Friday, July 06, 2007

Баяр наадмын дурсамж - Монгол бөх

Монгол түмний баяр цэнгэлийг бөхийн барилдаангүйгээр төсөөлөхөд бэрх. Төсөөлөхийн ч аргагүй. Эрийн гурван наадмын гол нэгэн төрөл нь үндсэний бөхийн барилдаан. Түрүүлсэн бөх, морь хоёр жилээ даадгаа хэмээн хууччуул хэлэх. Үнэхээр ч хүн ард жилийн турш л тэр жилийн түрүү бөх морьдоо ярьцгааж дараа жилийнхийг таамгалцгааж суудаг шүү дээ.
Хүүхэд ахиуд хөгшчүүл өвөөгийнд маань цуглаж шатар тоглож мөн элдэвийг ярих л даа. Ярианий гол сэдэв нь бөх морь хоёр. Ангайтлаа сонсоно доо. За тэгээд л хүч бярийнх нь элдэв домгийг дуулж, нэр сургийг нь сонссон аварга арслан заануудыг санаандаа төсөөлж тийм мундаг хүн болохсон хэмээн эргэж хурган унтаж чадахгүй хэвтдэгсэн.

Хөдөөний хүүхдүүд хөлд орохоосоо л барилдаад эхэлдэгийг юу эс андахав. Гэрийн сүүдэрт суусан хөгшчүүл ааруул ёотон барьчихаад л "за барилдана аа хө" гээд л үзэлцүүлж өгөх. Энд тэндээс нь мэх зааж урам хайрлана заримдаа унаж явахад нь түшиж босгоод хүртэл барилдуулаад байна.
Давсан нэгнийх нь цолыг дуудаж ааруул ёотонгоор байлна. Энэ бүгд маань бас л бөх гэдэг хийморилог зүйлийг хүүхэд бидний бие сэтгэлд шингээж байсан том сургууль байж ээ.

"Хорь хүрч бяр суугаагуй бол бөх болно гэж бүү бод
Гуч хүрч ном сураагуй бол эрдэмтэн болно гэж бүү бод
Дөч хүрч бэл суугаагүй бол баяжина гэж бүү бод"
гэсэн нэг үг бий.
16-19 нас гэдэг ид л бяр орж эхэлдэг нас шиг санагддаг. Энэ үед нь хаа хамаагүй том хүнтэй барилдуулалгvй бяр хүч хөдөлгөөний эвсэл суулгахад нь анхаарах хэрэгтэй хэмээдэг юм билээ. Бөх хүн гэдэг биеийн хуч бяраас гадна сэтгэлийн зоригоор барилддаг болохоор хар багаас нь бие хаагаар илүү хүмүүстэй барилдуулвал зориг нь мохоод олигтой барилдаан ч болдоггүй гэлцэх.

Миний бие арван жилээ төгсөөд Улаанбаатар хотноо ном сурахаар ирэх тэр мөчөөс нэг л барилдмаар санагддаг болов оо. Уг нь 8-р ангидаа байхад ангидаа бараг л хамгийн бага нь байснаа 10 төгсөхөд шугам жагсаалд дээгvvр зогсдог нэгэн болтлоо огцом өссөн юмдаг.
За тэгээд ичээд заал танхимийн барилдаанд гарна гэж байхгvй. Үзээд л дотроо барилдаад яваад байна. Зун харин сумандаа очоод нэгийн даваанд гардаг болов. Өвөл нь заалны барилдаан үзэж зун нь сумандаа очож барилдсаар 4-р дамжаа төгсөх жилээ сумийн заан гэдэг цолыг хуртээдэхэв. 21 настай л байж. Дурсаж явдаг баярт мөчүүдийн минь нэг энэ дээ. За ингээд нэгэнт муу ч үгүй сумын заан хүн гэдэг чинь зориг ормор болоод хотод ирээд зааланд гардаг болов оо. Дандаа л нэгийн даваанд гуд татуулах. Хааяа нэг давбал хэд хоногтоо сэтгэл өег. Ингэж заал хэсэж тэнэсээр эр хүнд олз нь тухайн цагийн бөхчүүдтэй ч нилээд танилцаж эхэлсэн юмдаг. Сүүлрүүгээ би ч хирээ мэдэж барилдахаасаа илүүтэй голдуу нөгөө хэдийнхээ цүнхийг үүрч бөх үнэгүй үздэг л болов. Басхүү хэд хэд бэртэл авсан минь ч нөлөөлсөн хэрэг.
Энэ бүхэн маань надад Монгол бөхийн их тогоонд хутгалдаж тэдний яриа хөөрөөнд оролцож барилдаан гэдэг зөвхөн биеийн хүчээр бус ухаан зориг од хийморь сүжиг бишрэл гээд олон зүйлээс хамаардагийг улам бүр ойлгоход үнэлж баршгүй их тус болсоон.
Одоо (90-ээд оны дунд болон сүүл үе) энэ ид барилдаж байгаа бөхчүүдийн ихэнх нь л миний их багаар таних танилууд. Энэ бүгдийг нуршдаг нь миний бие бөхийн тухай нэг их холуур буудахгуй шүү гэдгээ л ойлгуулах гэж ядаж буй хэрэг.

