Friday, May 03, 2019

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИЖ, МАЛЧ УХААНЫГ ДЭЛГЭРҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ГҮЙНЭ

Дэлхий нийтэд мэдээлэл мэдлэгээ хуваалцах, тогтвортой хөгжлийг хамтдаа бүтээх чиг хандлага ноёлж байна. Энэ үзэл санааг дэмжиж Англид амьдарч буй, Тогтвортой Ноос Ноолуурын Эвслийн Төслийн зохицуулалтын менежэр Д.Цэрэнбат төрсөн өдрөөрөө олон нийтийн хандивын гүйлт зохион байгуулахаар болжээ. Хот суурин газрынхны зүгээс малчиддаа зориулж буй сэтгэлийн хөрөнгө оруулалтын талаар тодруулллаа.

Ярилцсан Г.Солонго

Тогтвортой хөгжлийн талаарх таны өгөх мэдээллээр ярилцлагаа эхлэе?

Хүн төрөлтхөний идэх,өмсөх, хэрэглэх эрэлтийг хангахын тулд технологи сэдэгдэж, үйлдвэрлэл хөгжиж иржээ. Эдлэх хэрэглэхийн төлөөх их тэмцэл эргээд хүрээлэн буй орчин, байгаль дэлхийд, хүн төрөлхтөний ирээдүйн тогтвортой оршиход сөрөг нөлөө үзүүлж байна. Нэг хэсэг байгаль дэлхийн баялгийг хягааргүй нөөц гэх үзэл ноёлж байсан бол сав шимийн ертөнцийн харилцан зохицолдолгоог алдагдуулахгүй байх ёстойг өдгөө ухаарч хэт хэрэглээний дадлаасаа татгалзахыг уриалах болов. Үүнтэй холбоотойгоор ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ гэх нэр томъёо өргөн хэрэглэгдэх болжээ.  Хаа очиж Монголчууд бид байгалиа хайрлан хамгаалж, харилцан шүтэлцээтэй амьдарч ирсэн уламжлалтай.  Нүүдэлчин ахуйн энэ дадал нь чухамхүү тогтвортой оршихуйн, хөгжихийн үлгэр авах нэгэн загвар. Иймээс уламжлалт малч ухаанаа барууны стандарчлагдсан ойлголт, практиктай хослуулж эзэмших нь шинэ цагийн Монгол хүнийг тогтвортой хөгжлийн чиг хандлагын манлайлагч байх боломжийг бүрдүүлнэ гэж итгэдэг.

Уламжлалт ахуй, нүүдэлчин соёл өдгөө Монгол малчдад л үлджээ. Хотын бид тэдэнтэй хэрхэн хамтарч, дэлхийн хөгжлийн хандлага руу хамт явах вэ?
Нутаг үзэлд суурилсан уламжлалт малч ухаан нь өнөөдөр моодонд ороод буй тогтвортой хөгжлийн нэгэн тод жишээ болох талаар үе үеийн эрдэмтэн судлаачид бичиж ирсэн байдаг. Харин сүүлийн үед энэ арга ухааныхаа утга агуулгыг нь хадгалан техник технологийн дэвшилтэй уялдуулан өвлөж үлдэх тал дээр анхаарах хэрэгтэй болж байх шиг. Малаа эдэлгээ хэрэглээнд сургадаггүй байгаль дэлхийгээ домддоггүй шинэ үеийн малчид бий болчих вий. Хүн бүр л харж халаглаж буй. Ямар нэг зүйл санаачлаад хамтраад хийх хэрэгтэй байна. Үл хүсэм зүйл болоод өнгөрсөн хойно халаглах бус болохоос нь өмнө харж сэргийлж байх нь ухамсарт хүнд заяагдсан өгөгдөл. 
Монголын тогтвортой ноолуурын дэлхийн зах зээлд гарах сүлжээг бий болгохын төлөө ажилладаг Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэлийн /ТННЭ/ хэрэгжүүлж буй Залуу Малчин Хөтөлбөр гэж бий. ТННЭ-ийн гишүүн байгууллага Шотланд дахь ноолууран эдлэлийн Johnston’s of Elgin компани санаачлан Хэнтий аймгийн Боловсролын Хэлтэстэй хамтран багш сурагчдын гарын авлагыг боловсруулж, тус аймгийн 7 суманд сонгон суралцах хичээл хэлбэрээр оруулж эхлээд байгаа. Сурах бичгийг боловсруулахдаа тухайн орон нутагт буй байгаль орчин, ан амьтдын онцлог, мал маллагааны арга туршлагыг багтааж сургалтын явцад дадлагын хичээлүүдийг түлхүү оруулахыг эрмэлзжээ. Энэ хичээлийн хөтөлбөрийг улам боловсронгуй болгож сонгон төдий бус,заавал үзэх хичээлийн нэг болгон сургалтын хөтөлбөрт оруулбал хүүхдүүд байгаль эхээ хайрлан хамгаалах, ирээдүйн тогтвортой хөгжилд Монголын оруулах хувь нэмрийг илүүтэй ойлгосон энэ үйл хэгийн манлайлагч, оролцогч иргэд болов төлөвших үүд хаалгыг нээж өгч байгаа хэрэг. Үндсэн мэдлэг ухаан нь уламжлагдаад ирсэн, ахуй нь ч холгүй тул хэт холдоод явчихаас нь өмнө сэтгэл гаргаад тал талаасаа хамтарвал босгоод ирж болохоор санаа бодогдоод буй. Тийм болохоор төрсөн өдрөө тохиолдуулан, мөн ТННЭ-д ажилладагийн хувьд энэ үйлсэд бусдынхаа санаа бодлыг энэ үйл хэрэгт татах, бага ч болтугай ойлголт өгөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивын гүйлт зохион байгуулах ажлыг сэдсэн дээ. Бусад хүн зоны төрсөн өдрөө янз бүрийн сайн санааны үйлд тус нэмэр болох өдөр болгон тэмдэглэх явдал түгээмэл болж буй нь ч нөлөөлөв.

