Tuesday, October 06, 2009

Эсийн доторч эрдэнэс бий


Онолт бид хоёр оюутан насны андууд. 20-иод жилийн өмнө оюутны байрны нүргээн дунд танилцаж, коридорт барилдаж байрны командатад үе үе аашлууланхан явж.  Өвөрхангайн хүү тэрээр МУИС-ийн математикийн ангид надаас хоёр жилийн доор суралцаж байлаа. Төгссөөр бараг сураг тасраад байсан бид хэдхэн жилийн өмнөөс Цахим өртөөгөөр бие биенээ эргэн олж мэндийн захиа шидэлцэхээс төдийлөн хэтрэхгүй явсан юм. Испанийн Сэвиллад PhD хийж байна,  Финландад ажиллаж байна гэдгээс өөр олон зүйл ч мань хүн эс ярина. Ер даруухан эр. Харин андынхаа юу хийж бүтээж явааг интернетээс л чухам олж мэдээд энэхүү ярилцлагыг авах сэдэл үүсэв. Түүний судалж шинжилж буй сэдэв чиглэл нь шинэхэн, хэллэг үг нь жир хүний чихэнд төдийлөн дасал бус болохоор тайлбар нэхэн байж яриагаа эхэллээ.


Саяхан таныг Plectix BioSystems-ийн CelluciFest-ийн Cellucidate’s загварчлалын анхны уралдааны нэгэн шагналыг өөрийн ажилаараа хүртсэнийг сонслоо. Баяр хүргэе. Энэ чухам ямар учиртай байгууллагаас ямар ажил хийсэн хүнд, юун шагнал гардуулав аа. Нэг сайхан жирийн маньд ойлгогдохоор тайлбарлаад өгөөч хө

За их баярлалаа. Та өөрөө математикч хүн ижил мэрэгжилтэй намайгаа ойлгогдхуйцаар тайлбарлана шүү хө гээд урьдчилаад анхааруулчихаар одоо яадаг юм билээ. Эхлээд бага зэрэг оршил ярьж тайлбарладаг юм билүү.


Биотехнологи, нанотехнологийн суурь судалгаа нь эс доторх молекулийн бүтэц, тэнд явагдаж буй урвал, процессийг лабораторын (vivo) туршилтын болон компьютер загварчлалын (vitro) хосолсон аргаар хийгдэж байна л даа. Лабораторийн туршилт өртөг өндөртэй, хугацаа их шаардах тул, био-туршилтийн өгөгдлүүдээ компьютерт загварчилан боловсруулах, турших арга түгээмэл байдаг. Гэсэн хэдий ч эсийн тэр асар их өгөгдөл, мэдээлэл, нарийн процессийг тэр бүр дууриалган загварчилах математик арга, түүнийг бодох компьютерийн техникийн боломж хязгаарлагдмал юм. Ийм бэрхшээлүүдийг гэтлэх арга замуудыг хайсаар байгаагаас саяхан Харвардын их сургууль, Эдинбургийн их сургуулийн хэсэг эрдэмтэд эсийн сигнал

дамжуулах процессийг компьютерт загварчлах нэгэн шийдэлийн математик онолыг  боловсруулсан байна. Энэхүү арга нь нилээд найдвар төрүүлж, эрдэмтэн судлаачдын төдийгүй биотехнологийн компануудын сонирхолыг ихээхэн татаад байгаа юм байна. Тэгээд энэхүү онолыг бодит байдалд хэрэгжүүлэх зорилготой компьютерийн системийг АНУ-ын Плектикс Биосистемс гэдэг компани хийгээд дуусах шатандаа орж байгаа юм билээ.

Плектиксээс уг системийг ашиглан биопроцессийг загварчлах уралдааныг 2009 оны 3 сард зарлаад 9 сард шалгаруулалтын үр дүнг нь зарласан юм. Уралдааны болзол нь энэхүү компьютерийн системийн давуу талыг харуулсан, урьд өмнө нь хийгдэж байгаагүй биологийн процессийн шинэ бөгөөд чухал загвар байх гэх мэт байсан бөгөөд эрдэм шинжилгээний, инновацийн, боловсрлын чиглэлтэй гэсэн 3 ангилалд тус бүр нэг хүнийг шалгаруулсан. Миний бие гурав дахь ангиллын тэргүүн байрын шагналыг хүртэхээр болсон тухай Плектиксээс мэдэгдсэн. Ийм л учиртай юм.

Яг ямар ажил хийснээ жаахан тодруулвал?
Биохимийн элементийн нэгэн төрлийн хувирлын (covalent modification) сонгодог загварыг Голдбетер, Кошланд гэж хоёр хүн боловсруулан судалж 1981 онд хэвлүүлсэн байдаг. Энэхүү загвар нь нэг хэмжээст тохиолдолд хийгдсэн байдаг ба үүнтэй төстэй боловч олон хэмжээст болгон өргөтгөсөн загвар байж болох тухай ажлыг миний бие Плектиксийн систем дээр загварчилан үзүүлсэн юм.

Тун сонирхолтой юм. Ер нь энэ биологийн эс, молекулыг загварчилах судалгаа шинжилгээний цаад зорилго нь юунд байна вэ гэдгийг нэг тоймлоод хэлбэл?


Аливаа амьд организм чинь амьд эсүүдээс тогтох тул, эсүүд нь л амьд байвал организм амьд байдаг хойно тэрхүү амьдрал хайрлагч эсийн өөрийнх нь дотоод амьдралыг танин мэдэх тухай асуудал л яригдаад байна. Тэр өчүүхэн амьд эсийн бүтэц, түүн доторхи амьдралын нарийн ширийний тухай биозагвар судлаачид дуу алдан тэмдэглэсэн байх юм. Эсийн дотор маш олон эрднэсийн авдрууд бүхий арлууд байна, тэр авдарууд дотор бүр ч гайхамшигтай амьд эрднэсүүд байна гэж. Тэгэхлээр тэр эс гэдэг эрднэсийн уурхайн нууцад нэвтрэх, тэнд өрнөж буй амьдралын зах зухаас танин мэдэж гэмээнэ олон юмны учир начирыг тайлах, улмаар наад зах нь өвчин эмгэгийн шалтгааныг олж, түүнийг эмчлэх эм танг гарган авах гээд ач тус нь хязгааргүй бололтой.

Түүгээр ч барахгүй амьд эсийг ажиллаж буй машин механизм агуулсан шавхагдашгүй нөөцтэй эрднэсийн уурхай болгон төсөөлж зурсан зургууд энд тэнд харагдаж байх юм. Зүгээр ч нэг фантазлаад зураад байгаа ч бас биш бололтой. Учир юун гэхээр, электрон компьютерийн дараагийн үе нь биологийн эсэн бүтэцтэй (техник хангамж), програмчилагддаг молекулан процессортой (програм хангамж) байх болно гэсэн итгэл үнэмшилтэйгээр л судалгаа шинжилгээ эрчимтэй хийгдээд байна. Дашрамд дурьдахад одоогийн бидний хэрэглэж буй электрон компьютер нь хэр удаан орших эсэх талаар нэгэн жижигхэн нийтлэлийг миний бие сонинд хэвлүүлж байсанийг эндээс харж болно: http://www.mongolnews.mn/unuudur.php?n=22146.

Та Испанид суралцаж, зэрэг хамгаалсан. Бас зэрэг хамгаалахдаа тодорхой шагнал хүртэж байсан гэж мэдэх юм. 

