Monday, December 21, 2009

Ирээд хазахгүй нохойн боргоонд цочоод яахав, амгалан өнгөр
Эхэлсэн ажилд тус үгүй атаач үгэнд бухимдаад яахав, амгалан үргэлжлүүл

Thursday, December 10, 2009

Монгол Киноны Алтан фондод хадгалагдах кино бүтээсэндээ баяртай явдаг


Монголд Арчдилал өрнөсний 20 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Ардчилал бидэнд олон сайхан боломжийг бий болгож бид үр дүнгээс нь хүртэж буй ч бас ардчилал гээч эрх чөлөө эрх мэдлийн хариуцлагыг умартваас олон хар барааныг дагуулж явдгийг бидэнд ойлгуулсаар.
Улс төрийн энэ сэдвийг урлагийн бүтээл болгосон  7 сарын 1 киноны найруулагч Ануужинтай хөөрөлдлөө.

1. Улс төрийн сэдвээр уран бүтээл гарсан нь тун ховор байдаг. Та харин 7 сарын 1-ны үйл явдлаар сэдэвлэн кино бүтээжээ. Киног хийх санаа анх яаж төрөв. Кино нэг хүний бодит амьдрал уу олон үйл явдлын цогц уу?

Wednesday, December 09, 2009

Хөх туг мэндэлсэн түүх (Aрдчилсан хувьсгалын 20 жилийн ойд)

Зураач Т.Отгобаяр. Ардчилсан хөдөлгөөний бэлэгдэл хөх тугийн зохиомж, утгыг тайлбарлаж буй ньХорьдугаар зуунд Монголд гарсан гурван хувьсгал өөр өөрийн туг далбаатай байжээ. 1911 оны Үндэсний хувьсгал шаргал дэвсгэртэй улаан хүрээтэй тугтай, 1921 оны Ардын Хувьсгал улаан тугтай, 1990 оны Ардчилсан хувьсгал хөх тугтай.
Монгол оронд  Ардчилсан хувьсгал өрнөсний 20 жилийн ойд зориулж 90 оны Ардчилсан хувьсгалын  бэлэгдэл болсон Хөх тугны загварыг бүтээгч,  өдгөө Их Британи улсад  ажиллаж амьдарч буй, зураач Тодын Отгонбаяр гуайн 1996 онд “Хөх Толбо” сонинд өгсөн сонирхолтой ярилцлага болон тугийг бүтээхэд хандив өгч байсан иргэдийн нэрсийг  толилуулж байна.
(Зураг дээр Т.Отгобаяр МоАХ-ны анхдугаар их хурлын өмнөх орой (1990 оны 2 сарын 17-нд) хурлын төлөөлөгчидөд тугны зохиомж утгыг тайлбарлаж буй нь)

Monday, November 30, 2009

Аливааг дөнгөж үүсэх үед нь үлгэрлэл үзүүл, байнга оролц
Арга эвээ олж эхлэх цагт нь зөвлөмж өг, хааяа нэг оролц
Амжилт ололт ундарч эхлэх цагаас нь урам нэм, бүү хутгалд

Monday, November 23, 2009

Билэг ихдээ бардаж Арга эвээр хомсдвoл нэг хэцүү
Арга эвийг бодох ч Билэг оюунаар дутвал нэг хэцүү

Friday, November 13, 2009

Оюуны бүтээлийг төр нь хамгаалдаг, түмэн олон нь үнэлдэг болоосой доо


“Би Чамд Хайртай II” киног бүтээгчид гадаадад суугаа Монголчууддаа киногоо толилуулж яваа билээ. Энэ үйл хэргийнх нь талаар өмнө ярилцлага аван цахим өртөө сүлжээний хуудсаар уншигч олонд хүргэж байсан.  Харин хэдхэн хоногийн өмнөөс "энэ кино интернетэд тавигдсан байна... Лондонд Монголчууд цугладаг зарим газар үзүүлж байна" гэх мэт тэдгээрийг үзсэн харсан хүмүүсийн яриа чих дэлссэн тул киноны менежэр Б.Уранчимэгтэй эргэн холбогдож учир байдлыг тодрууллаа.
 
Бид саяхан л дэлхий тойрон Би Чамд Хайртай II  гарна хэмээн ярилцаж байсан. Гэтэл энэ төлөвлөгөөнд тань нилээд өөрчлөлт орох боллоо.  Яг чухам юу болов?

Tuesday, November 03, 2009

Яадгаа алдсан нэг нь таныг царайчилан гуйхад
Яагаад туслах ёстой юм бэ гэж бүү омгорхо
Яаж туслаж чадах вэ хэмээн сэтгэл гарга

Monday, November 02, 2009

Ус ундаргаасаа, улс жолоодогчоосоо ...

Усны эх булингартай бол адагт нь тогтох шавхайг хичнээн шүүгээд яах вэ
Улсыг жолоодогчид "булингар"-тай бол ардын хазгай явдлыг хичнээн шүүгээд яах вэ

Sunday, November 01, 2009

Би Чамд Хайртай II - гадаадад суугаа Монголчууддаа хүрч эхэллээ


1985 онд 9-р ангийн сурагч байхдаа Би чамд хайртай киног анх үзэж төгсөхөд нь адал явалд н сэтгэл уусан нулимс мэлмэрүүлж суусанаа мартдаггүй юм. Энэ кино тэр үеийн хүүхэд залуусыг байлдан дагуулсан. Хүний амьдралын хүсэл хясал, хатуу зөөлөнг энэ л киноноос мэдэрсэн нэгэн үе бий…

Би чамд хайртай II кино Монголд гарч байна, нэгдүгээр анги шигээ  үзэгчдийн сэтгэлд ихэд хүрч байна хэмээн сонин хэвлэлээр бичигдэж, багын дурсамж сэдрээв. Яаж үргэлжилэх бол,  гол гурван баатар нас тогтчихсон хүмүүс болсон байгаа даа, өмнөх шигээ байж чадах болов уу гэх мэтийн асуулт толгойд эргэлдэн, үзэж сонирхон хариултаа авахын хүслийг бадраана. Анхны киноных нь амтыг мэдэрсэн хүн бүр л ийнхүү бодож хүлээж байсан буй заа. Харь хол суугаа бид яахсан билээ гэсэн арга ядсан бодлыг таасан мэт киног бүтээгсэд гадаад улс орнуудад суугаа Монголчууддаа киногоо толилуулахаар болжээ.
Ингээд гадаад улс орнуудад энэ киног гаргахаар бэлтгэлээ хангаж буй Ерөнхий продюсер-М.Есөнмөнх болон Кино төслийн менежер Б.Уранчимэг нартай товчхон хөөрөлдлөө. 


