Saturday, February 09, 2013

Тусгаар тогтнолын баталгаа дипломат харилцаандаа байдаг


Их Британид ажиллах бүрэн эрхийнхээ хугацаагаа дуусган АНУ-д суухаар мордож буй Б. Алтангэрэл сайдаа бидний хэдэн нөхөд саяхан гаргаж өгсөн юм.  Холдон салахын цагт дурсан санагалзаж төр засгаасаа дараагийн даалгавараа аваад мордсон сайдынхаа талаар хэдэн үг бичмээр санагдав.

Тэрээр 9  хүүхэдтэй айлын эрэгтэйгээс хамгийн том нь, 15 настайдаа өнчирч хоцрон хэдэн дүү нараа ээж, эгч нарынхаа хамт өсгөж ажил амьдралд нь залгуулсан нэгэн гэдгийг танилцсанаасаа нилээд хожуу мэдсэн билээ. “Хамгийн бага дүү маань ээжийн хэвлийд байхад аав маань өнгөрсөн юм. Ээжтэйгээ хэдэн дүү нараа ном эрдэмтэй, зөв хүн болгож өсгөх гэж зүтгэсээр би эрт хэршүүжсэн байх.  Манайхан Ховдын сургуулийн бахархал болсон сурлага сайтай хүүхдүүд байлаа даа. Манай гэрээс 4 нь алтан медальтай төгсөж байсан шүү” хэмээн дурсдаг. Сайдын удам угсааны талаар аав нь Завханых, ээж нь Говь-Алтайнх, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан шашин төрийн нэртэй хүний удам гэдгийг нь сонссон. Түүнийг нь гэрчлэх эд өлгийн зүйлс ч өөрт нь байдаг. Харин сайд "манайхан Ховд аймгийн Буянт сумын уугуул" гэдэг. Удам залгасан төрийн албанд тэр дундаа гадаад харилцаа дипломат албанд тэрээр тасралтгүй  34 жил ажиллажээ...

 “Элчин сайд хүн эрхийн хугацаандаа өөрийн гэсэн өнгө аястай ажил үйлс үлдээж чадаж байх нь чухал” гэж тэрээр нэгэнтээ өгүүлж байсан нь санаанд бууж Алтангэрэл сайдын гэгдэх энэ үед юу үлдэв хэмээн өөрийнхөө хэрээр шинжлээ.
… Алтангэрэл сайдыг анх Лондонд үүрэгт албаа аваад ирэх үед түүний тухай “Туркэд сайд байсан гэнэ лээ. Гадаад Хэргийн Яаманд Газрын дарга байгаад ирж буй юм гэнэ” гэсэн сураг мэдээлэлээс хэтрэхгүй ойлголттойгоор Монголчуудын холбооны хэсэг нөхөд уулзаж танилцаж байсан маань сайхан мэт. Түүнээс хойш хэдийнээ 4 жил хагас өнгөрч ил шууд яриатай, инээх загнах нь ойрхон сайдтайгаа зан зангаа авалцаж бид олон ажил хамтарч хийжээ.

Түүний бүрэн эрхийн хугацаанд Монголчуудын дунд зохион байгуулагддаг олон нийтийн ажлууд тасалдалгүй, улам бүр шинэ хэлбэр агуулгаар баяжсан байдаг.
Д.Даваасамбуу сайдын үед үүсгэн санаачилагдсан “Монгол орны хөгжилд” чуулган өргөжин тэлж төр засгийн анхааралд хүрч, Европийн төдийгүй бусад тивийн Монголчуудын хэмжээнд түгэн тархаж хэлбэршсэн, эрдэм оюуны чуулган болов.
Баяр наадмаа тэмдэглэх ажиллагаа улам бүр өргөсөж, цагаан сарын баяраа жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтов.
Түүнчлэн иргэдийн санаачилгаар цөөнгүй байгууллагууд үүсэн байгуулагдан,  төрөлжсөн үйл ажиллагаанууд явуулж сайдын зүгээс боломж хирээрээ дэмжин тусалж иржээ. Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэд улс төрийн сонгуульд санал өгөх анхны тохиол болж Британийн Монголчууд харьцангуй өндөр идэвхитэйгээр сонгуульдаа оролцсон байдаг.

Лондонгийн олимпийн их наадамд Монголын тамирчид 5 медаль хүртэж рекорд тогтоосон амжилт үзүүлсэн нь сайдын бүрэн эрхийн хугацаанд хамаарна.

Энэ 4 жил гарны дотор улс төр, бизнесийн хүрээнд Монгол Британийн харилцаа улам бүр өргөжин тэлсэн нь анзаарагдана.

Хоёр орны бизнес эрхлэгчдийн “Business Forum” уулзалт ярилцлагыг уламжлал болгон хэлбэршүүлэн, байнгын ажиллагааг нь хангах тогтолцоо болох Монгол Британийн Худалдаа Аж Үйлдвэрийн танхимийг байгуулахад сайдын хүчин зүтгэл онцгой үүрэг гүйцэтгэсэн. Парлиаментийн гишүүн асан Жонн Гроганий удирддаг эл танхим нь жил бүр энэхүү уулзалтаа зохион байгуулж хоёр орны бизнэс эрхлэгчид, шийдвэр гаргачдыг уулзуулан санал солилцуулахын зэрэгцээ Британи Монголын хооронд бизнесийн группийн аялалыг тогтмол зохион байгуулах болсон билээ.
Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын Их Британи улсад хийсэн нэг бус удаагийн айлчлалууд,  Британийн төрийн өндөр албаныхан, хатан хааны гэр бүлийн төлөөлөгч, бизнесийн хүрээнийхний Монголд хийсэн айлчлалуудыг тэрээр өөрийн бүрэн эрхийн хугацаандаа зохион байгуулжээ.

