Эхлээд хурдан морины уралдааны тухай өөрийн л мэдэхээсээ хуваалцая. Миний бие хурдны морийг 5 настайгаасаа тар сунгаанд, 7 настайгаасаа наадамд унаж уралдаж эхлэсэн нэгэн.
Морь хурдална хурдлуулна гэдэг нарийн ухаан.
Ямар шинж төрхтэй морь байх учиртай, ямар уяа таарах нигууртай, ямар аргаар уралдах ёстой гэдэг тус тусдаа маш нарийн ухаан бөгөөд өөр хоорондоо салшгүй холбоотой байж наадмын давхил буюу эцсийн дүн нь гардаг.
Хурдан морины шинжийг хамгийн богинохон үгээр илэрхийлнэ үү гэхэд нэгэн алдарт уяачийн эмээл тохоход хотгор байна гэсэн уг түрүүлж байсан юм гэдэг. Энэ үгийг л задлан шинжвээс хурдан мориний бүхий л шинж илэрч байдаг аж.
Хүн бүрийн морь таних эрдэм тусдаа. Өвгөд наадам сунгааны газар тойрч суун тамхилцгаан элдэвийг хүүрнэн
- Энэ мориний гэдэс нь таарч, тэрнийх сул байна,
- нартай өдөр байна бүгээн морь өнгөлөх нь дээ.
- Тэр хэний зээрд халзангийн хөл их хөнгөхөн, хойд урд хөлийн гишгэлт яг нэг газар таараад байна торгон ирэн дээрээ байгаа юм байна даа.
- Єє энэ чинь хөөсөн хөлсөө бараагүй байна амьсгаадаад яаж давхих вэ дээ,
- За даа энэний урд шөнийн хоол ихэдсэн байна өнөөдөр ч найдлагагүй болжээ.
- Хэн чи хээр моринийхєє хаврын хорон хөлсийг олигтой аваагүй юм аа даа?
- Доржийн бор моринд нэг сунгаа дутах нь дээ янз нь,
- Ээ уяа нь хэтэрчихэж, бараг мултрах тийшээ хандсан байна шуу дээ гэх мэтээр ярьцгаана.
Өөр хоорондоо ч мэдэмхийрэн чиний морь шавар хөлстэйгөө байна. Yгvй шороонд даруулчисан болохоос сувдан хөлс нь гарч байгаа нь энэ хэмээн мэтгэлцэцгээдэгсэн.
Хашир уячид бол жилийн турш ирэх жилийн наадамд уях морио ажиглаж алсаас бэлдэнэ. Хэт хайрлаад жилийн турш мориндоо хүрэхгvй байж болохгүй, хааяа бариж унаж хөлсийг нь гаргаж зүрхний тарга авахуулахгүй байх хэрэгтэй, хавар хониний бууцан дээр хэд хоног уявал дотор нь онгойно гэх мэт ярьцгаах. Харин яг наадмаас сар орчмын өмнө эрчимт уяа эхлэнэ.
Өглөө бүр нар мандах үед адуугаа уяан дээр авчирч моридоо барилана.
Толгодын дээгүүр цухуйх өглөөний нарны гэрэл ойлгон гялтагнах өвсний шүүдэр өшигчин адуу тургилан ирж байх чимээ гэдэг ямар сайхан гэж санана аа. Нойрон дунд эмээгийн маань адуу ирлээ мориний хүүхэд их унтвал морь хурдалдаггүй юм хэмээн дуудах агшинд нүдээ нэг нухлан, ирж яваа адуун сүргийг гэрийн хаягаар цухас хараад год хийн босож хувцаслан эмээлээ барисаар уян дээр очно доо.
Морьдоо барьсний дараа шороо тоосыг нь хусуурдан сойздоод дэл сvvлийг нь бооно.
Мориний дэл сүүлийг боохоор өнгө жавхаа орж мориний бие ч жавхардаг гэх,.
Ингээд хэсэг унтуулаад дараа нь баалгах буюу урд шөнийн идсэн хоолийг нь гадагшлуулна. Ингэхдээ хурдан мориний хүүхдүүд морьдоо унаж гийнгоолон, гэлдрэхээс эхлээд хатируулж цогиулах хүртэл явдалаар явуулна.
Ямар явдлаар явуулахыг уяач л мэднэ. Гэлдрэх учиртай морийг шогшуулж, хатирах газар гэнэ алдан цогиулж эрүүний шөл мундахгуй уудагсан.
Хэн сайхан гоолох вэ гээд л хооронд нь өрсөлдүүлдэг байж билээ. Нутаг нутгийн гийнгоо бага зэрэг ялгаатай. Манай нутагт бол гийнгоо эхлэхийн урьд
Умаа хэрээ бадам дадий базар гадив
Хаян хярваа хүлүү хүлүү хум пад
Умарзийн нам суухай
хэмээн уянгалуулан хэлээд гийнгоолж эхэлнэ. Энэ шад нь морь хүн мэнд амар сайхан наадахийг хүсэн мөргөж буй утгатай юм гэдэг.