Нэгэнт энэ киноны талаар Монголд гарсан цагаас нь хойш хэвлэл мэдээллээр их яригдсан, бас үзээгүй үзэгчид ч үзээд амтыг нь мэдрэх тул киноны үйл явдал, өрнөлийн тухай бус харин  хэрхэн бүтсэн мөн түүнийг гадаадад суугаа Монголчууддаа толилуулахаар хэрхэн бэлдэж төлөвлөж буй талаар ярилцая гэж бодлоо.
Есөнмөнх захиралд энэ киног хийх санааг гаргасан гэдэг. Олон жил бодож явав уу?

М.Есөнмөнх:
-Би өөрөө ер нь кинонд, тэр дундаа монгол, орос, америк кинонуудад илүү дуртай.  Оросод сургууль төгссөн болохоор орос кино бас их үзнэ дээ. Оросын нэгэн алдартай “Хувь заяаны эрэлд”кино 1980-аад онд анх гарч байсан ба тэр киног би оюутан байхдаа их үздэг байлаа. Хоёр жилийн өмнө Эрхүү хотод албан ажилаар явж байх үеэр тус киноны 2 анги 30 жилийн дараа бүтээгдэж гарсаныг үзээд маш их сэтгэл хөдөлсөн юм. Тэр киног үзсэний дараа Монголын кино бүтээлүүдээс 25 жилийн өмнө гарч байсан, хүн бүхний сэтгэлд хоногшсон “Би чамд хайртай” киноны 2-р ангийг хийх санаа төрөн HERO энтертайнмэнтийн найруулагч Б.Баатарт санал хэлж бид хамтран хийхээр болж ажилдаа орсондоо.

Германаас эхлээд гадаадад суугаа Монголчууддаа үзүүлж эхэллээ. Бэлтгэл ажил их байгаа байх. Гадаадад суугаа элчин сайдын яамд, Монголчууд холбоод, байглуулагууд та бүхэнтэй нилээд хамтран ажиллаж байгаа гэж ойлгосон. 
Б.Уранчимэг:
-  “Би чамд хайртай-2” кино маань 2009 оны 09 сарын 09-ны өдөр Улаанбаатар хотод нээлтээ хийгээд 09 сарын 10-наас эхлэн бүх аймгийн төв, сумдуудад буюу ойролцоогоор 310 орчим сумдад очин киногоо амжилттай гарган ажиллаа.
Энэ кино маань монгол хүн бүхний сэтгэлд хоногшсон киноны үргэлжлэл учир киноны 2р ангийг үзэхийг хүсэж бүх монголчууддаа хүрч очин гаргахаар зорин бид гадаад улсад суугаа ЭСЯ, Монголчуудын Холбоо болон оюутны холбоо зэрэг монголоо төлөөлөн ажиллаж байгаа хамт олонтой хамтран киногоо гаргаж байна. Тухайлбал, Герман хотод "WildBerry Tours" компанийн хамт олон,  Денвер хотод “Хойд Америкийн Монголчуудын Нийгэмлэг”,  Англи улсад “Монголын Элчин Сайдын Яам”, “Британийн Монголчуудын Холбоо”, "MONGOL BRIDGE" компанийн хамт олонтой хамтран ажиллаж байна.
Гадаад улс оронд гаргах ажилд маань ихээр туслан, дэмжин хамтран ажиллаж байгаа элэг нэгт Монголчууддаа талархалаа илэрхийлье.

Гадаадад суугаа анхны үзэгчдийн сэтгэгдэл өндөр байгаа нь цахим хуудсуудаас харагдсан. Шүүмж ч бас бичигдсэн байна лээ. Үргэлжлээд хаана хаана хэзээ гарах билээ.
Бид киногоо Германы Бонн, Мюнхэн, Лэйпциг, Берлин хотуудад гаргасан бөгөөд Германд байгаа Монголчуудад маань ихэнх нь сайшааж, таалан үзсэн ба мэдээж шүүмж, саналууд бас ирсэн. Одоо бид эндээсээ үргэлжлээд Польш, Чех, Унгар, Австри зэрэг улсуудад гаргахаар байгаа. Танай Лондонд 11 сарын 18,19-д толилуулна.
Аль улсын аль хотод, хэзээ гарах дэлгэрэнгүй хуваарийг www.bichamdkhairtai.mn вебээс харж болно

Энэ киноны маркетинг их сайн хийгдэснээрээ ч үзэгчдэд хүрч байна гэж ярьж буй. Тэр маркетингийн ажиллагааны ард суугаа хүмүүс нь та бүхэн. Кино тань бизнес утгаараа хэр амжилттай төсөл болж байна вэ? Хойшид бас сэдэв төрлөө зөв сонгоод олон уран бүтээл дээр уран бүтээлч нартайгаа хамтран ажиллах хүч урам өгч байгаа байх
-Маш олон хүмүүстэй хамтран богино хугацаанд кино бүтээн гаргаж ажиллахдаа бид хамгийн гол нь нэг баг болон ажиллаж чадсан. Кино бүтээгч “HERO” Энтэртайнмэнтийн хамт олон, “B” production болон Монгол  Кино нэгтгэлийн чадварлаг хамт олон болон залуу жүжигчид энэ киног бүтээсэн болохоор кино маань үзэгч бүхнийг байлдан дагуулж чадсан бүтээл боллоо. Ийм бүтээл маань өөрөө олон нийтэд хүрч, байлдан дагуулж чаддаг юм байна.
Монголын кино урлаг дахин хөгжиж сэргэж байгаа ба монгол түмэн маань киног зориулалтын кино театрт үзэж, кино бүтээлийн сайхныг мэдэрч чадаж байна. Энэ бүгдийн ч нөлөөгөөр кино бүтээлийн бизнес боломжийн амжилттай төсөл болж байгаад баяртай байгаа.
Монголын кино урлагийн уран бүтээлчид маань цаашид улам ихийг хийж, дэлхийн жишигт хүрч чадах олон сайхан кино, урлагийн бүтээлийг бүтээн туурвих чадалтай байна гэдгийг бид мэдэрч байна. Уран бүтээлчдэдээ амжилт хүсье.

