Thursday, May 22, 2008

Хосын тавилан

Нэг хүмүүн хоёр болохын бэрхшээл, давбаас
Хоёр хүмүүн нэг болохын жаргал

Monday, May 19, 2008

Монголд хийж бүтээх маш их нөөц бололцоо байна

Цахим өртөө сүлжээний ууган гишүүдийн нэг Даваабатын Сайнбаяр анд саяхан Монголд болж дүнгээ гарагсан "Дэлхийн цалин Монголдоо" уриатай CEO нэвтрүүлэгт амжилттай оролцож аман хүзүүдсэн билээ.

Цахимөртөөнд сурагч Сайнбаяр анх элсэж байсан бол өнгөрсөн 9 жилд тэрээр CEO хийх хэмжээнд хүртлээ өсөж боловсросныг энэ нэвтрүүлгийг үзэгчид, Сайнбаяр андыг дэмжигчид тодорхой харсан.

Ингээд Сайнбаяртайгаа хэдэн хором онлайн хөөрөлдсөнөө танд хүргэж байна


-Юуны өмнө Global CEO нэвтрүүлэгт амжилттай оролцсонд баяр хүргэе!
-Баярлалаа.

-Монголдоо байлгүй олон жил болоод нутаг буцжээ. Соёлын шокноосоо хэр хурдан гарав даа? Энэ нэвтрүүлэг богино хугацаанд улс орноо, хүн зоноо, тэр дундаа монголын бизнесийн ертөнцийг эргэж нээж ойлгоход ихийг өгсөн байж таарна.

-Соёлын шокноосоо бага багаар гарч байгаа. (инээв) Гэхдээ бүрэн гүйцэд гарахыг хүсэхгүй байна. Хэрэв бүрэн гарчихвал эерэг өөрчлөлт, шинэчлэлтийг авчрах мэдрэмж, хийх бүтээх эрмэлзэл маань зэврэх магадлалтай шүү дээ. Нэвтрүүлгийн явцад Монголынхоо нийгэм, бизнесийн ертөнцтэй илүү гүн танилцах завшаан гарсан гэж үзэж байна. Олон сайхан залуустай танилцаж, мөр зэрэгцэн хамтран ажиллаж, монголын бизнесийн олон салбарт ололт амжилт, дутагдлыг нь олж харах бололцоо олдсонд баяртай байгаа.

-Өөрөө АНУ-д ажил албатай, сургууль соёлтой байсан ч түүнээ орхин энэ нэвтрүүлэгт нэлээд эрсдэл хийн оролцсон. Нэвтрүүлэг үргэлжлэх туршид TV үзэгч, вэб хуудсаар дэмжигчдийн санал өөрт тань чиглэж байсан тул таныг үзэгчдийн хувьд түрүүлэгч гэж үзэж болох юм?

-Үгүй ээ, 16 оролцогч бид бүгдийг л тэд дэмжиж байсан. Энд намайг дэмжсэн бас дэмжээгүй бүх фэнүүдэд талархал илэрхийлмээр байна. Энэ 16 залуус бүгдээрээ л чадалтай залуус байсан.

Хувьдаа сүүлчийн давааны ялагдлыг харьцангуй тайван хүлээж авсан. Тухайн ажлын байранд миний зарим чадвар, зан араншин тохирохгүй байсан байж ч болно шүү дээ. Нөгөө талаас энэ нь надад илүү өргөн сонголт өгч байгаагаараа эерэг талтай ч байж магадгүй. Харин бидний 16 оролцогчид өөрсдийгөө нээх, өрсөлдөх бололцоог олгосон Капитал Группт хувьдаа их талархаж явдаг.

-Капитал Групп та дөрвийг дөрвүүлэнг нь компанидаа ажиллахыг санал болгосон гэсэн? Өөрт тань ямар санал тавьсан бэ?
- Тийм ээ, бидэнд маш сайхан санал тавьсан. Одоохондоо надад ямар санал тавьсныг хэлмээргүй байна. Ер нь бол CEO түвшний санал байгаа. Энд гэж хэлэхэд бидний 16 залууст бүгдэд маань төрөл бүрийн компаниудаас янз бүрийн санал ирж байгаа. Одоо юуны өмнө сайтар амрах, дараа нь сонголтоо хийх, бодох хугацаа хэрэгтэй.

-Тэгэхээр өөрөө АНУ-руу буцахгүй гэсэн үгүү?
-Эх орондоо амьдарч, хийх бүтээх цаг иржээ гэж бодож байна. Өчигдөр ажил руугаа имэйл бичээд Монголдоо үлдэхээр шийдэж буйгаа илэрхийлсэн. Хоёрт энэ нэвтрүүлэгт оролцчихоод буцаад АНУ явчихвал хүмүүс юу гэж ойлгох вэ? (инээв)