Гийнгоолоход морь хүүхдийн хийморь золбоо сэргэхээс гадна энэ нь ерөөс баяр наадмын нэгэн хөг эгшиг юм.
Өдөр судрийг нь тааруулж зарим өдөр хөлс авна зарим өдөр нь тарлана(үсэргэнэ). Наадмаас өмнө олон морьдтой нийлуулэн бага, дунд, их гэж уралдах зайгаас нь хамааруулан гурван удаа сунгана. Сунгаа бүр нь дараагийн сунгаа болон наадмаас өмнө морь бүрт тусгайлан ямар уяа засал хийхийг уячидад хэлээд өгнө дөө. Мэдээж ямар уяа засал хэрэгтэйг нь олж мэддэг чадвартай байх хэрэгтэй.
Ямар уяа таарах нь мориний онцлогоос их хамаардаг гэлцэх. Зарим нь тарган талдаа ир ордог бол зарим нь бүр хар махаа шавхах нь халаг болж байж ир орно. Үүнийг морио мэдэх эзэн хүн л тохируулж чадах хэрэг. Ир нь орсон морь ямар ч амтгүй тунгалаг сувдан хөлстэй байх ба бас хатуу тал хомоолыг нэг нэгээр нь цувуулан баана. Зан ааш нь ялимгүй өөрчлөгддөг гэцгээх. Бас л морь морины ир орох нь өөр. Ир орно гэдэг нь бүх уяа засал нь яг таарчихаад байна гэсэн vг. Морины ир ердөө л 2-3 хоног үргэлжлэнэ. Энэ л торгон ирийг нь наадмийн өдөр тааруулах нь уячийн эрдэм ухаан.
Наадмаас өмнө ир нь ороод өнгөрвөл мултарчээ хэмээнэ. Амжиж ороогүй бол дутууджээ гэлцдэг.
За тэгээд уяаг нь зөв тааруулахаас гадна морь уяж байхад анхаарах өөр бусад зүйл маш их ээ.
- Yхэр хонь хурдан мориний уяа руу битгий ойртуул. Хөл хүндтэй амьтад тул морьний хурдад муугаар нөлөөлнө.
- Нохой уян дээр ирж хөрвөөвөл сайн
- Морьдтойгоо аль болох цуг байвал морь сэтгэл санааны хувьд тайван амар байна.
- Уяа нь орсон морь маш эмзэг амьтан. Хэрvvл уруул битгий хийж бай хэмээцгээнэ. Энэ бүгдийн чухам нарийн учрийг нь хүүхэд ахуйд сайтар мэдэхгүй ч үнэхээр л тийм байх ёстой хэмээх бодол бат шингэсэн юмдаг.
- морьд уяан дээрээ салхи сөрж зогсож байвал онгойсны шинж дээ
- Дөрвөн хөлөн дээрээ эгц зогсож байвал ядаргаа суугаагуй уяа орж буйн шинж.
- Нүд нь нуухдаад өрөөсөн хөлөө сойж зогсвол няцарсний нэг тэмдэг гэх мэтээр элдэвийг өгүүлж сургана.
- Салхин талд нь эргээрэй.
- Тэр хэний морьтой битгий уралцуулаарай.
- Газрын тэг дунд хүртэл татаж уралдаад тэгээд зуулгана шүү.
- Барианаас ийм зайд тавиарай хэмээн хэн хүнгүй л захина.Хэлсэн бүгдийг нь яалаа л гэж тэр дор нь сурахав.
Хүүхэд ямар байх нь морь наадамд хаагуур давхихийн тал хувь гэцгээдэг юмдаг. Аль болох эхэнд эргэхийг бүгд л бодно. Тиймээс ч шилбүүр уургатай хүн хөөж явахгүй бол урагшаа алхах тун дургуй.
Морь унана гэдэг бас л амаргүй ажил. 10 ч хүрээгvй гарын тамир нь гүйцээгvй хүүхдүүд чинь ам хатуутай, хадуурдаг, авч чавхаддаг янз янзийн морь унана. Халуун наранд ангана.
Нүүр ам холцруутана. Харин морины хүүхдүүд энэ бүгдээ хийх л ёстой юм аа хийж байна хэмээн бодож тэр бүгдэд эр бие нь хатуужин өлжирчиж байгаа нь тэр.
Морины хүүхэд наадмаар хүндтэй. Тэр улаан ус, хуушуур хоёр бол уралдаад ирэх болгонд л бэлэн байж байна шүү дээ.
За тэгээд наадам гэдэг аз эз их түшнэ. Бүх юм нь жин та болчихоод байхад нэг үлийнд бүдрээд л бүтэн жилийн хөдөлмөр талаар болохыг алийг тэр гэхэв.
Хурдан морины уралдааны тухай элдэв бодлынхоо зах зухаас дурдсан дурсамжаа үүгээр өндөрлөе.
1 comment:
Bataa akh yostoi l giingoon duu sonsogdtol, morid nudend haragdtal bichjee. Neg uulzahaaraa ungutuur yriulakh az tohioh udur udahgui ee
Post a Comment