Хайр сэтгэл мөнхийн сэдэв. Анхны анги нь “ингээд цаашаа яах бол” гэсэн асуулт үлдээж төгсөх шиг санагддаг. Тиймдээ ч 2-р анги гарсан сургаар “нээрээ яагаа бол” гээд үзэх сэдэл хөдлөөд байх шиг. Би чамд хайртай III гарах болов уу.
“Би чамд хайртай-2” кино маань 1р ангийн үргэлжлэлийг маш сайхнаар гаргаж кино маань аз жаргалтай, сайхнаар төгсөж байгаа. 2р ангийн кино маань 25 жилийн өмнөх залуусийн хайр дурлалын үргэлжлэл хэрхэн үргэлжил, тэдний үр хүүхдүүдийн хайр дурлалын ээдрээт тавилан тайлагдсанаар хүмүүний амьдралын өнөөгийн байдлыг тод томруунаар харуулсан.  “Би чамд хайртай-3” анги гарах эсэхийг өнөөдөр бид хэлж чадахгүй нь. Энэ бол зохиолч, найруулагчийн уран бүтээлийн сэдэв болон үлдэж байгаа...

За та бүхэнд Цахим Өртөө сүлжээний уншигчдын өмнөөс аян зам тань өлзийтэй, олз омог дүүрэн явахын ерөөл дэвшүүлэе
Баярлалаа. Дэлхий дахинд ажиллаж, амьдарч, сурч байгаа Монголчуудаа уулзуулан, нэгтгэж байдаг танай цахим сүлжээний хамт олонд сайн сайхныг хүсэн ерөөе!
Бүх Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй байдаг. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууддаа өндөр амжилтыг хүсье.

Tuesday, October 20, 2009

Би Чамд Хайртай - 2: Лондон хотноо гарна


Монголын уран сайханы Би Чамд Хайртай 2 кино Лондон хотноо Олон улсын Оюутны Хотхоны үзүүлбэрийн том танхимд 11 сарын 1815:00, 18:00, 21:00 цагуудаас, 19-нд 18:00, 20:30  цагуудаас тус тус гарна.

Тасалбарын үнэ урьдчилан авбал насанд хүрэгчид £12, хүүхэд £7(16 наснаас доош), үзвэрийн танхимд орохдоо авахад насанд хүрэгчид £15,  хүүхэд £7

Тасалбарыг урьдчилан
  1. Queensway  дахь Батжаргал(07735499304),  Азжаргал  (07533135933) нарын MONGOL BRIDGE Ltd компанийн байрнаас, 
  2. Д.Цэрэнбат-аас 07790420393 утсаар, bataa@tserenbat.comThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it хаягаар захиалан  шуудангаар авч болно.
Киноны нээлтэд киноны санааг гаргаж ивээн тэтгэсэн Номадсын сүлжээ ресторануудын эзэн М.Есөнмөнх, кино төслийн менежер Б. Уранчимэг нар оролцоно.


Hero энтертайнмент Монгол кино нэгтгэл  B продакшны хамтарсан бүтээл Би Чамд Хайртай 2 кино нь 25 жилийн тэртээ СГЗүтгэлтэн И Нямгаваагийн зохиол,  СГЗүтгэлтэн Б Балжиннямын найруулгаар анх гарч үзэгч түмний сэтгэлийг эзэмдэн "байлдан дагуулж" байсан Би Чамд Хайртай киноны үйл явдлын 25 жилийн дараах үргэлжлэл юм.

Энэ кино гарсан цагаасаа анхны киноныхоо адилаар энэ цагийн олон түмний сэтгэлд хүрч 200 мянга гаруй үзэгчдийн хүртээл болсон бөгөөд энэ сарын 17-ноос эхлэн Дэлхийн бусад улс орнуудад суугаа Монголчууддаа хүрч эхлээд байна.
______________________________________________________
Зохиолыг бичсэн:  Б Батрэгзэдмаа 
Кино зохиолыг бичсэн: Х БолорЭрдэнэ 
Эмхэтгэлийг бэлтгэсэн: Р Мөнхсайхан.
______________________________________________________
Гол дүрүүдэд
Жигмэд багш: Ардын жүжигчин Б Дамчаа агсан,
Баяраагийн аав Самбуу: гавьяат жүжигчин З Жарантав,
Үрлээ: жүжигчин Пүрэвмаа
Баяраа: жүжигчин Н Бадрал
Ангийн дарга Туяахүү: жүжигчин хөгжимчин Н.Гантулга
Үрлээ Баяраа нарын охин Золбоо: жүжигчин Ч Ундрал
Дэлгэрийн хүү: дуучин Д Болд
Золбоогийн найз залуу: жүжигчин Г Эрдэнэбилэг 
_______________________________________________________
Туслах дүрүүдэд:
Ардын жүжигчин А Очирбат
Соёлын тэргүүний ажилтан Н Батхуяг, 
Гавьяат тамирчин З Үйтүмэн, 
Гавьяат жүжигчин Ц Төмөрбаатар
ТВ коктейль хамтлагийн жүжигчин А Өнөржаргал

Saturday, October 17, 2009

Улаанбаатарын улиралууд

Байгаль эх зохицож амьдар хэмээн дөрвөн  улирал бидэнд өгчээ
Өвөл Хавар Зун Намар
Бодлогогүй ажилаасаа болж хоёр улирал давхцуулан бид нэмжээ
Шороон улирал, Утаан улирал
******************************************
Дулаарахын цагт шороонбаатар
Даарахын цагт утаанбаатар
Та бидний Улаанбаатар аа

Thursday, October 15, 2009

Хамбын айлдвараас

Монголын Бурханы шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Дэмбэрэлийн Чойжамц Британийн Монголчуудын Холбоо, ИБУИНВУ дах Монгол Улсын Элчин сайдын яамны урилгаар 2009 оны 4 сарын 26-наас 5 сарын 7-ны хооронд Англи улсад айлчлал хийсэн юм. Тэрээр Гандантэгчинлэн хийдийн Тамгын газрын Б.Эрдэнэхүү лам, гавж Д.Нямсамбуу багш, харилцааны албаны дарга Б.Мөнхбаатар лам нарын бүрэлдэхүүнтэй айлчилсан.