Хандивын гүйлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? 
Ер нь бол тогтвортой хөгжлийн талаарх дэлхийн чиг хандлагыг дэмжих, Монголд хэрэгжиж буй дээрх төслийн ач холбогдлыг ойлгуулахын тулд энэхүү гүйлтийг хийж эхэлж байна гэж ойлгож болно. Их Британид амьдардаг болохоор энд байгаа Монголчууд болон Монголыг дэмжигчдийн дунд “Тогтвортой хөгжлийн төлөө” уриатай 5 км ба 10км хандивын гүйлтийг 5 сарын 5-ны Ням гарагт зохион байгуулж байна.
Сүүлийн үед гүйлтээр хичээллэдэг Монголчууд Британид нилээд олон болж байгаа. Клуб үүсэж одоогоор 50 орчим гишүүдтэй болжээ. Тэд маань голлон дэмжиж оролцоно
Гүйлт Лондонгийн баруун урд дүүрэгт орших, алдарт Richmond Park-д зохион байгуулагдах ба гүйлтэд оролцох хүн бүр 20 фунтийн хандив өргөх болзолтой. Гүйхгүй ч хандив өргөж болно. Гүйлтэд оролцогчдод дурсган хадгалуулах медалийн загварыг хүү Ц.Баяраа маань урласан бол медалийг Hickory Dickory Designs урлангийн эзэн Lisa Ebdon тогтвортой эх үүсвэр бүхий мод ашиглан хийж, Британид үйл ажиллагаа явуулдаг G-StudioMN медиа сурталчилгааны асуудал дээр туслан хамтран ажиллаж  байна.

Хүмүүс хэр их дэмжиж байна?
Хамт гүйдэг хүмүүс их тусалж, идэвхтэй оролцож байна. Тухайлбал, гүйлтээр олон жил хичээллэж буй Дэлгэрмаа маань гүйлтэд зориулан өөрөө явж хэмжин 5, 10 км замуудыг тогтоож өгөв: Шинэхэн гүйгч Ундраа хүн бүрт зориулж дурсгалын бугуйвч нэхжээ. Мөн нэилээд хэдэн гүйгч маань тухайн өдөр сайн дурын ажилтнаар ажиллахаар болсон.
Гүйлт зөвхөн энэ паркад болоод зогсохгүй холоос ирж амжихгүй гүйгчид маань тухайн газраа гүйгээд гүйлтийнхээ зай цагийг хэмжсэн хэмжилтээ явуулж оролцоно. 
Одоогоор Ноттингхам, Манчестер, Кеймбридж орчмын Монголчууд тухайн газраа хамтарсан гүйт хийх бол Лондонгийн өөр дүүргүүдэд ч дэмжин гүйхээр бүртгүүлээд байна. Гүйлтээ утга учиртай, ач холбогдолтой, олныг хамарсан бүтээлч хийх тал дээр тал талаасаа л дэмжин хичээж байна даа. Цугларсан хандивыг Залуу Малчин Хөтөлбөрийн үйл ажиллагаанд үр өгөөжтэй зарцуулах, тайлагнах ажлыг би өөрөө хариуцан гүйцэтгэнэ. 

Монголдоо мэдээж хийнэ биз дээ?
Цөөн хүний хүрээнд ч гэсэн хийнэ гээд төлөвлөөд Монгол дах баг ажилдаа орсон байгаа. Эхлэл тул нэг их сүр дуулиан болголгүй бага багаар ахиулая гэж бодож байна. Улаанбаатар дахь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2019 оны 5-р сарын 12-ны ням гарагийн өглөө 9.00 цагт болох энэ гүйлтэнд гэр бүл, найз нөхдийн хамт гүйж биеийнхээ чилээг гарган агаар садлхинд гарангаа Тогтвортой хөгжилийн үзэл санааг дэмжиж “Залуу Малчин хөтөлбөр”-ийг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулаарай. 
Фэйсбүүк эвэнт нээсэн байгаа тул энэ холбоосоор
https://www.facebook.com/events/390642131527108 орж нэгдээрэй.

No comments: