Энэ блог
Уншигч танд - Миний дотоод ертөнцийг ил гарган тусгасан толь болог
Бичигч надад - Бодол санааныхаа бор гэрт хаан байхын жаргал эдлүүлэг
Thursday, August 07, 2008
"Үнэн" - ил биш бас тодорхой биш
Эрэлд хатааж, ийш тийш зүг төөрүүлсэн "үнэн"-ийг би гаднаас, бусдаас олохгүйгээ мэдрэв
Өөрөөдөө өнгийж түүнийг бас эрлээ, харин тэгтэл
Ил гаргаж "энэ" хэмээн хэлэх аргагүйгээр элдэв "төлөвт" байнга хувиран тэнд "нуугдаж"... өөрөө ямагт боловсрох хэрэгтэйг ухаарав.
Friday, August 01, 2008
Төгсгөлгүй орчлонд Зөвийн үргэлжлэл байхсан даа
Үйлс маань зөв явдлын л замд нийлдэг байгаасай, амжилт гарна аа адгахын хэрэг юун
Friday, July 18, 2008
Миний мэдэх Заагий
Цахим Өртөө сүлжээгээр дамжин гадаад дотоодод суугаа хийж бүтээх, улс орноо хөгжил дэвшлийн шинэ шатанд гаргахыг хүсэгч олон сайхан залуустай эчнээ танилцан нөхөрлөж ирсэн билээ. Зарим маань тэрхүү бодол хүслээ ажил үйлс болгохоор эх нутагтаа очин хийж бүтээж тэмцэж эхлээд буй. Түүний нэг нь 2000 оноос тус сүлжээнд Амбугайтний Заагий нэрээр санал бодлоо бичиж ирсэн, тухайн үед Унгар улсад суралцагч, өдгөө Монголчуудад хэдий нь танил болсон Хууль зүйн ухааны доктор, Иргэний Хөдөлгөөн намын дарга Жалбасүрэнгийн Батзандан юм. Заагийг нутаг буцсаны дараахнаас л
... Батзандан Эрүүл Нийгэм Иргэний хөдөлгөөнийг нөхдийн хамт санаачилж жагсаал зохион байгуулж байна..., Батзандан эрх баригч нартай тэмцэж байна..,. Батзандан бол гадны хүчний турхирсан нөхөр...,Батзандан Нам байгуулж даргаар нь томилогджээ.., Батзандан нэр дэвшсэн сонгуулийн тойрог дээрээс санал аваад зугтжээ..., Батзандан 7 сарын 1-ны үймээнийг санаатайгаар зохион байгуулсан хэргээр татагдан эрүүгийн хуулийн зүйл ангиудаар тулгагдан Ганц худагт хоригдож байна... Батзандан тэндээ өлсгөлөн зарлажээ..., хэмээсэн баттай батгүй, оносон зөрсөн үнэн худал олон мэдээ тасрахаа больсон нь тэрээр ердийн нэг Заагий бус хийсэн бүтээсэн, ярьсан хэлсэн нь түмний нүдэнд, хэвлэл мэдээллийн хараанд байнга байх болсны гэрч. Ямар зүйлийг нь ямар хэлбэрээр мэдээлж хэрхэн түмэнд хүргэх нь түүнээс хамаарахыг огтоос байж. Олонд танигдахын зовлон энэ байдаг байх. Түүний хийж зорьж буй нь нийгэмд олонд чиглэсэн тул энэ бол тойрох ч аргагүй зүйл биз.
Харин миний мэдэх Заагийг түүний цахим өртөөгөөр бичиж байсан нийтлэлүүд, хувийн шугамаар харьцаж байсан хэмжээндээ би сэтгэлдээ төсөөлж түүний ажил үйлсэд амжилт ерөөн итгэж суудаг нэгэн. Анд маань хэргийн учир баригдан хоригдож гяндангийн адар ширтэн суухуй энэ цагт яахан дуугай сууж зүрхлэхэв. Буруу зөвийг нь барин тавин нотолж эс чадах ч сэтгэлийн дуудлагаар хэдэн мөр хэлхэвээ.
Заагийгийн цахим өртөөнд нийтлүүлсэн анхны нийтлэл Асуултад хариулж байна нэртэй, АН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн Э.Бат-Үүлийн тэр үеийн олон нийтийн сониноор тавьсан асуултуудад хариулт болгон бичсэн бүтээл нь байв. Уг нийтлэлдээ тэрээр шударга ажиллагаатай эрх зүйт төрийг байгуулахын чухлыг, эс тэгвээс бид 90 оны эхэнд хийсэн Ардчилсан хувьсгалын олон үнэт зүйлээ алдаж болохыг сануулсан, МАХН яагаад 2000 оны сонгуулиар төрийг дангаар удирдах хэмжээнд томорч ирснийг тайлбарлан анхааруулсан, тийм нөхцөл үүсэхэд хүргэсэн Ардчилсан намын алдаа эндэгдэлийг ч хайр найргүй шүүмжилсэн байдаг. Тэрээр нийгэмд бугшаад буй элдэв болж бүтэхгүй зүйлийг угшил гарал хийгээд бүрдээд буй тогтолцоотой нь холбон тайлбарлаж зоригтой дуугарч чадаж байлаа.
Заагий энэ нийтлэлдээ:
“Ер нь ардчилсан ололтуудаа хуулиар чанд баталгаажуулж, нийгмийн шинэчиллийн аливаа процессийг эрх зүйн зохицуулалтанд оруулж чадаагүй цагт өнөөдрийн өгсөн өөхний амтыг ард түмэн хэзээ ч мэдрэхгүй юм.!!!!”
хэмээн цохон тэмдэглэсэн байдаг
МАХН-ын тухайд:
1996-2000 онд МАХН сөрөг хүчний үүргээ дэндүү сайн биелүүлсэн төдийгүй заримдаа ч бүр дэндүүлж байсан. Тэд бол дал гаруй жил коммунист арга барилд суралцсан тул амин хувийнхаа эрх ашигийн төлөө ард түмнээ ч золиослож чадна. Энэ бол тэдний уг чанар нь бөгөөд үүнээсээ салж хэзээд ч чаддаггүй юм.
хэмээн анхааруулж харин тухайн үеийн өөрийн нам Ардчилсан Намын алдааг
Нөгөө талаас бид сонгочдын сэтгэл зүйд үл нийцэх олон үйлдэл хийж өөрөө өөртөө дайсан хурааж байлаа.
Жишээлбэл: Нийгмийн сэтгэл зүйд эрүүгийн этгээд хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн зарим хүмүүсийг бид намаасаа нэр дэвшүүлж өөрөө өөрсдийгөө балалж байсан юм.
Шүүхээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдчихсон, шүүхийн шийдвэр гарчихсан байхад намаасаа, намынхаа бүлгээс хөөх нь битгий хэл толгойг нь илж, найзан дундаа назгайрч байлаа шүү дээ, хэсэг нөхдүүдтэйгээ, бид. Нам бол гэмт хэрэгтнүүдийн үүр биш, харин гагцхүү дор хаяж ёс суртахууны үндсэн хэм хэмжээг сахиж чаддаг, хатуу чанд сахилга баттай улс төрийн бүлэглэл байх ёстой бөгөөд үүнийг ч бид ард түмэнд байнга харуулдаг байх хэрэгтэй.