Хамба айлчлалынхаа өмнө “... Монголчууд маань гадаадад олноор гараад цөөнгүй жил болжээ. Оюун санааны хувьд ч их өөрчлөлтөнд орж буй санагддаг. Ийм үед нь нэг очиж уулзаад ярилцаад ирэх нь зөв юм гэж боддог. Ер нь бид чинь энд тэнд очиж өөрсдийн уламжлал ёс заншилаа сайн ярьж, шашин номоо тайлбарлаж байх хэрэгтэй юм байна. Би сүүлийн үед Монголдоо их дээд сургуулиудаар ч нэлээд зочилж, оюутан сурагчидтай уулзаж ярилцаж, санаа бодлыг нь сонсож байгаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр ч бас нэлээдгүй ярих болоод буй даа...” хэмээн өгүүлж байсан.  Хамбатан бидний урилгыг хүлээн авч ирэхийг зорьсны нэгэн учир хийгээд бидний түүнийг урьсан шалтгаан нь энэ буюу.

Ингээд Хамбын Монгол түмэнтэйгээ уулзан ярилцаж явахдаа айлдсан сургааль айл, олон түмний асуултад өгсөн хариултаас өөрийн тогтоож ойлгосон хэрээр буулгахыг хичээлээ. 

Шашинтай байхын учир

Хамба лам улс орон шашинтай байхын ач холбогдол, Буддын шашны Монгол уламжлал ахуйтай нягт холбоотойн талаар ийнхүү айлдлаа.

“...Өнгөрсөн зууны түүхээс үзвэл огт шашингүй улс орон бий болгох гэсэн оролдлого коммунизмын ид түгэн дэлгэрэлтийн үед гарч байсан. Харин энэ систем задран унах үед хамгийн ихээр шашнаа үгүй хийсэн Югослав, Румын зэрэг орон хамгийн их хүчирхийлэл цус урсгасан нөхцөл байдалд хүрсэн бол шашнаа тодорхой байдлаар хадгалж үлдсэн Чех мэтийн орнууд ардчилсан тогтолцоо руу харьцангуй аядуу тайвуу оржээ.”

Хүчирхэг хөгжилтэй орнууд шашны зан уламжлалыг төрийн ёс жаягтайгаа нягт уялдуулан ард түмнээ оюун санааны хувьд нэгтгэн удирдах нэг арга зам болгож байна. Үүний жишээ нь АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд хийсэн шашны холбогдолтой үйл (Библийн судар дээр гараа тавин тангараг өргөдөг), шинэ сонгогдсон ерөнхий сайд нь Английн Сүмийн (шашны гэж болох) тэргүүн Хатан хаандаа бараалхаж зөвшөөрлийг нь авснаар үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлдэг Британийн уламжлал зэргээс анзаарч болно.

Огт шашингүй байх тухай бус харин ард нийтээр дагадаг шашны зан үйлээ, (Монгол Улсын хувьд гол шашин хэмээн хуулиар заагдсан Буддын шашны ёс, уламжлалыг) төрийнхөө ёс, үйлтэй уялдуулснаар ард түмнийхээ оюун санааны нэгдэл, нягтралыг бий болгож чадах юм.
Буддын шашин маань анагаах ухаан, зурхайн ухаан, гүн ухаан, урлахуйн ухаан, дуун ухаан олон талын ухааныг нэгтгэсэн амьдралын том сургааль юм. Барууныхан энэ religious гэдэг үг Буддын шашныг нэрлэхэд тохирох хэллэг болох эсэх талаар хэлэлцэхээр болоод буй.

Олон зуун жилийн амьдралын ёс уламжлалаасаа үүдэн Буддын ухаан нь монголчуудын амьдрах ухаан, ёс заншилтай нягт уялдан холбогдсон юм.

Төрөхөөс нас барах хүртэлх монгол хүний амьдрал олон зууны туршид Буддын шашны зан үйлтэй нягт холбогдожээ. Нэрнээсээ авахуулаад бид энэ шашинтайгаа холбоотой юм. Нас урт байлгах, эд бараа арвин байлгах, өөрт нь тохирох эрдэнийн нэрээр нэрлэх гэх мэтээр эцэг эх нь хүүхэддээ нэр хайрлаж байж. Даахиа үргээхдээ сан тавьж ном уншуулна. Гэрлэхэд намрын дунд сарын 17 гэж сонгоно. Нас барахаар нь алтан сав нээлгүүлж, 49 хоног хүртэл  буян үйлддэг гээд. Тэгэхээр хувь хүний төрөхөөс нас барахын хоорондох үйл амьдрал бурханы ёс заншилтай барилдаатай байдаг нь Монголын онцлог төрх. Шашин шүтлэггүй гэсэн хэн нэгний хувьд ч амьдрахуйн хэв заншил нь энэ л жимээр оршиж байж Монгол гэдэг бусдаас ялгарах өөрийн гэсэн онцлог тодрон гардаг

“...Буддын шашинд арга билэг гэж байдаг. Энэ хоёр нь хосолж байхгүй бол болдоггүй. Билэг гэдэг нь боловсрол мэдлэгийн талаа хэлж буй. Өндөр боловсрол эзэмшинэ гэдэг хүнлэг хүн болчихож буй хэрэг бас биш юм. Эрдэм боловсрол өндөр ч эхнэр хүүхдээ айлгаж сандраасан хүн байх. Энэ бол боловсрол нь тэр хүнийг сайн хүн болгоогүйн илрэл. Харин арга тал нь хүнийг хайрлах, энэрэх сэтгэлийг хэлж буй. Тэгэхээр энэ хоёр нийлж байж хүн их сайхан төлөвшдөг учиртай.”

“Баруунд хууль ёсоор, хүний амьдрах орчныг нь хатуу чанд зохицуулах байдлаар нийгмийг гаднаас нь удирдан жолоодохыг зорьсон чигтэй. Христосын шашны сургааль нь ч ерөнцийн эзэн хэмээх тэрхүү өөрт биш гадна орших хүчийг шүтэн бишрэх тухай байдаг. Харин Бурханы шашин бол хүний өөрийн дотоод гэгээрлийг бий болгодог. Хүн өөрөө гэгээрч чадвал бурхан болдгийг Буддын ухаан заасан. Барууны орнуудын хууль хэдий чанга ч, тэнд хүний санаанд оромгүй гэмт хэргүүд гарсаар байдаг. Харин Буддын шашинтай орнуудад энэ үзэгдэл бага гарч буй мэт харагддаг. Тэгэхээр хүн өөрөө дотроосоо эхэлж гэгээрвэл нийгэмдээ ч айхтар гай барцад тарих нь бага юм аа.”