Гадаадад өөр шиг тань ажиллаж буй залууст хандаж юу гэж хэлмээр байна?
- Монгол оронд маань чадвартай, мэдлэгтэй, туршлагатай боловсон хүчний эрэлт хэрэгцээ бүх салбарт байгааг нэвтрүүлгийн явцад сайн ойлгосон. Монголд хийж бүтээх маш их нөөц бололцоо байна гэдгийг л хэлмээр байна. Чадвартай мэргэжилтэнг харьцангуй сайн үнэлдэг болсон цаг үе ч нэгэнт ирчихсэн байна. Энэ нэвтрүүлэг ч Монголын хүний нөөцийн үнэлэмж, цалингийн хэмжүүрийг эвдэхэд нэлээд том нөлөө болсон болов уу. Гадаадад суугаа залуучууддаа Монголдоо ирж ажиллахыг уриалж байна.Нэвтрүүлгийн талаарх сэтгэгдэл маань шинэ байгаа дээр гээд хувийн блог дээрээ (http://sainbayar.blogspot.com) Монгол залуустаа хандаж нэг зүйл өнөө өглөө бичсэн. Гэхдээ сурсан мэдсэн мэргэжлээрээ тухайн оронд хэдэн жил ажиллаад, тэндхийн компаний соёл, know-how-ыг мэдсэн цагтаа ирвэл бүр сайн. Зөвхөн дипломоо өвөртлөөд ирнэ гэдэг бол нэг талаас тийм ч хангалттай зүйл биш юм. Бас зүгээр хараар ажиллаж буй залуу хүмүүст хандаж хэлэхэд, хэрэв бололцоо л олдвол тэндээ хэл соёлыг нь сайн суралцаад, ямар нэгэн сургуульд заавал суралцаарай, мөнгө гэхээсээ орчин үеийн мэдлэг боловсрол л илүү чухал шүү. Нэгэнт мэдлэг боловсрол эзэмшчихвэл, мөнгө өөрөө тань дээр ирнэ шүү гэж хэлмээр байна. Яагаав, нөгөө "Баян аав, ядуу аав"-ыг бичдэг Роберт Киёосаки хэлдэг дээ: "Don't work for money, make money work for you" гэж.

-Нэвтрүүлгийн цаашдын дугааруудад санал болгомоор зүйлс?
-Мэдээж олон л зүйлс бий. Техник технолгийн хувьд ч, зохион байгуулалтын хувьд ч анхаарууштай зүйлс их бий. Би өөрийнхөө шүүмж, магтаалыг тухай бүрт нь тэдэнд нээлттэй хэлж ирсэн тул энд дэлгэх шаардлага байхгүй байх. Гэхдээ UBS-TV-ийнхэн болоод нийт зохион байгуулагчид маань чадлаараа сайн ажилласан шүү. Бид бултаараа л суралцаж бас хөгжиж байгаа улс.

-За, цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье!
-Баярлалаа. Цахим Өртөөний нийт гишүүддээ сайн сайхныг хүсэн мэндчилье!


(Д.Сайнбаярын блогоос)

Хөх Монголын цоглог залуустаа
GLOBAL CEO нэвтрүүлгийн оролцогч Д.Сайнбаяраас

Сайн байцгаана уу, эрхэм анд нараа! Сайн байцгаана уу эрхэм фэнүүд, сургааль ерөөлөө хайрлаж ирсэн ахмад үеийнхэн болоод биднийг дэмжиж ирсэн хөх Монголын мянга мянган цоглог залуус аа!

“Дэлхийн цалинг Монголдоо” уриатай GLOBAL CEO нэвтрүүлгийн оролцогчид бид Монголын нийгэмд цоо шинэ уур амьсгал, цэвэр өрсөлдөөн, бүтээлч амьдрал, өөдрөг хүсэл тэмүүллийг илэрхийлэхийг зорьсны сацуу зурагтын өмнө суугаа олон мянган үзэгчдийн өмнө өөрсдийгөө нээж, бие биеэсээ суралцаж, заримд нь үлгэр дууриал болж оролцохыг зорьсон билээ.

Өдийг хүртэл нэвтрүүлгийн оролцогч бидэнд урам зориг хайрлаж, тусалж дэмжиж ирсэн нийт фэнүүддээ, мөн гадаадад суугаа зүс үл таних олон мянган хөгжөөн дэмжигчиддээ гүн талархал илэрхийльюү!

Бүтэн хоёр сар хагас хугацаанд бидний 16 залуус нойр хоолоо хасан байж, инээд баясал, харамсал гуниг, их ажлын ачааллыг бие сэтгэлээрээ мэдрэхийн хамт сэтгэл зориг нэгдэж, эрч хүчээр дүүрэн хамтран ажиллаж, гудамжны худалдаанаас эхлээд дэлгүүрийн сүлжээ, рестораны бизнес төлөвлөгөө, нийгмийн эмзэг давхаргад туслах хандивын компанит ажил, дэлхийн хөрөнгийн биржийн зах зээл, банкны шинэ үйлчилгээ, олон улсын тээвэр худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, нийгмийг эрүүлжүүлэх эрүүл хүнсний цогц хөтөлбөр гэх мэт 9 даалгаварын турш өөр хоорондоо баг болон өрсөлдсөн юм. Монгол залуус маань нэгдэж чадвал ямар их үйл хэргийг, ямар богино хугацаанд хийж чадаж байгааг нотлон харуулсан нь бидний бахархал билээ!

Энэ бүхний эцэст Монголын шинэ үеийн төлөөлөл болсон ажил хэрэгч залуус бид улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зориг нэгдэж, насан туршид зам нийлэх анд нөхөд болцгоосон юм. Нэвтрүүлгийн ялагчаар тодорсон М.Жадамба анддаа болон бусад шилдэг14 залуустаа сэтгэлийн угаас халуун баяр хүргэж, ирээдүйн их үйл хэрэгт нь өндөр амжилт хүсэн ерөөе!

Энэ дашрамд бидний залууст өөрсдийгөө нээж, таньж мэдэх, хамтдаа хөгжих бололцоог олгож, GLOBAL CEO нэвтрүүлгийг санаачлан зохион байгуулсан Глобал Удирдагч Сан, JCI Монгол, ивээн тэтгэсэн Капитал Групп, цаг наргүй ажилласан UBS телевизийн хамт олон, даалгавар гүйцэтгэх үе шатанд тусалж дэмжиж, хамтран ажилласан Монголын зуу зуун байгууллага, пүүс компаниудад нийт оролцогчдынхоо өмнөөс гүн талархал илэрхийлье!

