Британийн Монголчуудын уламжлалт Монгол орны хөгжилд 6-р чуулга уулзалтад Шведийн Стокгольмийн Эдийн Засгийн Сургуулийн докторанд Н.Ууганбаатар ирж оролцон “Мэдээллийн онол ба түүний боломжит хэрэглээнүүд” илтгэлээрээ Цахим Өртөөний нэрэмжит Эрдэм өргөмжлөл мөн Холбооны гишүүдийн хамтын бүтээл болох номын дээжсээр шагнагдсан билээ. Энэ өргөмжлөлийг хүртсэн илтгэгчээс ярилцлага авч Цахим Өртөөгөөрөө уншигчдад хүргэдэг уламжлал ёсоор Н.Ууганбаатартайгаа хөөрөлдлөө.
Мөн энэ дашрамд бидний чуулганыг дэмжиж илтгэгч Н.Ууганбаатарыг ивээн тэтгэсэн Шведийн Вант Улсад суугаа элчин сайдын яамны хамт олон, элчин сайд Б.Энхмандах танаа гүнээ талархаснаа илэрхийлье. 1. Юуны өмнө танд чуулга уулзалтад амжилттай оролцож маш сонирхолтой илтгэл тавин Цахим Өртөө Холбооны нэрэмжит "Эрдэм" өргөмжлөл хүртсэнд баяр хүргэе
За баярлалаа. ”Эрдэм” гэсэн нэрийг нь би ихэд билигшээж байгаа.
2. Та өөрийгөө товч танилцуулахгүй юу? Яг ч математикийг мэрэгжил болгож эзэмшээгүй хүн болтой. Гэтэл илтгэл тань тэр чигээрээ математикийн ухаантай холбогдоод явчихсан.
Миний хувьд бол уг нь дунд сургуульд (хуучнаар МУИС-н Гүнзгий, бидний үед бол Монгол-Туркийн Хамтарсан Сургууль) сурч байхдаа математикт чамгүй дурлаж байлаа. Харин баклаварт суралцахдаа Санхүү, Эдийн засгийн чиглэлээр дагнасан юм. Тэгээд Австри Улсын Венн хотод Математик Эдийн Засаг болон Математик Статистикийн чиглэлээр магистрт суралцсан минь математикт сонирхох сонирхолыг минь дахин сэргээсэн гэх үү дээ.
Нөгөөтэйгүүр, өнөө үед шинжлэх ухаанууд хоорондоо их холбогдож байх шиг байна. Тэр утгаараа шинжлэх ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн урагшлах, тэр хөгжилд нь хувь нэмэрлэх гэж буй хүн бүр, өөрийн салбараасаа гадна өөр салбаруудыг бас сонирхон судлах хэрэгцээтэй болсон мэт санагддаг юм. Мэдээж тиймэрхүү салбаруудын хамгийн түрүүнд нь математик бичигдэх байх.
3. Мэдээллийн онолыг судлах математик аргачлалын талаар та илтгэлдээ ярилаа. Уншигчдад энэ санаагаа жаахан дэлгэрүүлж хэлвэл.
Мэдээллийн онол нь харилцаа холбооны буюу мэдээлэл дамжуулах ямарваа системийг математик аргачлалаар судалж эхэлсэнээс үүдэлтэй юм билээ. Энэ салбарын хамгийн эхний дорвитой үр дүн нь Америк математикч Клод Шэнноны 1948 онд хэвлүүлсэн бүтээл юм. Тус бүтээлдээ Шэннон, мэдээлэл дамжуулах ямарваа системийн хурдны дээд хязгаарыг нь тогтоосон байдаг. Миний илтгэл ерөнхийдөө бол Шэнноны баталсан үр дүнгүүдийн талаар байсан.
Ер нь бол 20 зууны сүүлийн хагаст мэдээллийн технологи маш богино хугацаанд үсрэнгүй хөгжсөн нь, мэдээллийн онолтой буюу харилцаа холбооны аливаа системийг математик аргачлалаар судалж, тодорхой үр дүнгүүдэд хүрсэнтэй шууд холбоотой болов уу. Миний бодлоор энэ Мэдээллийн онол, сонирхож үзсэн хүн бүрийн нүдийг нь нээмээр их гүнзгий, бас урмыг нь сэргээмээр их уран (aesthetic) онол байна лээ.
4. Ер нь математикийн хэрэглээ улам ихээр нэмэгдэж буй нь түүний алив зүйлд хандах уг хандлага, арга барилтай нь холбогдож буй юм аа даа? Та хэл шинжлэлд ч математик аргаар тэр дундаа Шенноны онолыг үндэслэн хандаж болох талаар сонирхолтой жишээ ярилаа
Тийм л болов уу. 20-р зууныг хүртэл математик голдуу байгалийн ухаанд хэрэглэгдэж байсан бол 20-р зуунд математик аргачлалууд нийгмийн ухаануудад, инженер технологийн дэвшлүүдийг санаачилахад өргөнөөр хэрэглэгдэх болсон. Үүний хамгийн тод жишээ нь та бидний өдөр тутмын хэрэглээ болсон компьютерийн технологийн үүсэл, хөгжил байх.
Харин хэл шинжлэлийн хувьд бол, Шэнноны онол нэлээд ерөнхий нөхцөлд томъёлогдсон байдаг болохоор харилцаа холбооны ямар ч систем энэ онолд хамаарах учиртай. Хэл ч гэсэн нэг төрлийн ийм системд зүй ёсоор тооцогдоно. Энэ утгаараа хэлтэй холбоотой зарим судалгаанууд мэдээллийн онолд суурилах бүрэн боломжтой. Жишээ нь би энэ удаад ”Нүүдэлчдийн оюуны өв нь тэдний хэлэнд нь байдаг” гэсэн дүгнэлтийг мэдээллийн онолд тулгуурлан баталгаажуулж болох юм гэсэн санаа дэвшүүлсэн. Угтаа бол нүүдэлчдийн хэрэглэдэг зүйр үгс нь нийтдээ аль хир их (хэдэн байт) мэдээлэл агуулж байгааг нь тооцоолох, тэгээд бусад хэлнүүдийнхтэй харьцуулах маягаар иймэрхүү судалгаа хийгдэж болох юм гэсэн санаа.
5. Монгол оронд маань математик аргачилалаар асуудалд хандах байдал хөгжих болтугай гэсэн санаагаар та илтгэлээ өндөрлөсөн. Ер нь манайхан асуудалд гол аргачилалаа дагаж бус завсрын нөлөөлөлд орсон байдлаар хандаад буй гэсэн дүгнэлт гаргаж болох уу?
Бидний хувьд хөгжихийн тулд, 21 зууны дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд, математикийг ашиглаж сурах нь зайлшгүй хэрэгцээ болов уу. Учир нь математик үр дүнгүүд хүний бусад мэдрэмжүүдээс огт өөр байдаг юм шиг санагддаг юм. Өөрөөр хэлбэл, математикийг өөр зүйлээр (мэдрэмж, туршлага гэх мэт) орлуулах боложгүй юм шиг. Гэтэл нөгөө талаас, хүн төрлөхтөний хөгжил дэхь, тэр ч бүү хэл бидний өдөр тутмын амьдрал дахь математик гаралтай эмементүүд улам ихсээд байх шиг. Тэр бүхнийг ойлгох, тэдэнтэй нэг түвшинд хүрэхийн тулд математикийг өөрийг нь ашиглахаас өөр сонголт бараг үгүй л болов уу.
Асуултын хоёр дахь хэсэг нь Монголын өнөөгийн байдалтай холбоотой байх шиг байна. Бид чухам ямар арга барил голлон хэрэглэж байгааг нь би сайн мэдэхгүй юм. Гэхдээ та бид хоёрын энд яриад байгаа тэр математик арга барилууд төдийлөн хэрэглэгдэхгүй л байгаа болов уу. Хэрэв тийм бол энэ байдал маань, бид маш том боломжийг алдаж, бидэнд туйлын их ач тус өгөх тэр ”багжаа” хэрэглэхгүй байгаатай л адил. Ер нь бол хүн төрлөхтөний түүхэн дэхь хамгийн чухал газар зүйн нээлтүүд, байгалийн ухаануудын үндсэн үр дүнгүүд болон техник, технологийн аливаа дэвшилд (аж үйлдвэрийн хувьсгал, мэдээллийн технологийн хувьсгал гэх мэт) математик элемент заавал байдаг жамтай. Энэ нь тохиолдол биш байх аа.
6. Чуулганаас үлдсэн сэтгэгдэлээ та хуваалцахгүй юу? Өөр бусад улсуудаас ирсэн зочин илтгэгч нартайгаа их дотно сайхан танилцаж хойшид хамтран хийж бүтээх санаа ихийг солилцсон байх
Зохион байгуулалтын хувьд ч тэр, оролцогч хүмүүсийн талаасаа ч тэр их сайхан чуулган боллоо гэж би бодож байгаа. Сайхан үйлс бүр бас өөр сайхан үйлсийн эхлэл нь болдог хойно, энэ удаагийн чуулган ч гэсэн, наанадаж чуулганд оролцогчдын цаашдийн хамтын ажилд, цаашлаад эх орны минь хөгжилд сайнаар нөлөөлөх байх гэж итгэж байгаа шүү. Ярилцсан хөөрөлдсөн юмс бидэнд бий.
За баярлалаа Таны цаашдын эрдэм номын ажилд өндөр амжилт хүсье!
Баярлалаа. Цахим Өртөөний та бүхэнд мөн сайн сайхныг хүсье!
Хөөрөлдсөн Д.Цэрэнбат
Ярилцагчийн шигтгээ:
Цахим Өртөөний анхны Өргөмжлөлийг 2006 онд тур үед Кэмбриджийн Их Сургууль Докторын зэргээ хамгаалж байсан өдгөө МУИС-ийн Анторпологийн тэнхимийн эрхлэгч Д.Бум-Очир,"Хайлж буй дээд Монгол" илтгэлээрээ хүртсэн юм. Түүний энэ илтгэл Цахим Өртөөгөөр олонд хүрч тэр л мэдээллээр Монгол түмэн Дээд Монгол хэмээх бидний нэгэн тасархай байдгийг мэдэж Монгол судлаачдын үүргэвчтэй, телевизийн сурвалжлагуудын камертай аян ар араасаа хөх нуурын Монголчуудын зүг хөвөрсөн билээ.
Хоёр дах өргөмжлөлийг хүртсэн Ууганбаатар андын маань санаа ч Монгол оронд маань тэр мэт түгэн дэлгэрэхийн ерөөл өргөе.
No comments:
Post a Comment