Миний суралцаж төгссөн Севилягийн их сургууль нь одоо 505 настай өвгөн сургууль л даа. Испани орон ч бас их сонирхолтой нутаг. Ийм сонирхолтой газар, шинжлэх ухааны сүүлийн үеийн содон чиглэлээр, тэр өвгөн сургууль дээр, нэртэй эрдэмтэдийн удирдлаган дор ажиллаж байсандаа их баярлаж явдаг. Испаний их сургуулиуд жил бүр төгссөн докторуудаасаа шинжлэх ухааны чиглэл бүрээс шалгаруулан шилдэг докторын ажил хийсэний шагнал өгдөг юм билээ. Шалгаруулалтын шаардлага ч бас чамбай, суралцаж байх хугацаандаа хэвлүүлсэн эрдэм
шинжилгээний өгүүллийн тоо, чанар, эрдмийн зэрэгээ хамгаалсан байдал, төгссөнөөсөө хойш хоёр жилийн хугацаанд ажилласан байдал, хийсэн эрдэм шинжилгээний бүтээлүүд гэхчилэн болзолуудыг харгалзан үздэг юм байна. Испани олон хүн амтай (40 сая) орон учир олон л хүн нэг жил сургууль төгсдөг бололтой. Манай сургууль 70 гаруй мянган оюутантай, намайг төгсөх жил 2007 онд 300 гаруй хүн докторын зэрэг хамгаалсан байснаас салбар бүрээс сонгон нийт 32 хүнд шагнал олгосон. Би шинжлэх ухаан, техникийн чиглэлийн шагналыг нь хүртсэндээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаагаа их сайхан зохион байгуулдаг юм билээ. Маргааш өглөө нь онгоцны буудал дээр өөрийнхөө зургийг сонин дээрээс олж хараад л, хөгжилтэй байсан шүү.  Өмнөх жилийн энэ шагналыг Итали дахь Микрософтын эрдэм шинжилгээний институдэд ажиллаж байгаа нэг залуу авч байсан юм.

Эх орондоо хэрэгжүүлчих юмсан гэсэн санаа оноо их байж таарна. Та Цахим Өртөөнд сүүлийн үед Боловсролын тогтолцооны талаар санал бодлоо бичих болсон нь энэ санаатай тань холбоотой байх.

Энэ дашрамд “Цахим өртөө” гэж дэлхийгээр тархсан монголчуудын мэдээ мэдээллээ өртөөчилөн дамжуулж түгээх,  санал бодолоо солилцох, санаачилгаа илэрхийлэн хэлэлцэх цахим индэрийг үүсгэн байгуулж, өдий болтол нь тордон тохинуулж байгаа хүмүүст талархал илэрхийлье.

Өөрийн орондоо хэрэгжүүлмээр гэж бодсон, үзсэн харсан зүйл байлгүй яахав. Тэдгээр зүйлийг өөрийн орны онцлогт тохируулан яаж хэрэгжүүлбэл хялбар бөгөөд үр ашигаа хурдан өгөх боломжтой вэ гэдэг талаас нь нилээд тунгааж бодохыг хичээдэг л дээ. Хүнээ хөгжүүлэх суурь болсон боловсролын тогтолцоо, нийгэм эдийн засгаа хөгжүүлэх үндэс болсон шинжлэх ухаан, технологийн байгууллагын бүтэц, тогтолцоог орчин үеийн шаардлага, цөөн хүн амтай орныхоо онцлогт тохируулан төгөлдөржүүлэх нь чухал юм байна гэж боддог юм. Тэгээд л Цахим өртөөнд энэ талаар нийтлэлүүд бичлээ.  

Мэдээж хэрэг шууд л англи, америкийн сонгодог их сургууль, эрдэм шинжилгээний институдуудын загвараар хөгжичхөнө гэж байхгүй. Тэгэхлээр тиймэрхүү хөгжилд хүрэх баримжааг түргэн бүрдүүлэх асуудлыг л эн тэргүүнд бодож олох хэрэгтэй юм гэж ойлгоод байгаа. Тухайлбал одоогийн боловсролын тогтолцоог гацааж нураачихалгүйгээр, бас хэдэн жилийн дараа аандаа голдиролдоо орох биз гээд зөнд нь орхилгүйгээр эвтэйхэн бас шуурхайхан хувирган өөрчилж шинэ шатанд гаргах арга замыг янз бүрийн орны туршлага дээр тулгуурлан томъёолох нь чухал юм гэсэн санаагаа уг нийтлэлүүдэд тусгахыг оролдсон билээ.

Боловсролын салбарын талаар ийм байдаг байж. Тэгвэл шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх талаарх бодлоосоо ....

