Monday, March 01, 2010

Эглийн эгэл эрхэм нэгэн - John Pirie (1929-2010)


Нүүдэлчин монгол  ахуй, малчин түмнийг минь хэмээсэн
Англи нутгийн сайхан сэтгэлт буурлын
гэгээн дурсгалд зориулав.

Арваад жилийн өмнө нутаг оронд минь зуд зурхан тохиосныг сонсоод сэтгэл нь өвдөж буяны байгууллага байгуулан өгөөмөр сэтгэлээр ажиллаж ирсэн сайхан сэтгэлд нэгэн буурал  хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гашуун мэдээ хүлээж авав. 

Британийн Монголчууд CAMDA-ийн Жон өвөө гэхээр андахгүй. Монголчуудын баяр наадам, хурал цуглаан, элчин сайдын яамны хүлээн авалт гээд хаана юу л болно цагаан толгойтой, бөгтөрдүү нуруутай, янхир шар өвгөн CAMDA-гаа сурталчилан, урт урт яриа дэлгэн нүдээрээ инээмсэглэн явдагсан. Тэр сайхан өвөө маань дахиж бидэнтэйгээ уулзаж хөөрөлдөхөөр ирэхгүй болжээ.
Жон өвөө 2001 онд Монголд тохиолдсон зудын талаар Кембриджийн Их Сургуулийн номын санд суун сонин унших зуураа олж мэдээд сэтгэл нь ихэд өвдөж  “Кембридж-Монголын зудын гамшигтай тэмцэх хєдєлгєєн”(CAMDA-Cambrdige Mongolian Disaster Appeal)-ийг санаачилсан тухайгаа дурсдаг. Тэгэхэд өвгөн 72 настай байв. Хөдөлгөөнийг хамтдаа үүсгэн байгуулалцагч,  тэр үед Рийдингийн Их Сургуульд мастерийн зэргээ хамгаалаад байсан С.Батсайхан (Батсаа) анд өвгөнтэй хамгийн ойр дотно байсны хувьд түүний сайхан сэтгэл, хөгжөөнтэй зан, гайхам зүтгэлийн талаар дурсамж дүүрэн.
Буурал өвөө анх хөдөлгөөнөө үүсгэж байхдаа Батсаад ийнхүү хэлсэн байдаг:
"it is no problem for me doing nothing and just receiving a pension from the Government and allowance from the companies that I used to work. But, I am not such a person who is lazy and selfish. My heart is willing to help Mongolian nomads and I will do something for the improvement of their livelihoods until my heart beat stops".
“Миний хувьд Засгийн газрын тэтгэвэр, ажиллаж байсан газрынхаа тэтгэмж аваад бие амар хэвтэж байж бололгүй яахав. Гэхдээ би тэгэж биеэ оторлож, хувиа борлуулж сууж чаддаггүй хүн байгаа юм. Зүрх сэтгэл маань Монголын малчин түмэнд туслахыг хүсэн тэмүүлж байна,  тэдний амьдрал амьжиргааг ямар нэгэн байдлаар дээшлүүлэхийн төлөө би эцсийн цаг мөчөө хүртэл ажиллах болно”
(Баруун гараас: САМДА-г үндэслэгч, гүйцэтгэх захирал агсан Жон Пирий, САМДА-г үндэсэгчдийн нэг С.Батсайхан, САМДА-ийн тэргүүн Др Давид Снийт, элчин сайд асан Д.Даваасамбуу)
Малчдад туслах хөдөлгөөн нь тэр цагийн зудад нэрвэгдсдэд өвс тэжээл олж өгөх ажилаас гараагаа эхлэн буурал өвөөгийн цөхрөлтгүй зүтгэлээр жилээс жилд өргөжин тэлсээр Британид бүртгэлтэй сайн санааны байгууллага (charity) болон бэхжиж чадсан билээ.  Сайн санааны байгууллага оршин тогтнох гол үндэс нь хөрөнгө мөнгө хэрхэн босгож чадахаас хамаардаг. Жон өвөө цаг наргүй ажилласан хичээл зүтгэлийн үрээр  энэ байгууллага өнгөрсөн хугацаанд хэдэн зуун мянган фунт стерлингийн сан босгож малчин түмэнд маань тусламжийн гараа хүргэж чадсан ажээ.
Тоймтойгоос дурдвал Булган Хөвсгөл аймгуудад WSPA (The World Society for the Protection of Animals )-ын санхүүжилттэйгээр 29000 адууг жилд хоёр удаа вакцинжуулахын зэрэгцээ,  явуулын мал эмнэлэгийн хоёр хэсгийг ажиллуулж,  Worshipful Company of Grocers-ийн дэмжлэгтэйгээр Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1700 тэмээг вакцинжуулж, SPANA болон бусад байгууллагуудын санхүүжилтээр говийн аймгуудад 68 худаг сэргээн засварлаж тухайн орчны бэлчээрийг ашиглах боломжийг нээж өгч,  Монголын Хөдөө Аж ахуйн нөхөрлөлүүдийн Үндэсний Холбоонд морин хадуурууд нийлүүлж байсан гээд үргэлжилнэ. Өөр жижиг сажиг нэг удаагийн тусламжуудыг нь нэрлэж, тоолох аргагүй.
(2003 онд Монголд айлчилахдаа САМДА-ийн төсөл хэрэгждэг Дундговь аймгийн Гурвансайхан суманд зочилж Морин хуур бэлгэнд авч буй нь )


