Sunday, May 09, 2010

Чуулган амжилттай болж өндөрлөлөө

Британи дахь Элчин сайдын яам, Британийн Монголчуудын Холбоо хамтран "Монгол орны хөгжилд" сэдэвт 6 дахь удаагийн чуулга уулзалтыг 2010 оны 5 дугаар сарын 2-ны Ням гарагт Лондон хотын Piccadilly дүүрэгт байрлах Limkokwing Их Сургуулийн байранд амжилттай зохион байгуулав.

Чуулганд нийт 8  орны (Британи, Герман, Ирланд, Монгол, Польш, Финланд, Франц, Швед) 24 илтгэгчид цахим болон биеэр оролцож Анагаах ухаан, Математик - Мэдээллийн Шинжлэх Ухаан -Инженерчлэл, Нийгмийн ухаан гэсэн 3 салбар хуралдаануудад илтгэл тавьж хэлэлцүүллээ.  Чуулганд орлцохоор Британид суралцаж, ажиллаж буй оюутан, судлаач нарын төлөөлөл 150 орчим Монголчууд хуран цугларсан байлаа.

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа элчин сайд Б.Алтангэрэл чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Британийн Монголчуудын энэхүү чуулга уулзалт нь жилээс жилд өргөжиж Европийн улс орнуудаас олон эрдэмтэн судлаач нар маань ирж  оролцож буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд энэ жилийн чуулга уулзалтад Засгийн Газрын зүгээс ач холбогдол өгөн оролцож буй нь чуулганы нэгэн шинэ үеийн эхлэл юм хэмээн тодорхойлов.

Чуулганы нээлтэнд Монгол улсын Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын дэргэдэх “Хилийн
чанад дах Монгол улсын иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах зөвлөл”-ийн ажлын хэсгийн дарга Ч.Энх-Эрдэнэ зөвлөлийн багийн гишүүдийнхээ хамт онлайн оролцов. Тэрээр Монгол орны хөгжлийн өнөөгийн төлөв байдал, эдийн засаг нийгмийн төрөл бүрийн салбарт мэрэгшсэн чадвартай боловсон хүчин шаардагдаж буй тухай, хилийн чанадад суугаа Монголчуудаа энэхүү орон зайд ирж ажиллах боломжоор хангахын тулд тус зөвлөл байгуулагдан ажиллаж буй зэргийн талаар танилцуулж чуулганд өндөр амжилт хүслээ.

Чуулганы зочин илтгэгчээр Шинжлэх Ухааны Академийн Олон Улсын Судлал Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Профессор, түүхийн ухааны Др О.Батсайхан уригдан оролцож 2011 онд болох Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойг тохиолдуулан “ХХ зууны Монголын түүх: 1911 оны Монголын Үндэсний хувьсгалын удирдагч VIII богд Жавзандамба хутагт ба түүний тухай түүх судлалд өгүүлсэн нь” сэдэвт илтгэл тавив.

Чуулга уулзалтыг зохион байгуулагч Элчин сайдын Яам, Британийн  Монголчуудын холбооноос гадна Limkokwing University of Creative Technology, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, МCS Group, Британид үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын эрхэлдэг бизнесийн байгууллагууд болох Cashmere Republic, Semon Cashmere, Sonin.mn, Монголын Соёлын Төвийн дэргэдэх ЛондонМН Студио, Будда Медиа Студио, Mongol Bridge, Mongol Pub, Lingua Global, Британид ажиллаж амьдарч байсан Монголчуудын Улаанбаатар хотод суугаа төлөөлөл, V чуулганыг зохион байгуулах багийн ахлагч Т. Индра, А.Нямдорж нар, иргэн Н.Батхуяг, V, VI чуулганыг зохион байгуулах багийн гишүүн Б.Нямбаяр нар үйл ажиллагааг ивээн тэтгэв.

