Tuesday, May 13, 2008

Британийн Монголчуудын уламжлалт “Монгол орны хөгжилд” чуулган амжилттай боллоо

Британийн Монголчуудын Холбоо, Элчин Сайдын Яам хамтран хийдэг “Монгол орны хөгжилд” уламжлалт чуулга уулзалтын 4 дэх удаагийнх 5 сарын 4-нд Лондон хотноо амжилттай болж өндөрлөлөө. Чуулга уулзалтад Улаанбаатар, Москва, Оксфорд, Кембриж, Манчестер, Лийдс, Брайтон, Шеффильдийн их сургуулиудад суралцдаг монгол оюутан, аспирантууд болон судлаачид илтгэл тавин нийт 70 орчим сонирхогчид хүрэлцэн ирж оролцов.

Энэ жилийн чуулга уулзалт тодорхой сэдэв сонгосон, цахим хэлбэрээр зарим илтгэлүүд тавигдсан, боксийн дэлхийн аварга сэтгэгдэлээ хуваалцсан, АНУ-ын Монголчуудын Монгол Судлалын II Бага Хурлаас Мэндчилгээ ирүүлсэн гээд өвөрмөц дурсгалтай олон үйл явдлаар дүүрэн болсныг мөн дурдууштай.

Чуулган БАЙГАЛЬ ОРЧИН сэдвийг сонгож, түүнд төвлөрөн бэлтгэл ажлаа хангасан байлаа. Иймээс ч хөтөлбөрийн дагуу эхний ээлжийн илтгэлүүд нь байгаль эхэд шууд нөлөөллөө үзүүлдэг уул уурхай, газар тариалан, аялал жуулчлал гэсэн 3 салбартай холбоотой байж, эдгээр нь Монгол орны байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл түүний хор уршиг, эдгээр салбарыг зөв зүйтэй хөгжүүлэхэд шалтгаалах хүчин зүйлс, арга замуудын талаар саналууд дэвшүүлсэн.

Чуулганыг нээж элчин сайдын хэргийг түр хамаарагч Г. Жаргалсайхан хэлсэн үгэндээ,"... өнөө үед байгаль орчныг хамгаалах нь хүн тус бүрийн нэн тэргүүний үүрэг болоод буйг цохон тэмдэглэж энэ удаагийн чуулганаар энэ сэдвийг сонгосон нь цаг үеээ олсон зүйл болжээ" хэмээн дүгнэв. Залгуулан АНУ-ийн Монголчуудын II Бага Хурлаас тус чуулганд ирүүлсэн мэндчилгээг уншиж танилцууллаа.

Эхний 2 илтгэл Монголоос болон Оросоос онлайн тавигдсан нь ЦАХИМ хэлбэрийг амжилттай туршсан явдал байв.

Монголын Ногоон Загалмайн Нийгэмлэгийн тэргүүн, Др. Шаравын Пүрэвсүрэн "Бид цэвэр орчинд амьдарч байна уу?" сэдэвт илтгэлээ тавихийн өмнө тус нийгэмлэгээс илгээсэн "Алтны амт – Монголын Ирээдүй" баримтат киног чуулганд оролцогсдод үзүүлэв. Алт хөтөлбөрөөр эхэлсэн Монголчуудын алтны төлөөх их аян хяналт хязгаараа алдаж гадаад дотоодын компаниуд болон хувиараа алт олборлогчид алтны төлөө эх орон, байгаль орчноо дахин ашиглахын аргагүй болтол нь эвдэн сүйтгэж буйг, хумсийн чинээ алтны төлөө асар их хэмжээний химийн бодисоор өөрсдийгөө болон өрөөлийг хордуулж буйг, ерөөс Алт дагасан шунал нь Монголчууд бидэнд авилгалыг гааруулахаас эхлээд нийгмийн олон ээдрээтэй асуудлыг үүсгэж буйг кинонд баримт нотолгойтоогоор сэтгэл шимшрүүлэм үзүүлжээ.

Киног залгуулан Др. Пүрэвсүрэн илтгэлээ онлайн тавилаа. Уг кинонд гарсан зүйлсийг нэмэж тайлбарлахын зэрэгцээ алт олборлоход хэрэглэгддэг химийн хорт бодисууд болох мөнгөн ус, цианид натрийг хяналт хамгаалалтгүйгээр хэрэглэснээс Дархан аймгийн Хонгор сумын иргэд, байгаль орчин, мал ахуйд тохиолдоод буй эмгэнэлт байдалийн талаар тусгайлан хөндөж ярисан юм.

Түүний илтгэл нь гадаад оронд суугаа Монголчууд бидэнд Монгол оронд маань Алт хөөсөн “их дайн”-ы уршгаар ямаршуухан асуудлууд тулгараад буйг баримт нотолгоотой харуулж тайлбарлаж мэдрүүлсэн нь онцгой ач холбогдолтой болов. Авилгалд автаж хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдад эрүү үүсгэн хариуцлага оногдуулах гэтэл УИХ-аар Эрүүгийн хуулийн яг тэр заалт буюу 272-р зүйлийг нь үндэслэлгүй хассан тун хачирхалтай тохиолдол ч Монголд гарсан байх юм. Үнэхээр итгэхэд бэрх авир араншин үйлдэл энэ л “оройд нь хүрэхгүй жаргал ёроолд нь хүрэхгүй зовлонг” авчирдаг алтыг тойрон газар авч буйг яалтай. Илтгэгч Монголчууд бид дээр дооргүй хууль журмаа сахин мөрдөж, буруутайд хариуцлага тооцон ажиллах нь чухал байгааг онцлон тэмдэглэж Хонгор сумын талаар цаашид төрөөс ямар арга хэмжээ авбал зохилтой саналаа хэлсэн юм.

Удаах илтгэлийг Оросын Холбооны Улсааc Москвагийн Багшийн Их Сургуулийн Газарзуйн Факультетын Геоэкoлoгийн тэнхимийн аспирант Сандагийн Хадбаатар "Монгол орны төвийн бүсийн хөрсний элэгдэл ба экoлoгийн зарим асуудал"гэдэг сэдвээр онлайн тавив. 1990 оноос зах зээлийн эдийн засгийн систэмд шилжин хувьчлал явагдсанаар газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтэц бүхэлдээ өөрчлөгдөж тариалах талбайн хэмжээ жилээс жилд буурч, ингэснээр тариалангийн талбай орхигдмол газар болон хувирсан байна. Түүний судалгаагаар бол сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт уур амьсгалийн таагүй байдалаас үүссэн сөрөг үр дагавараас гадна хүний нөлөөний үр дүнд хөрсний үржил шим ихээхэн буурч, тариалангийн талбайн хөрсний элэгдэл, эвдрэл ихээхэн хурдацтай явагдаж байгаа нь Хангайн бүсэд цөлжилт үүсэх гол шалтгаан болж байна. Хадбаатар мөн илтгэлдээ Монгол улсын засгийн газраас зарласан “Атар-3” аяныг хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар дурдан үүнийг хэрэгжүүлэхийн тулд хөрсний олон талын цогцолбор судалгааг хийж хуучин газар тариаланд ашиглаж байсан газраа эргүүлэн ашиглахын чухлыг онцлон харин атар газрыг дахин шинээр хагалбал нийслэл хот маань хойд талаасаа цөлжилтөнд нэрвэгдэх магадлал их байна гэж дүгнэлээ.

Гурав дахь илтгэлийг Sheffield Hallam Их Сургуульд MA in Social Science Research Methods (MA SSRM) хийж байгаа Доржсүрэнгийн Амартүвшин “Mонгол дахь аялал жуулчлалын хөгжлийн эерэг болон сөрөг талууд” сэдвээр тависан юм. Энэхүү cудалгаанаас харахад аялал жуулчлал нь Монгол улсын эдийн засагт гадаад валютын эх сурвалж болох, бусад төрлийн үйлдвэр үйлчилгээг шууд бус замаар дэмжих, ажлын байр шинээр бий болгох зэрэг эерэг нөлөөг үзүүлж байгаа хэдий ч сөрөг үр дагаваруудыг болох үнийн хөөрөгдөл болоод бусад урсгал алдагдлыг бий болгож байна. Үүнтэй зэрэгцээд хөрс, усны бохирдол, зэрлэг амьтан, ургамлын амьдрах орчинг сүйдэх өөр бусад сөрөг нөлөөг ч давхар учруулж байна гэлээ. Нийгэм - соёлын хувьд хөдөөгийн иргэдийн ахуйн орчин сайжрах, мэдээлэл хүртэх, боловсрол мэдлэг олж авах, үндэсний уламжлал сэргэх эерэг үр дүнгийн хамт архидалт, янхандалт, уламжлалт ахуйн хэмнэл алдагдах, нийгэмд шудрага бус байдлыг өөгшүүлэх сөрөг нөлөө илэрч буйг онцлов. Монгол улсын аялал жуулчлалын салбарт эдийн засаг, байгаль орчин, нийгэм - соёлын олон талт харилцааны тэнцвэрийг хадгалсан цогц бодлого үгүйлэгдэж байна гэсэн дүгнэлт энэ илтгэлээс гарлаа.