Бид эрх зүйн зохицуулалтаа нарийн хийж, нийгмийн суурь хөрсөө сайн бүрдүүлж, нийгмийн зөвшилцөлд хүрээгүй байхдаа улс төрийн эрсдэл ихтэй банкны шинэчилэл, их хувьчлал гэх олон том асуудалд хошуу дүрж байлаа. Энэ нь ч нийгмийг хангалттай бухимдуулж, сөрөг хүчнийг ажилтай, өөрсдийгөө ажилгүй болгоход чухал нөлөөлсөн.
Мөн бидний 2000 оны сонгуулийн ялагдал эртнээс тодорхой мэдрэгдэж байв. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж мажоритар системийг халж пропорциональ болон үлдэгдэл тоолох системийг авч чадсан бол өнөөдөр дор хаяж парламентын 15-20%-ийг эзлэх л байсан.
Бид сүүлийн үед хууран мэхлэгчдийн тухай их ярьж араараа тавиулсан авгай шиг уйлан дуулан чарлах боллоо.
Аргагүй юм,.. бид шүүхийн системдээ өөрчлөлт хийж нийгмийн шударга ёсны үнэлэмжийг дор хаяж системийн онолын дагуу 5% -иар ч өсгөж чадаагүй шүү дээ.
Бидний үед хууль тогтоох байгууллага маань ч хуралдаж чаддаггүй, хууль, цагдаа нь хүртэл хувьд бараг гарчихсан байлаа.
Ийм сайхан боломжуудыг бид коммунистуудад бүрдүүлж өгсөн юм. Тэд ч үнэхээр сайн ашиглаж чадсан. хэмээн ил цагаан шүүмжилж байлаа.
Тухайн үед нийтлэлийг нь уншаад “бас л цөстэй эр байна шүү” хэмээн бодож байсан ч энэ бүгд өнөөдөр Монголд бүрдээд буй нийгмийн ээдрээтэй нөхцөл байдлын уг үндсийг тэр цаг үед тун сайн олж харж байсныг гэрчилнэ.
Заагий аль 2002 онд ардчилалыг баталгаажуулахад иргэний хөдөлгөөн хэрэгтэйг өгүүлж “Эрvvл нийгмийн төлөө” хөдөлгөөнийг эрчимтэй өрнvvлцгээе!!! нийтлэлээ олонд хүргэж байсан. Тэрээр манай нийгэм хууль ёсыг дээдэлдэг шударга үнэн тогтолцоотой байх аа хэдий нь болисныг хэлж Ийм үед Та өөрөө өөрийгөө сэрээхгүй бол өөр хэн ч таныг сэрээхгүй шvv!!!.хэмээн анхуулж иргэний нийгмийн хөдөлгөөн хэрэгтэйг
...Бид агуулга руу чиглэсэн реформ хийхийн тулд юун түрүү нийгмийн ухамсарт хандсан бодлого зайлшгүй явуулах шаардлагатай байна. Ингэснээр бид нийгмийн тогтолцооны гажигт шүүмжлэлтэй хандаж, мөн ард түмний сэтгэлгээнд оршиж буй ухамсрын доройтол, ёс суртахууны хямралыг арилгаж чадах юм. Чингэхдээ улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашгаас ангид байж нийгмийн эрүүл бус тогтолцоо, түүний гажигт шинжлэх ухаанч байр суурьнаас хандаж нийгмийг хамарсан нийтийн хөдөлгөөнийг өрнүүлэх хэрэгтэй ...
хэмээн тайлбарлан ухуулcaн байдаг.
Тэр мөн газрын тухай хуулийн хэлэлцүүлэг явагдаж байх үед Газар хувьчлал ба бэсрэг шүүмжлэл нэртэй нийтлэлээрээ мэрэгжлийн хүний санал бодлоо хэлж “... Эндээс дүгнэж хэлэхэд өнөөгийн Монгол улсад газар хувьчлалын хууль хүчин төгөлдөр болсны дараа газрын харилцаатай холбогдож шинээр үүсэх олон тооны захиргааны хэргийг шударгаар шийдэх байгуулалын тогтолцоо үндсэндээ алга байна.!!!” хэмээн хэлж байлаа. Газрын тухай хууль батлагдаж газар хувьчилагдсанаас хойш үйл явдал хэрхэн өрнөсөн, төрийн албаныханы хувьд эрх мэдлээ ашиглан хийдэг хамгийн том наймаа газар болсныг одоо хэн үгүйсгэхсэн.
2004 оны 1 сард өгсөн Зоригийг алах сонирхол нэртэй ярилцлагадаа удахгүй болох сонгуулийн хууль, хэрэгжих хөрс, захиргааны шүүхийн хуулийн ач холбогдол, анхаарууштай тал, Их хурлаас баталж буй хуулиудын улс төрийн шинж хийгээд утга агуулга, нэг намын дарангуйлал тогтож буй бодит байдал , улс төрийн аллагын учир шалтгаан, жижиг улсын Том бодлого хэрэгтэйн тухай гээд олон зүйлийн талаар санал бодлоо хэлсэн байдаг.
Тэрээр 2004 оны сонгуулийн өмнөхөн Ардчилал ба МАХН-н дарангуйлал нийтлэлдээ МАХН-ийн эрх барьсан 4 жилийн туршид төр нийгмийн харилцаанд гарсан өөрчилөлтийг нэгтгэн дүгнэж бичиж байлаа.
Товчоор хэлбэл Монгол улс дан ганц дарангуйлагч намын систэм, түүнд үйлчилдэг төр, нийгмийн эрүүл бус удирдлагын тогтолцоо руу эргэлт буцалтгүй орчихлоо...
....Иймээс эцэст нь хэлэхэд хүн төрөлхтөний үнэт зүйл болсон ардчилсан төр нийгмийн ололтуудыг үгүйсгэх, улмаар төрийг нийгмээс, нийгмийг иргэдээс, намыг төрөөс дээгүүрт тавих улс төр, ёс суртахууны эрх Монгол улсад хэнд ч байх ёсгүй ба бидэнд зөвхөн хариуцлагатай төр, хариуцлага хүлээдэг төрийн албан тушаалтан хэрэгтэй болохоос, шүтдэг төр, залбирдаг төрийн сүлд, дээдлүүлдэг төрийн албан тушаалтан, хуулийн дарангуйлал хэрэггүй гэдгийг хатуу сануулах байна.
хэмээн бичиж байсныхаа дараахан тэрээр Монгол явсан санагдана.
Гадаадад байхдаа ярьж бичиж байгаад нутагтаа очоод “сураг тасардаг” бидний олонхи шиг байлгүй тэрээр үнэхээр тэмцэж эхэлсэн нь удалгүй сонсогдож хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр ч олон янзын мэдээлэл цацагдах болсон билээ. Үүнээс цаашихыг нь уншигчид дэндүү сайн мэдэх тул элдэв тайлбар хэрэггүй байх.
