Монгол улсын Соёлын Тэргүүний Ажилтан
цол хүртсэнд зориулан тэрлэлээ
Жигүүрэндээ хүчтэй л байна уу даа
Идэр залуу насанд нь
Даанч ажигч үгүй явлаа л билүү дээ
Ай хөөрхий алдрай мину зээ...
...Түүнтэй элдвийг хүүрнэж, ажил хэрэг хамтран хийж суухад энэ дуу санаанд эрхгүй буудаг. Тэр цоглог, эрчтэй, өөртөө итгэлтэй, түүнээс залуу насны цалгисан ааг элч төөнөнө.
...2007 оны Лондонгийн наадмаар "сурын харваанд Циркийн Зоригоо гэдэг залуу түрүүллээ" гэх үеэс түүнийг зүс мэдэх болов. Бид жил бүрийн баяр наадам, сар шинээ янз бүрээр л хийж байсан үе. Британид байх хугацаандаа Монголчуудын Холбооны ажиллагаанд идэвхитэй оролцож хамтран ажиллаж байсан Т.Индра нэгэнтээ “манай нэг найз байдаг юм. Мэрэгжлийн хүн тул наадмын урлаг талд их тус болж чадах хүн” гэсэн нь түүнтэй анх нүүр тулан уулзах шалтгаан болсон агаад тэр хүн нь нөгөө сурын мэргэн Зоригоо болж таарав. Циркийн манажинд тоглолт хийж байгаад нуруундаа хүнд бэртэл авсан тэрээр бие илааширахуйд Монголчуудынхаа олон нийтийн ажилд оролцох мэрэгжлийн мэдлэг туршлагаасаа хуваалцах сэтгэл бодолтой ирж байсан тэр байв.
Уг нь бол циркийн биш бүжгийн хүн болохыг нь ч танилцсан хойноо л мэдсэн билээ. Соёл урлагийн сургуулийн оюутан тэрээр цэнгээнт бүжгийн Хаврын баяр улсын уралдааны алт мөнгө хүрэл медальт “Мичид” хамтлагийг үүсгэн байгуулагч, ахлагч, хүүхдийн “Алтан хараацай” бүжгийн уралдааны хошой аварга нийслэлийн 22-р сургуулийн дэргэдэх “Үүрийн цолмон” хамтлагийн багш, “Түмэн эх” чуулгад мэрэгжлийн бүжигчнээр ажиллаж байсан нь түүний идэр залуу насны эрч хүч, авъяас чадварыг илтгэнэ.
...Сайр шандын усыг
Шавхавч бардаггүй л билүү дээ
Сайн хүний үрийг
Даравч болдоггүй билүү дээ
Аяа хөөрхий алдрай мину зээ ... дуун үргэлжилсээр
Соёлын Төв байгуулагдахад түүний дэргэд бүжгийн дугуйлан ажиллуулж Лондон хотноо амьдарч буй Монгол хүүхдүүддээ ардын урлагын өв сангаас заан сургаж байлаа. 2010 оны баяр наадмын нээлтийг тэрээр найруулан тавиж, түүнээс хойш энэ ажил түүний мэдэх, хийх ажил болон тогтсон билээ. Британийн Монголчуудын наадам хурсан олныхоо сэтгэлд хүрсэн Монголоороо амьсгалсан, жилээс жилд шинэ санаа сэдлээр арвижиж ирснийг наадамчин олон андахгүй. Монголоос ирэх урлагын тоглолтуудыг тэрээр ихэнхдээ гардан зохион байгуулах болж, энд тэнд зохиогдох гадна дотны арга хэмжээнд Монголын урлагын үзүүлбэр хэрэгтэй бол тэрээр уран бүтээлч нөхдийн хамт давхиж хүрнэ. Урлагын арга хэмжээнд оролцох, найруулах, зохион байгуулах үед түүний гаргаж буй сэтгэл зүтгэл, бодол тэмүүлэл, итгэл зоригийг нь харахуйд аргагүй л мэддэг чаддаг юмаа санаандаа хүртэл хийх гэсэн хүний хүсэл тэмүүлэл мэдрэгдэнэ.
