Довны наадам буюу Nottingham-ийн шинэ жил
Английн төв хойдхон хэсэгт орших Nottingham хотноо Монголчуудын төвлөрөл үүсээд багагүй хугацаа өнгөрч, баяр ёслолоо хамтран тэмдэглэдэг уламжлал тогтоод буй. Энэ уламжлал ёсоороо тэд шинэ жилээ 12 сарын 20-ны Ням гарагт орон нутгийн паабандаа тэмдэглэж 100 орчим Монголчууд өвлийн өвгөн цасан охидоо тойрон дуулж бүжиглэн баясан цэнгэжээ.
Fashion show-тай Бүх нийтийн шинэ жил
Лондон хот дах Монголчуудын шинэ жилийн баярын ажиллагаа 12 дугаар сарын 28-д Лондонгийн баруун дүүрэг West Kensington –д байрлах Crescent Club-т зохиогдлоо. Энэ удаагийн шинэ жилийн баярыг олон байгууллагууд хамтран гар сэтгэл нийлэн хийснээрээ онцлог болов. SEMON Cashmere компани, Монголчуудын Оюутны Холбоо гол зохион байгуулагчаар ажиллан, MGL Charity-ийн Буянбат зохион байгуулалтад идэвхийлж, МОНГОЛ БРИДЖ компани зар сурталчилгаа хүргэж, тасалбар түгээхэд туслаж, Элчин Сайдын Яам өргөмжлөл, шагналаар, Монголчуудын Холбоо өвлийн өвгөн, сурталчилгааны самбар зэргээр дэм нэмэж хамтран ажиллажээ.
Морин хуурын ая эгшгээр эхэлсэн шинэ жилийн цэнгүүнд латин бүжгийн хосын үзүүлбэр, SEMON Cashmere-ийн загварын шоу, цэнгээнт бүжгийн хосын тоглолт, өвлийн өвгөн цасан охидын мэндчилгээ, оны шилдгүүдийн тодруулга, агшиж сунадаг хоолой бүхий бүжгийн гайхамшигтай үзүүлбэр гээд олон төрлийн хөтөлбөр ээлж дараалан явагдсаар шөнө дундыг хүргэн чөлөөт бүжиг үүр цайтал үргэлжилсэн ажээ.
Энэ оройн цэнгүүнд нийт 500 гаруй Монголчууд ирснээс элчин сайдын яамны хамт олон, Англи Монголын Парлиаментийн бүлгийн дарга Жон Гроган зэрэг хүндэт зочид урилгаар оролцож шинээ жилээ хамтдаа угтав. Оны Шилдэг уран бүтээлчээр Гиннесийн номд өөрийн амжилтаараа орсон уран нугарагч Оюунаа, шилдэг бизнесманээр Монгол Пабны Батбаяр, шилдэг оюутнаар Сувдаа, шилдэг нийгмийн зүтгэлтнээр MGL Charity-ийн Одонгэрэл нар тус тус тодорчээ.
Манчестерийн Монголчуудын Холбооноос зохион байгуулсан Шинэ Жилийн Цэнгүүн 2009 оны 12 дугаар сарын 28-нд Britannia Hotel-н Jenny’s Restaurant-д зохиогдов. Уг цэнгүүнд гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөөрөө цуглаж амтат зууш, оргилуун дарсаар бялхсан баярын ширээ тойрон сууцгааж тун тохилог сайхан баярлалаа.
Цэнгүүнд 100 орчим зочид хүрэлцэн ирсэнээс Лондон хотоос Монголын Соёлын Төвийн захирал Түвшин, Март, Отгонбаяр нар урилгаар оролцож Манчестерийн Монголчуудтайгаа Шинэ жилийн баяраа хамтдаа тэмдэглэв.
Хүүхэд багачуудын инээд хөөр цалгиж, хүн бүрийн нүдэнд баярын мишээл тодорсон энэ үдэш ардын бүжиг, аялгуут гитарын айзам аргагүй сонирхол татаж, хөгжөөнт тоглоом хүмүүсийн самбааг шалгаж, бяцхан авъяастнууд дуугаа дуулж, цасан охид өвлийн өвгөн айлчлан ирж шинэ оноо хамтдаа угтлаа.
Шинэ Жилийн Цэнгүүнийг Зохион байгуулахад оролцсон бүх хүмүүст болон ирсэн бүх зочиддоо ММХолбооны зүгээс баярлсанаа илэрхийлж байна.
Цовоо цалгин дуу хадаасан Хүүхдийн шинэ жил
Сурган Хүмүүжүүлэгч багш Б.Эрдэнэтуяа санаачилан жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй хүүхдийн шинэ жилийн баяр 12 дугаар сарын 30-ны өдөр Lisson Green Estate-ийн "Community Hall"-д гэр бүл, хүүхдийн хүрээнд зохиогдож зуу гаруй хүүхдүүд цуглан шинэ жилийн баяраа инээд баясал дүүрэн хамтдаа тэмдэглэлээ.
2009 оны "шилдэг хүүхдээр” С. Мишээл Б.Аззаяа нар өргөмжлөгдөн, Г.Номин охин " 2009 оны Гоёл" тэмцээний тэргүүн байранд шалгарч, Б.Марал охины бүтээсэн Өргөмжлөлийг өвлийн өвгөн ааваас гардан авав.
Төгөлдөр хуурын багш Н.Хулан нийт монгол ээж аав хүүхдүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж, шавь нар нь урлагийн тоглолтоороо бэлэг барив.
Шинэ оноо угтаж баярлаж хөөрөхийн зэрэгцээ хүүхдүүд маань Монголд байгаа орон гэрээсээ дайжсан үеийн анд нартаа зориулж хандив өгч, бэлэг илгээн буянтай сайхан үйл хийжээ. Тухайлбал Мишээл охин 10£ хандивлаж, Насан 2 хайрцаг дулаан шинэ болон хуучин хувцас, орны даавуу тоглоом ном өгсөн байна.
ХУРД-ийн аялгуутай Монгол Центрийн шинэ жил
Лондон хотноо байрладаг Монгол Центрээс өөрийн компанийн нэрэмжит шинэ жилийн байрын цэнгүүнийг жил бүр зохиож Монголоос олны танил хамтлаг дуучдыг урин авчирч тоглуулдаг уламжлал тогтоод байгаа билээ. Энэ удаа тэд ХУРД хамтлагийг урьсан байв. Лондонгийн үзвэр наадмын гол төв Leicester Square-ийн Sound Club-д 12 дугаар сарын 30-ны орой 400 орчим Монголчууд хуран чуулж ХУРД хамтлагын үе үеийн шилдэг дуунуудаас бүрдсэн тоглолтыг үзэж сонсон, бүжиж наадан шинэ жилийн баяраа тэмдэглэлээ. Цэнгүүний үеэр уламжлалт шилдэг даашинзтай бүсгүй шалгаруулахын зэрэгцээ нэгэн өвөрмөц уралдаан болсон нь хамгийн сайхан цээжтэй залууг шалгаруулсан явдал болов.
Мөн Монгол центрээс явуулсан Азийн сугалаагаар 3 азтан тодорч DVD тоглуулагчаас гэрийн кино театрийн тоноглол хүртэл хонжворуудыг хожсон байна.
Ийнхүү 2009 оноо үдэж 2010 оноо угтсан Британийн Монголчуудын шинэ жилийн цэнгүүнүүд дуу дуугаа авалцан нижгэр сайхан боллоо.
Шинэ ондоо эрдэм оюунаар ухаанаа чимж, энэрэл хайраар сэтгэлээ чимэж, эрүүл саруулаар биеэ чимэж, эд баялагаар ахуйгаа чимэж эв найрамдалыг өөр хоорондоо эрхэмлэж амжилт бүтээл дүүрэн байхын ерөөл дэвшүүлэе!
Бэлтгэсэн Д.Цэрэнбат
No comments:
Post a Comment