“37
хүрлээ. 12 жил өөрийгөө сойж дээ. "Өвгөн" боксчин гэсэн үг шүү дээ.
Гэхдээ болоогүй ээ. Одоо бас хэд хэдэн бүс түүчих хүсэл байна. Монгол
хүний гарын амтыг үзүүлнэ ээ”...
4 жилийн өмнө тэрээр ийнхүү өгүүлж байсан. Тэр одоо 40 гарсан эр. Энэ 4 жилд Цэвээнээгийн амьдрал цөөнгүй адал явдлаар баяжиж.Цэвээнээ “зодог тайлав”
Английн ирээдүйтэй хэмээгдэж байсан аваргыг цохиж унагасан түүний бодож мөрөөдөж байснаар боксийн ирээдүй нь өрнөсөнгүй. Жиндээ дэлхийн шилдэг 5 боксчны нэг болж байсан түүнтэй тоглох өрсөлдөгч олдохоо байв. Мэрэгжлийн боксийн ертөнцийн нэгэн хатуу үнэн энэ. Тулалдаж буй бокчиддоо, үзэж буй цус нь хөөрсөн үзэгчиддээ эр зоригийн байх ч, энэ бол мөнгө эргэлдсэн шоуны ертөнц. Ивээн тэтгэсэн боксчин нь ялагдвал алдагдалд хүрнэ, тэр боксчныг даган амьдралаа залгуулж буй олон хүний амьдралд нөлөөлнө. Иймээс өөрийн боксчныг нь нам цохиж мэдэх Монголын тулаачаас тэд тойрохоос аргагүй. Цэвээнээг Английн иргэн болохыг зарим промоутерүүд нь ятгаж, зарим нь энэ үндэслэлээр багтаа авахгүй тойрсоор, тэр ч Монголоороо үлдэнэ хэмээн гүрийсээр. Түүнийг дэргэдээ байлгаж төдий зэрэгт хүргэсэн өвгөн дасгалжуулагчийнх нь хэр хэмжээ ч тоглолт олоход жулдах болж. Тэрээр хэдэн сар тоглолт байхгүй сууж арга ядан Монгол руугаа буцсан нь зарлаж тунхаглаагүй ч “зодог тайлсан” хэрэг байлаа.
Цэвээнээ эх орноо хэмээсэн иргэн
Монголоороо өөрөө омогшдог өрөөлийг омогшуулдаг олон алдартнуудын нэг нь Цэвээнээ. Зөвхөн ярьж омогшоод зогсохгүй, өнөөгийн нийгэм, ард түмний аж амьдралын талаар сэтгэл зовинож, байгаа байдлыг өөрчилөхийн төлөө, олон түмэнд байгаль дэлхийгээ хайрлаж, эрүүл саруул, зорилготой амьдрахын ач тусыг ойлгуулж ийм хэвшлийг дэлгэрүүлэхийн төлөө өөрийн чадах бүхнээ зориулан ажиллаж ирсэн нэгэн. Тэрээр нутагтаа буцсаныхаа дараахан Монгол хүн эрүүл саруул байж гэмээ нь эх орон хөгжиж дэвжихийн үндэс болохыг онцлон дурдаж зөв хооллох, дасгал сургууль байнга хийж хүн өөрийгөө эрүүл байлгахын чухлыг туулж амссан туршлага дээрээ тулгуурлан бичсэн “Эрүүл Мэндийн Зөвлөмж” номоо гаргаад зогсохгүй энэ санаагаа улс орон даяар хэрэгжүүлэх төслийг боловсруулан тэр үеийн ерөнхий сайд С.Батболтой уулзаж аман зөвшилд хүртэл хүрсэн байдаг.
Сургууль, цэрэг армийн анги нэгтгэлүүдээр явж өмнөө зорилготой байж хийж бүтээхийн чухлыг ярьж өөрийн туулж ирсэн туршлагаасаа хуваалцан бусдын хийж бүтээх зорилготой амьдрах урам зоригийг сэргээж соён гэгээрүүлж байлаа
Тэрээр Монголоо хэмээсэн гал халуун сэтгэлээс нь оргилон гарах эрч хүч, бодол сэтгэлээрээ энэ бүхнийг хийдэг эх орноо гэсэн иргэн.