Чуулганы төгсгөлд уламжлал ёсоор байгууллагууд шилдэг илтгэлүүдэд өөрийн нэрэмжит шагналаа олгов.  Стокгольмын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн докторант Н.Ууганбаатар “Мэдээллийн онол ба түүний боломжит хэрэглээнүүд” сэдэвт илтгэлээр Цахим Өртөө Холбооны “Эрдэм” өргөмжлөлийг хүртэж тус холбооны гишүүдийн хамтран зохиосон болон орчуулсан номын дээжсээр шагнагдсан бол Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, тархвар судлаач, докторант  Б.Сувд  “Улаанбаатар хотын агаарын бохирдол ба  хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй нөлөө  илтгэлээрээ " Air Pollution Mitigation Process Ulaanbaatar, Mongolia" төслийн шагнал 100 пуандаар урамшуулагдав.

Чуулга уулзалтад оролцсон илтгэгч нар, тавигдсан илгэлүүдийн товч танилцуулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү!

Чуулганы үеэр номын худалдаа явагдаж Британид үйл ажиллагаагаа явуулдаг Амьдралын дасгалжуулагч, MGL Charity байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилан таниулав.

Чуулганыг Монгол Соёлын Төвийн дэргэдэх ЛондонМН Студио, NTV телевизийн Лондон дах сэтгүүлч Шинэцэцэг нар сурвалжиллаа. 

Чуулга уулзалттай холбогдох санал бодлоо энэхүү http://chuulgan.blogspot.com хуудсаар дамжуулан мөн chuulga@gmail.com хаягаар ирүүлж болно.
 __________________________________________________________________________

Чуулганаас төрсөн Хачиртай наргианууд

Бид дандаа л ном ярьж серозны царайлсангүй. Олон цугласан газар хойно дурсаж ярьж инээж хөхрөх учир тохиол багагүй гарав аа. 
Монголоороо анх удаа намуухан илтгэсэн нь
Холоос ирсэн нэг эрдэмтэн маань их намуухан ярих. “Та жаахан чанга ярих арга байна уу, энд дуулдахгүй байна” хэмээн танхимын араас нэг нь дуу өндөрсгөн сүрдүүлэхэд  “20 жил ном хөөлөө.  Анх удаа Монгол хэл дээр илтгэж байна. Их сандарч байна шүү” хэмээн үнэн ээ өчиж ичэнгүйрлээ задалснаар илтгэл нь сайхан үргэлжилэв ээ.


Математикчид цугласан газраас магад нэг дэвшил гарах нь
Матетикийн салбар хуралдаан дээр Шведээс ирсэн Ууганбаатар маань галтай цогтой ярьж байна аа. “Ер нь дэлхийн 1, 2–р дайны үед Физикчид, Математикчидын гаргасан онолын хэрэглээ л ялалтад хүргэж байсан. Иймд олон математикчид нэг газар нийлвэл том үйл хэрэг бүтэхийн зондон” хэмээн аксиомдсон нь тус салбар хуралдааны ирээдүйг хэлсэн бошго байгаасай гэж олон хүн дотроо залбирав. 


Нас тогтсон ч намбаа мартсан нь
Бусад улс орнуудаас ирсэн зочидын маань ихэнх нь нэг буудалд бууцгаасан юм. Чуулганы оройн “цүү хаях” арга хэмжээнд авахаар очтол “Манай хөвгүүд сая төөрөөд” хэмээн бүсгүйчүүд нь жиг жиг хөхрөлдөхөд “охидуудаа орхиод сүрхий гарсан зам будилав” хэмээн эрчүүд нь хүр хүр инээлдэх нь  тэд маань хоёрхон хоногт дотносон танилцаж бүр дунд сургуулийн сурагчид мэт нэг нэгнээ “охид” “хөвгүүд” хэмээн дуудах болсон нь энэ удаагийн чуулганаар бүрдсэн эвсэг нэгэн бүл байв.


Монгол гэдгээ мэдэрч, Хийморь сүлд сэргэсэн нь
Түүхийн ухааны Др, профессор О Батсайханы илтгэлийг сонссон Лондон хотноо цөөнгүй жил амьдрагч нэгэн “таны илтгэлийг сонсоод Монгол гэдгээ мэдэрч, үнэхээр нэг хийморь сүлд минь сэргэх шиг боллоо” хэмээн уулга алдав.  Нутаг нэгт маань ажил гэж гүйсээр Монгол гэдгээ мартах шахсанаа ч нуусангүй. 