“Тусгаар тогтнолын нэг баталгаа дипломат харилцаандаа байдаг. Залуу байхдаа хилийн асуудлаар Туватай гэрээ хийх нэг ажилд нэрт дипломатч, хилийг гарамгүй мэдэгч, генерал Цэдэниш гуайг дагалдан ажилласан маань их зүйл ойлгуулсан. Эх орныхоо түүхийн талаар мөн ч өргөн мэдлэгтэй, нарийн дипломат ухаантай хүн байсан даа” хэмээн дурссан.  Түүний энэ дурсамжаас улс орнуудын тухайн үеийн бодлого, урьдын тогтсон уламжлалт харьцаан дээр алба залгуулж буй  дипломатч хүний оюун мэдлэг, ур ухаан хослож байж харилцааны цаашдын өнгө төрх чиг хандлага тодорхойлогддог юм байна даа хэмээн бодогдож байсансан.

Б.Алтангэрэл сайдын үед Монголын төрийн өндөр албан тушаалтан Б.Хурцыг Лондонгийн нисэх онгоцны буудалд барьсан баривчилгаа, ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Монголд баривчилахтай холбоотой үүссэн нөхцөл байдал гэх мэт хоёр орны хоорондох улс төрийн харилцаанд амаргүй нөхцөл байдал үүсгэсэн үйл хэргүүд өрнөж байсныг бид мэднэ. Энэ бүгдийг сайд өөрийн зүгээс чухам ямар дипломат арга ухаан гаргаж хэрхэн даван гарсныг нь мэдэхгүй. Харин хэдхэн хоногийн өмнө Лондон хотноо зохиогдсон  хоёр орны хооронд дипломат харьцаа үүссэний 50 жилийн ойд зориулсан хүлээн авалтад Британийн гадаад хэргийн сайд William Hague өөрийн биеэр хүрэлцэн ирж уг арга хэмжээг нээж хэлэхдээ  “хоёр орны цаашдын хамтын ажиллагаа улам бүр бэхжин хөгжиж буй”-г онцлоод, “өөрийн биеэр Монголд айлчилах  бодолтой байгаа” хэмээсэн нь олон зүйлд хариулт өгөх шиг. Иймэрхүү арга хэмжээнд засгийн газрын танхимдаа хамгийн нэр хүндтэй гэгдэх сайд нь биечлэн ирж буй нь нэг талаар тэд хоёр орны харилцаанд хэр ач холбогдол өгч буйн нотолгоо, нөгөө талаар Алтангэрэл сайдын үед харилцаа шинэ түвшинд гарсны баталгаа биз ээ.

“Том оронд баримтлах бага орны дипломат бодлого амаргүй. Тодорхой санал хүсэлтээ зөвшөөрүүлж ажил болгоход заавал тухайн жижиг орныг хэмээсэн лобби бүлэг бүрдүүлэх хэрэгтэй болдог. Өнгөрсөн жилүүдэд бид зүтгэсээр манай зүгээс тавьсан санал нааштай хурдан шийдэгдэх дэмжлэгийг бий болгож  чадах бүлэг яг л сайхан бүрдүүлээд автал явах болчихлоо” хэмээн өгүүлж байсан.  Сүүлийн үеийн арга хэмжээнүүдэд Британийн засаг төрийн өндөр албан тушаалын хүмүүс  оролцож, янз бүрийн харилцан айлчлалууд олширсоны нэг учиг нь сайдын өгүүлж буй лобби бүлэгтэй нь ч холбоотой байж мэдэх. Стратегийн ач холбогдолтой том орнуудад элчин сайд нар арай ахуйхан хугацаагаар томилогдож болдоггүй юм болов уу гэсэн эмнэг бодол зурсхийв.

Тэрээр одоо Монголын стратегийн нэгэн том түнш, ардчилалын өлгий хэмээгдэх АНУ-д төр улсаа төлөөлнө. Дэлхийн улс орнуудын харилцаанд нөлөө бүхий хүчирхэг орнуудад дараалан улсаа төлөөлөн элчин сайдаар  томилогдож буй нь түүний дипломат ухааныг төр засаг нь үнэлж буй хэрэг бизээ.
Алтангэрэл сайдын АНУ-д хийж бүтээсэн ажил хэмээн бичигдэн үлдэх түүний намтарын хийгээд Монгол Америкийн дипломат харилцааны түүхийн шинэ хуудас ийнхүү сөхөгдлөө.

Монгол улсаас АНУ-д суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Булгаагийн Алтангэрэл танд төрийн хүндтэй даалгаварыг нэр төртэй гүйцэтгэхийн хамт АНУ–ын Монголчуудын анд нөхөр, өмөг түшиг байж,  ажил үйлс тань амжилт ололтоор дүүрэн байхын ерөөл дэвшүүлэе.

Британийн Монголчууд нь дараагийн сайдаа хүлээн үлдлээ. Монгол төрийн залгамж чанар тасралтгүй байж, сайдаас сайдад бодлого шилжиж, тэд өөр өөрийн өвөрмөц дипломат ухаанаараа  тусгаар тогтнолоо баталгаажуулсаар байх нь дамжиггүй.

2 comments:

Ganzorig said...

Сайхан нийтлэл болжээ. Баярлалаа.

Unknown said...

Сайхан нийтлэл байна, амжилт.