Барилдана гэдэг бас л тэр чигээрээ нарийн ухаан. Өөрийн чинь хийдэг дархан мэх юу билээ, өрсөлдөгчийн чинь чамаас давуу болоод дутуу тал юу билээ, өмнөх барилдаан дээр түүнтэй яаж шуу барилдаад яасан билээ, одоо ийм байдлаар барилдвал яадаг бол, өнөөдөр чиний бие сэтгэл ямархуу байгаа билээ, газрын доороос барилдах уу, наран талд нь зогсож барилдах уу, талбайн голд мэхээ хийх уу, захад хийх уу, гарын амар дээр шийдсэн мэх хийх үү, жаал зогсож ирийг нь мохоож цуцааж байх даацтай мэх хийх үү гээд энэ бүгдийг зөв тунгааж байж эцсийн дүн болох учраа бөхөө давах тэр л ганцхан аргыг олж тогтоох юм.

Мэдээж энэ бүгдийг хэр зэрэг зөв шийдэж байж хэрхэн барилдах вэ гэдэг нь хувь хүний бөхийн эрдэм ухаан мэдэх хэрэг.

Магадгvй үзэгчдийн зүгээс харахад зарим барилдаан нь зүгээр л хүрч ядацгаагаад байгаа мэт харагдаж болох. Үнэн хэрэгтээ цаана нь дээр өгүүлсэн тэр их сэтгэл зүйн тэмцэл дотоод ертөнцөд нь явагдаж, хүч барилдаан тэнцүүхэн хүмүүс нэг нэгнийхээ хийг харан өөрийн мэхээ хийх оночийг хүлээн "тэмцэлдэж" байгаа хэрэг..

Бидний танил нэгэн бөх чаддагууд нь харж суучихаад тал талаас нь хашгираад чаддаггүй хэд нь дуртайдаа түмний өмнө ноцолдож байх юм хэмээн
хошигнож байсан билээ.
Бөх бүрийн барилдааний арга барил өөр. Зарим нь барьцгуй баруун зуун хөл авах эсвэл давхар хамчихдаг байхад зарим нь сэрвүү барьцнаас халж сэлж байгаад суйлах, дунгуйлдаж татах, хар тавхайгаар нь хутгах, хавирих мэхээр барилддаг бол зарим нь хав барьж барьц хангаж байж татах, хутгах, тонгорох, нохой мордох, бусгах, давуулж гуядах гэх мэт дархан мэхнvvдтэй байдаг. Нийт 600 орчим мэхийн хувилбар бий хэмээн Увс аймгийн Хяргас сумийн харъяат Дархан аварга Хорлоогийн Баянмөнх өөрийн эрдэмийн бүтээлдээ дурьдсан юм гэдэг.
Жин багатай хүмүүс голдуу барицгуй гүйх, сэрвvv барицнаас мэх хийхийг эрхэмлэдэг бол жин ихтэй арал бяртай бөхчүүд хав золгож байж дарж авахийг хичээнэ. Тал бүрийн барилдаанийг ч эзэмшсэн хун их. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат Дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохийг хав сэрвvv аль ч барилдаанаас уран сайхан барилддаг гэцгээдэг юм. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат Далай аварга Агваансамдангийн Сүхбатын барилдаан бол бас нэгэн урлаг гэлтэй.

Бөхөд байдаг нэг зүйл бол "аа" юм. Аатай бөх гэж яридаг даа. Энэ нь өөрийгөө өрсөлдөгч бөхөө хаяна хэмээн сэтгэл зүйн хувьд зориг оруулж буй нэг арга шиг санагддаг. За яахав дээ би ч дээ гээд нурмайгаад байвал учираагаа хаяна гэж хаа байхав. Аатай байна гэдэг зоригтой байгаагийн нэг шинж. Зориг дагаж бяр гэдэг. Өрсөлдөгчөө дутуу унэлж хэт аархаж бас болохгүй. Давс хужирийг нь тааруулахаас аргагүй. Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат дархан аварга Жигжидийн Мөнхбат бол хүний сэтгэл зүйгээр их барилддаг
их аатай байсан хүн гэцгээх юм билээ. Үнэн л дээ. Одоо ч яриж байгаа нь цаанаа л нэг өөр. Харин аман дээрээ их аатай ч яг барилдахаар маш нарийн тооцоотой барилддаг хүн гэж нэг үеийнх нь олон бөхийн хэлж байхийг сонссон.
Та бүхэн ч хүн зоны яриа хөөрөө ном зохиолоос нь харсан биз.
Мэдээж энэ бүгдийн зэрэгцээ бяр гэж нэг гол юм бий дээ. Бяргүй бол аархаад ч хэрэггvй, тооцоолоод ч хэрэггvй. Өөрөөр хэлбэл барилдаад хэрэггүй гэсэн үг.
"Бяр байхад мэхээр яахав" гэж Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат Улсын заан Донровийн Долгорсүрэн гуайн ид байхдаа хэлж байсан нэг уг бий гэдэг.

Бяр гэдэг 25 нас хүртэл нэмэгдэн орж байдаг гэх. Тэр хуртэл биеийн хүчний ажил сайн хийж баяраа тогтоож байх нь чухал. Архангай аймгийн харъяат улсын хүчит арслан Дуламжавийн Мөнх-Эрдэнэ 25 тай байх үеэсээ ид баяр хүч нь тэгширч байхад хажуу айлийн нэг өвгөн "энэ хvv эмэгчин барын бяраа олж тогтоож чаджээ" хэмээн хэлж байж билээ.

Монгол бөхийн нэг онцлог нь цагийн болоод орон зайн тодорхой хязгааргүй, жингийн ялгаагүй барилддаг нь жинхэнэ байгалийн хуулиар явагддаг хүч сорих тэмцээн мэт санагддаг юм.

Бөхчүүдийн дунд бөхийн ертөнцийн өөрийн гэсэн бичигдээгvй хуулиуд их. Бөхчүүдийн тийм нэгэн хууль нь "цолны эрэмбэ". Хэн хүчтэй ухаантай байна тэр илүү цолонд хүрнэ. Хэн илүү цолтой байна тэр хаа ч явсан давуу эрхийг эдлэнэ. Тэр нь доод цолтноо дээрэлхэж загнаад бай гэсэн үг биш. Ерөөсөө л бөх бүр зүрх сэтгэлээрээ мэдэрсэн илүү амжилт гаргасан нэгнээ хүндлэх нэгэн ёсон гэлтэй. Айлд орвол ахмад цолтой нь эхэлж орж хамгийн дээр сууна. Ууж идэхийг ч тэрхүү ахмад цолтон л мэднэ.

Барилдаан болвол ахмад цолтой бөхчүүд зүүн баруун талыг манлайлж мөн тэд л барилдааны талбайн хаана барилдахаар сонгоно, амлуулсан бага цолтой бөх тэр газар нь л очиж барилдана. Тухайлбал, энэ цагийг эзэлсэн их аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ наадмийн дэвжээнээ есөн хөлт цагаан тугийн зүүн урдхан очиж зогсоод Хэнтий нутагруугаа нэг эхэлж харчихаад барилдаанаа эхэлдэг бол Улсын заан Пунцагийн Сүхбат, спортын төв ордонд баруун урд талын буланг дандаа сонгож барилдах. Үүнийг барилдах гэж буй бөхчүүд нь ч мөн барилдаанийг байнга үзэх үзэгчид ч андахгүй ээ. Нэгэнт цол гэж сайхан зохицуулагч байгаа болохоор ямар нэгэн явган маргаан бөхчүүдийн дунд гарах нь тун ховор.
Бөхчүүд ер нь сүжигтэй хүмүүс. Хэлж яриж хөдөлж буй бүхэн нь олон түмний хараанд байнга байх тул нөгөө хар цагаан хэл аманд их өртөнө. Тэр бүрийгээ даатгаж байдаг лам тус бүрд нь бий. Зарим нь ч өөрөө бурхны номоос мундахгуй суралцсан. Увс аймгийн Наранбулаг сумийн харъяат Одвогийн Балжинням аварга үүний тодхон жишээ. Наадмын бэлтгэлд галд нь хамрагдан цуг гарч байсан миний бие үйлдэж буй ёс жаягийг нь далдхан харж явахдаа бараг л лам хүн юм уу даа гэмээр бодол төрж байсан билээ. Бөхчүүдийн нэг гол шүтээн нь төрж өссөн ус нутаг уул хангай нь даа. Ялангуя төрсөн нутгийнхаа нэртэй хайрхандаа өөрийгөө даатган сэтгэл санаандаа байнга сүлсэн залбирч явдаг нь ихэнхи бөхөд харагддаг. Бат-Эрдэнэ аваргын барилдахын өмнө нутаг руугаа нэг харж байдаг нь ч үүнийг илтгэх шиг санагддаг. Тэр жил П.Сүхбат заан Б.Гантогтохийг заан болдог жил нь зааны даваан дээр хаяж байгаад ойчиход нь манай нэртэй нэг аварга "Баянзүрх уул нь түшсэнгvй ээ" гээд уулга алдаж байсан. Ер нь мань эр анх гарч ирж байсан Налайх гэхээсээ Баянхонгор аймагийн Баян Овоо сумын харъяат хэмээн цоллуулах нь их болоод байсан үе л дээ. Энэ мэт жишээ мөн ч ихээ.

За тэгээд баяр наадмын үеэр жинхэнэ нарийн ширийн зүйлсийг ажиглаж болно. Олон бөхчүүд бие сэтгэлийн бэлтгэл жинхэнэ ханачихсан мориор бол бас л торгон ирэн дээрээ байцгааж байгаа хэрэг. Ир нь орсон морь бөх хоёр их эмзэг ээ гэлцдэг. Тэдний хувьд наадмын өдрүүдэд хэнтэй гар барихав хэнээс холуур байхав бараг л яаж алхаж гишгэх билээ гэдгээ дэнслэн бодно.
Ямар нэгэн бүтэлгvй зүйл тохиолдвол олон зүйлтэй холбон бодож сүсэглэнэ. Наадмын өдрүүдэд өөр хоорондоо нэг их гар барих нь харагддаггүй. Зүгээр л атгасан гараа зөрүүлчгээгээд байдаг. Мөн нуруу мөрөн дээр нь хэн нэгэн дарах тэр ч бүү хэл хүрэхэд ч учиргүй дургүйцэнэ.
Бөхийн хийморь мөрөндөө шингэсэн байдаг гэлцэх. Барилдахаар гарахдаа дээл хувцасаа хэнд өгөөд гарвал сэтгэл нь амар байхав гэдгээ ч бодож тэр хүнээ наадамд дагуулж очин дээлийн захаа мушгиулж байгаа нь харагддаг. Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат улсын арслан Пүрэвийн Дагвасүрэн гуай ид барилдаж байх үедээ наадмын үеэр хүнтэй эр дуугарахгуй, шүлсээ ч тэр бүр хаядаггүй байсан гэдэг. Өөрөө түүнийгээ "дуу гаргах шүлс хаяхад хүч бас алдагдана шүү дээ" хэмээгээд жуумагнах.