Ноднин  тэрээр “2001 оны зуднаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Байгууллага маань  гамшигтай тэмцэх гэж нэртэй байх нь цаг үетэйгээ таарахгүй байна.  Иймд товчилсон CAMDA нэрээ хадгалаад Cambrdige Mongolian Development Appeal буюу “Кембридж-Монголын Хөгжлийн төлөө Хєдєлгєєн” нэртэй болголоо. Тэгэхээр хөгжилтэй холбогдоод олон зүйлсэд санхүүжилт хүсэх боломж хүрээ маань нэмэгдэнэ. Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлж малчдын орлогын үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллах санаа байна. Хонины ноосоор дулаалгын материал хийдэг технологи оруулвал малчдын орлогод бас тустай юм ” хэмээн нөгөө л шинэ санаа эрж хайсан, ажил хэрэг болгохын төлөө тэмүүлсэн эрч хүч дүүрэн хэвээр ярьж явав. Зарим санаануудаа ч ажил болгохоор хоёр гурван төсөлд байгууллагаасаа санхүүжилт гаргаж байсан билээ.

Элчин сайдын яамнаас түүний Монгол түмний төлөө хийж буй ажил үйлс хичээл зүтгэлийг үнэлэн “Найрамдал” медальд тодорхойлон 2008 онд элчин сайд Б.Алтангэрэл энэ медалийг гардуулахад тэрээр сэтгэл нь ихэд хөдөлж байсансан.

Өнгөрсөн зунаас бие тэнхээ нь нилээд чилээрхэн бодож санаснаа хийхэд бие нь гүйцэхгүй байгаад өөрийгөө буруутган үе үехэн бухимдаж буйг хараад түүний өөрийн биеэ золиослон тэмүүлж буй хүсэл тэмүүллийн их эрч хүч, хаа холын Монгол түмнийг гэсэн агуу сэтгэлийг гайхан бишэрч бас өдөр өдрөөр нүдний өмнө сулидан буй биеийг нь хараад эрхгүй өрөвдөж байсаан.

2009 оны 11 сард Монгол Соёлын Төвийн нээлт Лондонд болоход хаа хол Кембриджээс  зорьж ирсэн тэрээр “Батаа би чамтай нэг зүйл яримаар байна. Миний бие энэ байгууллагыг авч явч дийлэхгүй боллоо. Батсайхан та хоёр найзууд, чи бас эндэх байдлыг мэднэ. Энэ байгууллагыг чи аваад явах арга байна уу? Гол санхүүжүүлэгч нар маань эдийн засгийн байдлаас болоод ноднингоос эхлээд санхүүжилд өгөхөө зогсоосон тул одоо энэ байгууллагын өмнө санхүүжилтийг шийдэж  амьд байлгах гол асуудал тулгараад байна. Би чамд бүх л талаар зөвлөж туслаад хажууд чинь байх болно” хэмээн учирлан гуйж билээ.