Цэвээнээ тулааны талбартаа эргэж ирлээ
2009 оны зун Английн телевизийн Setanta Sport сувгаар Монголын төрийн дууллыг эгшиглүүлж, мэрэгжлийн боксийн нэртэй тайлбарлагч, хөтлөгч Steve Bunce “ та бүхнийг манай сюрприз зочинтой уулзуулая, Монголын тулаач Цэвээнпүрэвийг бид оллоо!” хэмээн танилцуулан ярилцлага хийсэн нь түүний мэрэгжлийн боксийн рингэд дахин ирснийг тунхагласан хэрэг байв. http://www.youtube.com/watch?v=uPR-xshdNO4
Шинэхэн байгуулагдсан Hard Knocking Boxing Promotion (http://hardknocksboxing.info) клубээ олонд таниулахын төлөө эрчимтэй ажиллаж байсан Spencer Fearon, Ciaran Baynes нар жил хагасын өмнө Английн мэрэгжлийн боксийн ертөнцийг шуугиулж байгаад сураг тасарсан Монгол дайчиныг олж авчирах санаа төрж. Тэд Элчин Сайдын Яам, Британийн Монголчуудын Холбоо зэрэг байгууллагуудаар дамжуулан Цэвээнээтэй холбогдон, түүнийг Лондонд эргэн ирж мэрэгжлийн боксийн дэвжээнд клубийг нь төлөөлөн тулалдахыг урьснаар тэрээр ийнхүү “өөрийн” талбартаа эргэн ирсэн.
Цэвээнээ “Монгол хүний гарын амтыг дахин үзүүлж”, хөгжөөж дэмжигчдийг байлдан дагуулав
2009 оны 7 сард жил гаран засварласны дараа тэрээр 7 сарын 11-нд баяр наадмын өдөр эргэн ирсэн анхны тоглолтоо амжилттай хийж хүнд цохилтоор ялалт авлаа. Түүнийг мэрэгжлийн боксийн хөгжөөн дэмжигчид үгүйлэн санаж байсан нь танхимд хурсан олны уухай, цахим ертөнцийн сэтгэгдэлүүдээс мэдрэгдэнэ. Цэвээнээ хүчтэй, промоутэр шинэхэн болохоор өрсөлдөгчид дөлсөн хэвээр. Гэвч Hard Knocking багийнхан цөхрөлтгүй ажиллаж, Цэвээнээд тоглолтууд олж өгсөөр, тэр ялсаар өөрийнхөө хүсэл мөрөөдөл болсон мэрэгжлийн боксийн алдартай холбоодын аваргын төлөөх тулаан хийх цаг мөчийг ойртуулсаар.
2009 оны 7 сараас хойш тэр нийт 10 тоглолт хийж 9 ялж (үүнээс 5-ийг нь хүнд цохиолтоор ), 1 оноогоор ялагдаснаар нийтдээ 41 тулаан хийсний 36 (24 хүнд цохилтоор) ялж, 5 оноогоор ялагдсан амжилттай.
Цэвээнээ боксийн рингэндээ дахин ирснээс хойшхи гол тулаануудад IBO дэлхийн аварга асан Австралийн иргэн Jackson Asiku хийсэн 10 үе тоглолт, sky sport сувгаар гардаг Prize Fighter хэмээгдэх 30000 фунтийн шагналтай тэмцээнд түрүүлсэн тоглолтууд, WCU холбооны Мөнгөн бүсийн төлөө Францийн Bastian Rozeaux-тай тоглож хүнд цохилтоор ялсан тоглолтууд зүй ёсоор орно. Түүний Jackson Asiku-тай хийсэн тоглолт Британийн оны шилдэг боксийн тоглолтод нэр дэвшсэн бол Bastian Rozeaux-г унагасан цохилт нь мэрэгжлийн боксийн энэ оны шилдэг цохилтод мөн нэр дэвшсэн байдаг
Тэрээр үнэхээр бокс сонирхогчдын цөсийг дэлсүүлсэн уран гоё тоглолтууд гаргадаг. Тиймээс ч тоглолт эхлэх бүрийн өмнө түүний промоутэр Spencer “It’s Choi time - It’s Show time” хэмээн уухайлдаг хэрэг.