Бидний залуус Монголын бизнесийн орчин болоод нийгмийн бусад бүх салбарт өөрсдийн оюун ухаан, мэдлэг боловсрол, ур чадвараа дайчлан ажиллах болно. Тийм ээ, ардчилалын үр шимээр харь нутагт эрдэм, эрдэнэ өвөрлөхөөр зорьж одсон бидний залуус эх нутагтаа БУЦАЖ ИРЛЭЭ! Бидний араас нөхөд маань ИРЖ БАЙНА! Харьд одсон Монголчууд маань БУЦАЖ ИРНЭ гэдэгт бид итгэдэг! Тун удахгүй Монголд мянга мянган залуус 50,000 долларын цалин авдаг үе ирнэ гэдэгт бид итгэдэг.

Гандах үедээ гандаж буй эх нутгийг минь услах хур бороо ирж айсуй!
Хөх Монголын цоглог залуус аа! Та биднийг ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ угтаж байна!

Дорд мэхүйн ёсолсон,
Д.Сайнбаяр
2008.5.19 - 11:05:46 AM
Улаанбаатар хот

Tuesday, May 13, 2008

Британийн Монголчуудын уламжлалт “Монгол орны хөгжилд” чуулган амжилттай боллоо

Британийн Монголчуудын Холбоо, Элчин Сайдын Яам хамтран хийдэг “Монгол орны хөгжилд” уламжлалт чуулга уулзалтын 4 дэх удаагийнх 5 сарын 4-нд Лондон хотноо амжилттай болж өндөрлөлөө. Чуулга уулзалтад Улаанбаатар, Москва, Оксфорд, Кембриж, Манчестер, Лийдс, Брайтон, Шеффильдийн их сургуулиудад суралцдаг монгол оюутан, аспирантууд болон судлаачид илтгэл тавин нийт 70 орчим сонирхогчид хүрэлцэн ирж оролцов.

Энэ жилийн чуулга уулзалт тодорхой сэдэв сонгосон, цахим хэлбэрээр зарим илтгэлүүд тавигдсан, боксийн дэлхийн аварга сэтгэгдэлээ хуваалцсан, АНУ-ын Монголчуудын Монгол Судлалын II Бага Хурлаас Мэндчилгээ ирүүлсэн гээд өвөрмөц дурсгалтай олон үйл явдлаар дүүрэн болсныг мөн дурдууштай.

Чуулган БАЙГАЛЬ ОРЧИН сэдвийг сонгож, түүнд төвлөрөн бэлтгэл ажлаа хангасан байлаа. Иймээс ч хөтөлбөрийн дагуу эхний ээлжийн илтгэлүүд нь байгаль эхэд шууд нөлөөллөө үзүүлдэг уул уурхай, газар тариалан, аялал жуулчлал гэсэн 3 салбартай холбоотой байж, эдгээр нь Монгол орны байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл түүний хор уршиг, эдгээр салбарыг зөв зүйтэй хөгжүүлэхэд шалтгаалах хүчин зүйлс, арга замуудын талаар саналууд дэвшүүлсэн.

Чуулганыг нээж элчин сайдын хэргийг түр хамаарагч Г. Жаргалсайхан хэлсэн үгэндээ,"... өнөө үед байгаль орчныг хамгаалах нь хүн тус бүрийн нэн тэргүүний үүрэг болоод буйг цохон тэмдэглэж энэ удаагийн чуулганаар энэ сэдвийг сонгосон нь цаг үеээ олсон зүйл болжээ" хэмээн дүгнэв. Залгуулан АНУ-ийн Монголчуудын II Бага Хурлаас тус чуулганд ирүүлсэн мэндчилгээг уншиж танилцууллаа.

Эхний 2 илтгэл Монголоос болон Оросоос онлайн тавигдсан нь ЦАХИМ хэлбэрийг амжилттай туршсан явдал байв.

Монголын Ногоон Загалмайн Нийгэмлэгийн тэргүүн, Др. Шаравын Пүрэвсүрэн "Бид цэвэр орчинд амьдарч байна уу?" сэдэвт илтгэлээ тавихийн өмнө тус нийгэмлэгээс илгээсэн "Алтны амт – Монголын Ирээдүй" баримтат киног чуулганд оролцогсдод үзүүлэв. Алт хөтөлбөрөөр эхэлсэн Монголчуудын алтны төлөөх их аян хяналт хязгаараа алдаж гадаад дотоодын компаниуд болон хувиараа алт олборлогчид алтны төлөө эх орон, байгаль орчноо дахин ашиглахын аргагүй болтол нь эвдэн сүйтгэж буйг, хумсийн чинээ алтны төлөө асар их хэмжээний химийн бодисоор өөрсдийгөө болон өрөөлийг хордуулж буйг, ерөөс Алт дагасан шунал нь Монголчууд бидэнд авилгалыг гааруулахаас эхлээд нийгмийн олон ээдрээтэй асуудлыг үүсгэж буйг кинонд баримт нотолгойтоогоор сэтгэл шимшрүүлэм үзүүлжээ.

Киног залгуулан Др. Пүрэвсүрэн илтгэлээ онлайн тавилаа. Уг кинонд гарсан зүйлсийг нэмэж тайлбарлахын зэрэгцээ алт олборлоход хэрэглэгддэг химийн хорт бодисууд болох мөнгөн ус, цианид натрийг хяналт хамгаалалтгүйгээр хэрэглэснээс Дархан аймгийн Хонгор сумын иргэд, байгаль орчин, мал ахуйд тохиолдоод буй эмгэнэлт байдалийн талаар тусгайлан хөндөж ярисан юм.

