Thursday, November 12, 2015

Сэтгэл тань гэгээнээр оргилог
Сэрэмжгүйн сүүдэрт бүү автаг
Бодлын дусал

Thursday, October 29, 2015

Тэртээд дандаа бурхад байдаггүй, чөтгөр ч байдаг биз
Зэрэгцээд л оршдог байх гэж төсөөлнө
Дэргэд чинь дандаа нөхөд байдаггүй, дайсагнагчид ч бий
Зэрэгцээд л оршиж сур гэж захина

***********
Өдрийн нарыг хүлээдэг ч шөнийн харанхуйгаас нуугддагүй л шүү дээ
Өөдлөхийн сайхнаад тэмүүлдэг ч уруудахын хараас тойрдоггүй л шүү дээ

***********

Tuesday, October 13, 2015

Намар шиг гансрах ч хавар шиг дэлгэрнэ дээ хүлээ
Хавар шиг хуйсагнах ч намар шиг налайна даа хүлээ
Өвөл шиг жиндүүлэх ч зун шиг бүлээцүүлнэ дээ хүлээ
Зун шиг төөнөх ч өвөл шиг сэрүүцүүлнэ дээ хүлээ

*************************


Өвөл шиг хайрах түүнд зун шиг төөнөм зүрх оршоо ч билүү
Өөнтөглөх юун
Зун шиг дулаахан түүнд өвөл шиг жиндүү сэтгэл нуугдаа ч билүү 
Зусардах юун
Өнгө зүс, авир ааль хоромын юм бүү хуурт
Өнгийж зүрх сэтгэлийг танихийг хичээ, ундарга нь тэнд

Saturday, August 01, 2015

Юм бүхэн айсуй мэт мөрөөдөгдөх залуу нас
Юм бүхэн алсран буй мэт дурсагдах өтөл нас
Бодох ярих сансрынх*
Болгох бүтээх газрынх, газарт бууцгаая!

*-барьцгүй гэдгийг илэрхийлсэн утгаар хэрэглэв

Wednesday, April 22, 2015

Аргалаас Монгол үнэртэнэ

Шовоолж шахсан "Шахмал аргал" үйлдвэрлэдэг болсон байна. Хүж мэт ууган асах энэ аргалын утаанаас бага идэр нас минь хамраар бургилан орж ирэхүйд үнэр гээчийн сэрээх увидаст автан хэсэгтээ дурсамж бодолд хөтлөгдөн суувай.
... ухаан орох л наснаасаа араг аргал даахтайгаа болтлоо өвөөгийнхөө морин тэргээр аргалд явах ажилд дайчилагдан гарт багтахаас эхлэн, хормойд дүүрэх тэгсээр шуудайн тал хүртэлхийг морин тэрэгний наана цаанагаран гүйж түүн, том шуудайнд нь нэмэрлэн аргал түүж хүн болсон санагдана. Шуудай аргал даахтайгаа болсон цагтаа үеийн найз нартайгаа хичээлээс ирэнгүүтээ цүнхээ шидчихээд аргалд явдаг үе нэг хэсэг байлаа. Ажил л тул амтанд нь орно Хэний үхэр хаашаа бэлчдэг тэр зүгт хэзээ явбал том том хөх аргал түүж болохыг ч багцаалдана.
Өндөр эмээ (эмээгийн маань ээж) маань нэг удаа ах бид хоёрыг аргалд яваад ирэхэд цайлж дайлах зуураа "том хөх аргал олох ч их баяр баясгалан байдагсан" гэсэн нь ер санаанаас гарсангүй. Нээрээ л том хөх аргал олох ямархан баяр баясгаланг авчирдаг, анаж байгаад очтол алга болсон хөх аргалын хоосон буурь ямар гуниг төрүүлдэгийг аргал түүж өссөн хүн л мэдрэх мэдрэмж. Даага сургадаг болсон цагтаа амаа мэдэхгүй сарваандаа хоёр шуудайгаар аргал тэгнэн өдөржин зөөж эдэлгээнд сурган номрхуулдаг байв. Гарын тамир орох үеэс өөрөө морин тэргээ хөлөглөн аргалд явахдаа бага дүү нараараа араг шуудай бариулан гүйлгэж 2-тын шуудайндаа хийж ачаална. Өвлийн түлшээ бэлдэж буй нь тэр. Аргал түүсэн Монгол ахуй үе үеээ залган ингэж л үргэлжилдэг...
....Хүү маань гаднаас орж ирэв. Хамраа сарталзуулав. Нэг үнэр авав болтой. "Юу үнэртэж байна?" гэж асуутал "Монгол үнэртэж байна" хэмээн хариулав. Тийм ээ аргалаас Монгол үнэртэнэ. Хормой аргал түүхийн ухаан, түүний баяр гунигийг мэдрээгүй яваа ч энэ үнэр Монголын үнэр гэж мэдэх болж. Яамай даа.
Нутгаас Монголоо авчирч бэлэглэсэн Enkhchuluun , Enkhtuvshin хоёр дүүдээ баярлалаа

Хүн Та

Дурсахдаа гэгээнийг л халиан дурсдаг, 
Mөрөөдөхдөө гэгээнийг л дэвэргэн мөрөөддөг хүн Та, 
Xийхдээ гэгээнийг шамдан хийж байгтун!

Thursday, February 05, 2015

Үр хүүхдээ  хүмүүжүүлэхдээ өөрөө үлгэрлэх, зөөлөн хандах
Өөрчилөлтийг нийгэмд хийхдээ өөрсдөө манлайлах, аажим хийх

Monday, January 05, 2015

Учрыг нь гүн ухалгүй үг яаран бүү унага
Ус нь буцлаагүй байхад данх шүгэлдэггүй

Бодлын дусал