Хоёр жилийн өмнө нутагт амарч явахдаа Цахим Өртөөний гишүүдийн уулзалт дээр Заагийтай анх нүүр тулж цөөхөн хором ярилцаад өнгөрсөн. “Эд нартай ёстой үзэлцэж байна аа хө. Нийгэм дэндүү заваан болсон байна шүү” хэмээн өгүүлэх омголон түүнийг “за бас дайчин эр юм даа” гэж бодоод л өнгөрснөөс ямаршуухан хатуу бэрхийн дундуур явааг нь асууж шалгаах ойлгох ч цаг боломж байсангүй. Түүнээс хагас жилийн дараа дахин Монголд очихдоо Цахим Өртөө Холбооны гишүүдийн хурал дээр таарав. “Гудамжинд их жагслаа. Нийгмийг сэрээлээ. Үүргээ гүйцэтгэсэн гэж бодож байна. Одоо жаал сууж бодох бичих болно. Цахим өртөөндөө бас хамаагүй юм бичээд байж болохгүй байсан юм. Одооноос идэвхитэй оролцоно оо. Цуврал лекцийн нэгийг нь өөрийн олон жил судалж буй Франчайзийн чиглэлээр тавина” хэмээн амлаж БРЭНДИЙН БИЗНЕС БА ФРАНЧАЙЗ СИСТЕМ ГЭЖ ЮУ ВЭ? нэртэй лекцийг нийтэд уншиж байсан билээ.
Тиймээ тэр нөхдийн хамт байгаа ахуйдаа дасаад унтаж байсан нийгмийг ямартай ч сэрээж чадсан гавъяатайг нь өдгөө судлаачид дүнгэж байна. Жагсаж тэмцэж явсан нөхөд, үзэл бодлыг дэмжигч нарынхаа хамтаар удалгүй Иргэний Хөдөлгөөн Нам байгуулж даргаар нь томилгодон ардчилсан нийгмийн эрх зүйн тогтолцоог нь боловсруулах үйлдвэр болсон Их хуралд орж байж үзэлцэх тэмцлийн дараагийн замаа сонгосныг нь сонсоод битүүхэндээ дэмжиж л суулаа. Харамсалтай нь сонгууль ч цэвэр сайхан явсангүй, булхай залихай ч хэрээс хэтрэн ард олныг бухимдуулж 7 сарын 1-ний үймээн самуун өрнөж, тэрээр ял асуугдан хоригдоод байна
Залуу хүнд алдсан оносон, яарсан туйлширсан, бусдын олз болсон гээд олон л явдал тохиолдоо байх. Заагий тэр бүгдээсээ сургамж авч тэмцлийн хат улам сууж яваа, анх бичиж бодож байснаасаа хазайж гуйваагүй гэдэгт нь итгэдэг. Заагий одоо түмний хүн болсон тул хэн бүхэнд түүнийг үнэлэх үнэлэмж дүнгэлт, өөр хоорондоо маргалдан мэтгэлцэх шалтгаан бий. Харин би өөрийн мэдэх Заагийгийн тухай л бичиглэсэн минь энэ.
Тэрээр хатуу бэрх ч тэмцэгч хүний үзэж туулдагийг үзэж явна. Үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байж нийгмийн бурангуй бүхэнтэй тэмцэх тэмцэлд энэ бүхэн нь туршлага болон нэмэгдэж улам бүр хатуужин батжих нь дамжиггүй. Чамайг, та бүхнийг шинэ үеийн залуус улам бүрээр дэмжин нягтран хүрээлнэ гэдэгт бүү эргэлз!
Tuesday, July 15, 2008
Сэтгэлийн зул өргөе

Нутгийн заан, эрхэм ах, сэтгэлд дотно эгэл анд маань цэл залуухан насандаа мөнх бусыг үзүүлжээ. Өглөө дүү маань холбогдоод “Ганаа ах урьд шөнө ойчлоо. Бид энд ажил ихтэй байна. Гэнэт бие нь муудаад сэхээнд очоод өнгөрсөн байна”. хэмээн хатуу хорвоогийн энэ гашуун мэдээг дуулгав. Хий л уймран самгардахуйг хүү маань ажижээ. “Daddy what happened?” хэмээн асуухад нь ухаан сууж амжаагүй хүүдээ “Миний хүү санаж байна уу Монголд очихоор дагуулаад явдаг бөх ах байсандаа. тэр ах нь нас барсан байна” хэмээн хоолой зангируулан хэлсэнсэн...
Хол суугаа болохоор ялтайв, харууслын нулимс сэтгэлдээ асган блогтоо л дурсамж хайлж сэтгэлийн зул өргөе дөө.
Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат, чөлөөт бөхийн Олон Улсын Хэмжээний Мастер, Ази тивийн аварга, үндэсний бөхийн Монгол Улсын Заан Рэнцэнхүүгийн Гансүх хэмээн цоллуулж наадамчин олноо, нутгийн түмнээ олон жил галтай цогтой барилдаанаараа баярлуулсандаа заан маань. Галтай начин байлаа, заан болоод цолондоо хэт ханачихлаа даа хэмээн үеийн бид бас үглэдэгсэн. Тэрээр үнэхээр "би эртээд энэ хүний зүүн хөлийг нь авч хаясан одоо баруун хөлийг авч хаяна" гэж гараад аваад л хаячихдаг галтай начин байсан юм. Зааны тааварт жил бүр л багтаж хэдэн жилийг үдэж билээ.
"Багад нь "хувдай заан" хэмээн настнууд өхөөрддөг байсан юм. Миний хүү заан болно оо" хэмээн өгүүлж түүний ээж, Цэвээнжав эгч маань хүүдээ урам өгнө. Сэтгэл нь цагаан болохоор зориж явсан нь тохиол бүрдээд болдог л юм билээ. Түүнийг Начин цолтой байхаас бид нэг байранд амьдарч жаргал зовлонгоо хуваалцаж Заан болох жил нь цэнгэлдэх дотор дээлийх нь захыг мушгин суусансан. 1994 оны Улс хувьсгалын 73 жилийн ойгоор энэ эрхэм цолонд хүрсэн дээ.
Идэр залуу насандаа үргэлж шахам хамт байсан бидэнд хуваах дурсамж дэндүү ихээ.
2 насаар ах тэрээр намайг үргэлж "миний дүү" хэмээн дуудна. Номын мөр голдуу хөөсөн намайг Монгол бөхийн амтад оруулсан хүн Ганаа заан маань.
Заанаараа дамжин үе үеийн олон сайхан бөхчүүдтэй танилцах, үерхэн нөхөрлөх үүд хаалга нээгдсэнсэн.
Хувь тавилангийн эрхээр 10 гаран жилийн тэртээ хүний нутгийг зориход эсэргүүцэж эгдүүцсэн хүн олон байсан ч заан маань л сэтгэлийн дэм өгч байсан цөөхөн хүний нэг байж билээ.
Талийгаач маань хүнтэй далд бодолгүй харьцдаг сүү шиг цагаан сэтгэлтэй, өөрийгөө мартаж өрөөлийн төлөө явдаг дэндүү тусархуу нэгэн байсаан. Багаасаа өнчин өрөөсөнгийн зовлонг үзсэн, басхүү өөрийн хүч авьяасаар олны хүндлэлийг хүртсэн хүний хувьд хүнийг их бага гэж ялгах нь үгүй, түмэнтэйгээ явбал болно доо хэмээн өгүүлж хүн бүрт л юухнаар болов туслахсан хэмээн чармайдаг нэгэн байлаа.
Нутаг усныхан маань Гансүх заанаа Монгол бөхөө хүндэлдэг сэтгэлээрээ ч, цагаан сэтгэлтэй тусч хүнийх нь хувьд ч их хүндлэнэ. Заан маань ч нутгийнхныгаа их бага, эр эм гэж ялгалгүй өвдсөн хавдсан хүн л байвал тэвэрч гүйгээд эмнэлэг бараадуулж эмч домчид үзүүлдэг нэг давхар ажилтай байсансан.
Энэ нь олонтойгоо явдаг түүнд зөвхөн нутаг нугахнаараа ч тогтдоггүй үйл байв. Саяхан Лондонгийн наадамд бэлтгэж байсан шинэ үеийн залуу бөхчүүдтэй хөөрөлдөж суухад Өвөрхангай аймгийн харъяат аймгийн начин Цэвэлдорж “Гансүх ах ёстой их бага гэж ялгахгүй шүү. Биеэ үзүүлэх гээд эмнэлэг дээр очиход гараас хөтлөөд л эмч нартаа үзүүлээд явуулчихдаг юм. Ёстой тусархуу” хэмээн өгүүлж байсан...
АНУ-д суугаа чөлөөт бөхийн Ази тивийн аварга Сэргэлэнбаатар андаас 6 сарын сүүлээр нэг яаралтай хэмээн анхааруулсан имайл ирсэн нь “Гансүх маань тааруухан сэхээнд байгаа юм байна. Би сая ярилаа. Чамайг ярь гэсэн шүү” хэмээжээ. Даруй залгатал дуу нь нилээд цаах нь боловч инээд наргай яриад сэтгэл санаа нь өөдрөг. Эм тариа юу хэрэгтэйгээ дуулган, хүүхэд шуухад нь өсөж буйг өгүүлэн суусансан. Хэдэн хором яриад хэт ядраахаас нь эмээн “тэнхрэхээр тань ярья даа” хэмээгээд өндөрлөсөн маань бидний дуу хоолойгоо сонсолцох сүүлийн боломж байсныг яахан мэдэхэв.
Наадмын өмнөхөн харин “гэртээ интернеттэй болсон” хэмээн яахоогийн чатаар холбогдон “удахгүй микрофон олоод тухтай ярина аа. Наадам сайхан болох янзтай байна. Хүү маань наадмын бэлтгэлд бөхчүүдтэй гарсан. Надаас том болсон шүү” хэмээн мессэждэв. Харин 11-ний орой “Наадам их сайхан болж байна. Хүү маань 2 давсан байна. Маргааш 3-ийн даваанд гарна даа” хэмээн их л баяртай зурвас үлдээснийг нь олж уншин, эх нутагтаа байгаагүй наадам наадмын нарийн чамин сонинг заанаасаа сонсдог жаягаараа “за наадам өнгөрөөж байгаад нэг тухтай залгая даа.” хэмээн бодож алгуурласан маань дэндүү ташаа бодол болсныг мэдэж хожимдон гэмшивч үл баран гашуудан суучихуй.
Хүний хорвоод ахархан ч гэлээ дуудах алдар, дуурсах нэртэй, түмэн олондоо хайрлагдан дурсагдах сэтгэл зүтгэлтэйгээр амьдарч чадсан түүний гэгээн дүр бөхөө дээдэлдэг Монгол түмний сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.
Сайн төрлөө олж төрөх болтугай
Ум маани бад ми хум
Thursday, May 22, 2008
Monday, May 19, 2008
Монголд хийж бүтээх маш их нөөц бололцоо байна
Цахимөртөөнд сурагч Сайнбаяр анх элсэж байсан бол өнгөрсөн 9 жилд тэрээр CEO хийх хэмжээнд хүртлээ өсөж боловсросныг энэ нэвтрүүлгийг үзэгчид, Сайнбаяр андыг дэмжигчид тодорхой харсан.
Ингээд Сайнбаяртайгаа хэдэн хором онлайн хөөрөлдсөнөө танд хүргэж байна
-Юуны өмнө Global CEO нэвтрүүлэгт амжилттай оролцсонд баяр хүргэе!
-Баярлалаа.
-Соёлын шокноосоо бага багаар гарч байгаа. (инээв) Гэхдээ бүрэн гүйцэд гарахыг хүсэхгүй байна. Хэрэв
бүрэн гарчихвал эерэг өөрчлөлт, шинэчлэлтийг авчрах мэдрэмж, хийх бүтээх эрмэлзэл маань зэврэх магадлалтай шүү дээ. Нэвтрүүлгийн явцад Монголынхоо нийгэм, бизнесийн ертөнцтэй илүү гүн танилцах завшаан гарсан гэж үзэж байна. Олон сайхан залуустай танилцаж, мөр зэрэгцэн хамтран ажиллаж, монголын бизнесийн олон салбарт ололт амжилт, дутагдлыг нь олж харах бололцоо олдсонд баяртай байгаа.
-Өөрөө АНУ-д ажил албатай, сургууль соёлтой байсан ч түүнээ орхин энэ нэвтрүүлэгт нэлээд эрсдэл хийн оролцсон. Нэвтрүүлэг үргэлжлэх туршид TV үзэгч, вэб хуудсаар дэмжигчдийн санал өөрт тань чиглэж байсан тул таныг үзэгчдийн хувьд түрүүлэгч гэж үзэж болох юм?
-Үгүй ээ, 16 оролцогч бид бүгдийг л тэд дэмжиж байсан. Энд намайг дэмжсэн бас дэмжээгүй бүх фэнүүдэд талархал илэрхийлмээр байна. Энэ 16 залуус бүгдээрээ л чадалтай залуус байсан.

Хувьдаа сүүлчийн давааны ялагдлыг харьцангуй тайван хүлээж авсан. Тухайн ажлын байранд миний зарим чадвар, зан араншин тохирохгүй байсан байж ч болно шүү дээ. Нөгөө талаас энэ нь надад илүү өргөн сонголт өгч байгаагаараа эерэг талтай ч байж магадгүй. Харин бидний 16 оролцогчид өөрсдийгөө нээх, өрсөлдөх бололцоог олгосон Капитал Группт хувьдаа их талархаж явдаг.
-Капитал Групп та дөрвийг дөрвүүлэнг нь компанидаа ажиллахыг санал болгосон гэсэн? Өөрт тань ямар санал тавьсан бэ?
- Тийм ээ, бидэнд маш сайхан санал тавьсан. Одоохондоо надад ямар санал тавьсныг хэлмээргүй байна. Ер нь бол CEO түвшний санал байгаа. Энд гэж хэлэхэд бидний 16 залууст бүгдэд маань төрөл бүрийн компаниудаас янз бүрийн санал ирж байгаа. Одоо юуны өмнө сайтар амрах, дараа нь сонголтоо хийх, бодох хугацаа хэрэгтэй.
-Тэгэхээр өөрөө АНУ-руу буцахгүй гэсэн үгүү?
-Эх орондоо амьдарч, хийх бүтээх цаг иржээ гэж бодож байна. Өчигдөр ажил руугаа имэйл бичээд Монголдоо үлдэхээр шийдэж буйгаа илэрхийлсэн. Хоёрт энэ нэвтрүүлэгт оролцчихоод буцаад АНУ явчихвал хүмүүс юу гэж ойлгох вэ? (инээв)
Гадаадад өөр шиг тань ажиллаж буй залууст хандаж юу гэж хэлмээр байна?
