Tuesday, July 15, 2008

Сэтгэлийн зул өргөе


Нутгийн заан, эрхэм ах, сэтгэлд дотно эгэл анд маань цэл залуухан насандаа мөнх бусыг үзүүлжээ. Өглөө дүү маань холбогдоод “Ганаа ах урьд шөнө ойчлоо. Бид энд ажил ихтэй байна. Гэнэт бие нь муудаад сэхээнд очоод өнгөрсөн байна”. хэмээн хатуу хорвоогийн энэ гашуун мэдээг дуулгав. Хий л уймран самгардахуйг хүү маань ажижээ. “Daddy what happened?” хэмээн асуухад нь ухаан сууж амжаагүй хүүдээ “Миний хүү санаж байна уу Монголд очихоор дагуулаад явдаг бөх ах байсандаа. тэр ах нь нас барсан байна” хэмээн хоолой зангируулан хэлсэнсэн...

Хол суугаа болохоор ялтайв, харууслын нулимс сэтгэлдээ асган блогтоо л дурсамж хайлж сэтгэлийн зул өргөе дөө.

Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат, чөлөөт бөхийн Олон Улсын Хэмжээний Мастер, Ази тивийн аварга, үндэсний бөхийн Монгол Улсын Заан Рэнцэнхүүгийн Гансүх хэмээн цоллуулж наадамчин олноо, нутгийн түмнээ олон жил галтай цогтой барилдаанаараа баярлуулсандаа заан маань. Галтай начин байлаа, заан болоод цолондоо хэт ханачихлаа даа хэмээн үеийн бид бас үглэдэгсэн. Тэрээр үнэхээр "би эртээд энэ хүний зүүн хөлийг нь авч хаясан одоо баруун хөлийг авч хаяна" гэж гараад аваад л хаячихдаг галтай начин байсан юм. Зааны тааварт жил бүр л багтаж хэдэн жилийг үдэж билээ.

"Багад нь "хувдай заан" хэмээн настнууд өхөөрддөг байсан юм. Миний хүү заан болно оо" хэмээн өгүүлж түүний ээж, Цэвээнжав эгч маань хүүдээ урам өгнө. Сэтгэл нь цагаан болохоор зориж явсан нь тохиол бүрдээд болдог л юм билээ. Түүнийг Начин цолтой байхаас бид нэг байранд амьдарч жаргал зовлонгоо хуваалцаж Заан болох жил нь цэнгэлдэх дотор дээлийх нь захыг мушгин суусансан. 1994 оны Улс хувьсгалын 73 жилийн ойгоор энэ эрхэм цолонд хүрсэн дээ.

Идэр залуу насандаа үргэлж шахам хамт байсан бидэнд хуваах дурсамж дэндүү ихээ.

2 насаар ах тэрээр намайг үргэлж "миний дүү" хэмээн дуудна. Номын мөр голдуу хөөсөн намайг Монгол бөхийн амтад оруулсан хүн Ганаа заан маань.
Заанаараа дамжин үе үеийн олон сайхан бөхчүүдтэй танилцах, үерхэн нөхөрлөх үүд хаалга нээгдсэнсэн.

Хувь тавилангийн эрхээр 10 гаран жилийн тэртээ хүний нутгийг зориход эсэргүүцэж эгдүүцсэн хүн олон байсан ч заан маань л сэтгэлийн дэм өгч байсан цөөхөн хүний нэг байж билээ.

Талийгаач маань хүнтэй далд бодолгүй харьцдаг сүү шиг цагаан сэтгэлтэй, өөрийгөө мартаж өрөөлийн төлөө явдаг дэндүү тусархуу нэгэн байсаан. Багаасаа өнчин өрөөсөнгийн зовлонг үзсэн, басхүү өөрийн хүч авьяасаар олны хүндлэлийг хүртсэн хүний хувьд хүнийг их бага гэж ялгах нь үгүй, түмэнтэйгээ явбал болно доо хэмээн өгүүлж хүн бүрт л юухнаар болов туслахсан хэмээн чармайдаг нэгэн байлаа.

Нутаг усныхан маань Гансүх заанаа Монгол бөхөө хүндэлдэг сэтгэлээрээ ч, цагаан сэтгэлтэй тусч хүнийх нь хувьд ч их хүндлэнэ. Заан маань ч нутгийнхныгаа их бага, эр эм гэж ялгалгүй өвдсөн хавдсан хүн л байвал тэвэрч гүйгээд эмнэлэг бараадуулж эмч домчид үзүүлдэг нэг давхар ажилтай байсансан.

Энэ нь олонтойгоо явдаг түүнд зөвхөн нутаг нугахнаараа ч тогтдоггүй үйл байв. Саяхан Лондонгийн наадамд бэлтгэж байсан шинэ үеийн залуу бөхчүүдтэй хөөрөлдөж суухад Өвөрхангай аймгийн харъяат аймгийн начин Цэвэлдорж “Гансүх ах ёстой их бага гэж ялгахгүй шүү. Биеэ үзүүлэх гээд эмнэлэг дээр очиход гараас хөтлөөд л эмч нартаа үзүүлээд явуулчихдаг юм. Ёстой тусархуу” хэмээн өгүүлж байсан...

АНУ-д суугаа чөлөөт бөхийн Ази тивийн аварга Сэргэлэнбаатар андаас 6 сарын сүүлээр нэг яаралтай хэмээн анхааруулсан имайл ирсэн нь “Гансүх маань тааруухан сэхээнд байгаа юм байна. Би сая ярилаа. Чамайг ярь гэсэн шүү” хэмээжээ. Даруй залгатал дуу нь нилээд цаах нь боловч инээд наргай яриад сэтгэл санаа нь өөдрөг. Эм тариа юу хэрэгтэйгээ дуулган, хүүхэд шуухад нь өсөж буйг өгүүлэн суусансан. Хэдэн хором яриад хэт ядраахаас нь эмээн “тэнхрэхээр тань ярья даа” хэмээгээд өндөрлөсөн маань бидний дуу хоолойгоо сонсолцох сүүлийн боломж байсныг яахан мэдэхэв.

Наадмын өмнөхөн харин “гэртээ интернеттэй болсон” хэмээн яахоогийн чатаар холбогдон “удахгүй микрофон олоод тухтай ярина аа. Наадам сайхан болох янзтай байна. Хүү маань наадмын бэлтгэлд бөхчүүдтэй гарсан. Надаас том болсон шүү” хэмээн мессэждэв. Харин 11-ний орой Наадам их сайхан болж байна. Хүү маань 2 давсан байна. Маргааш 3-ийн даваанд гарна даа хэмээн их л баяртай зурвас үлдээснийг нь олж уншин, эх нутагтаа байгаагүй наадам наадмын нарийн чамин сонинг заанаасаа сонсдог жаягаараа за наадам өнгөрөөж байгаад нэг тухтай залгая даа.” хэмээн бодож алгуурласан маань дэндүү ташаа бодол болсныг мэдэж хожимдон гэмшивч үл баран гашуудан суучихуй.

Хүний хорвоод ахархан ч гэлээ дуудах алдар, дуурсах нэртэй, түмэн олондоо хайрлагдан дурсагдах сэтгэл зүтгэлтэйгээр амьдарч чадсан түүний гэгээн дүр бөхөө дээдэлдэг Монгол түмний сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.

Сайн төрлөө олж төрөх болтугай

Ум маани бад ми хум

3 comments:

eebee said...

Ум маани бад ми хум

odno said...

Ум маани бад ми хум setgeliin zul orgoy ee

Anonymous said...

tiim ee. nadad ch bas tus bolj baisan buyantai khun shuu