
Хүлээсэн аварга маань иржээ. Тэрээр Японы TBS (Tokyo Broadcasting System) телевизийн нэвтрүүлэгт оролцох, өөрийн найз, алдарт цэцэрлэгч Ishihara Kazuyuki-ийн урилгаар түүний оролцож буй Хатан хааны олон улсын цэцэрлэгийн үзэсгэлэн Chelsea Flower Show-г үзэж найзыгаа дэмжих, Шотланд дах “Yokozuna” вискиний үйлдвэрт айлчилах, өөрийн багш Б.Эрдэнтуяатайгаа уулзах гээд цөөн хоногт амжуулах олон ажилтай иржээ.
Менежэр, үсчин, Лондон дах асуудлыг хариуцагч, кино зураг авагч гээд цөөнгүй Япончууд дагалдах аж. Орчуулагчаар нь ажилласан
Аваргын 30 хүрээгүй насандаа үзэж туулсан амьдрал, цогцлоож босгосон алдар цуу нь түүний хэн болохыг илтгэнэ. Тэр дэлхийн хэмжээнд яригдах алдартан, Монгол түмний омогшил хөөрлийн нэгэн бэлэгдэл болтлоо ихийг үзэж туулж амжилт ялалтын оргилд гарч чадсан. Иймээс ч их аваргын талаар ердийн нэгэн мань шиг нь бичихэд үзсэн туулсаны эн дутаж, үг бодол эвлэж өгөхгүй зовох аж. Гэхдээ аварга маань “Ярилцлага энэ тэр гээд яахав, та зүгээр миний юу яриж бусадтай яаж харьцаж буйг харж байгаад л өөрөө бичээд Цахим Өртөөн дээрээ тавиарай” гэж хүндлэм итгэл, хэцүүхэн үүрэг хоёрыг хамтатган үүрүүлсэний учир зориглов.
Хүнлэг сайхан их аварга
Аварга маань төлөвлөсөн ажил албатай дөрөвхөн хонохдоо Монголчуудтайгаа ойр байж, аль л тус дэм хэрэгтэй хүмүүстэй цаг гарган, бүр зорьж очин уулзаж сэтгэлийн их тэнхээ хайрлаж байлаа.
Аваргын хүүхэд ахуйн скаутийн багш, сурган хүмүүжүүлэгч Б.Эрдэнэтуяа хүнд өвчтэй эмнэлэгт буй. Аварга ирсэн даруйдаа л багшаа эргэж сэтгэлийн их дэм өгч хэдэн цагаар ярьж багын дурсамжаа сэдрээн хуучилсан аж. Өмнө хэлсэнчилэн ерөөс түүний Лондон ирэх зорилгуудын нэг нь багштайгаа уулзах явдал байв.
Аварга аялалыг нь зохион байгуулагч Япончуудынхаа төлөвлөсөн хуваарийг үе үе зөрчиж Монголчууддаа цаг боломж гаргаж байлаа.
Монголын Радио телевизийн нэвтрүүлэгч, жүжигчин, соёлын тэргүүний ажилтан, төр нийгмийн зүтгэлтэн Доржбат гуай бие нь чилээрхүү байгааг хэлэхэд тэрээр урьдчилан захилсан оройн зоогноосоо татгалзаж өвгөнийх рүү зорисон. Их аваргын гэнэтийн зочилолтод урамшиж баярласан Доржбат ах дараа нь “Сайн хүн, сайхан хүү байна даа” хэмээн өгүүлж байна билээ.
“Хүн хүнээрээ л байх хэрэгтэй. Зовж ядарсан, хэрэгцээ тус гарсан үед нь Монголчууд бие биедээ чадах чадахаараа тусалж байх хэрэгтэй шүү дээ” хэмээн аварга өгүүлсэн.
Тиймээ аварга маань алдрын өндөр оргилд хүрсэн ч хүнлэг сэтгэл нь байнга асаастай эгэл нэгэн болохыг харахуйд өөрийн эрхгүй бахдах, хайрлах сэтгэл төрж байлаа.
Монгол гэж омогших их аварга
“...Би Монгол хүн,... Тэнгэрт тэтгэгдсэн Монгол түмэн..” гэх мэт үг хэлж байхыг нь бичлэг ярилцлагаас нь олонтоо харж уншиж байсан билээ. Аварга маань үнэхээр л Монгол гэж их ярьж омогших юм аа.
“Хаа явсан газраа Монголчуудтайгаа уулзаж ярьж хөөрч тэднээсээ эрч хүч авч байдаг юм” хэмээсэн. Тиймээс ч төлөвлөж тохирсноо өөрчлөн “Монгол паб”-аар нэг бус удаа зочилж түүнийг эрж хайж сураглаж хүлээсэн Монголчуудтайгаа уулзан ярилцаж хөөрч бужигнан зураг хөргөө татуулж байв. Дэлхийд танигдсан алдартан ингэж Лондончуудаа баярлуулав. Лондонгийн Монголчууд энэ хэд хоногт Аса аваргаар л амьсгалж , үлгэрийн баатар ирсэн мэт хөөрцгөөж, аваргаасаа эрч хүч авч байлаа.

Аварга маань өөрийн удам судраа бас Монголын түүх соёлоо сонирхон судалдагаа өгүүлж, үе үеийн түүхэн явдал, монголын түүхэн хүмүүсийн талаар яриа дэлгэх нь элбэг юм. Монголчууд бид чинь тэнгэр язгууртай хүмүүс байхгүй юу хэмээн бүр нэг сэтгэлээсээ хэлэх аж.
Түүний энэ өөрийн бодол сэтгэхүйд цогцлоосон Монгол хэмээх омогшил нь амжилт ялалтын гол хүч байсан бол бас энэ л омогшилыг нь ашиглан алдаа гаргуулж зодог тайлахад хүргэждээ хэмээн бодогдсон.
Лондонд дахин ирээрэй
Аварга маань Англид цөөхөн хонохдоо төлөвлөгдсөн их ажлынхаа хажуугаар Монголчууддаа ээрүүлж, өөрөө ч Монголчуудтайгаа уулзахыг эрхэмлэж байсан тул Лондон хотыг төдийлөн үзэж танилцаж амжилгүй буцах шиг болсон. Дараа зав зайтай өнөр олуулаа ирж хүн төрөлхтөний оюуны их өв хуримтлагдсан Лондон хоттой тухлан танилцана буй заа.
Аварга одоо юу хийх бол
Одоо чухам л хүн бүрийн сонирхож буй асуулт энэ байх. Их аваргын дотор мэдээж эмээл хазаартай морьд бий. Харь орны ёс заншил оюун сэтгэлгээний нягт холбоотой үндэсний спортын дээд цолыг хүртсэн түүнд өөрөөс нь хамаарахгүй шийдэгдэх зүйлс ч их гарах байх, бодож хичээж зорьж тэмүүлж буй өөрийн бодлууд ч бий байх. Үндэс язгуур нь уяатай өөрийн орон Монголдоо ч , өв соёл үндэсний спортоор нь нягт холбогдсон хоёр дах орон Япондоо ч аваргын хийж буй зүйлс ирээдүйд хийх зүйлс тоймгүй. Магадгүй дэлхийн хэмжээнд ч бодож харж буй зүйлс аваргад байж таараа.
Аварга маань ямартай ч Англи хэлээ сайжруулж бас барууны ертөнцтэй танилцах нэн тэргүүний бодолтой байгаа санагдсан. Тэгэхээр Америк Английн хаа нэгтээ аварга маань багагүй хугацаагаар саатаж магад болтой.
Их аваргын ирээдүй хойчид хийж бүтээхээр бодож санасан бүхэн сэтгэгчилэн бүтэхийн ерөөл дэвшүүлэе
Аваргаа хайрлахын учир өргөх төгсгөл үг
Аваргын сэтгэлдээ босгосон Монгол омогшил Монгол байхын бахдалыг нь хадгалж явах үүрэг бидэнд бас бий.