Онолын суурь судалгаа чухал боловч, өндөр өртөг бүхий багаж төхөөрөмж шаардагдана, гэвч үр дүн нь удаан гарна. Тэгэхлээр манай орны хувьд одоохондоо хүчээ зөв хуваарилах буюу улс орныхоо хөгжилийн тэргүүлэх чиглэл, байгалийн нөөц баялаг, ирээдүйд баригдах үйлдвэр, түүнд ашиглагдах техник, технологийн судалгаа, шинжилгээ рүү төвлөрөн, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид нь одооноос яаралтай шинэ зохион байгуулалтад орвол чадахгүй, бүтэхгүй, бүтээхгүй зүйл үгүй гэж бодном. Өөрөөр хэлбэл Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээрээ гэгчээр заавал шинэ залуучуудаа гадаадад сургаад, тэд нь иргэж ирээд хөгжүүлнэ гэж хүлээлгүйгээр, манай дунд, ахмад үеийн эрдэмтэд эрдэм шинжилгээний сэдэв чиглэлээ бага зэрэг өөрчилөөд эн тэргүүнд хөгжүүлэх шаардлагатай тодорхой хэдхэн чиглэлд төвлөрөөд зүтгэхэд амжилтад хүрнэдээ монгол хүмүүс.

Хүчээ төвлөрүүлэх, хуваарьлах талаар сайхан санаа хэллээ. Тэгвэл шинжлэх ухааны ямар чиглэлүүд эн тэргүүнд тавигдвал зүгээр гэж бодож байна?

Ерөнхийдөө уламжилалт шинжлэх ухааны нарийн чиглэлүүдийг нэгтгэсэн шинэ шинэ судалгаа шинжилгээний салбар, чиглэлүүд бий болж, тэдгээр нь орчин үеийн өндөр чадавхи бүхий шинэ технологуудыг гаргаж ирээд, үйлдвэрлэлд нэвтрүүлээд байгааг шат шатандаа сайн ухаарвал сайн мэт. Иймд шинээр гарч ирсэн бөгөөд манайд хөгжүүлэх шаардлагатай шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний чиглэлүүдийн стратегийг тодорхойлж, түүнийгээ хөгжүүлэх зорилготой зохион байгуулалтыг (ялангуяа, боловсон хүчний) бий болгох талаар санаа хэлээд байгаа юм л даа. Тухайлбал зарим математикчид нь математикийн нарийн хүнд чиглэл нухахын зэрэгцээ, жишээ нь, биологи, хими, компьютер, мэдээллийн технологийн уулзвар дээр мөн ажиллавал амжилтанд хүрэх, бүтээл гарах боломж өндөр байж болох юм.

Монголд маань Үндсэний хөгжил шинэтгэлийн хороо гэж засгийн газрын дэргэд байгууллага байгуулагдсан байгаа. Та тэдэнтэй холбогдож үзэв үү.

Санаа бодлоо цаг заваараа нийтэд хүртээх санаатай байгаа юм. Тус шинэтгэлийн хороонд Цахим өртөөний гишүүд байдаг юм байна гэж ойлгосон. Тэнд санаа бодлоо хэрэгтэй гэж үзвэл солилцож бололгүй яахав.

Дэлхийн дэвжээнд танигдах оюуны тэнхээ суутлаа өсөж яваа андаараа бахархах сэтгэл төрлөө.  Монголын олон олон залуус Онолт шиг дуугайхан ажил бүтээлээ хийж, хүн төрөлхөтөний хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсаар яваа. Төр засаг маань ч сүүлийн үед гадаадад суугаа Монголчууд руугаа анхааран харж хамтран ажиллах тогтолцоог бий болгож буй нь сэтгэлд гэгээ татуулна.

Хөөрөлдсөн. Д.Цэрэнбат

3 comments:

Pearle Deppsu said...

OMG!!!

өөр юу гэхэв

М.Огоо said...

Монголын бахархал!

Welcome MZM4 said...

Багшдаа амжилт хүсье ! Шавь Батхуягаас.