Thursday, December 10, 2009

Монгол Киноны Алтан фондод хадгалагдах кино бүтээсэндээ баяртай явдаг


Монголд Арчдилал өрнөсний 20 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Ардчилал бидэнд олон сайхан боломжийг бий болгож бид үр дүнгээс нь хүртэж буй ч бас ардчилал гээч эрх чөлөө эрх мэдлийн хариуцлагыг умартваас олон хар барааныг дагуулж явдгийг бидэнд ойлгуулсаар.
Улс төрийн энэ сэдвийг урлагийн бүтээл болгосон  7 сарын 1 киноны найруулагч Ануужинтай хөөрөлдлөө.

1. Улс төрийн сэдвээр уран бүтээл гарсан нь тун ховор байдаг. Та харин 7 сарын 1-ны үйл явдлаар сэдэвлэн кино бүтээжээ. Киног хийх санаа анх яаж төрөв. Кино нэг хүний бодит амьдрал уу олон үйл явдлын цогц уу?
Энэ киног хийх болсон түүх нь их сонин л доо. Уг нь анх Тулга, Онон гээд 2 найзтайгаа хамтарч “Би чамд хайртай-2” киног хийх гэж байсан юм. Нэлээн гайгүй прожект байсан. Валентиний баяраар нээлтээ хийнэ гэж төлөвлөж байлаа. Тэгээд монголын сүүлийн үеийн кино хийдэг бараг бүх л гайгүй гэсэн уран бүтээлчидтэй уулзсан байх / цалин хөлс.../ бүр өөрсдөө кино зохиолынхоо гол рамийг зангидаад үлдсэнийг нь UBS ТВ-ийн дуу оруулагч сүүлийн үеийн хэд хэдэн киноны зохиолыг бичсэн /Ийм нэгэн дурлал, Миний хөрш чөтгөр/ Миеэгомбо гэж залуугаар бичүүлж байлаа.

Харамсалтай нь бичиж ирсэн зохиол нь нэг л таалагдаагүй. Ингээд хэсэг мухардалд орж яах тухайгаа ярилцаж байгаад л нэг мэдсэн чинь 7 сарын 1-ний тухай кино хийхээр болчихсон байж билээ. Тэр үед чинь залуучуудын өөр хоорондын ярианы гол сэдэв энэ байв. Бид ч бас чөлөөт цагаараа найз нөхдийнхөө хүрээнд байнга энэ тухай ярилцаж бухимддагсан. Энэ их нөлөөлсөн байх л даа. Их зориг гаргасан шүү. Тэр үед хүмүүс энэ сэдвээр ил ам нээхээс айдаг байсан шүү дээ. Ингээд л зохиолыг нь ярилцаж эхэлсэн. Энэ киноны зохиолыг манай киноны бараг бүх л уран бутээлчид хамтарч гаргасан байх. Бүр манай кинонд тоглосон CCB хамтлагийнхан хүртэл оролцсон. Гарч буй дүрүүд, үйл явдалаар өнөөгийн Монголын Улаанбаатарын гэр хороололын залуусын бодит амьдралыг, 7 сарын 1-ний үйл явдал эдгээр залуусын амьдралд ямар нөлөө үзүүлсэнийг харуулсан юм.  Кино хийхэд маш их ур чадвар шаардсан асуудлууд гарч байсан. Нэг жишээ нь киноны зураг авалтад бэлтгэн зөвхөн гэрэл тавилтаа тохируулахад л 4-5 цаг ордог байв. Ингэж их хөдөлмөрлөсөний эцэст харин манай кино Монгол Киноны Алтан фондод хадгалагдан үлдэж байгаа орчин үеийн хоёр шилдэг киноны нэг нь болсон доо. Хар цагаан дүрстэй кино бол нарийн ажиллагаатай, өндөр ур чадвар шаарддаг юм билээ. Харин киногоо Full HD форматаар 80GB-аар бэлтгэж 2цаг 30 минутын хугацаатай хийсэн боловч Монголд кино театруудын техникийн хүчин чадал хүрэхгүй байсан учраас бид киногоо Монголын кино теaтруудад гаргахын тулд 1 цаг 30 минут болгон танаж, 12GB-аар бэлтгэж техникийн үзүүлэлтийн хувьд чанарыг нь доош оруулсан. 80Gbt нь 1 цаг 30 минутийнх байгаа ч 2 цаг 30 минутийнхийг нь дахин сэргээх аргагүй болсон. Үүнд сэтгэл дундуур байгаа ч узэгчиддээ хургэж чадсандаа баяртай байгаа.