Боломж хэрээс минь их цаг шаардахаар буйд болгоомжилон эцэслэн зөвшөөрч чадаагүй  тул энэ оны нэг сараас гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч нь болж  юуны өмнө тулгараад буй зудын аюулд нэрвэгсдэд тусламж хүргэхээр бид тун шургуу ажиллаж эхэлсэн. Өвгөн маань өмнө нь санхүүжүүлж байгаад ажиллагаагаа зогсоосон байгууллагууд руугаа ч эргэн бичиж Монгол дах нөхцөл байдлыг тайлбарлан,  харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа сэргээхийг хүсч, биднийг ч боломжит бүх сувгаар хандаж ажиллахыг зөвлөн зүг чигийг заана. Бие нь орноосоо холдож чадахгүй ч сэтгэл зүрх нь малчин түмэнтэй минь хамт даарч хөрөн Монгол нутагт минь байсан гэхэд хилсдэхгүй. Түүний энэхүү зүтгэлээр ч өмнө холбоотой байсан нэгэн байгууллага үлэмжхэн хэмжээний АМ долларын тусламж үзүүлэхээр болсноо хэдхэн хоногийн өмнө амлахад тэрээр “Батаа чи нэг манайд хүрээд ир, энэний гэрээнд гарын үсэг зурах хийгээд ярьж хэлцэх зүйл их байна” хэмээж билээ.  Хагас бүтнээр завгүй таарсан тул “Та шууд зураад холбогдох газар нь явуулчих би Мягмар гарагт зохицуулаад очьё” гэхэд “үдээс хойхно ирээрэй. Үд хүртэл орноосоо ер өндийж чадахгүй байна” хэмээж байсан нь дөрөвхөн хоногийн өмнө билээ. 
Бүтээсэн тусламжаа үр бүтээлтэй зарцуулж, өгсөн байгууллгынхаа өмнө нүүр улайлгахгүй ажиллахын тулд тэрээр сэтгэл чилээн мөнх бусыг үзүүлэхээсээ  хэдхэн цагийн өмнө Батсайхан андад ийнхүү бичсэн байдаг.
Batsaa; sitting here in my pyjamas, there is so much on which I could comment but Bill and Bataa are taking care of pretty well everything. Our ________ contact for the Bangkok project in London will instruct bank tomorrow to transfer the money to our UB account and everyone is confident you will have it Friday, if not sooner. Try, if you can, to let us know how much coal, hay/fodder and anything else you have purchased with existing CAMDA funds and to which sum it is being delivered. As ____ are not covering GurvanSaikhan, any future deliveries ex-CAMDA funding, should you there, but we need those 'numbers'. So you can expect to have ____-funded purchases ready for ______'s visit 15th-19th March.
Be helpful when____ transfer is paid in to our account to get TDB to give you a statement. all the best; brother j.