Тэгэхээр үзэгч олон наадмын үеэр, ер нь ямар нэг барилдааны үеэр хэн нэгэн таньдаг бөхөө таарахаар хэт танимхаарч дал мөрийг нь алгадаж өөрөө л хүсээгvй бол дагаж салбагнаад байх хэрэггүй гэсэн үг. Сэтгэлд нь сэв суулгачихна. Сэтгэлдээ сэвтэй хүн өөрийг тань хичнээн дэмжиж мэх ухааныг нь хажуунаас нь заагаад олигтой барилдахгүй шүү дээ. Ийм учиртай.

Тэгэхээр наадам гэдэг зүгээр л хэдэн хүчтэн гарч ирээд ноцолддог юм биш ээ гэдгийг та бүхэн ойлгоо биз ээ.

Энэ бүхэн миний Монгол бөхийн талаархи бодлын минь зах зух аа.

Үүгээр миний;
Сүлдэнд мөнхөрсөн түмэн эх
Сvргийн манлай морин эрдэнэ
Баяр наадмын эрхэм цэнгүүн
Бяр хүчит Монгол бөхийн тухай дурссан Үндэсний их баяр наадмын тухай дурсамж маанй өндөрлөлөө.

Эрхий мэргэн харваачдийнхаа талаар мэдэх юм даанч үгүй тул эргэцvvлэн
дурсах мэдлэг хүрсэнгүй болгооно биз ээ.

Амьдран суугаа улс орон бүртээ өргөн дэлгэр сайхан наадацгаагаарай!
2007 оны Лондонгийн наадмаар
2007 оны 7 сарын 8. Paddington Recreation Ground
photo by Semka

4 comments:

Anonymous said...

Монгол бөхийн талаар сонирхолтой дурсамж бичжээ. Үнэхээр жирийн үзэгчид бид тэр бүр монгол бөхийн нарийн дэг жаяг, тэдний дотоод ертөнцийг сайн мэдэдгүй байх. Ялангуяа,ойр дотно, хамаатан садан, найз нөхдийн дунд барилддаг хүн үгүй бол эсвэл хөдөө төрж өсөөгүй ч юмуу за тэгээд эмэгтэй хүн бол бүр ч муу мэдэх байх. Миний хувьд барилдаж буй бөхчүүдийн хооронд дотоод сэтгэлийн хүчтэй тэмцэлдээн явагддаг талаар уншаад нээрээ л барилдаан гэж бие болон сэтгэлийн тэмцэлдээн байх гэж бодлоо. Түүнчлэн бөхчүүдийн бичигдээгүй хууль гэх цол эргэмээрээ сууж, хоол унд хүртэх зэрэг ахмадыгаа хүндлэх монгол ёсыг бөхчүүд л чанд хадгалж үлдэж байх шиг санагдлаа. Эцэст нь хэлэхэд, Бөх гэж тайлагдашгүй оньсого байдаг юм байна.

A.Амарсайхан said...

Энэ жилийн бөх ч янзтай сайхан болов оо?
Өсөхбаяр болиоч гэж хоолойгоо сөөтөл орилж байж тахимыг нь өгүүллээ шүү дээ.
Бас Сумъяабазарыг унахад яаж орилж, баярласан гээч?

Цэрэнбат харин Монголдоо барилдсан бол тэр аваргуудын нэгийг хаяж сэнсаац тарьж мэдэхээр өнгөтэй харагдаж байна шүү.

A.Амарсайхан said...

Хөөе нөхөөр. Гар зүсдэг хориотой элэг бүс хэрэглэсэн байна шүү, дараа жил солиорой.

eebee said...

Дахиж сая уншлаа. гоё юм байна ш дээ. Саналаа бичээгүй байна одоо биччихье