2. Киног бүтээхэд ямар хүмүүс хамтран ажиллав. Нэртэй уран бүтээлчид байв уу? эсвэл шинэ залуу үеийн гар сэтгэл нийлсэн залуус голлов уу, Би киног тань үзэж амжаагүй яваа болохоор магадгүй олонд хэзээний мэдээж болсон асуулт тавьж байж магад.
90 хувь нь залуучууд. Бүгдээрээ л шинэлэг, содон, сайн кино хийх хүсэл эрмэлзэлтэй залуучууд. Нүүр хувиргагчаар ажилласан монгол кино үйлдвэрийн Одноо эгч, Дээги эгч, графикч Энхбаатар, хөгжмийн зохиолч Сонорын Онон энэ дөрөв л урьд нь кинонд ажиллаж байсан туршлагатай. Бусад нь бол клип реклам хийдэг, тэр чиглэлдээ нэр хүндтэй шинийг санаачлагчид гэж би боддог. Авсан шагналуудыг нь сонсоход л ойлгомжтой л доо. Найруулагч Анар скин энтэртаймэнт эвлүүлэгч, Дори скин энтэртаймэнт дууны оператор Өөнөө скин энтэртаймэнт зураглаач Болор лемон техникч гэрэлтүүлэгч Содоо, Болдоо лемон зургийн дарга Гого лэмон зураач Эрка он&офф туслах найруулагч Хулан, жүжигчидийн хувьд олны танил хүмүүсээс гэвэл соёлийн тэргүүний ажилчин Урнаа эгч, Эрдэнэбат ах, Карма эгч гээл. Киноны гол дүрд click click boom гээд хип хоп хамтлагийнхан тоглосон

3. Санхүүгийн шаардагдах эх үүсвэрийг хэрхэн босгов. Кино тань бизнесийнхээ хувь ашигтай байж чадсан уу?
Хөрөнгө мөнгөний хувьд гэвэл маш их саад бэрхшээлийг туулсандаа. бид нарын төлөвлөж байснаас маш их хэтэрсэн. Мөнгө дуусаад зураг авалт маш олон удаа зогсож байлаа. Бид нар чинь жүжигчид болон уран бүтээлчдээрээ бөөнөөрөө 6,7 сар хамт амьдарсан. Энэ хугацаанд нэлээн олон юм үзсэндээ. Бүр  мацаг бариж ч байлаа хэхэ. Бас ид өвөл зураг авалтууд дандаа гадаа гэр хороололд байсан болохоор бүгд их даарч ядарсан даа. Манай кино багийнхан бүгд зэрэг ядаргаанд ород бөөн бөөнөөрөө хатиганд хүртэл баригдаж байлаа. Гэвч энэ бүхний ард гарч чадсан. Олон ч хүмүүс тусалсан. Миний багийн найз Цэцэн гэж залуу маш их их хэмжээний санхүүгийн туслалцаа үзүүлсэн. Зээлж авсан мөнгөө төлөх гэж кино гаргаад олсон бүх мөнгөө эргүүлэн найздаа өгч байсан ч бүрэн барагдуулж дуусаагүй.  Мөн  Р.Бурмаа /сонгогчдын боловсрол төвийн тэргүүн/ Ж.Занаа /иргэдийн Алианз төвийн тэргүүн/ Сүхгэрэл /7 сарын 1 эвсэл - ТББийн ерөнхий зохицуулагч / гэсэн гурван эгч их тус болсон. Бид нарийн өмнөөс нэлээн их ажил амжуулж заримаас нь санхүүгийн туслалцаа авахад хүртэл тусалсан мөн бидэнд байнга зөвлөлгөө өгдөг байлаа. Тэгээл бид нарын найз нөхөд хамаатан садан гээд их л олон хүний хүч хөдөлмөр сэтгэл шингэсэн.

4. Та хэд хэдэн улсаар дамжин явсаар одоо Европод ирээд амьдарч байна. Тэгэхээр энэ кино таны амьдралыг эрс өөрчилжээ дээ. Эсвэл өөр шалтгаан байв уу?
Энэ тухай одоохондоо яримааргүй байна. Ер нь бол кинонтой шууд хамааралтай шүү.