Түүний илтгэл нь гадаад оронд суугаа Монголчууд бидэнд Монгол оронд маань Алт хөөсөн “их дайн”-ы уршгаар ямаршуухан асуудлууд тулгараад буйг баримт нотолгоотой харуулж тайлбарлаж мэдрүүлсэн нь онцгой ач холбогдолтой болов. Авилгалд автаж хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдад эрүү үүсгэн хариуцлага оногдуулах гэтэл УИХ-аар Эрүүгийн хуулийн яг тэр заалт буюу 272-р зүйлийг нь үндэслэлгүй хассан тун хачирхалтай тохиолдол ч Монголд гарсан байх юм. Үнэхээр итгэхэд бэрх авир араншин үйлдэл энэ л “оройд нь хүрэхгүй жаргал ёроолд нь хүрэхгүй зовлонг” авчирдаг алтыг тойрон газар авч буйг яалтай. Илтгэгч Монголчууд бид дээр дооргүй хууль журмаа сахин мөрдөж, буруутайд хариуцлага тооцон ажиллах нь чухал байгааг онцлон тэмдэглэж Хонгор сумын талаар цаашид төрөөс ямар арга хэмжээ авбал зохилтой саналаа хэлсэн юм.

Удаах илтгэлийг Оросын Холбооны Улсааc Москвагийн Багшийн Их Сургуулийн Газарзуйн Факультетын Геоэкoлoгийн тэнхимийн аспирант Сандагийн Хадбаатар "Монгол орны төвийн бүсийн хөрсний элэгдэл ба экoлoгийн зарим асуудал"гэдэг сэдвээр онлайн тавив. 1990 оноос зах зээлийн эдийн засгийн систэмд шилжин хувьчлал явагдсанаар газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтэц бүхэлдээ өөрчлөгдөж тариалах талбайн хэмжээ жилээс жилд буурч, ингэснээр тариалангийн талбай орхигдмол газар болон хувирсан байна. Түүний судалгаагаар бол сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт уур амьсгалийн таагүй байдалаас үүссэн сөрөг үр дагавараас гадна хүний нөлөөний үр дүнд хөрсний үржил шим ихээхэн буурч, тариалангийн талбайн хөрсний элэгдэл, эвдрэл ихээхэн хурдацтай явагдаж байгаа нь Хангайн бүсэд цөлжилт үүсэх гол шалтгаан болж байна. Хадбаатар мөн илтгэлдээ Монгол улсын засгийн газраас зарласан “Атар-3” аяныг хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар дурдан үүнийг хэрэгжүүлэхийн тулд хөрсний олон талын цогцолбор судалгааг хийж хуучин газар тариаланд ашиглаж байсан газраа эргүүлэн ашиглахын чухлыг онцлон харин атар газрыг дахин шинээр хагалбал нийслэл хот маань хойд талаасаа цөлжилтөнд нэрвэгдэх магадлал их байна гэж дүгнэлээ.

Гурав дахь илтгэлийг Sheffield Hallam Их Сургуульд MA in Social Science Research Methods (MA SSRM) хийж байгаа Доржсүрэнгийн Амартүвшин “Mонгол дахь аялал жуулчлалын хөгжлийн эерэг болон сөрөг талууд” сэдвээр тависан юм. Энэхүү cудалгаанаас харахад аялал жуулчлал нь Монгол улсын эдийн засагт гадаад валютын эх сурвалж болох, бусад төрлийн үйлдвэр үйлчилгээг шууд бус замаар дэмжих, ажлын байр шинээр бий болгох зэрэг эерэг нөлөөг үзүүлж байгаа хэдий ч сөрөг үр дагаваруудыг болох үнийн хөөрөгдөл болоод бусад урсгал алдагдлыг бий болгож байна. Үүнтэй зэрэгцээд хөрс, усны бохирдол, зэрлэг амьтан, ургамлын амьдрах орчинг сүйдэх өөр бусад сөрөг нөлөөг ч давхар учруулж байна гэлээ. Нийгэм - соёлын хувьд хөдөөгийн иргэдийн ахуйн орчин сайжрах, мэдээлэл хүртэх, боловсрол мэдлэг олж авах, үндэсний уламжлал сэргэх эерэг үр дүнгийн хамт архидалт, янхандалт, уламжлалт ахуйн хэмнэл алдагдах, нийгэмд шудрага бус байдлыг өөгшүүлэх сөрөг нөлөө илэрч буйг онцлов. Монгол улсын аялал жуулчлалын салбарт эдийн засаг, байгаль орчин, нийгэм - соёлын олон талт харилцааны тэнцвэрийг хадгалсан цогц бодлого үгүйлэгдэж байна гэсэн дүгнэлт энэ илтгэлээс гарлаа.

Үдээс өмнөх илтгэлүүдийн төгсгөлд бас нэгэн өвөрсөц илтгэл тавигдсан нь өөрийн 12 жилийн бэлтгэл сургуулилтынхаа нэгэн тайланг сайхан тавьж WBU-ийн дэлхий аварга цол хүртсэн "Монголын тулаач" Чойжилцавийн Цэвээнпүрэв уригдан ирсэн явдал байлаа. Чуулганд оролцогсод түүний WBU-ны аваргын бүсийн төлөөх тулааныг дэлгэцнээ эхлэн үзэж өрсөлдөгчөө унагах цохилт болгонд нь алга ташин хөөрцгөөж улмаар аваргаа тайзнаа угтан бахдалын нулимстай сэтгэлийх нь үгийг сонссон юм. Тэрээр Монгол хүн байхын Монголоороо бахархаж явахын сайхныг ярьж цаашид бэлтгэл сургуулилтаа улам эрчимжүүлэн жингийнхээ дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх бодол тэмүүлэлтэй явдгаа хуучилсан билээ.

