Friday, May 09, 2008

“Монголын тулаач” Мохошгүй Цэвээнээ

Чойжилжавын Цэвээнпүрэвийн танилцуулга

Монгол улсын иргэн. Mongolian Warrior хочтой
1971 оны 10 сарын 06-нд төрсөн
Featherweight буюу 57,150 килограммийн жинд тоглодог. Баруун өрөлттэй,
Мэрэгжлийн боксоор 1996 оноос эхлэн тоглож нийт 31 тоглолт хийснээс 27 (үүнээс 19-ийг хүнд цохилтоор) ялж 4 (зөвхөн оноогоор болон шүүгчийн саналаар) ялагдсан.

Өөрийн жингийн

  • Британийн Мастеруудын аварга
  • World Boxing Foundation-ны аварга цолыг 2006 оны 4 сарын 2-нд хүртэж, 2007 оны 3 сарын 11, 10 сарын 7-нд тус тус 2 удаа хамгаалсан
  • World Boxing Union-ны аварга. 2008 оны 4 сарын 5-нд хүртсэн
  • Зиндаагаараа дэлхийд 5 дугаарт бичигдэж буй

Мэрэгжлийн боксийн ертөнцийн амаргүй дэвжээнд Монголын Тулаач (Mongolian Warrior) хэмээн цоллуулан олон жил нүдэлдэж яваа Цэвээнпүрэв Английн Болтон хотноо 4 сарын 5-ны Бямба гарагт WBU(World Boxing Union)-ийн 128фунт жингийн аваргын бүсийг нь бахдам сайхан тоглолтоороо Монгол түмнээ баярлуулан Британийн боксийн ертөнцийг алмайруулан гардаж авав.

Тоглолт олдохгүй тиймхэн байна аа” хэмээн сар гарны өмнө ярьж байсан тэрээр түүнээс хоёрхон долоо хоногийн дараа нь “WBU-ын аваргын төлөө Ливерпүүлийн 24 настай энэ Холбооны аварга Derry Matthew гэдэг нөхөртэй тоглохоор болсон. Тоглох ёстой хүн нь гэнэт болиод оронд нь үзэлцэхээр болчихлоо. “Dirty Derry” гэдэг хочтой духаараа мөргөж дайрдаг нөхөр юм байна. Тоглолтын бичлэгээ ирүүлсэн ч тасалдаад харагдахгүй жаахан тиймхэн байгаа. За яахав Туршлагаараа үзүүлээд өгнө өө. Биед нь л хэд аваад өгөхөд учир бий ” хэмээн их л итгэлтэй өгүүлж байсан билээ.

Түүний өрсөлдөгч Derry Matthew, “Dirty” хочтой, Ливерпүүлт төрсөн, 24 настай, мэрэгжлийн боксийн дэвжээнд 20 (үүнээс 11-ийг нь хүнд цохилтоор ялсан) удаа тоглохдоо нэг ч ялагдаагүй, өнгөрсөн жилийн “Британий ирээдүйтэй залуу боксчин” шагналын эзэн болж байсан, Идэрчүүдийн Олимпийн аварга, WFU-ийн аврага, Британичууд ихээхэн итгэл найдвар тавьж буй хүн аж.

Ливерпүүлийн орон нутгийн Эхо сонинд “8 долоо хоногийн эрчимт бэлтгэлийн дараа тэрээр ид торгон ир нь орсон байгаа бөгөөд Ливерпүүлээс очих хэдэн зуун дэмжигчээ гонсойгохгүй гэдэгт итгэж байна” хэмээн бичсэн бол Derry нь өрсөлдөгчийнхөө талаар “Монголын Цэвээнпүрэв бол өөр холбооны энэ жингийн дэлхийн аварга, хүнд цохилтой ердийн нэг парканд явж байгаад орж ирээд тоглох гэж буй хүн биш. Гэхдээ ирэх Бямба гарагийн орой тэр гар хоосон буцах болно” хэмээн өгүүлсэн байв. Мэрэгжлийн боксийн холбогдолтой олон вэб хуудсууд дээр тэр хоёрын тоглолтын талаар таамаглал мэдээллүүд ихээр гарсан байлаа.

Энэ тоглолт Британий арилжааны телевизийн хамгийн олон үзэгчтэй суваг болох ITV-ээр нэвтрүүлэгдсэн тул боксийг сонирхогч олон хүн тоглолтыг шууд үзэх, тоглолчдын ур чадварыг дүгнэх боломжийг олгосон.

Тоглолтын 2-р үед өрсөлдөгчөө хэд хэдэн хүчтэй цохилт өгөн илт давамгайлж эхэлсэн Цэвээнээ маань 3-р үед 3 удаа унагаж, 4 үеийг тандах байдлаар тоглосон бол 5-р үед довтолгоогоо эрчимжүүлж эхэлж хүнд цохилт хийн тоолуулаад, дахиж эхлэнгүүд биед нь хүчтэй цохилт хийснээр өрсөлдөгч Derry Matthew нь дэвжээнээ эвхэрэлдэн ойчсон билээ. Ийнхүү Монголын Цэвээнпүрэв WBU-ийн дэлхийн аварга хэмээх алдар цолын эзэн болсон юм.