5. Уран бүтээлийг тойрсон элдэв яриа их байх юм. Ялангуяа зохиогчийн эрхийн асуудал. Киноны эзэмшигч нь ингэхэд хэн бэ? Саяхан Өнөөдөр сонинд таныг киног уран бүтээлчдээс нь хулгайлж аваад Европийн орнуудад гаргахаар явна гэж бичсэн байсан.
Киноны эрх бол манай нөгөө продюсэр Онон бид хоёрын нэр дээр байдаг. Зохиогчийн эрхийн гэрчилгээгээ авчихсан байгаа. Манай киноныхон бол бүгд л мэднэ. Хэн тэгэж бичсэнийг олж мэдээд заргалдана гэж бодож байгаа.  Өөрөө өөрийнхөө юмыг хулгайлна гэж юу байхав дээ.
Би гадаадад байдаг монголчуудын бараг бүх л холбоо руу хамтран ажиллах санал тавиж имайл бичсэн. Ганцхан Британи дахи Монголчуудын Холбооноос буюу танаас хариу ирсэн юм.  Та LingiaGlobal компанийн Өнөрмаа эгчтэй холбож өгч, Өнөрмаа эгч миний саналыг их сайнаар хүлээн авч их олон сар хөөцөлдсөний хүчинд одоо Лондон хотод гарахаар болчихоод байгаа. Та хоёртоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Яалаа гэж барууны оронд зүгээр нэг кино хармаалж очоод гаргах вээ дээ. Нээрээ сониноос манай киног Чикагод хулгайгаар гаргасан тухай би сонссон. Хэн гаргасаныг нь ч мэдээд авсан. Тэр хүмүүсийн нэрийг дурьдаад яахав. Харин дахин ийм асуудал гаргавал хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж хэлмээр байна. Би мөн киноныхоо гадаад дахь зохиогчийн эрхийг давхар авах гэж байгаа. Тэгэхээр хаана ч эзэмших эрхтэй болчихно.

6. Өнөөдөр сонинд гарсан мэдээг кинонд тоглоод ямар ч мөнгө авч чадаагүй жүжигчин тань өгүүлсэн гэсэн сураг сонссон юм.
Бид гэрээнд тохирсон хөлсөө бүх жүжигчид болон гол дүрд тоглосон залуус, уран бүтээлчдэд төлсөн. Харин заримдаа гол дүрийн жүжигчид шантарсанаас болж юмуу, хөрөнгө мөнгөний асуудлаас болж зураг авалт сунжирсанаас ялангуяа гол дүрд тоглосон хамтлагынхан маань нэмж төлбөр авахаар ярихад нь бид хэрэв ашигтай ажиллавал болох юм гэж ярилцсан ч үнэндээ бидэнд ашиг гараагүй учир нэмж төлбөр хийх байтугай өр зээлээ ч бүрэн барагдуулж чадаагүй. Энэ бүхнийг манай уран бүтээлчид бүгд ойлгож мэдэж байгаа тул ийм яриа гарна гэж огт бодоогүй шүү. Энэ дашрамд хэлэхэд харин кинонд тоглосоноороо тус хамтлагынхан харин ч үнэгүй сурталчилгаа хийлгэсэн гэдгээ ойлгох хэрэгтэй байх. Ийм яриа ярьж яваа бол сэтгэл дундуур байна. Яагаад гэвэл киног Онон бид хоёр хийсэн болохоор бид киногоо яаж сурталчлах, гаргах асуудлаа зохицуулна шүү дээ, жүжигчид биш. Бидэнд цаашдаа төлөвлөж бодсон зүйлс бий. Киногоо Ж. Өнөрмаа эгчээр менежмент хийлгэн гадаадын фестивалуудад оролцуулах, Англи хэл дээр орчуулж барууны үзэгчдэд хүргэх гэх мэт. Оюуны бүтээл хийсэндээ, Монголын киноны Алтан фондод орсон орчин үеийн шилдэг хоёр киноны нэг нь болсноороо (Чингис хааны тухай ‘Үхэж үл болно’ гэдэг кино, манай кино хоёр Монгол Киноны Алтан Фондод орсон) бид үргэлж бахархаж явах ёстой юм шүү. Алсын хараатай байгаарай гэж залуусдаа хэлмээр байна.

7. Кино хийсэн хүн маань ингэтэл тэс өмнөө мэрэгжлийн хүн байх юм. Хүүхэд ахуйдаа математикийн улсын олимпиадад түрүүлж үзүүрлэж байсан, банкны эдийн засагч мэрэгжил эзэмшиж банк санхүүгийн байгууллагуудад ажилтнаас нь захирал хүртэл ажилууд хийж байсан хүн яагаад гэнэт кино урлагт хүчээ үзэхээр шийдээ вэ. Багын хобби сэтгэл татагдсан зүйл байв уу?
Ер нь эхлээд мэдээж кино гэдэг бол маш том бизнес. Мөн бидний хэдэн найзууд багаасаа л кино үздэг шүүмжилдэг , бүр найзуудынхаа амьдралаар “Америкт нэгэн удаа” шиг кино хийнэ гэж яриж мөрөөддөг байсан. Бас С.Мөнхбаатар гэж миний талийгаач ах киноны инженер оператор мэргэжилтэй хүн байсан юм. Ардчиладын анхны хэдийн нэг байлаа. Монголын ардчиллын тухай “Халуун салхи” гэдэг баримтат киног хийж байсан юм. Ер нь их л зүйл нөлөөлсөн байхдаа. Тэгээд ч одоо монголын кино урлаг буцаад сэргэх зүг руугээ орж байна шүү дээ. Хажууд нь энэ улс төрийн тогтолцоо, нийгэм маань улам доройтож бүр сүйрлийн ирмэг дээр ирчихээд байна шүү дээ. Залуучууд бид л хийхгүй бол өөр хэн хийх вээ дээ.


8. Тодорхой шинжлэх ухааны, тэр дундаа математик сэтгэлгээтэй хүмүүсийн дунд байдаг уу янз бүрийн сэдэл аксиом гаргаж түүн дээрээ тулгуурласан онол боловсруулж байх нь элбэг. Таныг бас өөрийн гэсэн судалж сонирходог сэдэвтэй гэж сонссон юм.
Хүний нутагт амьдраад ирэхээр өөрийн эрхгуй эх оронч, Монголоо гэсэн болчихдог юм байна. Шашины, монголын, дэлхий, шинжлэх ухаануудын гээд л түүх их судалж байгаа..
Манай монгол чинь аугаа түүхтэй хэл соёл, ёс заншилтай улс шүү дээ. Тэгэхэд одоо монголыг мэддэг хүн ч гэж алга байна. Мэддэг нь Чингис хаан д гэнэ. Тэгээд Чингис хааныг маань их зэрлэг харгис бүдүүлэг хүн мэтээр боддог. Яг яс юман дээр Чингис хаан бол ухаантай, шударга, энэрэнгүй эр нь л цагаасаа эрт бүгдийг мэдэрчихсэн хүн байсан юм байна. Тэр хүний хийж эхлүүлсэн бүх юмыг л одоо дэлхий нийтээрээ хийх гэж оролдож эхэлж байна шүүдээ. Глобалчлал, шударга хууль цааз, байгаль экологи гээд зөндөө л юм байна. Энэ талаар би ном бичих гэж байгаа. Энэ номоо бичихэд их ч юм судлах шаардлагатай байгаа. Түүх их унших хэрэг гарч байна. Бас энэ тооны шинжлэх ухаан чинь ертөнцийн бүх л зуйлийн нууцыг агуулж байдгийг саяхан Бээжинд хэсэг амьдарч байхдаа олж мэдлээ. Бодит болон бодит бус хийсвэр ертөнцийн бүх юмны учир утга нуугдаж байдаг юм. Ер нь судлах тусам их сонин зүйл рүү яваад байгаа.

Цаг гарган ярилцсан танд баярлалаа. 

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат

2 comments:

Pearle Deppsu said...

За ёстой уучлаарай. Тун бүдүүлэг сэтгэгдэл үлдээх нь.

7 сарын 1 гэдэг кино бол үнэхээр маш муу кино болсон. Зүгээр л киногоо олонд хүргэж, их мөнгө олохын тулд 7 сарын 1 гэдэг нэр өгсөн гэж боддог. 7 сарын 1 гэдэг чинь 9 сарын 11 гэдэгтэй адил зүйл. Харин тэр хүмүүсийн сэтгэлд тод үлдсэн хэцүүхэн дурсамжийг мөнгө олоход ашигласан гэхээр дургүй минь хүрээд байдаг юм.

Тэр киног үзэхэд зарцуулсан хайран 20д мянган төгрөг минь дээ нээрээ

Д.Цэрэнбат said...

Харах өнцөгөөсөө болдог юм боловуу даа Энд үзсэн хүмүүс ам муугүй байна билээ. Өөрөө хувьчилан үзэж амжсангүй.