- Монгол оронд маань чадвартай, мэдлэгтэй, туршлагатай боловсон хүчний эрэлт хэрэгцээ бүх салбарт байгааг нэвтрүүлгийн явцад сайн ойлгосон. Монголд хийж бүтээх маш их нөөц бололцоо байна гэдгийг л хэлмээр байна. Чадвартай мэргэжилтэнг харьцангуй сайн үнэлдэг болсон цаг үе ч нэгэнт ирчихсэн байна. Энэ нэвтрүүлэг ч Монголын хүний нөөцийн үнэлэмж, цалингийн хэмжүүрийг эвдэхэд нэлээд том нөлөө болсон болов уу. Гадаадад суугаа залуучууддаа Монголдоо ирж ажиллахыг уриалж байна.Нэвтрүүлгийн талаарх сэтгэгдэл маань шинэ байгаа дээр гээд хувийн блог дээрээ (http://sainbayar.blogspot.com) Монгол залуустаа хандаж нэг зүйл өнөө өглөө бичсэн. Гэхдээ сурсан мэдсэн мэргэжлээрээ тухайн оронд хэдэн жил ажиллаад, тэндхийн компаний соёл, know-how-ыг мэдсэн цагтаа ирвэл бүр сайн. Зөвхөн дипломоо өвөртлөөд ирнэ гэдэг бол нэг талаас тийм ч хангалттай зүйл биш юм. Бас зүгээр хараар ажиллаж буй залуу хүмүүст хандаж хэлэхэд, хэрэв бололцоо л олдвол тэндээ хэл соёлыг нь сайн суралцаад, ямар нэгэн сургуульд заавал суралцаарай, мөнгө гэхээсээ орчин үеийн мэдлэг боловсрол л илүү чухал шүү. Нэгэнт мэдлэг боловсрол эзэмшчихвэл, мөнгө өөрөө тань дээр ирнэ шүү гэж хэлмээр байна. Яагаав, нөгөө "Баян аав, ядуу аав"-ыг бичдэг Роберт Киёосаки хэлдэг дээ: "Don't work for money, make money work for you" гэж.
-Нэвтрүүлгийн цаашдын дугааруудад санал болгомоор зүйлс?
-Мэдээж олон л зүйлс бий. Техник технолгийн хувьд ч, зохион байгуулалтын хувьд ч анхаарууштай зүйлс их бий. Би өөрийнхөө шүүмж, магтаалыг тухай бүрт нь тэдэнд нээлттэй хэлж ирсэн тул энд дэлгэх шаардлага байхгүй байх. Гэхдээ UBS-TV-ийнхэн болоод нийт зохион байгуулагчид маань чадлаараа сайн ажилласан шүү. Бид бултаараа л суралцаж бас хөгжиж байгаа улс.
-За, цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье!
-Баярлалаа. Цахим Өртөөний нийт гишүүддээ сайн сайхныг хүсэн мэндчилье!
Хөх Монголын цоглог залуустаа
GLOBAL CEO нэвтрүүлгийн оролцогч Д.Сайнбаяраас
Сайн байцгаана уу, эрхэм анд нараа! Сайн байцгаана уу эрхэм фэнүүд, сургааль ерөөлөө хайрлаж ирсэн ахмад үеийнхэн болоод биднийг дэмжиж ирсэн хөх Монголын мянга мянган цоглог залуус аа!
“Дэлхийн цалинг Монголдоо” уриатай GLOBAL CEO нэвтрүүлгийн оролцогчид бид Монголын нийгэмд цоо шинэ уур амьсгал, цэвэр өрсөлдөөн, бүтээлч амьдрал, өөдрөг хүсэл тэмүүллийг илэрхийлэхийг зорьсны сацуу зурагтын өмнө суугаа олон мянган үзэгчдийн өмнө өөрсдийгөө нээж, бие биеэсээ суралцаж, заримд нь үлгэр дууриал болж оролцохыг зорьсон билээ.
Өдийг хүртэл нэвтрүүлгийн оролцогч бидэнд урам зориг хайрлаж, тусалж дэмжиж ирсэн нийт фэнүүддээ, мөн гадаадад суугаа зүс үл таних олон мянган хөгжөөн дэмжигчиддээ гүн талархал илэрхийльюү!
Бүтэн хоёр сар хагас хугацаанд бидний 16 залуус нойр хоолоо хасан байж, инээд баясал, харамсал гуниг, их ажлын ачааллыг бие сэтгэлээрээ мэдрэхийн хамт сэтгэл зориг нэгдэж, эрч хүчээр дүүрэн хамтран ажиллаж, гудамжны худалдаанаас эхлээд дэлгүүрийн сүлжээ, рестораны бизнес төлөвлөгөө, нийгмийн эмзэг давхаргад туслах хандивын компанит ажил, дэлхийн хөрөнгийн биржийн зах зээл, банкны шинэ үйлчилгээ, олон улсын тээвэр худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, нийгмийг эрүүлжүүлэх эрүүл хүнсний цогц хөтөлбөр гэх мэт 9 даалгаварын турш өөр хоорондоо баг болон өрсөлдсөн юм. Монгол залуус маань нэгдэж чадвал ямар их үйл хэргийг, ямар богино хугацаанд хийж чадаж байгааг нотлон харуулсан нь бидний бахархал билээ!
Энэ бүхний эцэст Монголын шинэ үеийн төлөөлөл болсон ажил хэрэгч залуус бид улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зориг нэгдэж, насан туршид зам нийлэх анд нөхөд болцгоосон юм. Нэвтрүүлгийн ялагчаар тодорсон М.Жадамба анддаа болон бусад шилдэг14 залуустаа сэтгэлийн угаас халуун баяр хүргэж, ирээдүйн их үйл хэрэгт нь өндөр амжилт хүсэн ерөөе!
Энэ дашрамд бидний залууст өөрсдийгөө нээж, таньж мэдэх, хамтдаа хөгжих бололцоог олгож, GLOBAL CEO нэвтрүүлгийг санаачлан зохион байгуулсан Глобал Удирдагч Сан, JCI Монгол, ивээн тэтгэсэн Капитал Групп, цаг наргүй ажилласан UBS телевизийн хамт олон, даалгавар гүйцэтгэх үе шатанд тусалж дэмжиж, хамтран ажилласан Монголын зуу зуун байгууллага, пүүс компаниудад нийт оролцогчдынхоо өмнөөс гүн талархал илэрхийлье!
Бидний залуус Монголын бизнесийн орчин болоод нийгмийн бусад бүх салбарт өөрсдийн оюун ухаан, мэдлэг боловсрол, ур чадвараа дайчлан ажиллах болно. Тийм ээ, ардчилалын үр шимээр харь нутагт эрдэм, эрдэнэ өвөрлөхөөр зорьж одсон бидний залуус эх нутагтаа БУЦАЖ ИРЛЭЭ! Бидний араас нөхөд маань ИРЖ БАЙНА! Харьд одсон Монголчууд маань БУЦАЖ ИРНЭ гэдэгт бид итгэдэг! Тун удахгүй Монголд мянга мянган залуус 50,000 долларын цалин авдаг үе ирнэ гэдэгт бид итгэдэг.
Гандах үедээ гандаж буй эх нутгийг минь услах хур бороо ирж айсуй!
Хөх Монголын цоглог залуус аа! Та биднийг ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ угтаж байна!
Дорд мэхүйн ёсолсон,
Д.Сайнбаяр
2008.5.19 - 11:05:46 AM
Улаанбаатар хот
Tuesday, May 13, 2008
Британийн Монголчуудын уламжлалт “Монгол орны хөгжилд” чуулган амжилттай боллоо
Британийн Монголчуудын Холбоо, Элчин Сайдын Яам хамтран хийдэг “Монгол орны хөгжилд” уламжлалт чуулга уулзалтын 4 дэх удаагийнх 5 сарын 4-нд Лондон хотноо амжилттай болж өндөрлөлөө. Чуулга уулзалтад Улаанбаатар, Москва, Оксфорд, Кембриж, Манчестер, Лийдс, Брайтон, Шеффильдийн их сургуулиудад суралцдаг монгол оюутан, аспирантууд болон судлаачид илтгэл тавин нийт 70 орчим сонирхогчид хүрэлцэн ирж оролцов.
Энэ жилийн чуулга уулзалт тодорхой сэдэв сонгосон, цахим хэлбэрээр зарим илтгэлүүд тавигдсан, боксийн дэлхийн аварга сэтгэгдэлээ хуваалцсан, АНУ-ын Монголчуудын Монгол Судлалын II Бага Хурлаас Мэндчилгээ ирүүлсэн гээд өвөрмөц дурсгалтай олон үйл явдлаар дүүрэн болсныг мөн дурдууштай.
Чуулган БАЙГАЛЬ ОРЧИН сэдвийг сонгож, түүнд төвлөрөн бэлтгэл ажлаа хангасан байлаа. Иймээс ч хөтөлбөрийн дагуу эхний ээлжийн илтгэлүүд нь байгаль эхэд шууд нөлөөллөө үзүүлдэг уул уурхай, газар тариалан, аялал жуулчлал гэсэн 3 салбартай холбоотой байж, эдгээр нь Монгол орны байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл түүний хор уршиг, эдгээр салбарыг зөв зүйтэй хөгжүүлэхэд шалтгаалах хүчин зүйлс, арга замуудын талаар саналууд дэвшүүлсэн.
Чуулганыг нээж элчин сайдын хэргийг түр хамаарагч Г. Жаргалсайхан хэлсэн үгэндээ,"... өнөө үед байгаль орчныг хамгаалах нь хүн тус бүрийн нэн тэргүүний үүрэг болоод буйг цохон тэмдэглэж энэ удаагийн чуулганаар энэ сэдвийг сонгосон нь цаг үеээ олсон зүйл болжээ" хэмээн дүгнэв. Залгуулан АНУ-ийн Монголчуудын II Бага Хурлаас тус чуулганд ирүүлсэн мэндчилгээг уншиж танилцууллаа.
Эхний 2 илтгэл Монголоос болон Оросоос онлайн тавигдсан нь ЦАХИМ хэлбэрийг амжилттай туршсан явдал байв.
Монголын Ногоон Загалмайн Нийгэмлэгийн тэргүүн, Др. Шаравын Пүрэвсүрэн "Бид цэвэр орчинд амьдарч байна уу?" сэдэвт илтгэлээ тавихийн өмнө тус нийгэмлэгээс илгээсэн "Алтны амт – Монголын Ирээдүй" баримтат киног чуулганд оролцогсдод үзүүлэв. Алт хөтөлбөрөөр эхэлсэн Монголчуудын алтны төлөөх их аян хяналт хязгаараа алдаж гадаад дотоодын компаниуд болон хувиараа алт олборлогчид алтны төлөө эх орон, байгаль орчноо дахин ашиглахын аргагүй болтол нь эвдэн сүйтгэж буйг, хумсийн чинээ алтны төлөө асар их хэмжээний химийн бодисоор өөрсдийгөө болон өрөөлийг хордуулж буйг, ерөөс Алт дагасан шунал нь Монголчууд бидэнд авилгалыг гааруулахаас эхлээд нийгмийн олон ээдрээтэй асуудлыг үүсгэж буйг кинонд баримт нотолгойтоогоор сэтгэл шимшрүүлэм үзүүлжээ.
Киног залгуулан Др. Пүрэвсүрэн илтгэлээ онлайн тавилаа. Уг кинонд гарсан зүйлсийг нэмэж тайлбарлахын зэрэгцээ алт олборлоход хэрэглэгддэг химийн хорт бодисууд болох мөнгөн ус, цианид натрийг хяналт хамгаалалтгүйгээр хэрэглэснээс Дархан аймгийн Хонгор сумын иргэд, байгаль орчин, мал ахуйд тохиолдоод буй эмгэнэлт байдалийн талаар тусгайлан хөндөж ярисан юм.
Түүний илтгэл нь гадаад оронд суугаа Монголчууд бидэнд Монгол оронд маань Алт хөөсөн “их дайн”-ы уршгаар ямаршуухан асуудлууд тулгараад буйг баримт нотолгоотой харуулж тайлбарлаж мэдрүүлсэн нь онцгой ач холбогдолтой болов. Авилгалд автаж хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдад эрүү үүсгэн хариуцлага оногдуулах гэтэл УИХ-аар Эрүүгийн хуулийн яг тэр заалт буюу 272-р зүйлийг нь үндэслэлгүй хассан тун хачирхалтай тохиолдол ч Монголд гарсан байх юм. Үнэхээр итгэхэд бэрх авир араншин үйлдэл энэ л “оройд нь хүрэхгүй жаргал ёроолд нь хүрэхгүй зовлонг” авчирдаг алтыг тойрон газар авч буйг яалтай. Илтгэгч Монголчууд бид дээр дооргүй хууль журмаа сахин мөрдөж, буруутайд хариуцлага тооцон ажиллах нь чухал байгааг онцлон тэмдэглэж Хонгор сумын талаар цаашид төрөөс ямар арга хэмжээ авбал зохилтой саналаа хэлсэн юм.
Удаах илтгэлийг Оросын Холбооны Улсааc Москвагийн Багшийн Их Сургуулийн Газарзуйн Факультетын Геоэкoлoгийн тэнхимийн аспирант Сандагийн Хадбаатар "Монгол орны төвийн бүсийн хөрсний элэгдэл ба экoлoгийн зарим асуудал"гэдэг сэдвээр онлайн тавив. 1990 оноос зах зээлийн эдийн засгийн систэмд шилжин хувьчлал явагдсанаар газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтэц бүхэлдээ өөрчлөгдөж тариалах талбайн хэмжээ жилээс жилд буурч, ингэснээр тариалангийн талбай орхигдмол газар болон хувирсан байна. Түүний судалгаагаар бол сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт уур амьсгалийн таагүй байдалаас үүссэн сөрөг үр дагавараас гадна хүний нөлөөний үр дүнд хөрсний үржил шим ихээхэн буурч, тариалангийн талбайн хөрсний элэгдэл, эвдрэл ихээхэн хурдацтай явагдаж байгаа нь Хангайн бүсэд цөлжилт үүсэх гол шалтгаан болж байна. Хадбаатар мөн илтгэлдээ Монгол улсын засгийн газраас зарласан “Атар-3” аяныг хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар дурдан үүнийг хэрэгжүүлэхийн тулд хөрсний олон талын цогцолбор судалгааг хийж хуучин газар тариаланд ашиглаж байсан газраа эргүүлэн ашиглахын чухлыг онцлон харин атар газрыг дахин шинээр хагалбал нийслэл хот маань хойд талаасаа цөлжилтөнд нэрвэгдэх магадлал их байна гэж дүгнэлээ.