Чуулганы 2-р хэсэг болох чөлөөт сэдэв Гантогтохын Орхоны (MA in International Education and Development, Sussex Их Сургууль) "Ардын боловсролд ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” илтгэлээр эхлэв. Тэрээр манай өнөөдрийн боловсрол жинхэнэ 'ардын боловсрол' байна уу, эсвэл захиргаадалтын шинж бүхий 'засгийн боловсрол' байна уу?' гэдэг судалгаанд анхаарлаa хандуулан дүн шинжилгээ хийсэн байна. Дэлхийн хөгжингүй хийгээд хөгжин буй олон орнуудад сүүлийн жилүүдэд боловсролын тогтолцооны төрөөс хэт хамааралтай төвлөрлийг задалж, боловсролын байгууллагын өөрөө удирдах системийг дэмжиснээр, ард иргэдэд үр хүүхдүүдийнхээ боловсрол хүмүүжилд санаа тавин, сургалтын чанар, сургуулийн үйл ажиллагааг сайжруулахад дуу хоолойгоо өргөх боломжийг олгож, ардын боловсрол тэр чинээгээр хөгжих хандлагатай байна. Манайд ийм системийг бий болгох оролдлого сургуулийн зөвлөлийг сургууль бүр дээр байгуулcнаар гарсан боловч, энэ нь төдийлөн амжилтгүй байгаа нь ард иргэдэд хангалттай орон зайг бодлогоор тавьж өгөөгүй, боловсролын байгууллагад буй улс төржсөн нөлөө, ард иргэдэд эрхийг нь ойлгуулах мэдээлэл хомс байгаатай холбоотой байна гэж тэрээр үзжээ. Орхон судалгаагаа Англи улсын сургуулийн удирдах систем хэрхэн ажилладгийн жишээн дээр ийм системийг хэрэгжүүлэхэд нөлөөлөх үндсэн хүчин зүйлсийг шинжилсэнээ тайлагналаа.

Тав дахь илтгэлийг Tourism Management and International Relation (BSc), Oxford Brookes Их Сургуульд оюутан Баттулгын Оюунэрдэнэ “Монголд өвлийн аялал жуулчлалийг хөгжүүлэх нэгдсэн төлөвлөгөө гаргах”сэдвээр тавив.

Аялал жуулчлал нь Монгол улсийн эдийн засаг болон нийгэмд хөрөнгө оруулах нэгэн чухал үйлдвэрлэл болоод удаж байгаа талаар танилцуулав. Энэ илтгэлд Монголийн өвлийн аялал жуулчлалийн нөхцөл байдал дээр тулгуурлан хөгжлийн төлөвлөгөөний бүтэц болох тодорхой зорилго гаргах, одоогийн байгаа нөхцөл байдлийг тодорхойлох, ирээдүйн чиг хандлагийг таамаглах, төлөвлөгөөний томьёог гаргах, тусгай хөтөлбөр бэлдэх, үүнийгээ амьдралд хэрэгжүүлэх болон хянах зэргийг задлан тайлбарлав.

Их эмч, PhD Цогтын Базаррагчаа Их Британид амьдарч буй монголчуудын Бэлгийн Замын Халдвар, Хүний Дархлал Хомсдолын Вирус/ Дархлалын Олдмол Халдварын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйл” сэдвээр сонирхолтой илтгэл тавив. Энэхүү илтгэл нь Британийн Монголчуудын Холбооноос Цахим Өртөө Холбоо Төрийн Бус Байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй БЗДХ/ДОХ-оос сэргийлэх төслийн хүрээнд Их Британид амьдарч буй монголчуудын БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйлийг үнэлж, үйл ажиллагааны зохистой чиглэлийг тодорхойлсон зөвлөмжийн үндэслэлийг боловсруулах зорилготой хийгджээ. Доктор Базаррагчаагийн судалгааний дүгнэлтээс харахад Их Британид амьдарч байгаа монголчуудын дийлэнх нь гэрлээгүй эсвэл гэр бүлээсээ хол амьдарч байгаа залуучууд эзэлж байгаа ба тэдний дунд бэлгийн эрсдэлтэй зан үйлд орох нь цөөнгүй байна. БЗДХ/ХДХВ/ДОХ болон тэдгээрээс урьдчилан сэргийлэх, үнэгүй шинжилгээ, эмчилгээ хийлгэдэг газруудын талаарх мэдээлэл зэргийг тухайн орны онцлогт уялдуулан интернет, тараах материал, сурталчилгаа хийж хүргэх нь цаашдын үйл ажиллагааны чиглэл болж байна.

ESRC Postdoctoral Fellow (University of Manchester) PhD Батаагийн Эрдэнэбат "Инфляцийн талаарх зарим ажиглалт -аа бидэнтэй хуваалцлаа. Инфляци удаан хугацаагаар өндөр, тогтворгүй байсны нэг уршиг нь зах зээлд оролцогч хэн бүхэн инфляцийн хүлээлттэй болох явдал гэдгийг тэрээр онцлов. Эдгээр хүлээлт болон түүнд нөлөөлж болох хүчин зүйлс нь хүн бүхний хувьд адилгүй байх бөгөөд бодит инфляциа удирдах гол хүч нь болж байдаг. Нэгэнт хүлээлт маань сонирхогчийн түвшинд хийгдэж байгаа болохоор түүнд нөлөөлж болох хүчин зүйлс нь тооны хувьд асар их, чанарын хувьд асар муу байна. Үүний үр дагавар нь бодит инфляци маш их хувьсамтгай болж эдийн засагт урт хугацааны төлөвлөлт, хөрөнгө оруулалт үндсэндээ боломжгүй болдог ажээ.

Др. Эрдэнэбат хэлэхдээ монголын шийдвэр гаргагчдийн дунд одоог хүртэл гүйлгээнд байх мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр ажил эрхлэлт сайжирч, эдийн засаг хурдацтай өснө гэсэн ойлголт байсаар байна. Энэхүү бодлого нь хэдийгээр нэг болон хоёр жилийн дотор үйлчилж болох боловч дунд болон урт хугацаанд ямар ч үр өгөөжгүй, бүр сөргөөр нөлөөлдөг гэдгийг хэрэгжүүлсэн улсуудын гашуун туршлага болон онолын судалгаанууд харуулчихсан билээ. Тус илтгэлд өнөөдөр Монголын 20.6% - ийн инфляци (Монгол Банк вэб 4.29.08; Англид 2.5%, Bank of England web 4.29.08) инфляцийн хүлээлттэй ямар холбоотой байгаа болон энэ холбоо хэрхэн хувьсаж ирснийг инфляцийн тэсвэрийн мэдээллийг ашиглан харуулжээ.

Чуулга уулзалтийн хамгийн суулийн илтгэл нь Leeds-ийн Их сургуулийн (MBA) оюутан Билэгтийн Зандангийн тавьсан Оюутны холбоо юу хийдэг, хийж болох вэ?гэсэн цоглог илтгэлээр өндөрлөсөн юм. Зандан Leeds- ийн Их Сургуулийн жишээн дээр Монголын Их сургуулиудын оюутны холбоонууд ямар ажлууд хийж болох талаар сонирхолтой санаанууд гаргасан юм.

Илтгэлүүдийг идэвтэй хүрэлцэн ирж сонссон үзэгчидээс нэлээд сонирхолтой асуултууд гарч илтгэгч нарын ур чадвар, мэдлэг чадлыг чамгүй сорив.

Үдээс хойшхи илтгэлүүдийн дундуур Лондон хотноо ажиллаж амьдардаг, ‘Толбогүй Монгол’ номоороо олны танил болоод буй зохиолч Х.Эрдэмбилэгийн "Андуурал" шог өгүүллэгийг уран уншигч Б.Эрдэнэтуяа уншиж хүрэлцэн ирэгсдийг инээлгэн баясгалаа.

Монголын номын төрөлжсөн Номун Далай цахим дэлгүүрийн хямдралтай худалдаа явагдав.

Чуулга уулзалтыг ивээн тэтгэсэн Англи улсад үйл ажиллагаа явуулж байгаа Монгол компаниуд тавигдсан илтгэлүүдээс шалгаруулж өөрсдийн нэрэмжит шагналуудаа гардуулсан ба үүнд Westland Trading Limited Др. Б.Эрдэнэбатын илтгэлийг, SEMON компани Б. Зандангийн илтгэлийг, Mongol UK Limited Г. Орхоны илтгэлийг тус тус шалгарууллаа.

Оройны 17 цагт чуулга уулзалт албан ёсоор өндөрлөж хүрэлцэн ирэгсэд, илтгэгч нар болон зохион байгуулагч нар бүгд Лондон хот дахь Монгол Pub-д очин тус Pub-ны хамт олноор монгол хоол, ундаа, дарсаар үйлчлүүлж, караокэ дуулж хөгжин наадаж, өөр хоорондоо улам дотно танилцан нэгэн өдрийг эрдэм ном, урлагын баяр цэнгүүнээр дүүрэн сайхан өнгөрөөлөө.

Д, Сэмжидмаагийн авсан Гэрэл зургийн дэлгэрэнгүй сурвалжлагыг үзэх


ТАЛАРХАЛ

Энэ удаагийн чуулганыг зохиоход хамтран ажиллан гүн туслалцаа үзүүлсэн Монгол улсын Элчин Сайдын Яамны хамт олонд тэр дундаа 1-р нарийн бичгийн дарга Б.Энхбаярт, үйлчилгээний албанд зүтгэсэн London School of Commerce-ийн оюутан Д.Наранбаатарт, техник хэрэгсэлээр хангасан Mongol Pub-ны хамт олонд, техникийн асуудлыг найдвартай хариуцан ажилласан Б.Алтанхуяг, Д.Баатар, Б.Цогтбаатар, чуулганы үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлж ивээн тэтгэсэн Westland Trading Limited, SEMON компани, Mongol UK Limited-ийн хамт олонд, гэрэл зургийн сурвалжлага хийсэн Д.Сэмжидмаад, чуулганы ажиллагааг зарлан сурталчилж гүн туслалцаа үзүүлсэн www.sonin.mn www.origo.mn www.tsahimurtuu.mn цахим хуудсуудыг ажиллуулагч нарт, чуулганы ажиллагаанд амжилт хүсэн мэндчилгээ ирүүлсэн АНУ-ын Монголчуудын Монгол Судлалын II Бага Xуралд болон чуулганы ажиллагааг бүхэлд нь бэлтгэж, зохион явуулсан багийн хамт олон Т.Индра, Д.Онолмаа, Др. В.Шинэнэмэх нарт, түүнчлэн нийт хүрэлцэн ирж чуулганд идэвхитэй оролцсон, чуулганы цаашдийн ажиллагааны талаар олон сайхан санал дэвшүүлсэн хүн бүрт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Зохион байгуулагч багынхан дэлхийн аваргатай хамт (зүүн гараас Т.Индра, Д.Онолмаа, дэлхийн аварга боксчин Ч.Цэвээнпүрэв, Др.В.Шинэнэмэх)