Тэрээр жил бүрийн баяр наадам, сар шинийн золголт, шинэ жилийн цэнгүүн болон бусад урлагын тоголтуудыг удирдан зохион байгуулж ирлээ. Түүний Монгол улсын гавъяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэийн “Орчлонгийн сайхан хүүүхнүүд” тоглолт, “Монгол орны хөгжилд” 7-р чуулганы хүлээн авалтын урлагын тоглолт, МУГЖ Б.Сарантуяа, СТА Ганхуяг, залуу дуучин дуучин Насаа нарын “Сэтгэл догдлуулсан орой” тоглолт, МУГЖ Б.Эрдэнэцэцэг, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ нарын “Нэг л Өөр” тоглолтыг үзэгчид, уран бүтээлчдээсээ өндөр үнэлгээ авч байв
... Арслангийн зулзага
Ууландаа хүчтэй л билүү дээ
Амрагийн хоёр сэтгэл
Аль алиндаа асрамжтай л билүү дээ
Аяа хөөрхий алдрай мину зээ ... дуун үргэлжилсээр
Зоригоо 2-р дамжааны оюутан байхдаа бүжиг дэглэгч багшийнхаа заавраар 1-р дамжааны охинтой хамтран бүжиглэх болсон нь хувь заяаны учирал. Анхандаа ах Зоригоо дүү Нямааг байнга дагуулаастай. Удалгүй үзэсгэлэн гоогийн өмнө өвдөг сөгдөж сэтгэлийн жолоо алдаснаар Монгол түмний өрх гэр нэгэн бүлээр нэмэгджээ. Одоо Нямаагийн дагуулах ээлж. Тэрээр Зоригоог бүр тив алгасуулан дагуулж ирэв. Нямаа Англид циркийн жүжигчнээр явж, Зоригоо араас нь ирэн бүжигчний мэрэгжлээ циркийн жүжигчний мэрэгжлээр солисон байдаг. “Монголын Зориг Нямаа хоёр” хэмээн эх орныхоо нэрийг дуудуулан цолллуулж Ази, Европийн олон орноор агаарын гимнастикийн гайхамшигт үзүүлбэр хийгээд шидэлттэй акробат, устай аяга, “Мр Слинк” зэрэг үзэгчдийн таашаалыг хүлээсэн үзүүлбэрүүдийг тоглож байлаа. Тэрээр 2000 оноос хойш “Mongolian state circus” (тухайн үед СТАжилтан Сүхбаатарын удирдлага дор тоглож байсан), Circus Star, Circus due Surreal, Zippos Circus, Billy Smarts Circus, Blackpool Tower Circus, Santus Circus, Hippodrome Circus циркүүдэд тоглож байсан төдийгүй одоо ч зарим үзүүлбэрүүдээ олон улсын фестивалиудад тоглосоор улс орныхоо нэрийг дуурсгасаар байна.
Ундрам охин мэндэлж хос залуусын амьдралд ээж аав байхын бахдал жаргалыг авчирсан. Зоригоо ханиа халамжилахын ялдамд үрээ өсгөх эцэг хүний хүндтэй үүргийг үлгэр жишээ гүйцэтгэнэ. Охиноо хичээлд нь хүргэх авахаас эхлээд төгөлдөр хуур, усанд сэлэлт, уран гимнастикийн дамжаанд хүргэх авах ажилд Зоригоо завгүй. Олон нийтийн ажил зохион байгуулах үед нь ч Ундрам охин аавынхаа мaшинд унтан сэрэн хань болон хамт явах. Тэд Британийн Монголчуудынхаа дунд хүндлэгдэж хайрлагдсан сайхан гэр бүл.
Зоригоо түмэн олонтойгоо, Хаана ч хэнтэй ч инээд алдан яриа дэлгэн явах түүнийг найз нөхөд нь хүрээлнэ. Түүнэй утсаар ярих үед ...тэнд найзынхаа партийнд уригдаад явж байна. ..энд нэг эгчийн юмыг нь дөхүүлж явна... Шотланд ороод ирлээ.... Франц гараад давхилаа... Нисэхээс хүн тосож явна....гэх хариу сонсох нь элбэг.
...Хажуу талын ногоо нь
Халиурч найгаад ганхана билүү дээ
Хамаг та бүгдтэйгээ
Ханатлаа найрлах жаргалтай билүү дээ
Аяа хөөрхий алдрай мину зээ
Цөөнгүй насаар дүү ч зөв буруугаа гэнэгүй ярих итгэл өгсөн тоотой хэдэн найз нарын маань нэг Зоригоо.
Эрхэм дүүдээ урган мандах он жилүүдийн уртад жаргалтайн дэлгэр сууж, улам ихийг хийн бүтээхийн ерөөл дэвшүүлэе.
Produced by Azaa studio
Эрхэм дүүдээ урган мандах он жилүүдийн уртад жаргалтайн дэлгэр сууж, улам ихийг хийн бүтээхийн ерөөл дэвшүүлэе.
Produced by Azaa studio
1 comment:
Зоригоодоо улам өндөр амжил хүсч, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Цэрэнбатдаа энэ сайхан хүний тухай бичиж хуваалцсанд баярлалаа. Сайнтай нөхөрлөвөл Сарны гэрэл гэдэг дээ. Та бүхнээс улам сайхан гэгээлэг үйлc ундрана гэдэгт итгэж байна.
Post a Comment