Тоглолтыг телевизээр тайлбарлагч нар Цэвээнээг хэрхэн магтаж, түүнээс энэ жингийн олон сайн тоглогчид эмээж тоглохгүйг хичээн тойрч байдгийг ч, өдгөө мэрэгжлийн боксийн ертөнцөд од болон гарч ирж буй Афиний олимпийн мөнгөн медальт Amir Khan хүртэл “Би нэг удаа Цэвээнпүрэвтэй хамтарсан бэлтгэл хийж үзсэн. Маш хүнд цохилттой, их эвгүй тоглогч” хэмээн үнэлсэнийг ч, “Dirty” Derry нь насны зөрөөгөө, Цэвээнээтэй тоглож байсан тоглогчдыг илүү богино хугацаанд ялж байсан үзүүлэлтүүдээ ялалт авчирах гол хүчин зүйл гэж хэт хялбар тооцон бодлогогүй сонголт хийж Цэвээнээг тоглолтод дуудасныг ч тоглолтын явцад ярисаар байсан билээ. Мөн энэ тоглолтын дараа ч холбогдох веб хуудсуудаар олон мэдээлэл гарч, youtube.com дээр тоглолтын бичлэг болон тоглолтын дараах ярилцлагууд нь тавигдсан байна.

Монголын Цэвээнпүрэв хэмээн зарлуулан танхимд орж ирэхэд, Монголын Цэвээнпүрэв хүнд цохилтод орууллаа, Монголын Цэвээнпүрэв хүнд цохилтоор яллаа хэмээн дуудуулан байхад түүнийг үзэж суусан Монгол хүн бүрийн сэтгэл хэрхэн дэнслэн догдолж Монголоороо бахдан омогшиж байсныг үгээр илэрхийлэх аргагүй.

Түүний тоглолт, ялалт болгон нь Британид, мэрэгжлийн боксийн ертөнцөд, Монгол орны нэрийн хуудас болон дуудагдаж Монгол түмний нэгэн бахархал болон алдаршиж ирэв.

Тэрээр өдгөө өөрийн жинд дэлхийн хамгийн шилдэг 5 боксчны нэгээр шалгараад байна. www.boxrec.com/ratings

Мэрэгжлийн боксийн энэ талбарт хүчтэй бүхэн нь дээш гараад ирдэггүй, олон талын арга ухаан менежмэнт хэрэглэж байж тэр талбарт, тэр тогтолцоонд нэвтэрч байж гэмээ нь алдар нэрээ дуурсгадаг аж. Цэвээнпүрэвийн энэхүү ялалт амжилтийн өндөр зэрэгт хүрэхэд түүний дасгалжуулагч Mr Jack Doughty-ийн үзүүлсэн сэтгэл санааны, санхүүгийн гээд олон талын дэмжлэг туслалцаа, гаргасан хичээл зүтгэлийг мартах аргагүй.

Цэвээнпүрэвийн монгол хүний сэтгэлийн хат, бие бялдарын боломжийг мэрэгжлийн боксийн хатуу чанга ертөнцөд цаашилбал дэлхий нийтэд таниулж чадсан олон жилийн шантарч халгаагүй нөр их хичээл зүтгэл, тэсвэр тэвчээрийг, амжилт ялалтыг, тэр бүгд нь харь холд суугаа Монголчуудад Монголоороо бахархах сэтгэлийн их дэм нөлөө үзүүлдэгийг нь бодох бүрийд бахдал төрнө.

5 сарын 4-нд Британийн Монголчууд ээлжит чуулганаа хийв. Аварга маань уригдан ирж, аваргын бүсүүдээ сонирхуулж, оролцогсод тоглолтын бичлэгийг үзэн сэтгэлээ хөөргөн байж аваргынхаа сэтгэлийх нь үгийг сонссон. Тэрээр “олон Монголчууд хараад сэтгэл их хөдөлж байна аа. Монголоороо дуудуулан Монголоороо омогшин ялж явах шиг сайхан зүйл үгүй. Энэ 2 бүс та нарын юм, Монгол түмний юм шүү...Би Монгол хүн...” гэж хэлээд хоолой нь зангиран эхэр татан мэлмэрүүлж билээ. Түүний өөртөө хатуурхаж 12 жил зүтгэсэн ган мэт бие сэтгэлийн тэвчээрийн цаана Монгол хэмээн хэлэхүйд мэлмэрэн урсах нулимстай ямархан эмзэг уяхан сэтгэлийн чавхдас хөндөгдөн байдгийг бүгд харж, даган мэлмэрүүлсэн нь цөөнгүй

“37 хүрлээ. 12 жил өөрийгөө сойж дээ. Өвгөн боксчин гэсэн үг шүү дээ. Гэхдээ болоогүй ээ. Одоо бас хэд хэдэн бүс түүчих хүсэл байна. Монгол хүний гарын амтыг үзүүлнэ ээ” хэмээн тэрээр өгүүлсэн. Тэрээр боксийн ерөтнцөд хөл тавиулсан Оюунболд багшийгаа байн байн дурсан байсан.

Түүнд олон бодол зорилт бий. Тэр бүгдэдээ итгэл төгс хүрэхийн ерөөл дэвшүүлье

(Тоглолтын дараа аваргын бүсээ аваад байгаа нь: Зүүн гараас туслах багш Gary Ford , Цэвээнээ, дасгалжуулагч Jack Doughty)

No comments: