Tuesday, May 06, 2014

Олуулаа болно гэдэг

Төрийн тэргүүн олуулаа болъё уриална, төрийн ажиллагаа цөөхүүл болгох мэт дарамтлана. Олуулаа байх гэдэг бид эх орондоо итгэл, сэтгэл дүүрэн хүн ёсоор амьдрах эрхтэй байх орчиноос, 5 хүнийг 10, 100 хүн мэт ажиллуулах, урамшуулах, эвлэлдүүлэх тогтолцоотой байхаас эхлэнэ гэж бодох. Гэтэл бид олуулаа болох гэж эх орондоо ирээд ч, ерөөс эх орондоо байхдаа ч "ганцаардах" болсон мэт.

Тэнгри Холдингийн Х.Анхбаяр. Ойрд түүний талаар шуугиrж байна. Тэрээр АТГ-т хэргийн учир өнгөрсөн оны 7 сарын 9-нд баривчлагдаад шалгагдан 10 сар гаран хоригдож буй аж. Гэнэт баривчлагдсан түүнийг хууль журмаараа шалгагдаад зөв буруу нь шүүхээр шийдэгдэхийг хүлээж арга аа барсан ар гэрийнхэн, найз нөхөд, компанийн ажилчид нь тал тал тийш дэм эрнэ.  


Түүнтэй 2005 онд Лондон хотноо жил бүр болдог дэлхий аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаанд Жуулчин компанийг төлөөлөн оролцож байхад нь нэр, зүс мэдэлцэж байв. Харин түүний нутаг буцсан, Тэнгри Холдинг байгуулсан, гадны хөрөнгө оруулалтыг амжилттай оруулж бизнес нь өргөжин дээшилж буй зэргийх нь тухайд сураг сонсож байсан. Тэр гадаадад цөөнгүй жил ажиллаж амьдран сурсан мэдлэг, хураасан туршлагаа улсынхаа хөгжилд оруулж эх орондоо бүтээж амьдрахаар зорин очсон цөөнгүй Монголчуудын нэг, басхүү амжилт гаргаж торойж чадсан нэгэн гэж харж явлаа.

Харин 15 настай охин ерөнхийлөгчид хандсан захиаг сошиал медиа сүлжээгээр уншаад тэр нь Анхбаярын охин болохыг сонссоноор баригдаж хоригдсон тухайг нь анх мэдсэн. Тэнгри Холдинг ХХК-д ажиллаж байсан, байгаа зарим нэг танил андуудаасаа тодруулж асуухад “Захирал баригдаад явчихсан, яг ямар хэрэг гэдэг нь шийдэгдэхгүй 10 сар хорьж байна, бараг 100 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хийж эхэлж байсан компани дампуурлын ирмэг дээр ирлээ, олон хүн ажилгүй болж үлдлээ,  Дээш тэнгэр хол, доош газар хатуу гэдэг болоод байна даа...” гэх мэт тайлбар хэлнэ. 

Хэдхэн хоногийн өмнө түүний  ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь хамтран нөхцөл байдлын талаар нийтэд мэдэгдэхээр хэвлэлийн бага хурал хийжээ. Тэр даруйхан нь news.mn-н newsagency сувгаар уг хэвлэлийн бага хурлын талаар үзүүлэхдээ хэвлэлийн бага хурлаас багаахан хэсгийг тасдан авч, АТГ-ийн Мөрдөн шалгах хэлтсийн даргын хэлж буй тайлбарын хамт интернетээр цацав. Уг хэлтсийн дарга “Анхбаярыг анхлан хэрэгт татах болсон хийгээд хорих ангиудаар дамжуулан хорьсон” хоёр шалтгааныг ерөнхийлөн тайлбарлажээ. Энэ мэдээг үзсэн хэнд ч “нэг  учир байх шиг байна даа” гэсэн бодол төрөхөөр ч яагаад 10 сарын турш хэргийг нь эцэслэн тогтоохгүй байж хориод байгаа талаар тодорхой мэдээлэл авч чадсангүй. Харин хэвлэлийн бага хурал хийсэн ар гэрийнхэн, найз нөхөд нь “Биднийг яриа тайлбараа хийж эхлэх үед сурвалжлахаар очсон ихэнх ТВ-үүд камераа хурааж эхэлсэн, Хаалтын гэрээ юм шиг билээ. Ганцхан ТВ9 л мэдээ гаргаад бусад нь гаргаагүй. newsagency АТГ-ын тайлбарыг түлхүү оруулан илт эсрэг мэдээ гаргалаа” хэмээн өөрсдийн ажиллуулж буй сошиал медиа сувгаараа https://www.facebook.com/tengeriinoron  мэдээлсэн байна.

Мөн тэд “Бид АТГ-ын ажил болон Хууль хяналтын байгууллага, Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг гүнээ хүндэтгэн үзэж байгаа боловч хэрэгт холбогдогч буюу Сэжигтэнг гэм буруутай гэдгийг Шүүхээр тогтоогоогүй байхад нь гэмт хэрэгтэн гэж олон нийтэд албан ёсоор мэдээлж, 10 сарын турш хүний наад захын эрхийг зөрчин хорих газрууд дамжуулан удаан хугацаагаар хорьж, эмнэлгийн наад захын тусламж авч чадахгүй байгаа тухай Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан дүгнэлт, хүсэлтийг үл тоомсорлож байгаа “ хэмээв

Х.Анхбаярын хүсэл тэмүүлэл, хийж бүтээж ирсэн ажил үйлс болоод өнөөгийн үүсээд буй нөхцөл байдлын талаар ар гэрийнхэн, хамтран ажиллагсад, хэргийн өмгөөлөгчийн зүгээс танилцуулсан “Давс мэт гашуун үнэн” захиалгат нэвтрүүлэг саяхан цацагдлаа.



Энэ бичлэг дэх өмгөөлөгчийн тайлбараас харахад шинжээчдийн дүнгээр анхлан тулгасан хэргүүдийг үйлдээгүй болох нь тогтоогдсон байтал тодорхойгүй шалтгаануудыг хэлж удаан хугацаагаар хориж, ингэснээр хүний эрхийн наад захын хэм хэмжүүрүүд илт зөрчигдөж буй нь тодорхой харагдах аж.

Энэ бол нэг л хүний тохиол. 

Үнэнийг хайж учирыг эрэхүйд хий л цөхөрсөн  асуултууд босож ирнэ. 
...Бид ямар тогтолцоотой, арга барилтай нийгэмд амьдарч байна аа,  яагаад юмс ийм битүү хатуу, ил тодорхой биш байна вэ, хэн ч байсан өнөөгийн энэ нийгэмд ажил бүтээх гэж яваад элдэв урхинд орж, хуулиас дээгүүр эрхтэй танил тал, өмгөөлж хамгаалах хүчгүйгээсээ болж сүүлд нь Анхбаяр мэт дээлээ нөмрөх юм биш биз, Монголчууд Монголоо мэрэх ямар их өс хонзон атаа жөтөө бидэнд нүүрлээ вэ, ийм нөхцөлд бид олуулаа болж чадах уу, ...

Хэдхэн хоногийн өмнө Англид 10 гаран жил болсон нэгэн анд маань хийж бүтээх их сэтгэл өвөрлөн нутаг явсан. Үйлдвэрлэл эрхэлнэ, гадны хөрөнгө оруулалт оруулна гээд цөөнгүй санаа өвөрлөжээ. Хамтдаа хийж бүтээх зүйлсээ ч андтайгаа ярилцаж басхүү болгоомжтой байхыг ч анхааруулав. Уг нь хууль журмаа сайн сахиад ажиллаарай гэхээс өөр юм яриж суух учиргүй ч “за бид хүний нутагт удаад сэтгэлгээ дадал нилээд өөр болсон байгаа, үнэн худал нарийн ширийнийг мэдэхгүй ч янз янзын юм дуулдах юм,, элдэв юманд орооцолдвол танилууд нүүр буруулах болсон энэ цагт хол удсан бид хамгийн түрүүн хөсөр хаягдаж мэдэхээр байна” гэх мэтээр  Анхбаярын жишээг татан байж баахан зөвлөлдөв.
Хийж бүтээх хүсэл тэмүүлэл өвөрлөсөн олон олон Монголчууд ийнхүү буцна, хийнэ. Тооны хувьд аажим ч гэлээ бид олуулаа болох нь дамжиггүй. Гэхдээ олуулаа байна гэдэг 2 хүн 20 болж өсөх тооноосоо илүүтэй 2 хүнийг 20 мэт болгодог орчин, хүн хүн ёсоор ажилладаг, алдсан бол хууль цаазныхаа хүрээнд хүн ёсоор шийтгүүлэх эрүүл саруул тогтолцоотой байхаас эхлэх буйзаа. 

"Монголчуудаа олуулаа болцгооё!." 

1 comment:

Anonymous said...

Тэр тулгаад байгаа хэргүүд нь нотлогдохгүй байхад шууд хэрэгсэхгүй болгоод хоргидоод байгаа яллагдагчийг нэн даруй суллах хууль байдагсан, хүчингүй болсон л гэж сонсоогүй. АТГ яллагдагчийг хэн гээч албан тушаалтанд хахууль өгсөн гээд байгаагаа хэлж чаддаггүй... энэ бол арай дэндүү бүдүүлэг завхрал. Хэрэг нь нотлогдохгүй байхад үргэлжлүүлэн хорьсоор байна гэдэг чинь хууль, хүний эрхийг хамгийн ноцтойгоор зөрчиж байна шүү дээ. Энэ АТГ-г хянадаг чиг үүрэг, эрх мэдэлтэй прокурор юугаа хийж байдаг юм бэ? Эд нар анх тулгасан хэргээ нотолж чадахгүй болохоороо өөр юу байж болох вэ гээд л өө сэв эрээд, удаан хугацаагаар хорьчихсон юм чинь ямар нэгэн хэргээр ялын дүгнэлт бичүүлсэн болоод заавал шүүхэд шилжүүлэх гэж зүтгэж байна. Хүнийг хилс хэрэгт холбогдуулан шийтгүүлэх схем ер нь нэг иймэрхүү л байдаг.