Мэдээллийг бэлтгэсэн Т.Индра, Д.Цэрэнбат

Friday, May 09, 2008

“Монголын тулаач” Мохошгүй Цэвээнээ

Чойжилжавын Цэвээнпүрэвийн танилцуулга

Монгол улсын иргэн. Mongolian Warrior хочтой
1971 оны 10 сарын 06-нд төрсөн
Featherweight буюу 57,150 килограммийн жинд тоглодог. Баруун өрөлттэй,
Мэрэгжлийн боксоор 1996 оноос эхлэн тоглож нийт 31 тоглолт хийснээс 27 (үүнээс 19-ийг хүнд цохилтоор) ялж 4 (зөвхөн оноогоор болон шүүгчийн саналаар) ялагдсан.

Өөрийн жингийн

  • Британийн Мастеруудын аварга
  • World Boxing Foundation-ны аварга цолыг 2006 оны 4 сарын 2-нд хүртэж, 2007 оны 3 сарын 11, 10 сарын 7-нд тус тус 2 удаа хамгаалсан
  • World Boxing Union-ны аварга. 2008 оны 4 сарын 5-нд хүртсэн
  • Зиндаагаараа дэлхийд 5 дугаарт бичигдэж буй

Мэрэгжлийн боксийн ертөнцийн амаргүй дэвжээнд Монголын Тулаач (Mongolian Warrior) хэмээн цоллуулан олон жил нүдэлдэж яваа Цэвээнпүрэв Английн Болтон хотноо 4 сарын 5-ны Бямба гарагт WBU(World Boxing Union)-ийн 128фунт жингийн аваргын бүсийг нь бахдам сайхан тоглолтоороо Монгол түмнээ баярлуулан Британийн боксийн ертөнцийг алмайруулан гардаж авав.

Тоглолт олдохгүй тиймхэн байна аа” хэмээн сар гарны өмнө ярьж байсан тэрээр түүнээс хоёрхон долоо хоногийн дараа нь “WBU-ын аваргын төлөө Ливерпүүлийн 24 настай энэ Холбооны аварга Derry Matthew гэдэг нөхөртэй тоглохоор болсон. Тоглох ёстой хүн нь гэнэт болиод оронд нь үзэлцэхээр болчихлоо. “Dirty Derry” гэдэг хочтой духаараа мөргөж дайрдаг нөхөр юм байна. Тоглолтын бичлэгээ ирүүлсэн ч тасалдаад харагдахгүй жаахан тиймхэн байгаа. За яахав Туршлагаараа үзүүлээд өгнө өө. Биед нь л хэд аваад өгөхөд учир бий ” хэмээн их л итгэлтэй өгүүлж байсан билээ.

Түүний өрсөлдөгч Derry Matthew, “Dirty” хочтой, Ливерпүүлт төрсөн, 24 настай, мэрэгжлийн боксийн дэвжээнд 20 (үүнээс 11-ийг нь хүнд цохилтоор ялсан) удаа тоглохдоо нэг ч ялагдаагүй, өнгөрсөн жилийн “Британий ирээдүйтэй залуу боксчин” шагналын эзэн болж байсан, Идэрчүүдийн Олимпийн аварга, WFU-ийн аврага, Британичууд ихээхэн итгэл найдвар тавьж буй хүн аж.

Ливерпүүлийн орон нутгийн Эхо сонинд “8 долоо хоногийн эрчимт бэлтгэлийн дараа тэрээр ид торгон ир нь орсон байгаа бөгөөд Ливерпүүлээс очих хэдэн зуун дэмжигчээ гонсойгохгүй гэдэгт итгэж байна” хэмээн бичсэн бол Derry нь өрсөлдөгчийнхөө талаар “Монголын Цэвээнпүрэв бол өөр холбооны энэ жингийн дэлхийн аварга, хүнд цохилтой ердийн нэг парканд явж байгаад орж ирээд тоглох гэж буй хүн биш. Гэхдээ ирэх Бямба гарагийн орой тэр гар хоосон буцах болно” хэмээн өгүүлсэн байв. Мэрэгжлийн боксийн холбогдолтой олон вэб хуудсууд дээр тэр хоёрын тоглолтын талаар таамаглал мэдээллүүд ихээр гарсан байлаа.

Энэ тоглолт Британий арилжааны телевизийн хамгийн олон үзэгчтэй суваг болох ITV-ээр нэвтрүүлэгдсэн тул боксийг сонирхогч олон хүн тоглолтыг шууд үзэх, тоглолчдын ур чадварыг дүгнэх боломжийг олгосон.

Тоглолтын 2-р үед өрсөлдөгчөө хэд хэдэн хүчтэй цохилт өгөн илт давамгайлж эхэлсэн Цэвээнээ маань 3-р үед 3 удаа унагаж, 4 үеийг тандах байдлаар тоглосон бол 5-р үед довтолгоогоо эрчимжүүлж эхэлж хүнд цохилт хийн тоолуулаад, дахиж эхлэнгүүд биед нь хүчтэй цохилт хийснээр өрсөлдөгч Derry Matthew нь дэвжээнээ эвхэрэлдэн ойчсон билээ. Ийнхүү Монголын Цэвээнпүрэв WBU-ийн дэлхийн аварга хэмээх алдар цолын эзэн болсон юм.