Монголын өнөөгийн оюун сэтгэлгээ, ахуйн дадал – Хамбын эмзэглэл


Хамба ламтан Монголын өнөөгийн оюун сэтгэлгээ, ахуйн хэшилтэй холбогдуулж ийнхүү айлдав. 
“ ... Шашингүй үзлээр 70 жил бөмбөгдүүлсэн бид 90 оноос хойш тэр хаагдсан эрх чөлөөгөө эдэлж байгаа. Гэхдээ хүний сэтгэхүйд суусан шашингүй байх ёстой гэсэн олдмол ойлголт, мэдрэмж арилж үгүй болтлоо удах янзтай юм даа. Хүн өөрийнхөө оюун санааг нээж, танин мэдэж, бусдаас эмзэглэж зоволгүй түүнийгээ шүтэж биширч амьдрах эрхтэй, тэгэж сурах хэрэгтэй. Гандангаар орж ирээд мөргөл үйлдэж буй хүмүүсийг харахад хэн нь сэтгэлээсээ хэн нь намайг харчих вий гэсэн эмзэглэлтэй мөргөж сүсэглэж байгаа нь андашгүй харагддаг юм.”

“...Монголчуудын өнөөгийн байдлыг харахад тохитой настайчууд ч ховордоод буй мэт. Цагаан толгойтой эмээ өвөө нар байж хэвлэл мэдээллийн хэрэгслээр  хайр дурлалын тухай залуустай ам уралдаж ярьдаг тохигүй настангууд элбэгшсэн. Энэ нь нөгөө л шашингүйн үзлээр бөмбөгдүүлж хүмүүжсэнийх нь уршиг байх. Бидний хайр бидний л сайхан дурсамж юм аа юуг нь дэлгэх вэ хүүхэд минь гэхэд болохоор юман дээр хамаг амьдралаа дэлгэж ярьж, залуу үеийг уруу татах нь байх юм.”

“... Хүүхдийн хүмүүжилд анхаарахаа байжээ. Өдөрт ядахдаа нэг удаа халуун ам бүлээрээ хоолоо идэж байхыг хичээх хэрэгтэй. Зурагт, интернет компьютер гэж дор дороо нэг нэг юм гөлрөөд гэр бүлийн халуун бүлээн уур амьсгал үгүй болж байна. Тэр зурагт үзэж, интернетээр аялсаар хүүхэд чинь нэг л мэдэхэд үзэж харж буйгаасаа авсан ойлголтыг үнэн мэт бодсон, та нарын бодож байснаас тэс ондоо хүн болоод хүмүүжчихсэн байж байна.

Жаахан хүүхдүүд “өөрийнхөөрөө амьдарна” гэж их ярих болсон. Энэ нь нөгөө  үздэг кино ший, интернетээс авдаг мэдээлэлтэй нь холбоотой. “Өөрийнхөөрөө байна” гэдэг нь эцэг эхийнхээ үгийг сонсохгүй, дураараа баар цэнгээн хэсэж зугаалж байхыг л хэлж буйгаас амьдрах ухаантай холбоотой өөрийнхөөрөө байх нь тун ховор. Америк кино үзээд тэрэндээ хөтлөгдсөн мөрөөдлөөр амьдрагч залуу үе гарч ирж байна. Гэтэл сайн сайхан амьдрахын тулд яаж ажиллаж, бүтээх талаар тун бага төсөөлөлтэй байх юм. Оюутан залуустай уулзахдаа би энэ талаар их хэлж ярьж буй.”

“...Засаг төр ч бодлоготой алхам хийхгүй байна. Ард иргэддээ сонгуулийн дүйвээнээр худлаа амлаж, хүлээлт үүсгэдэг, бас хамаг бүлтэй чадалтай эрүүл саруулыгаа гадагш гарахад чиглэсэн ажил хийгээд  байгаа.
Зурагт телевизийн олон сувгууд Солонгосын киногоор биднийг бөмбөгдөж байна. Хүмүүс ажлаа тарж гэртээ ирээд гэр доторх аж амьдрал, хүүхэд шуухадын хүмүүжил, өдөр тутмын юмаа ярьж хэлэлцэхээ больж зурагтанд толгойгоо мэдүүлэн гадны соёлыг бишрэн шүтэж Монголынхоо соёл урлагийг үгүйсгэн умартаж байна.“

“... Өвгөдийн үлдээсэн тусгаар тогтнолоо уг нь өдий хүртэл аваад л ирсэн юмсан. Одоо л алдчих вий дээ гэж бодохоор үе харагдаад буй шүү” хэмээн олон талын эмзэглэж явдаг бодлоо хэлсэн нь хамба ламтан өнөөгийн Монгол оронд маань бүрдээд бий оюун сэтгэлгээ, ахуй байдлыг ерөнхийлөн тодорхойлсон мэт.
Гадаадад суугаа иргэддээ захиж хэлсэн нь

Хамба ламтан гадаадад суугаа Монголчууддаа ихийг сураад, эх орондоо заавал эргэн очихыг байн байн захиж байв.

Хамбатан:  “...Монголчууд маань гадаадад, энэ их олон хүнтэй газар тэдний л нэг болоод амьдарч байдаг. Харин тэд маань үндэсний дээл хувцсаа өмсөөд үндэсний баяр ёслол, тухайлбал наадам, цагаан сараа ёс уламжлалаар нь хийгээд ирэхээр энэ зүгийнхэнд Монголчууд гэдгээ таниулдаг. Гадны хүн шугуйд төөрөлгүй Монголоороо үлдэж, тэдний соёлыг бас Монголоороо баяжуулж байхын тулд соёлын энэ уламжлалаа ёс журмаар нь хийж хадгалан авч яваарай.

Өсөхөөс сурсан үндэсний хэлээ мартаж болохгүй
. Хэдий англи хэл дэлхий нийтийн хэл боловч монгол хэлээ мартахгүй байх нь монгол хүн гэсэн онцлогийг хадгалдаг. Гадаад хэлийг хагас дутуу сурч, монгол хэлтэйгээ холин зээрэмдэглүүлэх нь тун боломжгүй юм. Та бүхэн бага балчир хүүхдүүдэд төрсөн хэлээ зааж өгч байгаарай.