Цэвээнээ бусад тулааны болон кино урлагынханы нүдэнд өртөв
Түүний бахдамаар ур чадвартай, бэргэмээр хүнд цохилттой, цаг хугацааг эсрэгцэн хөгшигрөхийг мэддэггүй бие хатыг үзүүлэн тулалдсаар буй нь бусад тулааны урлагынхан төдийгүй уран бүтээлчдийн анхаарлыг татжээ. Алдарт Шаолин сүмийн багш Shifu Yanzi түүний нэг тоглолтыг ирж үзээд “Чой, үнэхээр мундаг юм байна” хэмээн өгүүлж, түүнээс хойш Цэвээнээ Лондонд тулалдахаар ирэх бүрдээ өөрийн найз, Shifu Yanzi-ийн шавь С.Батнямтай Шаолин Лондон төвд сэтгэл зүй, дотоод төвлөрөлийн бэлтгэл хамтран хийх болсон.
Өнгөрсөн жил Iron Monk киног бүтээгч JNC Production-ийхан түүнтэй холбогдон сөрөг талын баатрын нэгэн дүрд тоглохыг санал болгосноор түүний жүжигчин болох авъяас зэрэгцэн тодров. Тэр угаасаа ч санаа бодлоо тоглолтын өмнө болон хойно хийгддэг ТВ ярилцлагын камерийн өмнө чөлөөтэй, эрчтэй, өөртэй итгэлтэйгээр илэрхийлж сурсан нэгэн. Улмаар JNC production-хан нь ч Цэвээнээгийн тоглолтуудыг хамт олноороо ирж уухайлан дэмжих болсон билээ.
Мөнхийн асуудал, мөнгөн дэмжлэг
Мэрэгжлийн боксийн орлогын нэгэн гол эх үсвэр спонсор. Цэвээнээгийн хувьд ихэнхдээ тоглолтын тасалбарынхаа тодорхой хувиар л орлогожих тул олигтой ашиг олдоггүй. Англи талаас спонсор олох гэж яддаг түүний промоутэрүүд нь “яагаад танай Монголчууд ивээн тэтгэдэггүй юм бол” хэмээн асуух. Ихэнхи өрсөлдөгчид нь спонсоруудынхаа лого бүхий өмсгөлтэй тулалддаг бол Цэвээнээ МОНГОЛ гэсэн бичигтэй өмсгөлөөрөө өдий хүртэл гангаран, Монголоо л сурталчилан тулалдаж яваа. Зарим өрсөлдөгчид нь тулаандаа лимузин хөлөглөн ирдэг бол Цэвээнээ маань нийтийн тээврээр ирэх нь бий. Харин түүний дэлхийн аваргын төлөөх энэ удаагийн тулааныг Монголын эрдэнэсийг олборлогч Оюу Толгой компани ивээн тэтгэж тэрээр Оюу Толгойг сурталчилан тулалдахаар болжээ. Монгол хүний цуцашгүй хүч тэвчээр чадварыг үзүүлж буй Монгол тулаачаа ивээн тэтгэж буй Оюу толгойн хамт олонд талархая.
Түүний эрч хүч, авъяас чадварт нь итгэн түүнийг мэрэгжлийн боксийн ертөнцөд дахин авчирсан Hard Knock Boxing Promotion багийнханд талархаснаа илэрхийлж Цэвээнээдээ Монгол тулаач хэмээн цоллуулан ялан дийлэхийн, олон жилийн шантарч цуцаагүй нөр хөдөлмөрийнхөө үр дүнг бас дахин хүртэхийн ерөөл талибая.
Түүний промоутэр Spencer-ийн түүний тулаан бүрийн өмнө хэлдэгчлэн - “It’s Choi time”
Д.Цэрэнбат, d.tserenbat@gmail.com - Англиас
No comments:
Post a Comment