Тоглолтыг телевизээр тайлбарлагч нар Цэвээнээг хэрхэн магтаж, түүнээс энэ жингийн олон сайн тоглогчид эмээж тоглохгүйг хичээн тойрч байдгийг ч, өдгөө мэрэгжлийн боксийн ертөнцөд од болон гарч ирж буй Афиний олимпийн мөнгөн медальт Amir Khan хүртэл “Би нэг удаа Цэвээнпүрэвтэй хамтарсан бэлтгэл хийж үзсэн. Маш хүнд цохилттой, их эвгүй тоглогч” хэмээн үнэлсэнийг ч, “Dirty” Derry нь насны зөрөөгөө, Цэвээнээтэй тоглож байсан тоглогчдыг илүү богино хугацаанд ялж байсан үзүүлэлтүүдээ ялалт авчирах гол хүчин зүйл гэж хэт хялбар тооцон бодлогогүй сонголт хийж Цэвээнээг тоглолтод дуудасныг ч тоглолтын явцад ярисаар байсан билээ. Мөн энэ тоглолтын дараа ч холбогдох веб хуудсуудаар олон мэдээлэл гарч, youtube.com дээр тоглолтын бичлэг болон тоглолтын дараах ярилцлагууд нь тавигдсан байна.

Монголын Цэвээнпүрэв хэмээн зарлуулан танхимд орж ирэхэд, Монголын Цэвээнпүрэв хүнд цохилтод орууллаа, Монголын Цэвээнпүрэв хүнд цохилтоор яллаа хэмээн дуудуулан байхад түүнийг үзэж суусан Монгол хүн бүрийн сэтгэл хэрхэн дэнслэн догдолж Монголоороо бахдан омогшиж байсныг үгээр илэрхийлэх аргагүй.

Түүний тоглолт, ялалт болгон нь Британид, мэрэгжлийн боксийн ертөнцөд, Монгол орны нэрийн хуудас болон дуудагдаж Монгол түмний нэгэн бахархал болон алдаршиж ирэв.

Тэрээр өдгөө өөрийн жинд дэлхийн хамгийн шилдэг 5 боксчны нэгээр шалгараад байна. www.boxrec.com/ratings

Мэрэгжлийн боксийн энэ талбарт хүчтэй бүхэн нь дээш гараад ирдэггүй, олон талын арга ухаан менежмэнт хэрэглэж байж тэр талбарт, тэр тогтолцоонд нэвтэрч байж гэмээ нь алдар нэрээ дуурсгадаг аж. Цэвээнпүрэвийн энэхүү ялалт амжилтийн өндөр зэрэгт хүрэхэд түүний дасгалжуулагч Mr Jack Doughty-ийн үзүүлсэн сэтгэл санааны, санхүүгийн гээд олон талын дэмжлэг туслалцаа, гаргасан хичээл зүтгэлийг мартах аргагүй.

Цэвээнпүрэвийн монгол хүний сэтгэлийн хат, бие бялдарын боломжийг мэрэгжлийн боксийн хатуу чанга ертөнцөд цаашилбал дэлхий нийтэд таниулж чадсан олон жилийн шантарч халгаагүй нөр их хичээл зүтгэл, тэсвэр тэвчээрийг, амжилт ялалтыг, тэр бүгд нь харь холд суугаа Монголчуудад Монголоороо бахархах сэтгэлийн их дэм нөлөө үзүүлдэгийг нь бодох бүрийд бахдал төрнө.

5 сарын 4-нд Британийн Монголчууд ээлжит чуулганаа хийв. Аварга маань уригдан ирж, аваргын бүсүүдээ сонирхуулж, оролцогсод тоглолтын бичлэгийг үзэн сэтгэлээ хөөргөн байж аваргынхаа сэтгэлийх нь үгийг сонссон. Тэрээр “олон Монголчууд хараад сэтгэл их хөдөлж байна аа. Монголоороо дуудуулан Монголоороо омогшин ялж явах шиг сайхан зүйл үгүй. Энэ 2 бүс та нарын юм, Монгол түмний юм шүү...Би Монгол хүн...” гэж хэлээд хоолой нь зангиран эхэр татан мэлмэрүүлж билээ. Түүний өөртөө хатуурхаж 12 жил зүтгэсэн ган мэт бие сэтгэлийн тэвчээрийн цаана Монгол хэмээн хэлэхүйд мэлмэрэн урсах нулимстай ямархан эмзэг уяхан сэтгэлийн чавхдас хөндөгдөн байдгийг бүгд харж, даган мэлмэрүүлсэн нь цөөнгүй

“37 хүрлээ. 12 жил өөрийгөө сойж дээ. Өвгөн боксчин гэсэн үг шүү дээ. Гэхдээ болоогүй ээ. Одоо бас хэд хэдэн бүс түүчих хүсэл байна. Монгол хүний гарын амтыг үзүүлнэ ээ” хэмээн тэрээр өгүүлсэн. Тэрээр боксийн ерөтнцөд хөл тавиулсан Оюунболд багшийгаа байн байн дурсан байсан.

Түүнд олон бодол зорилт бий. Тэр бүгдэдээ итгэл төгс хүрэхийн ерөөл дэвшүүлье

(Тоглолтын дараа аваргын бүсээ аваад байгаа нь: Зүүн гараас туслах багш Gary Ford , Цэвээнээ, дасгалжуулагч Jack Doughty)