Гурав дахь илтгэлийг Sheffield Hallam Их Сургуульд MA in Social Science Research Methods (MA SSRM) хийж байгаа Доржсүрэнгийн Амартүвшин “Mонгол дахь аялал жуулчлалын хөгжлийн эерэг болон сөрөг талууд” сэдвээр тависан юм. Энэхүү cудалгаанаас харахад аялал жуулчлал нь Монгол улсын эдийн засагт гадаад валютын эх сурвалж болох, бусад төрлийн үйлдвэр үйлчилгээг шууд бус замаар дэмжих, ажлын байр шинээр бий болгох зэрэг эерэг нөлөөг үзүүлж байгаа хэдий ч сөрөг үр дагаваруудыг болох үнийн хөөрөгдөл болоод бусад урсгал алдагдлыг бий болгож байна. Үүнтэй зэрэгцээд хөрс, усны бохирдол, зэрлэг амьтан, ургамлын амьдрах орчинг сүйдэх өөр бусад сөрөг нөлөөг ч давхар учруулж байна гэлээ. Нийгэм - соёлын хувьд хөдөөгийн иргэдийн ахуйн орчин сайжрах, мэдээлэл хүртэх, боловсрол мэдлэг олж авах, үндэсний уламжлал сэргэх эерэг үр дүнгийн хамт архидалт, янхандалт, уламжлалт ахуйн хэмнэл алдагдах, нийгэмд шудрага бус байдлыг өөгшүүлэх сөрөг нөлөө илэрч буйг онцлов. Монгол улсын аялал жуулчлалын салбарт эдийн засаг, байгаль орчин, нийгэм - соёлын олон талт харилцааны тэнцвэрийг хадгалсан цогц бодлого үгүйлэгдэж байна гэсэн дүгнэлт энэ илтгэлээс гарлаа.
Үдээс өмнөх илтгэлүүдийн төгсгөлд бас нэгэн өвөрсөц илтгэл тавигдсан нь өөрийн 12 жилийн бэлтгэл сургуулилтынхаа нэгэн тайланг сайхан тавьж WBU-ийн дэлхий аварга цол хүртсэн "Монголын тулаач" Чойжилцавийн Цэвээнпүрэв уригдан ирсэн явдал байлаа. Чуулганд оролцогсод түүний WBU-ны аваргын бүсийн төлөөх тулааныг дэлгэцнээ эхлэн үзэж өрсөлдөгчөө унагах цохилт болгонд нь алга ташин хөөрцгөөж улмаар аваргаа тайзнаа угтан бахдалын нулимстай сэтгэлийх нь үгийг сонссон юм. Тэрээр Монгол хүн байхын Монголоороо бахархаж явахын сайхныг ярьж цаашид бэлтгэл сургуулилтаа улам эрчимжүүлэн жингийнхээ дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх бодол тэмүүлэлтэй явдгаа хуучилсан билээ.
Чуулганы 2-р хэсэг болох чөлөөт сэдэв Гантогтохын Орхоны (MA in International Education and Development, Sussex Их Сургууль) "Ардын боловсролд ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” илтгэлээр эхлэв. Тэрээр манай өнөөдрийн боловсрол жинхэнэ 'ардын боловсрол' байна уу, эсвэл захиргаадалтын шинж бүхий 'засгийн боловсрол' байна уу?' гэдэг судалгаанд анхаарлаa хандуулан дүн шинжилгээ хийсэн байна. Дэлхийн хөгжингүй хийгээд хөгжин буй олон орнуудад сүүлийн жилүүдэд боловсролын тогтолцооны төрөөс хэт хамааралтай төвлөрлийг задалж, боловсролын байгууллагын өөрөө удирдах системийг дэмжиснээр, ард иргэдэд үр хүүхдүүдийнхээ боловсрол хүмүүжилд санаа тавин, сургалтын чанар, сургуулийн үйл ажиллагааг сайжруулахад дуу хоолойгоо өргөх боломжийг олгож, ардын боловсрол тэр чинээгээр хөгжих хандлагатай байна. Манайд ийм системийг бий болгох оролдлого сургуулийн зөвлөлийг сургууль бүр дээр байгуулcнаар гарсан боловч, энэ нь төдийлөн амжилтгүй байгаа нь ард иргэдэд хангалттай орон зайг бодлогоор тавьж өгөөгүй, боловсролын байгууллагад буй улс төржсөн нөлөө, ард иргэдэд эрхийг нь ойлгуулах мэдээлэл хомс байгаатай холбоотой байна гэж тэрээр үзжээ. Орхон судалгаагаа Англи улсын сургуулийн удирдах систем хэрхэн ажилладгийн жишээн дээр ийм системийг хэрэгжүүлэхэд нөлөөлөх үндсэн хүчин зүйлсийг шинжилсэнээ тайлагналаа.
Тав дахь илтгэлийг Tourism Management and International Relation (BSc), Oxford Brookes Их Сургуульд оюутан Баттулгын Оюунэрдэнэ “Монголд өвлийн аялал жуулчлалийг хөгжүүлэх нэгдсэн төлөвлөгөө гаргах”сэдвээр тавив.
Аялал жуулчлал нь Монгол улсийн эдийн засаг болон нийгэмд хөрөнгө оруулах нэгэн чухал үйлдвэрлэл болоод удаж байгаа талаар танилцуулав. Энэ илтгэлд Монголийн өвлийн аялал жуулчлалийн нөхцөл байдал дээр тулгуурлан хөгжлийн төлөвлөгөөний бүтэц болох тодорхой зорилго гаргах, одоогийн байгаа нөхцөл байдлийг тодорхойлох, ирээдүйн чиг хандлагийг таамаглах, төлөвлөгөөний томьёог гаргах, тусгай хөтөлбөр бэлдэх, үүнийгээ амьдралд хэрэгжүүлэх болон хянах зэргийг задлан тайлбарлав.
Их эмч, PhD Цогтын Базаррагчаа “Их Британид амьдарч буй монголчуудын Бэлгийн Замын Халдвар, Хүний Дархлал Хомсдолын Вирус/ Дархлалын Олдмол Халдварын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйл” сэдвээр сонирхолтой илтгэл тавив. Энэхүү илтгэл нь Британийн Монголчуудын Холбооноос Цахим Өртөө Холбоо Төрийн Бус Байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй БЗДХ/ДОХ-оос сэргийлэх төслийн хүрээнд Их Британид амьдарч буй монголчуудын БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйлийг үнэлж, үйл ажиллагааны зохистой чиглэлийг тодорхойлсон зөвлөмжийн үндэслэлийг боловсруулах зорилготой хийгджээ. Доктор Базаррагчаагийн судалгааний дүгнэлтээс харахад Их Британид амьдарч байгаа монголчуудын дийлэнх нь гэрлээгүй эсвэл гэр бүлээсээ хол амьдарч байгаа залуучууд эзэлж байгаа ба тэдний дунд бэлгийн эрсдэлтэй зан үйлд орох нь цөөнгүй байна. БЗДХ/ХДХВ/ДОХ болон тэдгээрээс урьдчилан сэргийлэх, үнэгүй шинжилгээ, эмчилгээ хийлгэдэг газруудын талаарх мэдээлэл зэргийг тухайн орны онцлогт уялдуулан интернет, тараах материал, сурталчилгаа хийж хүргэх нь цаашдын үйл ажиллагааны чиглэл болж байна.
ESRC Postdoctoral Fellow (University of Manchester) PhD Батаагийн Эрдэнэбат "Инфляцийн талаарх зарим ажиглалт” -аа бидэнтэй хуваалцлаа. Инфляци удаан хугацаагаар өндөр, тогтворгүй байсны нэг уршиг нь зах зээлд оролцогч хэн бүхэн инфляцийн хүлээлттэй болох явдал гэдгийг тэрээр онцлов. Эдгээр хүлээлт болон түүнд нөлөөлж болох хүчин зүйлс нь хүн бүхний хувьд адилгүй байх бөгөөд бодит инфляциа удирдах гол хүч нь болж байдаг. Нэгэнт хүлээлт маань сонирхогчийн түвшинд хийгдэж байгаа болохоор түүнд нөлөөлж болох хүчин зүйлс нь тооны хувьд асар их, чанарын хувьд асар муу байна. Үүний үр дагавар нь бодит инфляци маш их хувьсамтгай болж эдийн засагт урт хугацааны төлөвлөлт, хөрөнгө оруулалт үндсэндээ боломжгүй болдог ажээ.
Др. Эрдэнэбат хэлэхдээ монголын шийдвэр гаргагчдийн дунд одоог хүртэл гүйлгээнд байх мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр ажил эрхлэлт сайжирч, эдийн засаг хурдацтай өснө гэсэн ойлголт байсаар байна. Энэхүү бодлого нь хэдийгээр нэг болон хоёр жилийн дотор үйлчилж болох боловч дунд болон урт хугацаанд ямар ч үр өгөөжгүй, бүр сөргөөр нөлөөлдөг гэдгийг хэрэгжүүлсэн улсуудын гашуун туршлага болон онолын судалгаанууд харуулчихсан билээ. Тус илтгэлд өнөөдөр Монголын 20.6% - ийн инфляци (Монгол Банк вэб 4.29.08; Англид 2.5%, Bank of England web 4.29.08) инфляцийн хүлээлттэй ямар холбоотой байгаа болон энэ холбоо хэрхэн хувьсаж ирснийг инфляцийн тэсвэрийн мэдээллийг ашиглан харуулжээ.
Чуулга уулзалтийн хамгийн суулийн илтгэл нь Leeds-ийн Их сургуулийн (MBA) оюутан Билэгтийн Зандангийн тавьсан “Оюутны холбоо юу хийдэг, хийж болох вэ?” гэсэн цоглог илтгэлээр өндөрлөсөн юм. Зандан Leeds- ийн Их Сургуулийн жишээн дээр Монголын Их сургуулиудын оюутны холбоонууд ямар ажлууд хийж болох талаар сонирхолтой санаанууд гаргасан юм.
Илтгэлүүдийг идэвтэй хүрэлцэн ирж сонссон үзэгчидээс нэлээд сонирхолтой асуултууд гарч илтгэгч нарын ур чадвар, мэдлэг чадлыг чамгүй сорив.
Үдээс хойшхи илтгэлүүдийн дундуур Лондон хотноо ажиллаж амьдардаг, ‘Толбогүй Монгол’ номоороо олны танил болоод буй зохиолч Х.Эрдэмбилэгийн "Андуурал" шог өгүүллэгийг уран уншигч Б.Эрдэнэтуяа уншиж хүрэлцэн ирэгсдийг инээлгэн баясгалаа.
Монголын номын төрөлжсөн Номун Далай цахим дэлгүүрийн хямдралтай худалдаа явагдав.
Чуулга уулзалтыг ивээн тэтгэсэн Англи улсад үйл ажиллагаа явуулж байгаа Монгол компаниуд тавигдсан илтгэлүүдээс шалгаруулж өөрсдийн нэрэмжит шагналуудаа гардуулсан ба үүнд Westland Trading Limited Др. Б.Эрдэнэбатын илтгэлийг, SEMON компани Б. Зандангийн илтгэлийг, Mongol UK Limited Г. Орхоны илтгэлийг тус тус шалгарууллаа.
Оройны 17 цагт чуулга уулзалт албан ёсоор өндөрлөж хүрэлцэн ирэгсэд, илтгэгч нар болон зохион байгуулагч нар бүгд Лондон хот дахь Монгол Pub-д очин тус Pub-ны хамт олноор монгол хоол, ундаа, дарсаар үйлчлүүлж, караокэ дуулж хөгжин наадаж, өөр хоорондоо улам дотно танилцан нэгэн өдрийг эрдэм ном, урлагын баяр цэнгүүнээр дүүрэн сайхан өнгөрөөлөө.

Д, Сэмжидмаагийн авсан Гэрэл зургийн дэлгэрэнгүй сурвалжлагыг үзэх
Энэ удаагийн чуулганыг зохиоход хамтран ажиллан гүн туслалцаа үзүүлсэн Монгол улсын Элчин Сайдын Яамны хамт олонд тэр дундаа 1-р нарийн бичгийн дарга Б.Энхбаярт, үйлчилгээний албанд зүтгэсэн London School of Commerce-ийн оюутан Д.Наранбаатарт, техник хэрэгсэлээр хангасан Mongol Pub-ны хамт олонд, техникийн асуудлыг найдвартай хариуцан ажилласан Б.Алтанхуяг, Д.Баатар, Б.Цогтбаатар, чуулганы үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлж ивээн тэтгэсэн Westland Trading Limited, SEMON компани, Mongol UK Limited-ийн хамт олонд, гэрэл зургийн сурвалжлага хийсэн Д.Сэмжидмаад, чуулганы ажиллагааг зарлан сурталчилж гүн туслалцаа үзүүлсэн www.sonin.mn www.origo.mn www.tsahimurtuu.mn цахим хуудсуудыг ажиллуулагч нарт, чуулганы ажиллагаанд амжилт хүсэн мэндчилгээ ирүүлсэн АНУ-ын Монголчуудын Монгол Судлалын II Бага Xуралд болон чуулганы ажиллагааг бүхэлд нь бэлтгэж, зохион явуулсан багийн хамт олон Т.Индра, Д.Онолмаа, Др. В.Шинэнэмэх нарт, түүнчлэн нийт хүрэлцэн ирж чуулганд идэвхитэй оролцсон, чуулганы цаашдийн ажиллагааны талаар олон сайхан санал дэвшүүлсэн хүн бүрт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Химийн аргаар үүсгэсэн элдэв амтлагч идэхийн хүслийг донтуулсаар биеийг сүйтгэнэ. Хиймэл оюунаар хөөрөгдсөн элдэв мэдээлэл мэдэхийн хүслийг ...
-
Британийн Монголчуудын уламжлалт Монгол орны хөгжилд 6-р чуулга уулзалтад Шведийн Стокгольмийн Эдийн Засгийн Сургуулийн докторанд Н....
-
90-ээд оны сүүлээр монголчуудын дунд ихэнхдээ эдийн засгийн зорилготойгоор гадаад орныг зорих “хөдөлгөөн” өрнөсөн. Хилийн чанад дахь Мон...
-
Өөрөө нэг зангаараа хүн Өрөөлийн олон занг нэг мэт харж чадах Өөрөө олон зантай хүнд харин Өрөөлийн нэг зан олон мэт харагдаж мэдэх