Улс орны хөгжил ямар байгаа нь иргэн нь гадаад оронд очиход ханддаг бусдын хандлагаас мэдэгддэг. Нисэх онгоцны буудал дээр гэхэд хөгжилтэй орны иргэдийн цүнхийг хүртэл зөөлөн өргөж тавьж байхад ядарсан орны иргэдийнхийг аваад чулуудчих нь энүүхэнд. Монголчууд маань гадаадад хир амьдарч байна вэ? гэхээр барууны хөгжилтэй орнуудаас бараа сураггүй, Япон Сололгосын хөгжилтэй орнуудаас бас доогуур латин Aмерикийн Мексик гэх мэт орны иргэдийн хавьцаа очиж буугаад байна уу гэж Америкт явах үед ажиглагдсан. Тэгэхээр бид эхлээд эх орноо сайн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах хэрэгтэй байна. Тэгэж байж дэлхийн хаана ч хараа дээгүүр алхах сэтгэл, боломж бүрдэнэ. Та бүхэн энд алив ажлыг хийх арга ухааныг сурч ойлгож, сэтгэлээсээ хийж сураад эргэж очоод тэр бүгдээ эх орондоо хэвшүүлэх хэрэгтэй.

Нутаг орондоо суугаа ах дүүстээ эндэх байгаа байдлыг үнэн бодитоор хэлж, бичиж байгаарай. Тэд чинь барууны айхавтар үхдэггүй баатар баахан хүн нухаж нухаж,  сүүлд нь биеийн зугаа цэнгэл эдлээд дуусдаг киногоор энэ орныг чинь төсөөлөөд, мөрөөдөөд тэгэж нэг цэнгэх юмсан гэж бодоод буй. Иймд та нар бодит байдлыг нуулгүй сайн хэлж өгч байгаарай” хэмээн захисан. 


Талархал
Хамба ламтаны айлчиллыг зохион байгуулахад хамтран ажилласан, ивээн тэтгэсэн байгууллага хувь хүмүүст Британийн Монголчуудын Холбооноос гүн талархал илэрхийлж байна.
  • Монгол улсын элчин сайдын яамны хамт олон
  • Б.Даваажаргал захиралтай MNGBRIDGE LTD компани
  • TV9 -ийн Будда Медиа студийн хамт олон
  • Ж.Өнөрмаа захиралтай LinguaGlobal Ltd компани
  • Т.Түвшинбат захиралтай LondonMN Studio
  • Оксфордын их сургуулийн Буддын судлалын төв
  • Британид ажиллаж, амьдарч байсан Монгол улсад суугаа иргэдийн төлөөлөгчид
  • Лондон, Оксфорд, Манчестер хотноо ажиллаж амьдарч буй Монголчуудын төлөөлөгчид

Wednesday, October 14, 2009

Монгол судлалаа дэмжих нь: Кембрижийн Их Сургуульд ном бэлэглэв

Монгол судлалыг олон улсад хөгжүүлж бэхжүүлэхэд Монголчууд бидний өөрсдийн санаачилга, оролцоо чухал билээ. Монгол судлалыг цаг үеэсээ хоцрохгүй судалгаа шинжилгээний өндөр түвшинд авч явахад холбогдох ном зохиол, судалгааны бүтээл материалуудын хүртээмжтэй байдал үлэмж нөлөөтэй. Британи дах Кембридж, Лийдсийн их сургуулиуд Монгол судлалын олон жилийн уламжлалтай юм. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд номын сан нь Монголын холбогдолтой шинэ бүтээл номоор сэлбэгдэлгүй хуучирч тэр хэмжээгээр мэргэжлийн судлаачид, монголыг сонирхон уншигчдын  гар мухардах хандлагатай байлаа. Монголчууд бид ч тусалж дэмжих талаар дорвитой ажил санаачилж хийлгүй өдийг хүрсэн буруутай.
Харин Монгол улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачилан Британид бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллагуудын дэмжлэг туслалцаатайгаар Монгол судлалын чиглэлээр ажилладаг сургууль, эрдэм шинжилгээний нэгж хэсгүүдэд сүүлийн үед хэвлэгдэн гарсан Монголын түүх, соёл, зан заншил, хууль, уран зохиолын  номнуудаас хандивлах төслийг хэрэгжүүлж буй нь чухам цагаа олсон сайхан үйл хэрэг болж байна.

Wednesday, October 07, 2009

Учирал хоромын, дурсамж үүрдийн

Сайхан чамтай танилцсан учирал минь хоромынхоо
Сайхан сэтгэл үлдээсэн дурсамж тань үүрдийнхээ

Tuesday, October 06, 2009

Эсийн доторч эрдэнэс бий


Онолт бид хоёр оюутан насны андууд. 20-иод жилийн өмнө оюутны байрны нүргээн дунд танилцаж, коридорт барилдаж байрны командатад үе үе аашлууланхан явж.  Өвөрхангайн хүү тэрээр МУИС-ийн математикийн ангид надаас хоёр жилийн доор суралцаж байлаа. Төгссөөр бараг сураг тасраад байсан бид хэдхэн жилийн өмнөөс Цахим өртөөгөөр бие биенээ эргэн олж мэндийн захиа шидэлцэхээс төдийлөн хэтрэхгүй явсан юм. Испанийн Сэвиллад PhD хийж байна,  Финландад ажиллаж байна гэдгээс өөр олон зүйл ч мань хүн эс ярина. Ер даруухан эр. Харин андынхаа юу хийж бүтээж явааг интернетээс л чухам олж мэдээд энэхүү ярилцлагыг авах сэдэл үүсэв. Түүний судалж шинжилж буй сэдэв чиглэл нь шинэхэн, хэллэг үг нь жир хүний чихэнд төдийлөн дасал бус болохоор тайлбар нэхэн байж яриагаа эхэллээ.

Wednesday, September 30, 2009

ЛОНДОНГИЙН ОЛИМПИЙН ХОНХ ЖИНГЭНЭЖ ЭХЭЛЛЭЭ

9 сарын 25-ны Баасан гарагт 2012 оны Лондонгийн Олимпийг Зохион Байгуулах Хороо(ЛОЗБХ)-ноос санаачилан НЭЭЛТТЭЙ ӨДӨР сэдэвт өдөрлөг зохион байгуулав.  Өдөрлөгийн зорилго нь Үндэсний Олимпийн Хороодын гишүүдэд Лондонгийн Олимпийн бэлтгэл ажил ямар түвшинд байгаа, олимпийн өмнө болон дараа бусад орны олимпийн хороодтой хэрхэн хамтран ажиллах талаар МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ, САНАЛ БОДЛЫГ НЬ СОНСОЖ ЦААШДЫН АЖИЛЛАГААНДАА ТУСГАХ явдал ажээ.

Өдөрлөгт оролцохоор таван тивийн 10 орны Үндэсний олимпийн хороодын 21 бие төлөөлөгчид, Олон Улсын Олимпийн Хорооны ажилтан, Британийн Олимпийн Нийгэмлэгийн дарга, олимпийн бэлтгэл ажиллагааг хариуцагч салбар тус бүрээс мэдээлэл хийх мэрэгжилтнүүд, Британийн бүс нутаг бүрийн спортын арга хэмжээг хариуцсан зохицуулагчид нийт 50 гаруй хүн хуран цуглав. Миний бие энэ арга хэмжээнд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагааны даалгавараар Үндсэний Олимпийн Хороог төлөөлөн оролцсон юм.

Sunday, July 26, 2009

Лондон наадам 2009

Британийн Монголчуудын Үндэсний баяр наадам - 2009



ЛондонМН студио

Tuesday, June 16, 2009

Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо

Related links in English
- The Tsahim Urtuu Scholarship Announcement
- The Scholarship Application (in PDF)
- Donation drive
Холбоотой мэдээллүүд
- Хандивын аян
- Цахим Өртөөний нэрэмжит оюутны
тэтгэлгийн болзол

- Press Release: Афганистаны Монгол угсаатан
Хазара оюутнуудад ”Цахим Өртөөний нэрэмжит
тэтгэлэг” олгонo (PDF)

- Хандивлагчдын нэрс

2009 оны 5 сарын 31 буюу Mонгол туургатны “Цахим Өртөө Сүлжээ” үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн энэхүү билэгт сайн өдөр, Цахим Өртөө Холбоо ТББ, Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн комиссийн зүгээс Монгол Улсын Их Сургуульд суралцах бүтэн тэтгэлэгт уралдаанд ялагч монгол угсаа гаралтай хазара үндэстний, ахлах сургууль төгсөгч гурван шилдэг сурагчийн нэрийг зарлан тунхаглахдаа баяртай байна.

2009-2013 оны эрдмийн жилд зориулсан тэтгэлгийн хөтөлбөрт зөвхөн хоёр шилдэг хазара сурагчийг сонгон шалгаруулах төлөвлөгөөтэй байсан боловч шилдэг оролцогч бүрийн материалыг сайтар хянаж үзсэний дүнд Тэтгэлгийн комиссийн гишүүдийн шийдвэрээр энэ жилийн тэтгэлэгт онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж гурав дахь ялагчид тэтгэлэг олгохоор шийдвэрлэлээ.

Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлгийн ялагчаар:

Мэгдад Салехи
Захра Хуссейн Бахш
Гулам Аббас
нар тодорлоо.

Тэтгэлэгт хөтөлбөрийн ялагчдыг тодруулахдаа сүүлийн шатанд шалгарсан 6 шилдэг сурагчдаас хичээл сурлага, нийгмийн тусч хөдөлмөрийн үйлст хэр өндөр амжилт үзүүлсэн болоод цаашид их дээд сургуульд хэр үр дүнтэй суралцах оюуны чадамжтайг харгалзан үзэж, утсаар ярилцлага хийсний дүнд шүүгчдийн саналаар шигшин сонгосон билээ. Цахим Өртөө сүлжээний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн зорилгыг доорхи байдлаар тодорхойлсон билээ:

* Ирээдүйд өөрсдийн улс эх орны удирдагчид болохуйц хичээл сурлагадаа өндөр амжилт гаргасан ахлах сургууль төгсөгч хазара сурагчдыг Монгол Улсад суралцуулах;
* Тэтгэлэгт хамрагдсан сурагчдад орчин үеийн Монгол улсын нийгэм соёлтой танилцах боломж олгох;
* Хазара, Монгол түмний эв нэгдлийг бэхжүүлэх зорилго дор тэтгэлэгт оюутнууд нь насан туршдаа Хазара ард зоныг Монголчуудтай холбох элч төлөөлөгч болох үйлст дэмжлэг үзүүлэх;
* Тэтгэлэгт оюутнуудын эрдмийн болоод хувийн амжилтыг дэмжих;

Цэвэр өрсөлдөөнөөр шалгаруулж олгосон уг тэтгэлэгт 5 жилийн сургалтын төлбөр, оюутны дотуур байр, хоол, номын төлбөр, эрүүл мэндийн даатгал, бүртгэлийн хураамж, визний хураамж, сургалтын бусад зардал болон оюутны амьдарч буй орноос Монгол Улсад ирэх, буцах замын зардал багтсан болно.

Нийт 52 000 ам. доллар хүртэлх мөнгөн дүнгээс бүрдэж буй тэтгэлгийн сан нь Цахим Өртөө сүлжээ, Цахим Өртөө Холбооны гишүүд, гадаадад суугаа Монголчууд, мэргэжлийн байгууллага, Монголын хувийн аж ахуй нэгж, корпорациудын хандиваас бүрдэж байна.

Монголын өв соёл, түүх, нийгмийн тухай гүн гүнзгий мэдлэгийг олсон, ирээдүйн удирдагчдын хувьд Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэгт оюутнууд нь Монгол, Хазар ард түмэн, засгийн газар, институт хоорондын харилцаа холбоог бий болгоход үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэлтэй байна.

Монголын ард түмэн, Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээ, Цахим Өртөө Холбооны гишүүдийн нэрийн өмнөөс Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт ялсан Мэгдад Салехи, Захра Хуссейн Бахш, Гулам Аббас нарт халуун баяр хүргэе!

Оюутны тэтгэлгийн комисс
Цахим Өртөө Холбоо ТББ
Улаанбаатар хот, Монгол улс
2009 оны 5 сарын 31-ний билэгт сайн өдөр

Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлгийн ялагчид
Нэр: Мэгдад Салехи
Нас: 20
Төрсөн газар: Кабул хот, Афганистан
Суралцах чиглэл: Нийгмийн ухаан, монгол хэл судлал
Сургууль: МУИС, Монгол Хэл Соёлын Сургууль
Одоо эрхэлж буй ажил/сургууль: Марефат ахлах сургуулийн 12 ангийн сурагч
Бичсэн эссэний ишлэл: "...Улс төрийн орогнолоор дүрвээд буцаж ирснийхээ дараа Марефат ахлах сургуульд сурч эхэлсэн. Марефат ахлах сургуульд сурч байхдаа бид Монгол угсаа гаралтай болохыг мөн Чингис хааны үеэс бид дэлхийн энэ бүс нутагт нүүн суурьшсан юм байна гэдгийг ойлгосон... Монгол, хазара хэлэнд олон арван ижил төстэй үг, хэллэг байдаг тухай багш нараасаа болоод Перс хэл дээр гарсан хэд хэдэн номоос уншиж мэдсэн... Намайг энэ тэтгэлэгт өрсөлдөхөд багш маань Чи Монгол улсад хазарачуудынхаа элч төлөөлөгч болж очно шүү гэж их сайхан үг хэлсэн... Үнэхээр тэгж чаддагсан бол үнэхээр их бахархууштай хэрэг болох билээ!...