Үдээс өмнөх илтгэлүүдийн төгсгөлд бас нэгэн өвөрсөц илтгэл тавигдсан нь өөрийн 12 жилийн бэлтгэл сургуулилтынхаа нэгэн тайланг сайхан тавьж WBU-ийн дэлхий аварга цол хүртсэн "Монголын тулаач" Чойжилцавийн Цэвээнпүрэв уригдан ирсэн явдал байлаа. Чуулганд оролцогсод түүний WBU-ны аваргын бүсийн төлөөх тулааныг дэлгэцнээ эхлэн үзэж өрсөлдөгчөө унагах цохилт болгонд нь алга ташин хөөрцгөөж улмаар аваргаа тайзнаа угтан бахдалын нулимстай сэтгэлийх нь үгийг сонссон юм. Тэрээр Монгол хүн байхын Монголоороо бахархаж явахын сайхныг ярьж цаашид бэлтгэл сургуулилтаа улам эрчимжүүлэн жингийнхээ дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх бодол тэмүүлэлтэй явдгаа хуучилсан билээ.

Чуулганы 2-р хэсэг болох чөлөөт сэдэв Гантогтохын Орхоны (MA in International Education and Development, Sussex Их Сургууль) "Ардын боловсролд ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” илтгэлээр эхлэв. Тэрээр манай өнөөдрийн боловсрол жинхэнэ 'ардын боловсрол' байна уу, эсвэл захиргаадалтын шинж бүхий 'засгийн боловсрол' байна уу?' гэдэг судалгаанд анхаарлаa хандуулан дүн шинжилгээ хийсэн байна. Дэлхийн хөгжингүй хийгээд хөгжин буй олон орнуудад сүүлийн жилүүдэд боловсролын тогтолцооны төрөөс хэт хамааралтай төвлөрлийг задалж, боловсролын байгууллагын өөрөө удирдах системийг дэмжиснээр, ард иргэдэд үр хүүхдүүдийнхээ боловсрол хүмүүжилд санаа тавин, сургалтын чанар, сургуулийн үйл ажиллагааг сайжруулахад дуу хоолойгоо өргөх боломжийг олгож, ардын боловсрол тэр чинээгээр хөгжих хандлагатай байна. Манайд ийм системийг бий болгох оролдлого сургуулийн зөвлөлийг сургууль бүр дээр байгуулcнаар гарсан боловч, энэ нь төдийлөн амжилтгүй байгаа нь ард иргэдэд хангалттай орон зайг бодлогоор тавьж өгөөгүй, боловсролын байгууллагад буй улс төржсөн нөлөө, ард иргэдэд эрхийг нь ойлгуулах мэдээлэл хомс байгаатай холбоотой байна гэж тэрээр үзжээ. Орхон судалгаагаа Англи улсын сургуулийн удирдах систем хэрхэн ажилладгийн жишээн дээр ийм системийг хэрэгжүүлэхэд нөлөөлөх үндсэн хүчин зүйлсийг шинжилсэнээ тайлагналаа.

Тав дахь илтгэлийг Tourism Management and International Relation (BSc), Oxford Brookes Их Сургуульд оюутан Баттулгын Оюунэрдэнэ “Монголд өвлийн аялал жуулчлалийг хөгжүүлэх нэгдсэн төлөвлөгөө гаргах”сэдвээр тавив.

Аялал жуулчлал нь Монгол улсийн эдийн засаг болон нийгэмд хөрөнгө оруулах нэгэн чухал үйлдвэрлэл болоод удаж байгаа талаар танилцуулав. Энэ илтгэлд Монголийн өвлийн аялал жуулчлалийн нөхцөл байдал дээр тулгуурлан хөгжлийн төлөвлөгөөний бүтэц болох тодорхой зорилго гаргах, одоогийн байгаа нөхцөл байдлийг тодорхойлох, ирээдүйн чиг хандлагийг таамаглах, төлөвлөгөөний томьёог гаргах, тусгай хөтөлбөр бэлдэх, үүнийгээ амьдралд хэрэгжүүлэх болон хянах зэргийг задлан тайлбарлав.

Их эмч, PhD Цогтын Базаррагчаа Их Британид амьдарч буй монголчуудын Бэлгийн Замын Халдвар, Хүний Дархлал Хомсдолын Вирус/ Дархлалын Олдмол Халдварын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйл” сэдвээр сонирхолтой илтгэл тавив. Энэхүү илтгэл нь Британийн Монголчуудын Холбооноос Цахим Өртөө Холбоо Төрийн Бус Байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй БЗДХ/ДОХ-оос сэргийлэх төслийн хүрээнд Их Британид амьдарч буй монголчуудын БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйлийг үнэлж, үйл ажиллагааны зохистой чиглэлийг тодорхойлсон зөвлөмжийн үндэслэлийг боловсруулах зорилготой хийгджээ. Доктор Базаррагчаагийн судалгааний дүгнэлтээс харахад Их Британид амьдарч байгаа монголчуудын дийлэнх нь гэрлээгүй эсвэл гэр бүлээсээ хол амьдарч байгаа залуучууд эзэлж байгаа ба тэдний дунд бэлгийн эрсдэлтэй зан үйлд орох нь цөөнгүй байна. БЗДХ/ХДХВ/ДОХ болон тэдгээрээс урьдчилан сэргийлэх, үнэгүй шинжилгээ, эмчилгээ хийлгэдэг газруудын талаарх мэдээлэл зэргийг тухайн орны онцлогт уялдуулан интернет, тараах материал, сурталчилгаа хийж хүргэх нь цаашдын үйл ажиллагааны чиглэл болж байна.

ESRC Postdoctoral Fellow (University of Manchester) PhD Батаагийн Эрдэнэбат "Инфляцийн талаарх зарим ажиглалт -аа бидэнтэй хуваалцлаа. Инфляци удаан хугацаагаар өндөр, тогтворгүй байсны нэг уршиг нь зах зээлд оролцогч хэн бүхэн инфляцийн хүлээлттэй болох явдал гэдгийг тэрээр онцлов. Эдгээр хүлээлт болон түүнд нөлөөлж болох хүчин зүйлс нь хүн бүхний хувьд адилгүй байх бөгөөд бодит инфляциа удирдах гол хүч нь болж байдаг. Нэгэнт хүлээлт маань сонирхогчийн түвшинд хийгдэж байгаа болохоор түүнд нөлөөлж болох хүчин зүйлс нь тооны хувьд асар их, чанарын хувьд асар муу байна. Үүний үр дагавар нь бодит инфляци маш их хувьсамтгай болж эдийн засагт урт хугацааны төлөвлөлт, хөрөнгө оруулалт үндсэндээ боломжгүй болдог ажээ.

Др. Эрдэнэбат хэлэхдээ монголын шийдвэр гаргагчдийн дунд одоог хүртэл гүйлгээнд байх мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр ажил эрхлэлт сайжирч, эдийн засаг хурдацтай өснө гэсэн ойлголт байсаар байна. Энэхүү бодлого нь хэдийгээр нэг болон хоёр жилийн дотор үйлчилж болох боловч дунд болон урт хугацаанд ямар ч үр өгөөжгүй, бүр сөргөөр нөлөөлдөг гэдгийг хэрэгжүүлсэн улсуудын гашуун туршлага болон онолын судалгаанууд харуулчихсан билээ. Тус илтгэлд өнөөдөр Монголын 20.6% - ийн инфляци (Монгол Банк вэб 4.29.08; Англид 2.5%, Bank of England web 4.29.08) инфляцийн хүлээлттэй ямар холбоотой байгаа болон энэ холбоо хэрхэн хувьсаж ирснийг инфляцийн тэсвэрийн мэдээллийг ашиглан харуулжээ.

Чуулга уулзалтийн хамгийн суулийн илтгэл нь Leeds-ийн Их сургуулийн (MBA) оюутан Билэгтийн Зандангийн тавьсан Оюутны холбоо юу хийдэг, хийж болох вэ?гэсэн цоглог илтгэлээр өндөрлөсөн юм. Зандан Leeds- ийн Их Сургуулийн жишээн дээр Монголын Их сургуулиудын оюутны холбоонууд ямар ажлууд хийж болох талаар сонирхолтой санаанууд гаргасан юм.

Илтгэлүүдийг идэвтэй хүрэлцэн ирж сонссон үзэгчидээс нэлээд сонирхолтой асуултууд гарч илтгэгч нарын ур чадвар, мэдлэг чадлыг чамгүй сорив.

Үдээс хойшхи илтгэлүүдийн дундуур Лондон хотноо ажиллаж амьдардаг, ‘Толбогүй Монгол’ номоороо олны танил болоод буй зохиолч Х.Эрдэмбилэгийн "Андуурал" шог өгүүллэгийг уран уншигч Б.Эрдэнэтуяа уншиж хүрэлцэн ирэгсдийг инээлгэн баясгалаа.

Монголын номын төрөлжсөн Номун Далай цахим дэлгүүрийн хямдралтай худалдаа явагдав.

Чуулга уулзалтыг ивээн тэтгэсэн Англи улсад үйл ажиллагаа явуулж байгаа Монгол компаниуд тавигдсан илтгэлүүдээс шалгаруулж өөрсдийн нэрэмжит шагналуудаа гардуулсан ба үүнд Westland Trading Limited Др. Б.Эрдэнэбатын илтгэлийг, SEMON компани Б. Зандангийн илтгэлийг, Mongol UK Limited Г. Орхоны илтгэлийг тус тус шалгарууллаа.

Оройны 17 цагт чуулга уулзалт албан ёсоор өндөрлөж хүрэлцэн ирэгсэд, илтгэгч нар болон зохион байгуулагч нар бүгд Лондон хот дахь Монгол Pub-д очин тус Pub-ны хамт олноор монгол хоол, ундаа, дарсаар үйлчлүүлж, караокэ дуулж хөгжин наадаж, өөр хоорондоо улам дотно танилцан нэгэн өдрийг эрдэм ном, урлагын баяр цэнгүүнээр дүүрэн сайхан өнгөрөөлөө.

Д, Сэмжидмаагийн авсан Гэрэл зургийн дэлгэрэнгүй сурвалжлагыг үзэх


ТАЛАРХАЛ

Энэ удаагийн чуулганыг зохиоход хамтран ажиллан гүн туслалцаа үзүүлсэн Монгол улсын Элчин Сайдын Яамны хамт олонд тэр дундаа 1-р нарийн бичгийн дарга Б.Энхбаярт, үйлчилгээний албанд зүтгэсэн London School of Commerce-ийн оюутан Д.Наранбаатарт, техник хэрэгсэлээр хангасан Mongol Pub-ны хамт олонд, техникийн асуудлыг найдвартай хариуцан ажилласан Б.Алтанхуяг, Д.Баатар, Б.Цогтбаатар, чуулганы үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлж ивээн тэтгэсэн Westland Trading Limited, SEMON компани, Mongol UK Limited-ийн хамт олонд, гэрэл зургийн сурвалжлага хийсэн Д.Сэмжидмаад, чуулганы ажиллагааг зарлан сурталчилж гүн туслалцаа үзүүлсэн www.sonin.mn www.origo.mn www.tsahimurtuu.mn цахим хуудсуудыг ажиллуулагч нарт, чуулганы ажиллагаанд амжилт хүсэн мэндчилгээ ирүүлсэн АНУ-ын Монголчуудын Монгол Судлалын II Бага Xуралд болон чуулганы ажиллагааг бүхэлд нь бэлтгэж, зохион явуулсан багийн хамт олон Т.Индра, Д.Онолмаа, Др. В.Шинэнэмэх нарт, түүнчлэн нийт хүрэлцэн ирж чуулганд идэвхитэй оролцсон, чуулганы цаашдийн ажиллагааны талаар олон сайхан санал дэвшүүлсэн хүн бүрт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Зохион байгуулагч багынхан дэлхийн аваргатай хамт (зүүн гараас Т.Индра, Д.Онолмаа, дэлхийн аварга боксчин Ч.Цэвээнпүрэв, Др.В.Шинэнэмэх)


Мэдээллийг бэлтгэсэн Т.Индра, Д.Цэрэнбат

2 comments:

gegeen said...

u guys rock. zaluus bidendee ulger duurail uzuulj, olon shine sanaa toruulj baigaad bayarlalaa. hurliin iltgeluudtei taniltsah bolomj bii yu

A.Амарсайхан said...

Сайхан зүйл зохион байгуулжээ. Энэ эрчээрээ урагшаа.