулаарай.
- Газрын тэг дунд хүртэл татаж уралдаад тэгээд зуулгана шүү.
- Барианаас ийм зайд тавиарай хэмээн хэн хүнгүй л захина.Хэлсэн бүгдийг нь яалаа л гэж тэр дор нь сурахав.
Хүүхэд ямар байх нь морь наадамд хаагуур давхихийн тал хувь гэцгээдэг юмдаг. Аль болох эхэнд эргэхийг бүгд л бодно. Тиймээс ч шилбүүр уургатай хүн хөөж явахгүй бол урагшаа алхах тун дургуй.
Морь унана гэдэг бас л амаргүй ажил. 10 ч хүрээгvй гарын тамир нь гүйцээгvй хүүхдүүд чинь ам хатуутай, хадуурдаг, авч чавхаддаг янз янзийн морь унана. Халуун наранд ангана.
Нүүр ам холцруутана. Харин морины хүүхдүүд энэ бүгдээ хийх л ёстой юм аа хийж байна хэмээн бодож тэр бүгдэд эр бие нь хатуужин өлжирчиж байгаа нь тэр.
Морины хүүхэд наадмаар хүндтэй. Тэр улаан ус, хуушуур хоёр бол уралдаад ирэх болгонд л бэлэн байж байна шүү дээ.
За тэгээд наадам гэдэг аз эз их түшнэ. Бүх юм нь жин та болчихоод байхад нэг үлийнд бүдрээд л бүтэн жилийн хөдөлмөр талаар болохыг алийг тэр гэхэв.
Хурдан морины уралдааны тухай элдэв бодлынхоо зах зухаас дурдсан дурсамжаа үүгээр өндөрлөе.
Thursday, July 05, 2007
Баяр наадмын тухай дурсамж
Гэсэн хэдий ч Монгол наадам мөнх оршиг! хэмээх сүсэл минь алдагдсангүй тул эл дурсамжаа блогоороо дамжуулан дахин хуваалцая
.... Зуны дэлгэр цагт хотол тvмнээрээ цэнгэн нааддаг Монгол vндэстний vндэсний их баяр наадам дөхөж байна. Яг жилийн ємнє 1998 оны их баяр наадмын урьд орой Монстуднет-ийн чат өрөөнд хилийн чандад суугаа хоёр Монголын хооронд нэгэн ийм яриа болж билээ
- Наадам маргааш гээд л эх оронд маань мєн ч сайхан байгаа даа одоо?
- Yхсэн хойноо хушуурандаа алалдаж шороонд булуулаад наадмийн сайхан нь хаанаа байдаг юм бэ?
Эр бяр хvч ухаанаа сорих эр хvний єнє эртний гурван сорил нь он цагийн уртад тvмэн олноор цэнгэн наадах баяр наадам болтлоо єргєжин хєгжиж. Єнє эртнээс улбаалсан энэхvv баяр цэнгэл богд эзэн хаанд мандал єргєх Даншиг долоон хошуу наадам, Арван засгийн наадам тэдгээрийг залган авсан Ардын хувьсгалийн их баяр наадам хэмээн vе vедээ єєр єєрийн нэртэй байлаа. Єдгєє бид Монгол vндэстний vндэсний их баяр наадам хэмээх болов.
Энэ бvгд Монгол наадам байв, байсаар байх юм. Дэлхийд ганцхан Монгол наадам.
Амьд явбал улсын наадам үзнэ ээ гэж их нариагчийн хэлсэн нэг үг бий.
Гаргаж буй бие сэтгэлийн их бэлтгэл, зарцуулж буй их зардал, наадаж буй их хөөр баяр гээд аль ч талаараа бодсон наадам гэдэг төрийн том тоглоом юм шүү гэж өвөө маань хэлдэг байсансан.
Тиймээ уяачид нь эргэх дөрвөн улиралын турш ухаан бодлоо шингээж нойр хоолоо хасан байж хүлэг морьдоо сойцгоож, бөхчүүд нь бүтэн жилийн турш барих барьц хийх мэхээ тунгаан бясалгаж бие хүчээ жагсрааж, харваачид нь татсан сум нь байгаа онох онч мэргэнээ тогтоож түмэн олноороо нааддаг наадам чинь аугаа байлгүй яахав.
Энэ их наадмыг амид байж л үзэх учиртай юмсанж.
Монгол хүн хэн бээр ч энэ сайхан наадмыг шороотой хуушуураар бүү төсөөлөөсэй билээ.
Хурдан морины тухай болон бөхийн тухай дурсамжууд үргэлжлэх болно...
Мэдээлэл мэдлэг болохын тухайд
Хэлж тайлбарлахад амаргүйгээр бодолд тань орооцолдчихсон буй, ээдрээг нь тайл