Нэр: Захра Хуссейн Бахш
Нас: 20
Төрсөн газар: Бамиан, Афганистан
Суралцах чиглэл: Сүлжээний инженер
Сургууль: МУИС, Мэдээллийн Технологийн Сургууль
Одоо эрхэлж буй ажил/сургууль: Англи хэлний цагийн багш
Гишүүнчлэл: Залуу Удирдагчдын Форум
Бичсэн эссэний ишлэл: "...Талибаны засаглал унасны дараахан 2005 онд би эх нутагтаа дээд боловсрол эзэмшихээр буцаж ирсэн... Голцуу хазара үндэстэн төвлөрсөн Афганистаны төв хэсэг болоод Бамианы Их сургуульд мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн хомсдлыг арилгаж, тулхтай хөгжлийн төлөө хүчин зүтгэх хүсэлтэй.... Өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн зүйлстээ сэтгэл хангалуун биш байна. Хэрэв Монгол оронд 5 жил сурч, өөрийгөө хөгжүүлж, дээд боловсрол эзэмшээд ирвэл би хавьгүй ихийг хийж бүтээж, Афганистанд буй хазара ард түмнийхээ төлөө ажиллахад бэлэн болж чадна гэдэгтээ итгэлтэй байна... "

Нэр: Гулам Аббас
Нас: 20
Төрсөн газар: Күэтта, Пакистан
Суралцах чиглэл: Түүх, сэтгүүлзүй
Сургууль: МУИС, Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль
Одоо эрхэлж буй ажил/сургууль: ActionAid - ядуурлын эсрэг олон улсын байгууллагад харилцааны ажилтан, Daily Outlook - сонины редакцид ажилладаг.
Бичсэн эссэний ишлэл: "... Сайн сайхан цаг мөч ирнэ гэдэгт найдсан миний итгэл найдвар л намайг хүнд цаг үест зоригжуулж байлаа... Миний туулсан амьдрал, миний хүсэл мөрөөдөл, Монгол өвөг дээдсийнхээ тухай илүү ихийг олж мэдэхийг хүссэн миний тэмүүлэл, санхүүгийн нөхцөл байдал минь намайг Монгол Улсын Их Сургуульд суралцуулах Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэх боломжыг олгоно гэж би найдаж байна..."

"Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн төсөл"-ийн бүрэлдэхүүн:

Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн комиссийн гишүүд
Д.Сайнбаяр - Комиссын тэргүүн, Цахим Өртөө Холбоо ТББ-ын УЗ-ийн дарга
П.Баярмагнай -Цахим Өртөө Холбоо ТББ-ын УЗ-ийн гишүүн
Н.Баасандорж -Цахим Өртөө Холбоо ТББ-ын УЗ-ийн гишүүн
Др. Ч.Лодойравсал - МУИС, Мэдээллийн Технологийн Сургуулийн захирал
Др. Д.Заяабаатар - МУИС, Монгол Хэл Соёлын Сургуулийн захирал
Проф. Ш.Содном - МУИС, Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн захирал
Д.Цэрэнбат - Цахим Өртөө Холбоо ТББ-ын тэргүүн, Лондон, Их Британи
Д.Анулан - Цахим Өртөө Холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал
Проф. Азиз Роеиш - Марефат ахлах сургуулийн Удирдах зөвлөл, Кабул, Афганистан
Риза Катеб - Азийн сан, Кабул, Афганистан
Хуссейн Хазара - Дэлхийн банк, Кабул, Афганистан

Цахим Өртөө Холбооны Удирдах зөвлөл
Б.Билэгсайхан - УБ, Монгол
Б.Жамц - УБ, Монгол
Б.Найдалаа - УБ, Монгол
Д.Сайнбаяр - УБ, Монгол
Д.Сэрдарам - УБ, Монгол
Д.Цэрэнбат - Лондон, Их Британи
Ж.Амаржаргал - УБ, Монгол
Ж.Саруултуяa - Токио, Япон
Н.Баасандорж - УБ, Монгол
Н.Энхжаргал - Лос Анжелос, АНУ
П.Амарбат - УБ, Монгол
П.Баярмагнай - УБ, Монгол
Т.Энхжаргал - УБ, Монгол
Ч.Отгочулуу - УБ, Монгол

Цахим Өртөө Холбооны гишүүд
А.Амарбаяр - Токио, Япон
Б.Алтанхүү - УБ, Монгол
Б.Бат-Орших - УБ, Монгол
Б.Лутаа - УБ, Монгол
Б.Нолжирмаа - УБ, Монгол
Б.Номинчимэд - УБ, Монгол
Б.Тэлмэн - УБ, Монгол
Б.Энхжин - Женев, Швейцари
В.Шинэнэмэх - УБ, Монгол
Г.Байгаль - УБ, Монгол
Г.Солонго - УБ, Монгол
Д.Анулан - УБ, Монгол
Д.Батдулам - УБ, Монгол
Д.Гантулга - Лондон, Их Британи
Д.Цэрэндорж - Сан Францисцо, АНУ
Ж.Батзандан - УБ, Монгол
Л.Лханаран - УБ, Монгол
М.Билгүүн - УБ, Монгол
М.Саруул-Эрдэнэ - Вашингтон Ди.Си, АНУ
М.Өсөхжаргал - УБ, Монгол
С.Бадрал – Берлин, Герман
С.Болд - УБ, Монгол
С.Чулуунбаатар - Нью-Йорк, АНУ
Т.Алтангэрэл - УБ, Монгол
Х.Сансартуяа - УБ, Монгол
Ч.Ганболд - Охайо, АНУ
Ч.Даваажамц - УБ, Монгол
Ч.Энхзаяа - УБ, Монгол
Ш.Баатар - Сан Франциско, АНУ
Ш.Пүрэвсүрэн - УБ, Монгол
Э.Батбаяр - УБ, Монгол

Monday, May 11, 2009

Яах юм бэ

Ургацыг нь хураахгүй бол тариа тариад яах юм бэ
Унаж эдлэхгүй юм бол адуу маллаад яах юм бэ
Ухаарч сэхэхгүй юм бол ном үзээд яах юм бэ
Угталж гүйцээхгүй юм бол үйл эхлүүлээд яах юм бэ