Элбэгзаяа Докторийг элдсээр байгаад уулзаж эгч дүүс болохыг шахав
Чуулганы дараа Монгол Бриджээс зохион байгуулсан оройн цэнгүүн цомхон сайхан боллоо. Илтгэгч, зохион байгуулагчид голлосон энэ арга хэмжээн дээр чуулганд оролцогч  нэгэн бүсгүй зорин зорин ирснээ хэлэн Элбэгзаяа Докторийн илтгэл тун сайн байсныг дуулган баярлаж талархаснаа баруун зүүн хацрыг нь үнсэн илэрхийлэв. Сүүлдээ тэд маань бараг элэг нэгссэн эгч дүүс мэт болж элдвийг хөөрөн сууцгаах нь сайхан. Төөрсөөр төрөлдөө гэж.


Европийн Монголчуудын хэлхээ бэхжин батжиг
Оройн цэнгүүн дээр оргилуун дарсаар дөрөө чангалсан чуулаачид орон орноороо харилцан туслалцах хамтын ажиллагааны меморандумд гарын үсэг зурах шахцгаалаа. 2012 оны Олимпид Лондончууд бусад орныхоо Монголчуудад үйлчилэх бол 2012 оны Европийн хөл Бөмбөгийн аваргын Польшид болох хэсгийг үзэх арга хэмжээг Польшийн Монголчууд даах гэх зэргээр аман тохироо хийгдэв.  Ер энэ санаа хэрэгжин гүйцэлдэж Европийн Монголчуудын хэлхээ улам бүр бэхжин батжих болтугай.

5 comments:

A.Амарсайхан said...

Эхний наргиаг сонсоод ихэд эмгэнэв. Орос гэж баахан манарцгаасан. Дараа англи гээд л. Эрдэмтэд гэхээр яриандаа гадаад үг хавчуулдаг эрхэм гэж толгойд буудаг болчихсон улс даа бид.
Ямар сайндаа л МУИС-ийн бүх хичээлийг оросоор оруулж байхав дээ.

Д.Цэрэнбат said...

za bas yag ter Orosod dagaar baih uyeiinhtei shuud haritsuulahad uchir dutagdaltai baih.

Ted bol Mongoldoo baigaa hirnee tegej yaridag baisan shig. Ene hun bol yah argagui gadaadad 20 jil bolchihson. Ter heleeree nom surj ajilalj, hural tsuglaand oroltsoj yavaa hun. Harin ch ene chuulgand Mongoloo gesen setgeleer irj oroltsson tul tegej hatuurhaj bolomgui. Iim humuus ih bolson baina shuu. saihan gar delgej ugtaad hamtrah heregtei baina.

Bas ch yag gadaad ug hereglej yariagui yum aa. Ih namuuhan ugee ih bodoj helj baisan. :)
Gol ni ard baisan humuust sonsogdohgui baisan shig baigaa yum.

Tseren said...

bi beer bas 1-2 gadaadad nomiin moer hooej bui zaluustai ene chuulganii talaar chatlaj, bas uund oroltsvol yasiin gesen ug unagaj baixui dor ted maani mergejileeree mongol hel deer eroosoo iltgel tavij, yarij uzeegui shdee geed bsan shuu. End neg barrier baix ni bnaa, shinjleh uhaanii ner tomyog mongol helend hoervuulj, duitsuulne gedeg. Computer gedegiig l neg moer mongolchilj amjaagui l bnashuudee.

comflower said...

ter iltgeliin huraangui, iltgegchdiin tuhai materialiig dahij taviad uguuch. Odoo link ni ajillahgui bn.

comflower said...

ter iltgeliin huraangui, iltgegchdiin tuhai materialiig dahij taviad uguuch. Odoo link ni ajillahgui bn.