Улсын Онцгой комиссын 2010 оны 2 дугаар сарын 2-ны мэдээгээр Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Увс аймгийн 64 сум гамшгийн байдалд оржээ. Цас, зудын улмаас 2010 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 1 сая 700 мянга гаруй мал хорогдоод байна.
Цас их хэмжээгээр орж, зам харгуй бөглөрч, малаа тэжээх байтугай эмнэлэгийн тусламж хүрэх боломжгүйгээс болж эх нялхас эндэх, түлш түлээгээ авч чадахгүй өлсөж даарахын зовлонг тэд маань үзэж сууна.
Мал их хэмжээгээр хорогдож буй нь малчдын дунд ядуурлыг нэмэгдүүлэх, түүнчилэн малын гаралтай мах сүү ноос ноолуур гэх мэт бүтээгдэхүүний үйлдвэрлэл багасаж улс орны эдийн засагт ихээхэн хохирол үзүүлэх уршигтай.
Малчдад тохиолдож буй энэхүү гамшгийг даван туулахад зориулан Нэгдсэн Үндэсний Байгууллага, олон улсын буяны байгууллагууд, гадаадын улс орнууд тусламжийн гараа хэдий нь сунгаж эхэллээ. Гадаадад суугаа Монголчууд маань ч хэсэг бүлгээрээ нэгдэн хөдөлгөөн өрнүүлсээр.
Зуданд нэрвэгдэж буй малчиддаа туслах зорилгоор Британийн Монголчуудын Холбоо, Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ, 2001 онд болсон зудны үеэр Монголын Малчдад туслах зорилгоор байгуулагдсан CAMDA (Cambridge Mongolian Development Appeal) буяны байгууллага хамтран хандив цуглуулах, түүнийг малчдад хүргэх ажлыг өрнүүлж байна.
Цугласан хандивыг зудын аюулд өртөөд буй тодорхой аймаг тухайлбал, Дундговь аймагт (зудад хамгийн хүндээр нэрвэгдээд буй 3 аймгийн нэг) хүргүүлэх юм. CAMDA-гаас одоогийн байдлаар Монголд хэрэгжүүлдэг өөрийн төслийн сангаасаа 2000 гаруй фунт стерлингийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Дундговь аймагт хэрэгжүүлэх тусламжийн төслийг CAMDA-г үүсгэн байгуулагчдын нэг Reading University-д сурч ахуйдаа 2000 оны зудны үеэр Англи нөхдийнхөө хамтаар төсөл бичин 100000 фунт стерлингийн тусламж малчин түмэндээ хүргэж байсан, өдгөө Монголдоо Швейцарийн хөгжлийн агентлагийн Мал аж ахуйн төслийн зохицуулагч бөгөөд Монголын мал эмнэлгийн холбооны Ерөнхийлөгчаар ажиллаж буй С.Батсайхан гардан хариуцаж үйл ажиллагааны явцыг байнга мэдээлж үр дүнг тайлагнах юм.
Ингээд Британид суугаа Монголчууд та бүхнийг малчин түмэндээ тус хүргэх буянт үйл хэрэгт сэтгэл гарган идэвхийлэн оролцохыг уриалж байна.
Хандивыг дараахь байдлаар өргөх өргөх боломжтой. Үүнд:
1. Хэрвээ та Британид татвар төлөгч бол http://www.justgiving.com/camda/donate/ хуудсаар зочилон хандив өгөх. Энэ тохиолдолд таны өргөсөн хандив дээр Британийн засгийн газар 25 хувь нэмэгдэл олгоно. Энэ нь Британид бүртгэлтэй Charity байгууллагын эдэлдэг нэгэн эрх билээ. Тухайлбал Та £10-ийн хандив өргөхөд хандивийн дансанд энэ нь £12.50 болж хүрэх юм.
2. Хэрвээ та Британийн татвар төлөгч биш бол Британийн Монголчуудын Холбооны доорхи дансанд “зудад тусламж” гэсэн тодотголтойгоор хандивийн мөнгөө хийж 07790420393 утсаар зурвас илгээн мэдэгдэx.
HSBC bank
Account name: Mongolian Association in the UK
Sort code: 40-07-14
Account No: 01382950
3. Элчин сайдын яамнаа биетээр хүргэж өгөх
Хандив өргөсөн байгууллага иргэдийн нэрийг цахим хуудаснаа тухай бүр шинэчилэн оруулж байх болно.
- Британийн Монголчуудын Xолбоо – mongolchuud.co.uk
- Монгол Улсыг Элчин Сайдын Яам – embassyofmongolia.co.uk
- CAMDA (Cambridge Mongolian Development Appeal) – camda.org.uk
No comments:
Post a Comment