Батсаа: унтлагын хувцасаа ч сольж чадахгүй суусаар, олон зүйлсийн талаар хэлж зөвлөхөөр байгаа ч Билл, Батаа хоёр энд бүх зүйлийг давгүй аваад яваа. Төслийн гэрээ ёсоор тусламжийн мөнгийг УБ дах манай данс руу шилжүүлэх зааврыг банканд маргааш өгч чи түүнийг цаад тал нь Баасан гараг гэхэд авчихна гэдэгт бид итгэлтэй байна. САМДА-ийн одоо байгаа хөрөнгөөр хэр хэмжээний нүүрс, өвс тэжээл болоод өөр бусад зүйл авч болохоор байгаа, түүнийг аль суманд хүргэж өгөх боломжтойг бидэнд мэдэгдэхийг бодоорой. Тусламж өгч буй байгууллага маань Гурва сайхан сумыг нэрлээгүй байсан тул САМДА-аас гарах мөнгөөр тэд нарт тусламж хүргээрэй, гэхдээ “тоо баримт” хэрэгтэй.   Тэгэхээр чиний хувьд 3 сарын 15-аас 19-ны хооронд энэ байгууллагын хүмүүс очиход хүргэх тусламжийг барааг худалдаад авчихсан байх боломж бүрдэх нь ээ. Мөнгө дансанд ормогц ХХБнаас дансны хуулга авч тусламж өгсөн байгууллагад өгч туслаарай.  Сайн сайхныг хүсье: Ах Ж.
(Тусламж өгсөн байгууллагаас энэ тусламжын талаар тэдний зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн мэдээлэл цацахыг гэрээгээр хориголосон тул энд уг байгууллагын нэр болоод туслдамжийн нийт хэмжээг дурдсангүй. Тун удахгүй олонд тодорхой болох буй заа)
Энэ бидний Жон өвөөгөөс авсан хамгийн сүүлийн захиа. Урд оройхон нь энэ захиаг авсан бид өглөө нь Жон маань өнгөрчихлөө хэмээсэн мэдээ аваад үнэхээр итгэж чадахгүй байсан билээ.
Түүний энэ байгууллагыг анх үүсгэж байхдаа эхэлж хэлсэн үг эцэслэж бичигдсэн энэ захианы хооронд монгол түмэн малчин ардын минь төлөө гэсэн сайхан сэтгэлт хичээнгүй өвөөгийн маань сэтгэл зүтгэл, нөр их ажил, амжилт ололт нь багтана. Тэрээр үнэхээр л эцсийн амьсгалаа таттал Монгол түмний төлөө бодож сэтгэж амьдарсан эгэл хийгээд эрхэм нэгэн байсаан.

Жон өвөө Монголчууд дэвжиж хөгжинө гэдэгт итгэдэг, байнга тэгэж ярьдаг,  танай залуус цаанаа л нэг цоглог шүү, Монгол охид бас их царайлаг хэмээн инээж суудагсан.  Бид түүний амьдралын сүүлийн аравхан жилийг л мэднэ. Энэ  арван жилд тэрээр Монголчууд бидний сэтгэл зүрхийг эзэмдэж, эргэн дурсаж үгүйлэн санагалзтал орон зай үүсгэн ажиллаж амьдарч чадсаныг нь харахад бахдам, жишээлэм.

Буурал суусан тэргүүн шигээ цав цагаахан сэтгэлтэй хийж бүтээхийн их эч хүчийг байнга бусдад өгч урамшуулж явдаг өвгөн буурал ах,  дотно анд минь баяртай.

Таны гэгээн дүр, хийж бүтээсэн сайн сайхан бүхэн тань Монголчууд бидний сэтгэл зүрхэнд үүрд оршиж, өдөөж эхлүүлсэн үйл хэрэг тань үргэлжилэн өрнөх болно..

4 comments:

eebee said...

Сайхан сэтгэлтэй, сайн үйлс хийж явсан хүн байна даа. Монголын малчдын төлөө санаа зовж явдаг ховор хүн байж. Монголд ч ингэж малчдынхаа төлөө санаа зовдог хүмүүс ховор шүү дээ. Би талийгаачийг дандаа л чамтай байхыг нь хардаг байсан.Ямар ч байсан эхэлсэн үйлс нь тасалдахгүй, өргөжин дэлгэрнэ гэдэгт би итгэлтэй байна. Чамайг сонгосон маш зөв болжээ...Сайхан дурсамж байна.

Anonymous said...

Bidnii az taarch taaralddag l yum bol end tend sain humuus baigaa yum shuu. Uils ni munkhrukh boltugai. Amjilt husie Tserenbat aa. BM (CZ)

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
ZUN SOVIN said...
This comment has been removed by a blog administrator.